Ашиг орлого нь буурахад наймаачид өөрсдөө нөлөөлдөг юм биш үү?
2020/11/04
Даваа гарагт 100 айл, барилгын материалын “Жоби” худалдааны төв орчим, хоёр дахь өдөр "Нарантуул” зах, “Шөнийн дэлгүүр”-ийн ойр хавийн авто замын ачаалал эрс буурдгийг та ажигласан уу. Энэ нь тухайн өдөр дээрх үйлчилгээний томоохон газрууд үүдээ хааж, худалдаа эрхлэгчид нь амардагтай холбоотой гэж бодсон чинь бас тийм биш бололтой юм.
Тодруулбал, хотын төв доторх “Бөмбөгөр” худалдааны төв дээр нэр дурдсан хэдэн газрыг бодвол автомашины зогсоолын зай талбай нь боломжийн мэт харагддаг ч түүгээр орж худалдан авалт хийхийн тулд хөл дүүжлэх унаагаа нэг зай олж тавих гэж хэдэнтээ тойрох нь энүүхэнд. Гэтэл томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийн багахан талбайтай авто зогсоолд уг газарт худалдаа наймаа эрхэлдэг түрээслэгчид нь машин тэргээ байрлуулчихаад бүтэн өдөржин лангууныхаа ард зогсчихдог юм байна. Энэ талаар үүнийг бичигч эрэн сурвалжилж, элдэв хүнээс асууж шалгаасангүй. Зөвхөн тухайн газарт мах, эрэгтэй хувцас худалддаг ойрын хүмүүсээс сонссон хэрэг.
Гэхдээ энэ байдлыг лавтай болгохынн тулд “Нарантуул” захын харуул хамгаалалтын ажилтантай ярилцаж үзлээ. Нэр алдраа мэдэлцэж танилцсан ч сонинд бичүүлэхээс татгалзсан тэрбээр “Манай захын автомашины зогсоолын гуравны нэгийг энд худалдаа эрхлэгчдийн унаа эзэлж байгаа. Захын урдаас нийтийн автобус, микронууд үйлчилдэг болохоор харьцангуй гайгүй. Харин бусад талбайд хөдөө орон нутаг руу ачаа бараа зөөдөг, худалдааны төвд наймаа эрхэлдэг хүмүүс машин тэргээ тавьчихаад өдөржин зогсчихдог юм. Тэр хугацаанд машин байтугай хүн явах, тэрэгчингүүд ачаа бараагаа зөөхөд ч бэрх болно шүү дээ” гэж ярилаа.
Энэ бас л бодууштай асуудал юм. “Нарантуул” захаас сурвалжилга хийхэд худалдаачид ашиг орлого боломжийн байна гэж хэлж байсан удаа нэгээхэн ч үгүй. Тэгсэн атлаа лангуугаа хааж, дампуурлаа зарласан хүн өдий болтол гараагүйг бодоход бас ч ажиллаж амьдраад болж л байгаа бололтой юм. Хүйтний ам наашилсан энэ үед тэдний ажиллах нөхцөл орчин үнэхээр таатай бусыг мэднэ.
Гэвч нэгэнт эрүүл мэндээ золиослон байж амьдралынхаа төлөө зүтгэж байгаагийнх арав таван төгрөг олохын тулд өөрөөс хамаарах зүйл буюу худалдан авагчдад зориулсан зам талбайг чөлөөлөх арга хэмжээг бодолцвол яасан юм бэ, худалдаачид аа. “Захын ойролцоо нь машин тавих газар олддоггүй юм” гээд өөр худалдааны төвийг зорьсон хөдөөний ард, “Тийшээ явахын аргагүй” гэж халширсан таксины жолоочтой таарч л байлаа. Уг нь захыг зорьсон хүн хоосон буцдаггүй л юм даа.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зочин · 2020/11/05
Наймаачид тэр тусмаа МАХ, НОГОО, ГУРИЛ,БУДАА,ЭЛСЭН ЧИХЭР, СҮҮ эдгээрийн үнийг маш их нэмэж байгаа нь ард иргэдийн амжиргааг автоматаар доройтуулдаг.Мах,ногооны нөймаачид үнээ нэмж дээр нь хилэн дээрээ заавал 100-150 грамыг заавал илүү болгож авч бна.Наймаачид төр засгийн эсрэг ард иргэдийг ядууруулж байгаад арга хэмжээ авах хэрэгтэй бна.Жишээ нь МАХ,НОГООНЫ ҮНИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТӨР ТОГТООГООД ӨГЧИХВӨЛ зүгээр санагдах юм Мах гэхэд дээд үнэ нь 5500 түүнээс дээш аль ч зах дээр заруулахгүй байх жишээний яг хятад шиг илүү зарвал тус захыг тоггох,аль эсвэл хаах арга хэмжээ авна гэчихвэл зүгээр байна.Наймаачид ард иргэдийг үнэн зовоож байна шүү анхаараарай төр засаг минь
matilda · 2020/11/04
Зочин · 2020/11/04
bi pombogor ormoor l bdqag daan ch mashin tavih gazar bdgui