-ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД 1000 ГАРУЙ КМ-ИЙН ЦААНААС ИРЖ ХӨСҮТ-Д 100 ЯМАА БЭЛЭГЛЭСЭН ГЭР БҮЛИЙН ЯРИА-

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрчим хоёрдугаар багийн малчин гэр бүл болох Х.Хашчулуун, Д.Мөнхзул нар ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад 100 ямааны гулууз хандивласан нь олон хүний талархал хүлээсэн. Тэдэнтэй холбогдож ярилцлаа.Улаанбаатараас “Өдрийн сонин”-оос холбогдож байгааг сонсоод утсаа цэнэглэж, сүлжээ сайтай газар сонгох зэргээр багахан бэлтгэл хангаад эргэж залгахаар тохирсон юм. Төд удалгүй эргэн холбогдож гэрийн эзэн Х.Хашчулуунд дэм болж, зарим мартаж санасан зүйлийг гэргий Д.Мөнхзул нь нэмж хариулахаар тохирч ярилцлагаа эхэлсэн юм.


-Сайхан өвөлжиж байна уу. Нутаг оронд өвөлжилт ямар байна вэ?

-Сайхан өвөл болж байна. Дулаахан. Цас багатай, бараан өвөл болж байна. Мал тарган сайхан байна.

-Төмөрбулаг сум Эрчимийн хар ямаагаар алдартай. Та бүхэн дандаа ямаа маллаж байна уу?

-Манай Төмөрбулаг суманд хуучин улсын ямааны ферм гэж байсан юм. Ингээд 2018 онд Эрчимийн хар ямаа үүлдэр болж батлагдсан. Монгол төдийгүй дэлхийд хамгийн нарийн ширхэгтэй ноолууртай шүү дээ. Манай багийн мал сүргийн 80 хувь нь ямаа. Манайх 1400 гаруй ямаатай. Бас үхэр, адуу бий. Харин хонь байхгүй. Манай энд хадан цохиотой, уултай учир ямаанд тохиромжтой. Мөн халуун ногоотой байдаг.

-Анх ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад мал өгөх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Хөдөө орон нутгийн хүмүүс байнга телевиз хэвлэл үздэг. Тэндээс ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд их ачаа үүрч ажиллаж байгааг мэдэж байсан тул гэр бүлийнхээ хүнд хэлсэн юм. Манай хүн хүлээн зөвшөөрөөд 100 толгой мал хандивлахаар болсон. Энэ тухайгаа багийн Засаг даргад хэлж, цааш нь дөнгөж ажлаа авсан сумын Засаг дарга Бямбасүрэнд дуулгаад биднийгХӨСҮТ-тэй холбож өгсөн. Тэгээд Д.Нямхүү эмчтэй ярьсан. Би “Та бүхнийг хараад сэтгэл эмзэглэж байна, 100 толгой мал хандивлая” гэж хэлээд, хэрхэн авч өгөх талаар хэлэлцсэн. Д.Нямхүү захирал унаа унш талаас нь зохицуулъя гэхэд би үгүй, өөрөөсөө бүх зардлаа даагаад хүргэж өгнө гэсэн юм.

-100 толгой мал багагүй хөрөнгө. Гэр бүлийн хүн хэрхэн хүлээж авсан бэ?

Гэргий Д.Мөнхзул: -Манай нөхөр санал гаргаад энэрэнгүй сайхан үйлс хийе гэсэн. Манайх гурван хүүтэй. Хоёр нь тусдаа гарсан. Бага маань 12 дугаар анги. Хичээл хөл хорионоос болж амарсан тул гэртээ ирээд хамт байгаа юм. Хүүхдээ хэлэхэд маш сайхан хүлээж авсан. Би ч гэсэн дуртай л зөвшөөрсөн байсан.

-Малаа нядлах, ачих, тээвэрлэх зэргээр багагүй ажил өрнөсөн байх. Энэ тухай тодруулахгүй юу?

-ХӨСҮТ-ийн захирал руу яриад малыг нь амьдаар ачаад очих уу гэсэн. Гэхдээ манайхаас нэг мал 10 мянган төгрөгөөр ачдаг тул зардал ихтэй. Тэгээд ч мах нь л хэрэгтэй юм чинь гээд нядлахаар шийдсэн. Гулуузаас гадна гэдэс цувдай, толгой гээд бүх дайврыг ачаад аваад очсон. Гэрийнхээ гадаа нядлаад эхлэхэд л ард түмэн туслаад эхэлсэн. Манай хажуу хавийн айлууд ийм сайхан буян хийж байгаа учир бид үнэгүй ажиллаад өгье гээд хүрээд ирсэн. Ингээд 20 гаруй хүн нийлээд 100 малыг нэг өдөр гаргаад, янзлаад дууссан. Нутаг нугынхан маш эергээр хүлээн авч биднийг дэмжсэн. Баг, сумын Засаг дарга нар маань Тамгын газрын нэг машиныг бензин тосоо хийгээд үнэ хөлсгүй аваад яв гэсэн. Нэг машинаа бид өдрийн 100 мянган төгрөгөөр хөлслөөд аваад явсан.

-Хоёр машин ачаа болсон байсан уу?

-Тийм. Сумын Засаг даргын УАЗ-469, пургон машин хоёрт чихээд явсан. Толгойны эврийг нь хугалж, гэдэс цувдайг нь гүзээнд чихээд маш их жижиглэсэн. Овор багатайгаар ачихгүй бол багтахгүй байсан. Сумын Засаг дарга, багийн Засаг дарга хоёр маань дагаад, хоёр жолоочтойгоо нийлээд бид зургуулаа замд гарсан.

-Замын зардал хэр их болсон бэ. Нийслэлд тээвэрлэн хүргэхэд ямар бэрхшээл тулгарсан бэ?

-Мөрөн хотоос гарч Дарханы хойгуур тойроод явахад 600 гаруй мянган төгрөгийн бензин орсон. Хоёр машинд нийлээд сая гаран төгрөг болсон. Сум руугаа ороход тус бүр 20,20 литр бензин хийсэн. Тэгэхээр шатахуунд 1.5 сая төгрөгөөс дээш зардал гарсан. Мөн нэг жолоочдоо гурван өдрийн хөлс өгсөн. Нийлээд 1.8 сая төгрөг болсон. Замын ус ундаа гээд нийлээд бэлэн 2 сая орчим төгрөгийн зардал гарсан. Гэхдээ энэ бол чухал биш. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэж үг бий. ХӨСҮТ-ийн ажилчдад хандив өгнө гэчихээд та нар ирээд ав гэх зэргээр хүнд суртал үүсгэхийг хүсээгүй. Бид хоёр сэтгэл зүрхнээсээ өгье гэж хүссэн учир тээврийн зардал мөнгийг ч өөрсдөөсөө бүгдийг нь гаргасан.

-100 толгой малыг мөнгөн дүнгээр тооцож үзэв үү?

-Тээврийн зардал бол тэгж гарсан. Харин ямаагаа тэдэн төгрөг боллоо гэж тооцоогүй. Тооцохыг ч хүсэхгүй байна. Манай энд мал сайхан тарган байсан. Тиймээс өгсөн маландаа сэтгэл хангалуун байгаа.

-100 гэдэг тоог хэрхэн гаргаж ирэв?

-Бид хоёр амьдралынхаа боломжийг харсан. 1400 ямаатай хүмүүс 100 толгой мал хөтлөөд гаргахад хот нээх хонхойхгүй. Бас 100 гэж гоё тоо. Тэгээд бэлгэшээгээд 100 толгойг өгье гэж шийдсэн.

-Эрчимийн хар ямаа сайн чанарын ноолууртай. Тэгвэл мах нь онцлогтой юу?

-Ноолуур сайтай. Манай ноолуурыг Улаанбаатарт байгаа ханшин дээр 2-3 мянган төгрөгөөр нэмэгдүүлж авдаг юм. Бас ямаа маань жингийн хувьд сайн дарна. Мах нь ноолууртайгаа ижилхэн чанартай. Тэгээд ч ямаа чинь хадны орой дээр гарч бэлчинэ. Тийшээ хонь, үхэр, адуу гарч бэлчихгүй шүү дээ. Хадны оройд байгаа сөлийн хамгийн чанартай ургамлыг иддэг. Манай хоёрдугаар баг халуун ногоотой. Тиймээс мах сайхан чанартай шүү.

Хар ямааны бэлдмэл гэж Японд байдаг юм билээ. Сайн болоод л бэлдмэл хийж байгаа байх. Бид хоёр энэ зун Америк улсад сурталчлах эрчимийн хар ямааны зураг авалтад оролцсон. Ямаа хариулж байгаа дүр төрхийг манайд ирж авсан. Тэр зураг авалтын үеэр дууны клип дээр манай гэр бүлийг оролцуулж цацаж сэтгэлийн дэм өгсөн. Тэр их сайхан дурсамжтай сайхан байлаа.

-Ачаагаа тээвэрлээд, бэлгээ хүргэх гээд явж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Гэргий Д.Мөнхзул: -Пургоны ачаа 2 тонн хүрчихсэн. Даац ихдээд дугуй хагараад замд явдаггүй. Гэхдээ таван сайхан эр хүн яваа учир данхараадаад өргөж дийлэхгүй байхад машинаа дэмнэж өргөөд дугуйгаа сольж байгааг харахад үнэхээр сайхан байсан. Багийн хамт олон гэж их сайхан юм билээ. Нутаг нугынхан ирж тусалсан, хоёр Засаг дарга маань, мөн жолооч, хань минь бүгд хамт яваад зорьсон үйлсээ бүтээсэн нь сайхан байсан. Хараад бахархаж явлаа. Ханиараа их бахархлаа. Нутаг усныхнаараа их бахархлаа. Аав, ээж, нутаг ус, өвөг дээдсийн минь буян заяа гэж бодож явлаа. Бид замд 5-6 цаг хэртэй саатсан. Хоёр жолооч цаг гаран нүдний хор гаргасан. Замд ороод халуун цай уух, түр амсхийх газар байгаагүй. Онц байдал зарласан тул тийм боломж байгаагүй. Ундаа усаа уугаад л ирсэн.

-ХӨСҮТ-д аваачиж өгөх гэж байгаа тул орон нутгийн хил нэвтрэхэд бэрхшээл багатай байв уу?

-Орон нутаг руу хүнсний мах оруулж байсан. Бидэнд ямар ч ар өврийн хаалга ашиглаагүй. ХӨСҮТ-д мах хандивлаж байгаа учир та нарыг явуулчихъя гэсэн байдлаар ар өврийн хаалгаар хандаагүй. Авах ёстой бичиг баримтаа бүрдүүлээд явсан. Мал эмнэлгийн гарал үүслийн бичиг, аймаг, сумын холбогдох албаны хүмүүсийн тоот зөвшөөрлийг ном дүрмийн дагуу аваад явсан. Бичиг нь бүрэн бол хүнс махыг тээвэрлэж байгаа шүү дээ. Тэгээд л явсан. Хөвсгөл голомттой биш байсан тул PСR-ийн шинжилгээ өгөөгүй явсан. Харин хотоос нутаг руугаа явахдаа тэр шинжилгээг өгч, халдваргүй гэсэн хариуг гарсны дараа ирсэн.

-ХӨСҮТ-ийнхэн та бүхнийг хэрхэн хүлээж авав. Малаа хандивлаж байхад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-ХӨСҮТ-ийн хашаа руу бичгээ үзүүлээд орсон. Д.Нямхүү эмч биднийг хүлээн авч маш сайхан ярилцсан. Бид ороод ус ундаанд хүрээгүй, маскаа огт тайлаагүй, тохойгоороо мэндлээд 1-2 метрийн зайтай суугаад ярилцсан. Дэглэм барихгүй бол болохгүй. Д.Нямхүү эмч мундаг сайхан ярьж байна лээ. “Бид өвчнийг 200 хувь эдгээж чадна. Үүний цаана гарч чадна. Ийм сайхан ард түмний сэтгэлийн дэм байхад бид итгэл дүүрэн ажиллаж чадна” гэж хэлсэн нь сайхан байсан. Тэгээд ХӨСҮТ-ийн халуун эгнээнд ажиллаж байгаа эмч, сувилагч, жижүүр гээд хүмүүсийн бүртгэл дэвтрийг гаргаж ирээд нэрийг нь дуудаад хуваагаад өгч байгааг харах бахархалтай сайхан санагдсан. Их тийм ер бусын сайхан байсан. Тэр хүмүүс холоос мэндлээд, бөхийгөөд баярласнаа илэрхийлж, зарим нь зургаа авахуулахыг хүсээд мэндчилж байгаа нь сэтгэл догдлуулсан. Бид ядарч очсон хэдий ч тэднийг хараад энэ бүхэн арилсан. Үнэхээр сэтгэл цадна гэдэг тэр байх. Яаж ийм сайхан үйл зохиосон юм бэ гэж бид хоорондоо ярьж байсан. Энэ санасан үйлээрээ бид өөрсдөө бахархсан.

-Та хоёр тэгээд л “од” болсон шүү дээ. Хүн бүр сошиалаар харж бахархаж байсан?

-Харин тийм. Тэгсэн. Бид хоёр хотоос гараад нутаг руугаа явж байхад таарсан, хяналт шалгалтын хүмүүс “нөгөө хоёр байна шүү дээ”, “буянтай сайхан үйл бүтээжээ” гээд хэлж байсан. Үүнд ганцхан сум, багийн нэр бус Хөвсгөл аймгийн нэр гарсанд маш их бахархаж баярласан. Бид ингэж их олонд түгнэ гэж бодоогүй. Сумынхан хадаг барьж хүлээж авсан. “Од” болсон юм шиг сайхан байсан. Буяны үйл хийж байгаа нь сайхан санагдсан.

-Та бүхэн малч удмын хүмүүс үү. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би 16 настайдаа наймдугаар ангийн боловсрол эзэмшээд нэгдлийн адуу маллаж эхэлсэн. Ингээд сүүлд ямааны фермд ажиллаж байгаад ямаачин болсон. Миний аав Ж.Хөрөнгөө аймгийн алдарт уяач, сумын аварга малчин хүн байсан. Ээж Б.Норовсамбуу аймгийн 2006 оны шилдэг эмэгтэй болж байсан. Би өнгөрсөн жил сумын аварга малчин болсон юм. Мөн аймгийн алдарт уяач цолтой. Гэр бүлийн хүн маань Дамбийн Мөнхзул гэдэг. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн гаралтай. Аав Ц.Дамбий, ээж Ц.Сосор гээд нутаг нугандаа нэр хүндтэй ажилсаг хүмүүс байсан. Хадам ээж маань сумын аварга саальчин болж байсан. Мөн өвөө Цогт нь 1956 онд Алтангадас одон авч улсын сайн малчин болж байсан юм билээ. Тухайн үед шагнал их ховор. Яг эзнээ олдог байсан үе шүү дээ. Манай гэр бүлийн хүн бид хоёрын ах дүүс нутаг нугадаа нэр хүндтэй, маш их ажилсаг, тусархаг, унд ус сайтай зочломтгой, удмаараа малч хүмүүс байсан. Тийм учраас эд нарын минь буян бид хоёрт ирж байгаа юм.

-Хүүхдүүдээ танилцуулахгүй юу?

-Манай бага 12 дугаар ангид сурдаг Х.Чойсүх. Ирэх хавар төгсөнө. Шатрын спортоор хичээллэдэг. Сумын манлай сурагч болж байсан. Шатрын спортоор нэлээн олон тэмцээнд оролцож байсан, II дугаар зэрэгтэй. 2018 онд ОХУ-д болсон тэмцээнд орж тавдугаар байрын шагнал хүртэж байсан. Хоёр ах нь Очирпүрэв, Лүндэнпүрэв нар юм. Тусдаа гарсан. Малчин залуус бий. Лүндэнпүрэв маань сумын залуу малчин алтан медальтай.

-Та хоёр орон нутагтаа өөр дэмжлэг туслалцаа үзүүлж байв уу?

-Одоо гурван айлыг 50 хувьчилна гээд малаа харуулж байгаа. 100 мал өгөөд төллүүлээд хувааж авдаг юм. Нэг ёсондоо малжуулж байна гэсэн үг. Ер нь таван айлыг малжуулсан. Мөн сум орон нутгийнхаа хандивт их өгдөг. Багийнхаа төвийн засвар үйлчилгээг бүрэн хийсэн. Үүнд нэг сая орчим төгрөгийн зардал гарсан. Сум орон нутгийн соёлын төв, эмнэлгийн ой зэрэг янз бүрийн ой, баяр зэрэгт дор хаяж 500 мянган төгрөгөөс дээш хандив өгдөг. Мал олонтой болохоор бага мөнгө өгч болдоггүй. Хүн рүү чиглэсэн хандив гэвэл нутгийн ард иргэдээс Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад зардал мөнгө өгч байсан. Энэ намар гэрээ шатаасан айлд 200 мянган төгрөгийн тусламж өглөө. Түүнчлэн, хүүхдийн шатрын тэмцээнийг ивээн тэтгэх зэргээр аль болох дэмжиж туслахыг хичээдэг. Бас Улаанзагалмайд жил бүр 50 ямаа өгдөг.

-Орон нутагтаа амьдрах хэр таатай сайхан байна вэ?

Гэргий Д.Мөнхзул: -Би холоос ирсэн бэр. Мөн өөрөө зөв явахыг хичээдэг. Тийм болоод ч тэр үү нутаг усныхан маань хүндэлж намайг II багийн хурлын даргаар тавьсан. Ард түмэн бид хоёрыг хүрээлж амьдарч байдаг. Нутагтаа амьдрах тухтай сайхан байна. Манай сумын хүмүүс их ажилсаг. Ажилсаг гэж хэлэхэд багадахаар ажилсаг шүү. Манай Төмөрбулаг сум Хөвсгөл аймагт амьжиргааны түвшин хамгийн дээгүүрт орно. Амьжиргааны түвшин дээгүүр гэдэг нь ард түмэн ажилсаг байна гэсэн үг. Ялангуяа, Төмөрбулаг сумын II баг таван улсын аварга малчин, хоёр алтан төлийн эзэн, нэг улсын аварга саальчин, нэг хөдөлмөрийн баатар, 30 гаруй мянгат малчинтай. Ажил төрлөөрөө онцгойрч цойлдог. Бид Монгол Улсын ядууралгүй баг хамт олон болох зорилт тавиад түүндээ хүрсэн.

-Жирийн малчин хүн ч улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовж, хувь нэмрээ оруулж байгааг та бүхэн үлгэрлэж харууллаа. Энэ бүхний дараа улс орныхоо хөгжлийн төлөө юуг бодож тунгаасан бэ?

-Энэ үйл явдлын дараа хүн улс орныхоо төлөө жижигхэн ч гэсэн хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхтэй байх юм бол улс орон хөгжих юм байна гэж бодсон. Бэлчээрийн даац хэтэрч байгааг бүх аймаг суманд ярьж байна. Олон мянгат малчин байгаа. Тэгэхээр энэ олон малчин улс орныхоо төлөө хөдөлгөөн өрнүүлж, малчин хүн аваад байх бус өгдөг шүү гэдгийг харуулаасай гэж хүсч байна. Хүнд сэтгэл байвал заавал тэрбумтан болж байж улс орондоо хувь нэмэр оруулдаггүй юм байна. Өгье гэвэл ганц ч багадахгүй шүү.

 

Г.БАТЗОРИГ