Барилга байгууламж, гудамжны хаа нэгтээ өнгө үзэмж нь муудаж, шинэчлэхээр болсон хана талбайг амилуулдаг алтан гартнууд цар тахлын үед уран бүтээлээрээ дуу хоолойгоо хүргэж хариу нэхдэггүй баатрууддаа талархлаа илэрхийлжээ. Стрийт арт буюу нэр нь үл мэдэгдэх чөлөөт зураачид энэ удаа дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжиллаа.

“COVID-19” вирусээс битгий ай”, “Баярлалаа” хэмээн олон орны хэлээр бичсэн графитчид улс орныхоо онцлогийг шингээсэн бүтээлүүдээ ханан дээр сийлсэн байв. АНУ, Их Британи, Энэтхэг, Бразил, Франц, Малайз, Филиппин, Индонез, Испани, Мексик зэрэг улс орны графитчдын онцлох бүтээлийг тус агентлаг олон нийтэд сонирхуулахаар нийтэлжээ. Хэмжээний хувьд харилцан адилгүй бүтээлийн өгүүлэмж нь сонирхол татна. Шүршдэг будаг ашигладаг стрийт артынхан бүтээлээ аль болох богино хугацаанд дуусгах шаардлагатай байдаг. Энэ нь тэдний хэрэглэдэг будаг, арга техниктэй холбоотой. Графитчдын олонх нь нэрээ нууцалдаг. Тиймээс олон нийтэд мэдэгдэхгүйгээр бүтээлээ зурж гүйцэтгэхийг илүүд үздэг. Манай улсад урлагийн энэ төрлийг бусадтай харьцуулахад нэлээд хожуу нэвтрүүлсэн. Харин сүүлийн жилүүдэд залуус графит сонирхон бүтээлээ зурсаар байна. Тэд олон улсын графитчдын нэгэн адил цар тахлын эсрэг дуу хоолойгоо хүргэсээр байгаа юм.

Нэгэн жишээ дурдахад, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хөргийг ах дүүс хамтран амилуулсан нь томоохон бүтээлд тооцогдсон. Тодруулбал, графитч Б.Даваажаргал дүүтэйгээ хоёр өдрийн турш дээрх бүтээлээ зуржээ. Тэрбээр “Цар тахлын эсрэг тэмцэж буй Монголынхоо алба хаагчдад чадах зүйлээрээ бэлэг барихыг хүссэн” хэмээн онцолсон.

 

Б.Даваажаргал үргэлжлүүлэн хэлэхдээ “Надад тийм их мөнгө байхгүй. Тиймээс чаддаг зүйлээрээ л хандиваа өгөхөөр шийдсэн нь энэ юм. Энэ бол дүү бид хоёрын цар тахлын эсрэг тэмцэж байгаа хүмүүст өгөх бэлэг, талархал” гэж хэлжээ. Эцэст нь сонирхуулахад, графитчид уран бүтээлээ нийтэд дэлгэхийн хэрээр өртөх аюул нь ихэсдэг учраас тэдний олонх нь жинхэнэ нэрээ нууцалдаг. Тухайлбал, Banksy бол дэлхийн дахинд хамгийн их алдар нэр нь түгсэн графитч бөгөөд өнөөг хүртэл түүний хэн гэдэг нь нууцлагдмал хэвээр байгаа юм.

 

 

 

 

 

 

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин