Б.Баярсайхан: Ирэх 4 жилд Монгол Улс бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрныхаа модон жорлонг хална
2020/10/23
УИХ-ын чуулганы 2020 ны 10 сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тэв чиж болох зардал буюу зайлшгүй хийх ёстой ажлын талаар хэлэхдээ “Завхан аймагт Засаг даргын тамгын газрын барилга барихаас өмнө сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг бүрэн өөрчлөх ажлыг хийнэ” гэсэн нь ихээхэн анхаарал татлаа. Энэ талаар гишүүн Б.Баярсайханаас тодруулга авлаа.
-Та сая нэгдсэн хуралдаан дээр модон жорлонгийн асуудлыг дахин хөндөж тавилаа.
-Би БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн сайд Ё.Баатарбилэг болон одоогийн сайд Л.Цэдэвсүрэнтэй хамтран хүүхдийн модон жорлонг бүрэн халахад онцгой анхаарч ажилласан.
МАН-ын мөрийн хөтөлбөрт ч, МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгасан. Бид хөгжлийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж байгаа шинэ зуунд хойч ирээдүй маань модон жорлон хэрэглэж байгаа нь хөгжлийн “эмгэнэл” гэж хэлж болно.
Энэ хоцрогдлыг бүрэн арилгахыг УИХ ч бүрэн дэмжиж, 2021 оны төсөвт хөрөнгө мөнгө төсөвлөсөн байгаа. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх БШУЯ дээр ажиллахдаа ч энэ асуудалд онцгой анхаарч, ирэх хоёр жилд модон жорлонг халах үүрэг даалгавар өгсөн.
-XX зуунаас XXI зуунд чирч орж ирсэн хөгжлийн хоцрогдол бол модон жорлон юмаа гэж та хэлсэн?
-Үнэн шүү дээ. Монголчууд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн гар утас хэрэглэж, хамгийн сүүлийн үеийн машин унаж байгаа ч нялх балчир үрс маань өвлийн хүйтэн, намрын сэрүүн, хаврын хавсарганд хаа хол байрлах гадаа жорлонд бие засч байна. Хотын иргэд хөдөө явахдаа хасах 30 градусын өвлийн хүйтэнд битгий хэл нэмэх 30 градусын халуунд ч хүүхдүүддээ модон жорлон хэрэглүүлдэггүй.
Модон жорлонгийн хэрэглээнээс болж дунд сургуулийн хүүхдүүд халдварт өвчин авах, ханиад томуу гусах, унаж бэртэх, айдас түгшүүртэй байх зэрэг олон сөрөг дагавруудыг тоочвол их. Бидний хийсэн судалгаагаар өсвөр насны охид өвлийн хүйтэнд адаа гарч бие засахаас хальширдаг, тэр битгий хэл хүүхдүүд уух шингэн зүйлээ багасгадаг гэдэг нь харагдсан. Тэгэхээр модон жорлон бол зүгээр нэг үзэмжийн асуудал биш, үнэхээр өсвөр үеийнхэнд маань эрүүл саруул байх томоохон фактор болчихлоо.
-Гэхдээ сүүлийн жилүүдэд төр болон хувийн хэвшил энэ асуудалд тодорхой анхаарч, нилээн багасч байгаа гэсэн ойлголттой байгаа.
-Сүүлийн жилүүдэд Дэлхийн Зөн ОУБ, Мобиком Корпораци зэрэг байгууллагууд орон нутагтай хамтраад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд модон жорлонгийн асуудлыг шийдэхэд ихээхэн санаачлага гарган ажиллаж байгаад талархдаг. Би ч бас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар баруун аймгуудын 17 дотуур байрны ариун цэврийн байгууламжийг бүрэн шинэчилж, жорлон, шүршүүр, угаалтууртай болгосон, Харамсалтай нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой байсаар л байна. Завхан аймагт л гэхэд 95 байна. Сумдын Засаг даргын тамгийн газар бариулахаас эхлүүлээд хөрөнгө оруулалтын олон ажил ирж байгаа хэдий ч юун түрүүнд модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэнэ. Харин өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэр тус үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлыг шийдэхэд бодитой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн сайхан мэдээтэй байна. Мөн энэ асуудалд УИХ дах эмэгтэй гишүүд онцгой анхаарч санаачилгатай ажиллаж байгаад талархаж байна. Ирэх дөрвөн жилд Монгол улс энэ асуудлыг бүрэн шийдсэн байна гэдэгт итгэлтэй байна.
-Тодруулга өгсөн танд баярлалаа.
Зочин · 2020/10/24
Ju · 2020/10/23
Huuhdee humuujilee eej guai.