Нэгэн цагт хүний эрхийн төлөө тэмцэгч, Өмнөд Африкийн ерөнхийлөгч агсан Нелсон Мандела “Нийгмийн үнэн дүр төрх нь хүүхдэд хэрхэн хандаж байгаагаас харагддаг” гэж хэлсэн байдаг. Манай улсын аз жаргалтай, хүмүүнлэг, энэрэнгүй хэмээх цол гуншингаар хаацайлсан их хотын үнэн дүр төрхийг дээрх ганц өгүүлбэр илчлэх биз. 

Тоглоомын талбайд бэртсэн, ердөө усанд сэлэхийг хүссэнийхээ төлөө барилгын компанийн үүсгэсэн цүнхээлд амь эрсэдсэн зэрэг олон арван тохиолдол үүнийг нотолно. Энэ тухай манай сонин удаа дараа, нийтлэл материалаараа дамжуулан нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ. Аравдугаар сарын 22-ны пүрэв гарагийн 119 (3663) дугаартаа “Эх орны ирээдүй гарцгүй зам, чулуутай гарам дээр бүдчиж явна” нийтлэлээр нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн ойр орчмын зам талбайн нөхцөл байдлыг хөндсөн. 

Учир нь, хүүхдэд хамгийн ээлтэй, аюулгүй байх ёстой газар бол сургууль. Энэ орчинд насан хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас хол, өдрийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг тул үүсэж болох эрсдлээс дээд зэргээр урьдчилан сэргийлэх ёстой. Харамсалтай нь, уг нийтлэлээс хэдхэн хоногийн дараа хүүхэд сургуулийн орчинд гэмтсэн тохиолдол гарчээ. 

Тодруулбал, ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хашаанд дотор V ангийн сурагч, 10 настай Н гэмтэж, улмаар тархиндаа гэмтэл авсан байна. Охин ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр тархины мэс засалд орох юм. Уг үйл явдал өнгөрсөн сарын 23-ны баасан гаргийн 07:00 цагийн орчимд болжээ. 

Охин, хоёр найзын хамт ааваараа сургуульдаа хүргүүлж, хичээлийн байр руу явах зуур налуу зам дээр бүдэрч унасны улмаас тархиндаа гэмтэл авсан байна. Тэр даруйдаа зовуурь илрээгүй боловч оройдоо толгой нь өвдөн бие нь тавгүйрхэж, эмнэлэгт хандан, томографийн шинжилгээ хийлгэснээр тархины мэс засал хийлгэх шаардлагатай гэж үзжээ. 

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Өглөө эрт үзэгдэх орчин муутай үед, тохижилт муутай зам дээр бүдэрч, толгойгоороо унасан юм. Шинжилгээгээр суурь, ясны баруун талын их далавч яс зөрүүгүй хугаралтай. Хугарлын харалдаа буюу чамархайн баруун урд хэсэгт 3.8*4.4 см, хэмжээтэй 2.1 см зузаантай хурц эпидурал цус хуралттай дунд шугам зүүн тийш 3-4 мм хазайсан гэх дүгнэлт гарсан” гэв.

Тэрбээр “Хэн нэгнийг буруутгахаас илүүтэй сургуулийн орчин хүүхдэд ээлтэй байх ёстойг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал. Өөр хүүхдэд ийм зүйл тохиолдохоос сэрэмжлээсэй” хэмээн мэдээлэл өгч буйгаа онцгойлсон юм. Харин охины ээж Д.Үүрцайхтай холбогдон нөхцөл байдлын талаар тодруулахад “Мэс засалд бэлдэж охиныхоо үсийг хусуулсан. Хэзээ мөдгүй мэс засалд орох гэж байгаа учраас хэл ам таталмааргүй байна” гэсэн юм.

Бид дээрх тохиолдлын учир шалтгааныг тодруулахаар БЗД-ийн IV хороог зорилоо. Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын чанх эсрэг талд, төв замаас урагш салсан автозам бий. Уг замаар уруудвал ногоон төмөр хашаа бүхий цэнхэр барилга нүднээ үзэгдэнэ. Энэ бол охины гэмтсэн газар буюу ерөнхий боловсролын 97 дугаар сургууль. Гурван давхар байшингийн дээд давхрыг шар өнгөөр, бусад давхрыг цэнхэр өнгөөр будаж тохижуулжээ. 

13:00 цагийн үед өглөөний ээлжийн анги тарж, үдээс хойших анги цуглаж буй бололтой сургуулийн орчин хөл хөдөлгөөнтэй байв. Сургууль руу гаднаас ордог хаалганаас хичээлийн байр хүртэлх зам гударган бөгөөд хажуу талд нь замын хашлагын тэмдэглэгээг санагдуулам улаан, цагаанаар алаглуулан будсан, хоёр ширхэг төмөр труба гозойн харагдана. 

Мөн ямар нэг зүйлийн суурь бололтой дөрвөн цементийн туурь торойно. Охин уг зам дээр бүдэрч унан тархиндаа гэмтэл авсан юм. Энэхүү өндөр, налуу зам хашлагагүй тул зам товчлох гэсэн хүүхдүүд хажуу тал руу нь өгсөж, буух аж. Хажуу тал нь хавтгай чулуу эвж, тохижуулсан тул хяруутайд халтирч унах, цаашлаад бэртэж, гэмтэж мэдэхээр аж. Хичээлийн байрны урд талын талбайн цемент хэсэг газраа хуучирч муудан, элс хайрга цухуйжээ. Ерөөс эргэн тойрныг ажвал, зам талбайн тохижилт, засвар ойрын хэдэн жил хийгдээгүй гэмээр. 

Тус сургуулийн нийгмийн ажилтан н.Хашчулуунаас сургууль дээрээ гэмтсэн охины талаар тодруулахад “Сургуулийн хашаан дотор хүүхэд бүдрээд уначихсан юм. Ийм тохиолдол байдаг шүү дээ. Өөр ямар нэг асуудал байхгүй. Анги удирдсан багш, нийгмийн ажилтан асуудлыг судалж, шат шатандаа арга хэмжээ аваад явна. Одоогоор сургуулийн захиргаа энэ асуудал дээр ажиллах шаардлагагүй” гэсэн юм. 

Түүний хэлсэнчлэн бүдэрч унах төдийд яагаад тархиндаа мэс засал хийлгэх хэмжээний бэртэл авсан болон сургуулиас хэрхэн анхаарч байгааг лавлахад “Сургуулиар орж ирж байгаа 4000 хүүхдийг нэг бүрчлэн хөтөлж явах боломжгүй. Бүдэрч унаад толгойдоо гэмтэл авсан. Маргааш мэс засалд орно. Энэ талаар сургууль тайлбар өгөхгүй. Хэнээс мэдээлэл авсан юм. Түүнээсээ тодруул. Бүдэрч унасан хүүхэд бүрийн төлөө сургууль хариуцлага хүлээх үү. Та нар ийм зүйл дээр мэдээ бэлтгэхээсээ ичих хэрэгтэй” хэмээн ундууцав. 

Эх сурвалжаа хэлэх боломжгүйг тайлбарлахад “Хэн нь тодорхойгүй хүнээс ор үндэсгүй юм сонсчихоод сургуулийн нэр хүндэд халдаж байна. Үүний зургийг ав, тэгээд бүдэрч унасан гэж тайлбар хий” гэснээ гишгэж буй цементээ хөлөөрөө заах нь тэр. Цаашлаад түүний дуу өндөрсөж, дуу хураагуур булаахыг завдах нь тэр. Ийн тус сургуулийн үүднээс хөөгдөх шахам буцав.

Тийм ээ хүүхэд бударч унадаг. Гэхдээ унах талбай нь эрсдэлгүй байх ёстой. Хүүхдүүд тоглох, хөөцөлдөж гүйх, хөл алдах магадлалтай. Тийм ч учраас эцэг эхчүүд тавилгынхаа булан тохойд зөөлөвч наадаг. Цонхондоо төмөр хамгаалалт хийдэг. Шат, довжоондоо хашлага хийж, халтирахаас хамгаалсан наалт байршуулдаг. Энэ бол хүүхдийн нас хөгжлийн онцлогт тохируулан, эрсдлээс хамгаалж буй энгийн хэрнээ үр дүнтэй үйлдэл. 

Гэтэл яагаад 4000 гаруй хүүхэд сурч хүмүүждэг сургуулийн төв хаалганы шат хэт гударган, ямар ч хашлага хамгаалалтгүй байгаа юм бэ. Санамсар, болгоомжгүй үйлдэл, гэнэтийн тохиолдол аль нь байлаа ч цэцэг цэврүү шиг охин сургуулийнхаа орчинд гэмтэж, насандаа ахадсан мэс засалд орох гэж байна. Энэ бол ердөө ганц сургуулийн, нэг л жишээ. 

Үүний цаана мэдээлээгүй, мэдээлэхийг хүсээгүй хэдэн тохиолдол байгааг таашгүй. Хэчнээн үрс гэмтэж байж эрдмийн өргөө хүүхдэд ээлтэй болох юм бэ. Хүүхэд бүдэрч унаж л байдаг. Гэмтэж л байдаг. Эдгэж л байдаг. Өөрөө унасан гэдэг хандлага тогтох вий дээ. Энхрий үрсийн алхах зам гэрэлтэй, дардан байх учиртай шүү.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН