П. Амгаланбаяр

“Ковид-19” цар тахал дотоодод тархаж хөл хорио тогтоогоод хоёр сар боллоо. Энэ хугацаанд хүн бүрийн амьдрал өөр өөр өнгө төрхтэй үргэлжилж байна. Бид энэ удаа хөл хорионд буй энэ үед хүүхдүүд цаг хугацааг хэрхэн өнгөрүүлж байгаа талаар сурвалжиллаа.

Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс ахлах сургуулийн XII ангийн сурагч Т.Кымбат: 

-Теле хичээлийн цагийн хуваарь шахуу болохоор танхимд багшаар заалгаснаас илүү үр дүнтэй байж чаддаггүй.Манай сургуулийн зүгээс төгсөх ангийн хүүхдүүддээ давтлага хичээл зааж байгаа. Тийм болохоор теле хичээлээ тэр бүр үзэж чаддаггүй. Манай аав ээж хоёр танхимаар давтлага авахыг зөвшөөрөөгүй учраас багш нараасаа гэрээр даалгавар авч, шалгалтандаа бэлдэж байгаа.

Өмнө минь ирээдүйн мэргэжлээ сонгох маш хариуцлагатай цаг хугацаа ирсэн болохоор бие даан сурч байна. Үүсэж буй цаг хугацаа их хүнд тусаж байгаа. Хүний амьдралд төсөөлшгүй тийм зүйлүүд байдаг шүү дээ. Миний хувьд ийм өвчин гарч , ийм нөхцөл байдал үүснэ гэж төсөөлж байгаагүй. Магадгүй хүмүүсийн буруутай үйлдлээс болж, байгаль дэлхий хүн төрөлхтнийг шийтгэж байгаа юм болов уу. 

Эхэндээ хэдэн хоног, эсвэл сарын дараа зүгээр болчих болов уу, Монголд энэ өвчин гарахгүй, дэлхийн хэдэн мянган хүн энэ өвчнөөр өвдөнө гэж төсөөлөөгүй. Эхний хэдэн сар фэйсбүүкт орох, кино үзэх зэрэгт цагаа зарцуулдаг байсан. Одоо өөрт хэцүү байна гэхээс илүү дэлхий дахинд, миний үе тэнгийн хүүхдүүд хүртэл энэ өвчнөөр шаналж байгаа байхдаа гэсэн бодол хүртэл үнэхээр хүнд тусаж байна. 

Ховд аймаг Улаанбаатараас 1500 км алслагдсан газар шүү дээ. Нийслэлтэй ойр байрладаг Дархан, Эрдэнэт зэрэг аймгууд хувь хүн рүү чиглэсэн сургалт хүүхдэд хандах байдал боловсролын түвшин илүү юм шиг санагддаг. Манай аймгийн хувьд сургалтын систем нэвтрүүлэх хугацааны хувьд уддаг нь хэдий интернэтээс болж байна гэдэг ч тодорхой хүрч ажиллаж чадахгүй байгаа юм шиг. Энд сургалтын төлбөр нь ч гэсэн арай үнэтэй байдаг. Би сэтгүүлч болохыг хүсдэг. Хүний доторх дуу хоолой гэж байдаг шүү дээ. 

Миний доторх дуу хоолой хэн нэгэнд сайн сайхныг хэлдэг, өөрийнхөө үзэл бодлыг цаасан дээр буулгадаг тийм нэгэн болохыг хэлээд байгаа юм шиг санагддаг байсан. Сэтгүүлч мэргэжлийг эзэмшихийн тулд би юу хийх ёстойг, судлах гэдэг талаасаа уншиж , видео хийх, хүмүүстэй харилцах зэрэг мэргэжлийн чиг баримжааны дагуу олон зүйл хийж байна. Өнөө цагт зөвхөн хувь хүний хөгжил гэхээс илүү дотоод мөн чанар хүмүүстэй харилцах харилцаа, гадаад үзэмж зэрэг олон хүчин зүйлийн мэдлэгтэй байх шаардлагатай. Би юм бүхэнд өөрийгөө сорих дуртай. 

Хэдий хүн төгс байх боломжгүй ч гэсэн өөрийнхөө хувьд мэдэж авах боломжтой бүх зүйлийг сурч байж сайхан амьдрах болов уу. Өнөөдөр хүмүүс боломжоор хязгаарлагдаж, хэн нэгний хүсэл мөрөөдлөөр амьдраад байгаа юм шиг санагддаг. Өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа болохоор өөрийнхөө хүсэл зорилгыг дагахыг хүсдэг. Олон зүйл хийж туршиж байж өөрийнхөө дотоод мөн чанарыг олохыг ойлгосон. Би ном унших дуртай. Илтгэх урлагаар хичээллэдэг. Бас FM 81.1-т ажиллаж хүүхдүүдтэй хамтарч подкаст хийж, өөрөө хувь хүний чиглэлийн пэйж ажлуулдаг. 

Өнгөрсөн жилийн хувьд би 21 уншихыг төлөвлөсөн байсан ч бараг хоёр дахин илүү их ном уншсан. Тийм болохоор хувь хүний хөгжлийн хувьд ололт амжилттай жил болж өнгөрсөн гэж бодож байна. Аав ээж минь намайг нээлттэй өөрийгөө илэрхийлэх боломжоор дүүрэн өсгөсөн. Түүнд би үргэлж талархаж явдаг. Тухайн хүнд гэр бүлийн хүмүүжил маш их нөлөөлдөг юм шиг санагддаг. 

Тэр мэргэжлийг эзэмшээд амжилт олохгүй, тийм зүйл хийж болохгүй гэх дүр зураг үе тэнгийнхэнд маань их анзаарагддаг. Аав ээж минь “ Миний охин юу хүссэнээ хий. Чи өөрийнхөө замаар явж, тэр замаар амжилтыг олж харна. Бид үргэлж чиний хажууд байхгүй. Тийм болохоор өөрийнхөө замыг өөрөө бүтээ” гэдэг. Би богино өгүүллэг, бодролыг хувь хүний хөгжил рүү илүү шигтгэж гаргаж бичих дуртай. Үүгээрээ ном бичих мөрөөдөлтэй. 

УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН I СУРГУУЛЬ, 2Б АНГИЙН СУРАГЧ Б.ТӨГӨЛДӨР: ЗАРИМДАА ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙНХЭЭ ЦАГИЙГ МАРТААД, ТАСАЛЧИХДАГ

Би хоёрдугаар ангид орсноосоо хойш хичээлдээ бага суусан. Хичээлдээ явах гоё санагддаг. Олон шинэ зүйл сурна, найзуудтай болно. Энэ өвчин гарснаас хойш гэртээ хичээлээ үзэж байгаа. Гэхдээ гэрээсээ ч гэсэн хичээлээ үзэхэд гоё л доо. Теле хичээлээр Монгол хэл, Математик, хүн ба орчин, иргэний боловсрол зэрэг хичээлийг үзэж байна. Намайг хичээлээ давтахад эмээ минь тусалдаг. Теле хичээлээ үзээд олон шинэ зүйл сурсан. Би мянгын дотор нэмж, хасаж, үржүүлж, хуваадаг болсон. 

Бас 1-9 хүртэлх бүх хүрдээ цээжилсэн. Заримдаа теле хичээлийнхээ цагийг мартаад, тасалчихдаг. Гэхдээ дараа нь нөхөж үздэг болохоор амар санагддаг. Хичээлээ үзсэнийхээ дараа тоглодог. Бас хүүхэлдэйн кино үздэг. Энэ өвчин хурдан эдгэрээсэй гэж боддог. Би ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж, тоглохыг бас хичээлийнхээ гоё хувцасыг өмсмөөр байна. Ангийн багш болон ангийнхаа найзуудаа санаж байна. 

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН XIV СУРГУУЛИЙН 5 В АНГИЙН СУРАГЧ Г.ЭГШИГЛЭН: ЭНЭ ӨВЧИН ХУРДАН ЭДГЭРЧ, БҮХ ЗҮЙЛ ХУРДАН ХЭВИЙН БАЙДАЛД ОРООСОЙ ГЭЖ ҮНЭХЭЭР ХҮСЭЖ БАЙНА. 

Аав ээж хоёр минь ажилдаа явж байгаа. Энэ өвчин хурдан эдгэрч, бүх зүйл хурдан хэвийн байдалд ороосой гэж үнэхээр их хүсэж байна. Тэгэхгүй бол олон хүмүүс ажилгүй болж, хэцүү байгаа юм шиг санагдаж байгаа. Бас хүмүүс өвчин тусаад өвдвөл хэцүү шүү дээ. Би ч гэсэн аав ээжийгээ ажилдаа явахаар нь санаа зовдог. Өмнө хичээлдээ явж, найзуудтайгаа тоглоод гоё байсан. Гурван хоногийн өмнөөс теле хичээлээ үзэж эхэлсэн. Ах, ээж, аавтайгаа хамт хичээлээ давтаж байгаа. Би ээж аавыгаа ажилдаа явахаар нь ахтайгаа гэртээ үлддэг. 

Би ахтайгаа шагай тоглодог. Бас гэрээ цэвэрлэдэг. Энэ хөл хорионы үед интернэтээс харж олон зүйлийг сурч байгаа. Би ирээдүйд дуучин, жүжигчин болохыг мөрөөддөг. Дуучин Энжигийн “Boom, Boom” дууны уралдаанд оролцохоор бэлдэж байгаа. Бас онлайнаар математикийн хичээлийн сургалтанд сууж, охидын 365 үлгэрийн номыг уншиж эхэлсэн. Нээрэн би барбиндаа бас интернетээс харж байгаад гоё үлгэрийн баатрын хувцас хийсэн. Аав ээж хоёр маань танин мэдэхүйн номнууд, авч өгсөн тэрийг нь уншиж байгаа. Саяхан ээжтэйгээ хамт спартак торт хийсэн нь амттай болсон шүү. Зураг зурж сурч байгаа. 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 16 ДУГААР СУРГУУЛИЙН 3 АНГИЙН СУРАГЧ Г.ДӨЛГӨӨН: ОДОО ХИЧЭЭЛ АМАРСАН УЧРААС ГЭРТЭЭ ХОЁР ДҮҮТЭЙГЭЭ ТОГЛОЖ БАЙНА 

Энэ намар хичээлдээ суугаад гоё байсан. Харин коронавирусаас болоод хөл хорио тогтоож, теле хичээл орж эхэлсэн. Теле хичээл үзэхэд эхэндээ хичээлээ бичиж амжихгүй хоцорч, дутуу хийх тохиолдол гарч байсан. Тэгээд хичээлээ хийгээд ангийн багш руу явуулж шалгуулж байсан. Одоо хичээл амарсан учраас гэртээ хоёр дүүтэйгээ тоглож байна. 

Чөлөөт цагаар хүүхэлдэйн кино үзэж, шатар даам тоглож сурч байгаа. Хичээл орохгүй байх их уйтгартай байна. Ангийнхаа хамгийн сайн хоёр найз болох Хаш-Эрдэнэ, Хаш-Чулууныг их санаж байна. Хөл хориотой байгаа учраас гадаа гарч тоглож болохгүй байгаа. Манай Дархан хот хөл хориогоо сулруулсан гэсэн хүүхдийн тоглоомын газар нээгээгүй. Тиймээс гэртээ байхаас өөр арга байхгүй байна. 

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН III СУРГУУЛИЙН 3Д АНГИЙН СУРАГЧ Б.ТЭМҮҮЖИН: САЯХАН ААВ МААНЬ ХҮРДНИЙ ШАЛГАЛТ АВСАН ЧИНЬ НАЙМЫН ХҮРДЭЭ МАРТААД БАЛАРСАН

Өнгөрсөн жил теле хичээл орж байсан учраас хүндрэл харьцангуй бага гарч байгаа. Гэхдээ хичээл зааж байгаа багшийнхаа яриаг гүйцэж бичиж чаддаггүй. Иймээс ДДЭШ ТВ дээр бичиж байгаад ухрааж бичдэг. Манай ангийн багш өдөр бидний хичээлийг үзэж шалгадаг учраас хичээлээс хоцрохгүй байхыг хичээдэг. Манай ангийнхан их идэвхтэй хичээл хийж байгаа талаар ангийн багш фэйсбүүк групп тавьдаг. Хичээлээ хийгээгүй хүүхдийн нэрийг бас бичдэг. 

Коронавирус гараагүй байсан бол сургуульдаа яваад гоё байх байсан. Ангийнхнаа их санаж байна. Хамгийн сайн найзуудаа ч гэсэн санаж байна. Би тооныхоо хүрдийг бүгдийг нь цээжилсэн. Саяхан аав маань хүрдний шалгалт авсан чинь наймын хүрдээ мартаад баларсан. Одоо коронавирус гарсан учраа гэрээсээ гарахгүй зурагтаа үзээд дүүтэйгээ тоглож байгаа. Манай дүү ирэх намар сургуульд орно. 

Тэр болтол коронавирус эдгэрч бүх зүйл хэвийн байдалд ороосой гэж хүсэж байна. Дүү бид хоёр гадаа гарч чаргаар гулгаж тогломоор байна. Даанч вирус халдах эрсдэлтэй гээд аав ээж хоёр гаргахгүй байгаа. Би жил бүр хичээлийн амралтаар Дарханд байгаа өвөө эмээ дээр очдог байсан. Энэ амралтаар явж чадаагүй. 

АРХАНГАЙ АЙМГИЙН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР III СУРГУУЛИЙН СУРАГЧ Э.ДЭЛГЭРБУЛГАН: “КАРАНТИНД БАЙГАА МАНАЙ ГЭР БҮЛ” УРАЛДААНД ОРОЛЦОЖ III БАЙРАНД ОРСОН

Одоо хичээл амарсан болохоор теле хичээлээ үзэхгүй байгаа. Өмнө нь теле хичээл үздэг байхад нэг хичээл үзэж байлаа гэхэд нэг юм бичиж байхад дараагийнх нь гараад бичиж амждаггүй байсан. Одоо гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж байна. Гэртээ түлээ оруулж тусалдаг. Бас орон орны үлгэрүүд гээд ном уншиж , зураг зурж байгаа. Энэ өвчин хурдан эдгэрч хичээлдээ хурдан явахыг хүсэж байна. Сая манай сургуулиас зохион байгуулсан “Карантинд байгаа манай гэр бүл” уралдаанд оролцож III байранд орсон. 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙН 5А АНГИЙН СУРАГЧ Д.ОЮУМАА: ХӨЛ ХОРИОНЫ НЭГ ДАВУУ ТАЛ НЬ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ИХ ЦАГИЙГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Хичээл амраагүй байхад теле хичээлээ хийгээд өөр зүйл хийж амждаггүй байсан. Харин одоо бол ном уншихаас гадна бие бялдраа хөгжүүлэхэд цаг гаргадаг болсон доо. Ангийнхаа нугараач найзаас Б суухыг заалгаж, сурсан. Өдөрт 10-20 минутыг дасгал хийхийг зарцуулж байна. Аяга угааж, тоосоо соруулж, түлээгээ оруулж байгаа. Бүр цай чанаж сурсан шүү. 

Мөн ах, эгч нарынхаа хуучин номуудыг үзэж хичээлээ давтдаг. Хөл хорионы нэг давуу тал нь гэр бүлийнхэнтэйгээ их цагийг өнгөрүүлж байгаа болохоор илүү нээлттэй харьцдаг болсон. Өмнө нь аав, ээж ажилдаа яваад бидэнд зарцуулах цаг, зав хомс байсан. Би бас ах, эгч хоёроороо теннис тоглохыг заалгасан. Нүдний хараа, анхаарал шаарддаг болохоор надад их таалагдсан. Цаашдаа хөлбөмбөг сурна гэж бодож байгаа. Ангийнхантайгаа холбоо бариагүй ч надтай адилхан хичээлээ хийж, олон шинэ зүйл сурч байгаа болов уу.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН