П. Амгаланбаяр

“Ээжээ автобус зөндөө хүнтэй байна. Би ийм олон хүнтэй явахгүй” хэмээн урвайн зогсох бяцхан хүү нүдэнд туслаа. Харин ээж нь “Ахиад автобус ирэх болоогүй, ээж нь ажлаасаа хоцорлоо” гэх. Энэ бол хүн ам ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллын автобусны буудал дахь өглөөний нэгэн төрх. Хүйтний илч наашилсан өдрүүдэд автобус хүлээн даарч зогсох хүмүүс, автобус ирсэн ч багтахгүй үлдэх мэт тохиолдол хэвийн үзэгдэл болоод удаж байна. Нийтийн тээврийн хүртээмж муу, дээрээс нь авто замын түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учир автобус төлөвлөсөн хуваарийн дагуу явж чадахгүйд хүрсэн. Энэ нь хувьдаа машингүй, ялангуяа алслагдсан хороо, дүүрэг хотын төв рүү ажил, хичээл, сургуульдаа явдаг иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс замын түгжрэл,ачаалал нэмэгдсэн шалтгааныг сурвалжлахаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрыг зорилоо

98 ЧИГЛЭЛИЙН 900 ГАРУЙ АВТОБУС ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын хүн ам жил ирэх тутам 3-4 хувиар өсдөг байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1,5 сая гаруй хүн амьдарч байгаа гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Харин нийтийн тээвэрт 98 чиглэлд 900 гаруй автобус үйлчилж байгаа аж. Энэ бол хүн амынхаа тоотой тэнцэхүйц дүр зураг биш юм. Харин олон улсад нэг саяас дээш хүн амтай хотод 1000 автобус , эсвэл багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл буюу ачаалал түгжрэлгүй явах метро, тусгай замын автобус зэрэг тээврийн хэрэгслийг ашигладаг байна. Энэ талаар Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг 900 гаруй автобусны тоо нэмэгдэхгүй хэвээр байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд тохируулаад автобусныхаа тоог нэмлээ ч түгжрэл багасна гэсэн үг биш. Замын түгжрэл олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Автобус нэмэгдсэн ч батлагдсан цагийн хуваарийн дагуу ажиллаж чадахгүй. Хотын дэд бүтцийг цэгцэлж замын түгжрэлийг бууруулахгүй бол 1000 автобус яваад ч энэ асуудлыг шийдэгдэхгүй” гэсэн юм. Нийслэлд 98 чиглэлд 57 автобусны цэг байдаг. Тухайн цэгээс өглөө 06:30 цагт автобус хөдөлдөг байна. Гэтэл эхний автобусандаа хүмүүс амжиж сууж чадахгүй үлддэг, удаан хүлээх гээд олон хүндрэл үүсдэгийг иргэд ярьж байлаа.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ТҮГЖРЭЛ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 0-15 КМ/ЦАГ ЦАГ ХУРДТАЙ ЯВАХААР БАЙНА

Хот доторх үндсэн чиглэлийн автобус 8-13 минутын хүлээгдлийн хугацаатай явах ёстой байна. Гэтэл өглөө, орой, өдрийн 11-12 цагт ачаалал ихэсч автобус хоорондын ирэх хугацаа 20-30 минутаар нэмэгджээ. Үүнээс үүдэж автобус удаж ирэх нөхцөл үүсдэг байна.Өнөөдрийн байдлаар нийслэлийн замын түгжрэл 0-15 км цаг хурдтай явахаар байгаа аж. Ихэвчлэн өглөө орой, өдөр 11-12 цагийн хооронд ачаалал үүсдэг. 2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэл хотын гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнд нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй буюу дангаар зорчих захирамж гаргасан. Гэсэн ч энэ захирамж бодит байдалд биеллээ ололгүй цаасан дээр төлөвлөгөө болон үлджээ. 

Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө орчмын замаар нийт зорчигчдын 500-600 орчим мянга нь зорчдог байна. Учир нь, нийслэлийн их дээд, сургууль, цэцэрлэг, төр захиргааны байгууллагууд ихэвчлэн хотын төвд байрладаг. Энэ нь өглөө хотын төв рүү орохачаалал ихсэж, оройдоо эсрэгээрээ хотын төвөөс гарах ачааллыг нэмэгдүүлдэг аж. Тиймээс энэ ачааллыг бууруулах арга хэмжээ авахгүй бол нийтийн тээвэр, хувийн автомашин ч гэсэн адилхан түгжирнэ гэсэн үг. Нийтийн тээвэр нь хүртээмжтэй, түгжрэлгүй байж иргэд сонголтоо хийж, хувийн авто машинаасаа татгалзаж, нийтийн тээврийг сонгох боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан юм.

МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН АВТОБУС НЭГ БҮР НЬ 493 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Нийслэлд хүн ам хаана их төвлөрсөн, аль чиглэлд автобус нэмэх шаардлагатай байгаа эсэх дээр тооцоо гаргаж, тодорхой санхүүжилттэй үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ жил короновирус гарсантай холбоотой сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноос зардал нэмэгджээ. Учир нь, бөөгнөрөл, ачаалал үүсгэхгүйн тулд автобусаа зуны цагийн хувиарт шилжүүлэхгүйгээр 900 гаруй автобус замын хөдөлгөөнд оруулцуулсан байна. Өмнө нь нийтийн тээврийн хэрэгслийг зуны улирлын хуваарьт шилжүүлж, санхүүжилтээ хэмнэдэг байсан ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурч, зардал өссөн гэсэн үг. Харин ирэх онд 1500 автобус үйлчлэх шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. Гэсэн хэдий ч нийслэлээс тийм хэмжээний төсөв гарахад хүндрэлтэй. Тиймээс дор хаяж 1200 автобус явах төсвийг баталж өгсөн тохиолдолд, хүртээмж нэмэгдэх боломжтойг албаны хүн хэллээ.

Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээний салбар алдагдалтай ажилладаг. Нэг зорчигч 500 төгрөгөөр зорчдог. Үндсэн тооцоогоор нэг зорчигч 1000 төгрөгөөр явж байж алдагдлаа нөхөх боломжтой” гэсэн юм. Хятадаас оруулж ирдэг автобус хамгийн хямд үнэ нь 200 сая, харин цахилгаан, эко хамгийн сүүлийн автобус 500 саяас дээш үнэтэй аж. Энэ жил 22 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн парк шинэчлэлд гаргахаар шийдсэн ч, короновирусийн улмаас төсөв танагдаж хоёр тэрбум орчим төгрөг болсон байна. Мөн өнгөрсөн онд 10 цахилгаан автобус, энэ жил хоёр давхар цахилгаан автобус туршилтаар явжээ. Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард Монголд үйлдвэрлэсэн “МОН 30” гэсэн хоёр автобусыг үйлчилгээнд шинээр оруулсан байна. Гэвч сар яваад эвдэрчээ. Уг автобусны баталгаат хугацаа ч дуусаагүй, эвдрэлийн шалтгааныг тогтоож чадаагүй гэх. Монголд үйлдвэрлэсэн автобус нэг нь бүр 493 сая төгрөгийн үнэтэй аж.

АВТО ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН 23 БАЙЦААГЧ АЖИЛЛАДАГ

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар Замын цагдаагийн газартай хамтарч, нэгдүгээр эгнээг чөлөөлөхөөр ажиллаж байгаа аж. Тус байгууллагад авто тээврийн хяналтын 23 байцаагч ажилладаг бөгөөд 900 гаруй автобусанд хүрч ажиллаж чаддаггүй байна. Мөн сургуулийн автобусыг есдүгээр сарын 21-нээс явуулж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд автобус байдаггүй төрийн өмчит сургуулиудад, нийтийн тээврийн үйлчилгээнд гэрээгээр ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудаас, 40 автобус гаргаж 31 сургуулийг хамруулсан. Ингэснээр өглөө, өдөр, орой 35 чиглэлд, өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүүхдийг зөөж буй судалгаа гарчээ. Энэ нь хүүхдээ хүргэж өгдөг эцэг эхчүүдийн замын хөдөлгөөнд оролцох тоог тодорхой хэмжээнд бууруулж байна гэсэн үг.

12 ЖИЛ АШИГЛАСАН АВТОБУСЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОДОГ

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний ерөнхий шаардлага буюу MNS:5012:2011 стандартын дагуу автобусны насжилт стандартад зааснаар 12 жил ашигласан автобусыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглодог. Өнөөдрийн байдлаар нийт автобусны 60-аад хувь нь найм, есөн жилийн насжилттай байна. Энэ нь харьцангуй өндөр тоо юм. Сүүлийн таван жилд автобусны нөхөн хангалтыг 100 автобусаар нэмжээ. Энэ нь Солонгос улсад 5-6 жил ашигласан автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд оруулж ирсэн байна. Мөн автобусны шүүлтүүрийг БОАЖЯ хамтарч, 100 гаруй автобустшалгалт тавьжээ. Харин Японы байгууллагуудаас үүнийг хэрэгжүүлэхээр холбогдох албаныхан тохирсон байсан ч “Ковид-19”-тэй холбоотойгоор хойшилсон байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

npost.mn