Өнгөрсөн долоо хоногт хадгаламжийн хүүг тэглэх тухай УИХ-ын чуулган дээр яригдаж олны анхааралд өртсөн. Өнөөдрийн байдлаар хадгаламж эзэмшигчдийн 44 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай гэдэг судалгааг хэлсэн.

Хэрэв тэглэвэл банкууд 100 тэрбумын алдагдал хүлээнэ. Эсрэгээрээ алдагдал хүлээхгүй харин ч банкуудад хадгаламжийн зардал багасч  зээлийн хүү буурна. Нөгөөтэйгүүр, банкуудын дарамт багасч, аваргдана. Мөн өндөр хадгаламжтай цөөн хэд нь гадагшаа мөнгөө байршуулна гэсэн яриа олон нийтийн дунд хөвөрч байна энэ талаар байр суурийг сонирхсон юм. 

 

Эдийн засагч Г.Ганзориг: Боломжгүй, сүүдрийн банкны систем рүү түлхэнэ

 

-Хадгаламжийн хүүг тэглэснээр сүүдрийн эдийн засаг бий болох эрсдэлтэй. Нэг үгээр хэлбэл,  сүүдрийн банкны систем рүү түлхэнэ. Хүмүүс яах гэж хадгаламж нээлгэдэг билээ. Мөнгө өсгөх гэж. Хүүгүй болбол хадгаламж эзэмшигчид мөнгөө шууд татна. Өөрөөр хэлбэл огцом /liquidity/хөрвөх чадвараа ашиглана. Өөр өндөр өгөөжтэй бондод хөрөнгө оруулж эсвэл  хувьцаа авах зэргээр хөдөлгөөнд орно. Манайх ханшийн зөрүү өндөр учраас ийм өндөр хүү өгдөг.  Түүнчлэн гадагшаа хөрөнгө оруулалтын санд мөнгөө оруулж ханшийн зөрүүгээ нэмэх зэргээр одоогийн хадгаламжийн өгөөжөөс өндөр өгөөж авч болно. Засгийн газрын евробонд гэхэд л  дөрвөн хувийн өгөөжтэй. Депо тэг болбол үнэт цаас руу л мөнгөө хөрвүүлэх гэх байх. Долоон сар мөнгөө өсгөхгүйгээр зүгээр  хараад суух хэн ч байхгүй нь ойлгомжтой.

 

Эдийн засагч Б.Дөлгөөн: Хадгаламжийн хүү тэглэхээс илүүтэй төсөвтөө тодотгол хийх нь  чухал

 

-УИХ-ын зарим нэг гишүүд хадгаламжийн хүүг тэглэе гэсэн санал санаачлага гаргаж байна. Хамгийн түрүүнд ямар зорилгод хүрэх гэж ингэж санаачилга гаргаж байна вэ гэдэг чухал. Гишүүд хадгаламжийн хүүг бууруулснаар зээлийг хүүг бууруулна гэдэг ойлголттой байх шиг байна. Гэхдээ зээлийн хүүг бууруулах стратеги, эсвэл тэглэх хоёр бол тэнгэр газар шиг зүйл шүү гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Өнөөдөр зээлийн хүүгийн зардлын 60 хувь нь эх үүсвэрийн хүү буюу хадгаламжийн хүү, бас гаднаас босгож буй долларын эх үүсвэрийн зардал бий. Тэглээ гээд хадгаламжийн хүүг тэглэснээр зээлийн хүүг зогсоох юм байна гэж ойлговол тун буруу. Хадгаламжийн хүүг тэглэснээр харин ч эсрэгээрээ ирээдүйд хадгаламж үгүй болж, улмаар зээл гарах мөнгө үгүй болох эрсдэлтэй. Үнэхээр ЖДҮ эрхлэгчид, бизнес эрхлэгчид, ажлын байр бий болгодог хүмүүст үзүүлж буй зээлийн дарамтыг буурлах мөн юм бол үүнд хүрэх олон арга бий. Аливаа математикын бодлогыг бодох хэд хэдэн арга байж болно гэж Жон Наш хэлдэг дээ. Та үнэхээр баялаг бүтээгчдийг дэмжих сэтгэлтэй байсан бол 2021 оны төсөвтөө энэ чиглэлээр хөрөнгө суулгахгүй яасан юм. Одоо ч гэсэн оройтоогүй байна. 2021 оны төсөвтөө тодотгол хийгээд ийм хөрөнгө суулгаад өнөөдөр зээлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн зээлийг ирэх оны долдугаар сар хүртэл зогсоож болно. Гэхдээ ямар зардлаар, ямар салбарт гээд илүү нарийвчлан ярилцах зүйлс бий.

 

МУИС-ийн багш, доктор Л.Оюун: Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх нь зөв

 

- Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх нь зөв. Манайх хоёр төрлийн хадгаламж эзэмшигчидтэй. Бага хадгаламжтай олон хадгаламж эзэмшигч, өндөр дүнтэй цөөн хадгаламж эзэмшигчид гэсэн. Хуримтлал үүсгэхээр зорьж буй бага дүнтэй хадгаламж эзэмшигчид хүүг тэглэлээ гэхэд маргааш нь шууд банкнаас мөнгөө татахгүй байх. Харин хадгаламжийн хүү болон хүүгийн орлогоор өгөөж хүртдэг өөрөөр хэлбэл хүүний орлогоор амьдардаг өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид мөнгөө татах өөр зах зээл рүү хөрвөх зэргээр хөдлөх байх. Гэхдээ Гамшигийн бэлэн байдалд шилжсэн  энэ хүнд  үед тэд эх орон ч сэтгэл гаргаад долоон сар мөнгөө татахгүй байх бүрэн боломжтой. Нийтийн эрх ашгийн үүднээс нэг хэсэг нь хохирох явдал ийм л үед гардаг. Энэ нь улс, гүрэн хөгжихөд үүсдэг л асуудал. Нөгөөтэйгүүр банк хадгаламж эзэмшигчдийн дарамтаас салж аврагдах дүр зураг бий. 

 

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ: Хадгаламжийн хүүг тэглэх нь муу шийдэл биш

 

-Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх боломжтой эсэх нь гол асуудал биш. Харин үүний нөлөө нь ямар байх вэ гэдэг нь л хамгийн чухал. Нэг талаасаа хадгаламжийн хүүг бууруулснаар банкууд зээлийнхээ хүүг бууруулах боломжтой болно. Гэхдээ банкууд үнэхээр зээлийн хүүгээ бууруулах уу, хэр хэмжээгээр бууруулах вэ гэдэг нь  энэ зохицуулалтаас хамаарахгүй. Монгол банкны мэдэгдэлд банкуудын заавал байх нөөцийн хэмжээг бууруулж байгаа, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр гаргах зэрэг арга хэмжээнүүд авна гэж тусгасан байгаатай цогцоор нь харвал банкуудын зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурах л байх. Гэхдээ хадгаламжийн хүүг бууруулсан тэр хэмжээгээр зээлийн хүү буурна гэсэн үг биш юм. Учир нь банкуудын хөрөнгийн эх үүсвэрийн багахан хувийг хадгаламж эзэлж байдаг. Түүнчлэн хадгаламжийн хүүг бууруулах хугацаа богино, харин банкнаас олгох зээлийн хугацаа урт. Нөгөө талаас хадгаламжийн хүү буурахаар хадгаламж эзэмшигчдийн зарим нь хадгаламжаа татна. Гэхдээ банкнаас гадагшлах хадгаламжийн хөрөнгө элсэнд ус цацсан мэт алга болохгүй. Тодорхой хувь нь хөрөнгө оруулалт болж санхүүгийн бусад зах зээл рүү орох нь мэдээж. Өөрөөр хэлбэл дүр зургийг бүхэлд нь харвал энэ бол тийм ч муу шийдэл биш. Гэхдээ нэг анхаарах зүйл бол банкуудын зээлийн хүүг бууруулах гэж байна гээд захиргаадалтын, хүнд суртлын аргуудыг ашиглахгүй л байх нь чухал.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин