ХХ зууны Монголын түүхийн сэдвээр

Сэхээтний талаархи бодлогын зарим асуудлын тухайд

Тавиад оны Монголын түүхийн тайлбар шаардаж буй  нэг асуудал бол өөрийн сэхээтний талаархи бодлогын шинэчлэл юм. Энэ асуудлыг тусгайлан судалсан зүйл бараг байдаггүй, хэн ч тодорхой мэддэггүй, тэгсэн хирнээ нам, түүний удирдагчид сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн, бараг л гучаад оных шиг юм болсон  юм шиг  улс төржсөн яриа шүүмжлэл  тасардаггүй болсон юм.

Тавиад оны дунд үеэр олон улсын байдалд их өөрчлөлт гарч, Зөвлөлтийн удирдагч И.В.Сталин насан өөд болж, түүний хамт эрчийг нь хэт чангалсан коммунист үзэл суртал ямар нэг хэмжээгээр суларч, нэг хүнийг  тахин шүтэхийн эсрэг тэмцэл   ЗХУ-д өрнөж, Европын зарим социалист орнуудад капитализмыг сонирхох, социализмыг шүүмжлэх хандлага нэмэгдэж, социализмын орнуудын эв нэгдэл шинэ сорилттой тулгарсан үе байв. Энэ нь мэдээж Монголын нийгмийн амьдралд нөлөөлж, тухайн нийгмийн зарим шинж, нам, төрийн бодлогыг шүүмжлэх, шинэ амьдралыг эрэн тэмүүлэх хандлага хүчтэй болжээ. 

Энэхүү өргөн шүүмжлэлийн дотор “Эх орны бахархал болох үндэсний зүйлийг орхигдуулж байна. Ер нь Монголын үндэсний юм бүхнийг феодалын гэж хэтрүүлэн харах хандлага байна. Энэ бол буруу“ (Дангаасүрэн. Эвлэлийн Төв Хороо)”;  “48 оноос үндэсний үзэлтнийг буруушааснаас хойш Чингис зэрэг хүмүүсийн тухай дурдахаа больсон. Дурдахаас айдаг байна. Энэ тогтоолыг эргэж харж баймаар юм” (Чойжил, ЭТХ); “Бидэнд үндэсний юм болгох бахархал алга. Манайд тийм ийм юм байсан гэж хэлэхээр националист гэж хэлдэг. Эх орноо судлахаас өөр эрхэм үүрэг байхгүй. Сургуулиудад эх орны түүхийг заахгүй байна” (Сэнгэдорж, Багшийн дээд сургууль) гэх зэргээр ярилцаж, санал дэвшүүлэх болжээ.

Тэр үед МАХН-ыг удирдаж байсан Д.Дамба, үзэл суртлын  асуудлыг гардан хариуцаж байсан Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн нар Монголын тэргүүлэх сэхээтэн нарын шүүмжлэл санал бодолд ухаалгаар  хандахын оронд бүхэлд нь “манай сэхээтний эргэн төөрөлдөж буй хэрэг” гэж үзэж 1956 онд “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” нууц тогтоол гаргаж буруушаасан нь сэхээтний бүтээлч сэтгэлгээний өсөлтөд ямар нэг хэмжээгээр цохилт болсон байна. 

Энэ үед бүхэл бүтэн улс юм болохоор засгийн эрхийн төлөө бүлэглэлүүдийн хооронд өрсөлдөөн явагдаж байсныг үйл явдал харуулдаг. Судалгаанаас үзэхэд тухайн цаг үед нэг талаас намын удирдагч Д.Дамба, Н.Лхамсүрэн, түүний нөхөд, нөгөө талаас Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, тэдний хүрээллийнхэн нэгдэн өрсөлдөж байжээ.

Сэхээтний төөрөгдөл гарч байсан гэх асуудал нь  бүтэн улс орон, намын хэмжээний, бүхий л  гишүүдэд хамаатай  гэхээсээ тодорхой   цөөн хүний үйл ажиллагааны алдаатай холбоотой байсан. Сүүлийн жилүүдэд энэ тогтоолыг санаачилж, боловсруулж гаргасан буруутай эзнийг олох эрэлд олон хүн гарсан бөгөөд Д.Дамба гуай хожим нь: “Тогтоол хийхэд Цэдэнбал, Төмөр-Очир, Ширэндэв нар оролцсон юм” хэмээн Нэгдүгээр нарийн бичгийн даргад бараг л дуулдаагүй хэрэг мэт хэлжээ. Тэгвэл тэр үед намын даргадаа “жийгдэж байсан” Ерөнхий сайдын орлогч байсан Б.Ширэндэв гуай ерээд онд: “Цэдэнбал, Төмөр-Очир хоёр тогтоол гаргах гэж шуурхайлаад эхэллээ. …Ерөнхий сайдын орлогч Намын Төв Хорооны тогтоол хийнэ гэж байхгүй. Харин би сэхээтнүүдээ хамгаалсан юм” гэжээ. 

Гэтэл тавиад оны Монголын удирдагчдын хэсэг болох дээрх хоёр хүн өөрсдөө тухайн асуудалд голлох холбоотойг нотлохоор баримт гарч ирсээр байна. Д.Дамба агсан дурдатгалдаа: “Энэ тогтоол гарсны дараахан болсон Хотын намын идэвхтний хурал дээр Дамба мэтийн хүмүүс сэхээтнүүд рүү довтолж байна гэж Цэдэнбал хэлчихсэн юм байжээ. Сүүлд нь дуулсан”  гэж хэлснээс үзэхэд үйл явдал өрнөж байсан тэр үед Ю.Цэдэнбал тухайн асуудлаар Д.Дамбыг ил тодоор шүүмжлэх байр суурьтай байсан ажээ..

Сэхээтнүүдийн санал бодолтой танилцсан уулзалт, яриануудын талаар академич Б.Ширэндэв 90-ээд онд өгсөн ярилцлагадаа: “Сэхээтний төөрөгдөл гэдэг яриа Эвлэлийн Төв Хороо, Улсын Их Сургууль зэрэг хоёр гурван газар л гарсан юм. Ю.Цэдэнбал хүнтэй уулзаагүй. Хашир хүн л дээ. Дамба гуай, Самбуу гуай хоёр Хотын намын хороо, Эвлэлийн Төв Хороон дээр очиж сэхээтнүүдтэй ярьсан байх. Би Их сургууль дээр Балжинням, Самдан нартай хамт очсон… Цэдэнбал, Дамба тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид хойно очсон. Төлөөлөгчидтэй Хрущев, Суслов, Андропов нар ярьсан. Тэд: Танайд сэхээтний яриа гэгч гарч гэнэ, түүн дээр манайхыг элдвээр ярьсан байна. Танайд бид туслаж байсан болохоос талсан юмгүй, учрыг олж засаж залруулна биз дээ. Ийм яриа Унгарт гараад байгаа, ийм ярианы үнэр Чехословакт ч бас гарч байгаа шүү гэсэн… Сэхээтний ярианд Зөвлөлтийн эсрэг гарсан мэр сэр яриа хөөрөө байсан юм. Үүнийг хавтгайруулан цагаатгаж, тогтоолд буруушаасан бүхнийг үндэсгүй зүйл гэж хэлж бас болохгүй”  гэж одоо бидний буруутгаад байдаг  дээрхи 1956 оны тогтоолын санааг хамгаалж байжээ.

Б.Ширэндэв гуай: энэ компанит ажлын хүрээнд Ю.Цэдэнбал байгууллагуудаар яваагүй, хүнтэй уулзаагүй, илтгэл рапорт бичээгүй гэдгийг бусад хүмүүсийн нэгэн адил зөвшөөрсөн хирнээ сэхээтнийг хохируулах ажилд Ю.Цэдэнбал идэвхийлэн оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэгээ багатай болжээ. Академич Б.Ширэндэв: “Уг тогтоолын эцсийн төслийг Цэдэнбал гардан боловсруулсан болохоор… бараг засваргүйгээр өөрөө түрүүлэн гарын үсэг зурж, бусдыг тулган гарын үсэг зуруулж гаргасан билээ”  гэж хожим бичсэн нь түүхийн баримт, судалгаагаар нотлогдохгүй байна. Харин академич  Ц.Дамдинсүрэн гуай дурссанаар: “Ширэндэв гуай санаснаа сайн хэл гэсэн. Одоо болохоор намайг үндэсний үзэлтэн гэж байна. Би хэлсэн үгнээсээ үл буцна… Энэ тогтоолоор сэхээтний амыг таглаж  болох авч ард түмний цоорхой гэрийг бөглөж чадахгүй”  гэж хэлж, сэхээтнүүдээ судлан турших, асууж шалгаах ажлыг яаж явуулж байсан, улмаар дарамтлан хохироох ажиллагаа хэрхэн явагдсаныг ямар боловч тодруулжээ. 

“Сэхээтний төөрөгдөл” гэгч хэрэг явдалтай Ерөнхий сайд Ю.Цэдэнбал ямар хамааралтайг судлахад хэрэг болохуйц баримт материалууд ч олдсоор байна. 1959 оны III сарын НТХ-ны III бүгд хурал дээр Д.Дамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж байхад Ю.Цэдэнбал хэлэхдээ: Д.Дамба нь: “Цэнд ийм муухай юм гаргасан. Төмөр-Очир ч сэхээтний төөрөгдөлд орсон гэдэг ойлголтыг тэр төрүүлсэн. Энэ бол шууд гүтгэлэг мөн. Цэнд Намын Төв Хороог татан буулгана гэдэг асуудлыг оруулж байгаагүй. Харин Төв Хорооны зарим хэлтсийг татан буулгана гэсэн санал байсан. 1956 онд сэхээтний төөрөгдлийн элдэв үг ярианы дотор үнэтэй цэнэтэй сайн саналууд ч, муу муухай зүйлүүд ч байсан юм. Үүнийг ялган салгаж аваагүй тал бий. Энэ талаар энд, тэнд хурал хийлгэж, сэхээтний саналыг нэлээд гаргуулж аваад сүүлдээ Төв Хорооны тогтоолд нэлээд хатуу заасан. Тэр үед Төмөр-Очир зүйтэй саналууд гаргасан. Тогтоолд ингэж бөөнөөр авах нь (буруушаах нь гэсэн санаа болов уу. Ц.Ж.) залуу сэхээтний идэвхийг таслахад хүргэнэ. Иймээс сайн, мууг нь салгаж, дүгнэлт хийх хэрэгтэй гэсэн зөв зүйтэй саналыг гаргасан юм. Тэрнээс үндэслэж н.Дамба Төмөр-Очирт жаахан дургүй нь хүрвэл энийг гаргаж ирдэг болсон юм. Тэр үедээ ингэж тогтоол гаргаад өнгөрсөн юмыг дахин давтан гаргаж ирж байна”  гэж “сэхээтний төөрөгдлийн” асуудалд тодорхой хүмүүсийн харилцаа хэрхэн хамааралтай талаар тэмдэглэснээс үзэхэд намын удирдлагын хүрээнд санал зөрөлдөөнтэй байх нөхцөлд  ямарч болов Цэдэнбал, Төмөр-Очир,  Цэнд нар нэг фракци болж нэгнийгээ хамгаалж байжээ гэсэн дүгнэлт гарч байна. 

Тавиад оны нийгэм улс төрийн томоохон зүтгэлтэн, “Сэхээтний төөрөгдөл” гэгчийн улмаас ажлаас хөөгдөн хохирч байсан хүн болох доктор Н.Дангаасүрэн хожим дурсахдаа: “Энэ хэрэгт хоёр зуугаад сэхээтнүүдийг холбогдуулан баривчлахаар Самбуу гуай бид хоёрын гарын үсгийг зуруулах гэхэд бид зөвшөөрөөгүй” хэмээн хотын намын идэвхтэнд Цэдэнбал дарга ярьсан гэж түүний туслах байсан, дэд эрдэмтэн С.Ишдорж Академийн Намын хорооны хурал дээр хэлсэн”  гэж хэлж байснаас үзэхэд сэхээтнүүдийг хоморголон цохилт өгөх гэсэн сонирхолтой хүмүүс тухайн үед байсан болон тэр эвгүй эргэлтээс Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нар сэрэмжлэн зайлуулжээ гэсэн дүгнэлт гарч байна.

“Төөрөгдсөн сэхээтний” хамгийн том төлөөлөгч гэгдэж, бараг л шоронд суухаас бусдыг үзэж хохирсон  Ө.Дорж нь Ю.Цэдэнбалын төрсөн дүүгийн нөхөр байжээ. Тавиад оны дунд үед болсон үйл явдлын гол гэрч Ө.Дорж гуай “Дурсамж, сургамж” номондоо: “Энэ үед Д.Дамба, Б.Ширэндэв нарын зэрэг хэсэг улс төрчид анх удаа “сэхээтний төөрөгдөл” гэгчийг санаанаасаа зохион гаргаж улс төржүүлэн, эх оронч үзэлтэй, үнэнч шударга ахмад, залуу олон зуун сэхээтний амыг албадан хааж, нэр төр, ажил амьдралаар нь хэлмэгдүүлснийг хэлэх хэрэгтэй. 1956 оны XI сард МАХН-ын Төв Хорооны бүгд хурал болж намайг хуралд суу гэж дуудлага ирлээ. Тэр өдөр би эмнэлэгт халуунтай хэвтэж байлаа. Энэ учраа хэлж хуралд очиж чадахгүй нь байна гэсэн чинь удсан ч үгүй эмнэлгийн дарга Батсүх, орос эмэгтэй эмч дагуулж орж ирээд танд тариа хийгээд бүгд хуралд яаралтай ирүүл гэж Улс төрийн Товчооноос даалгаж байна гээд тариа хийлээ. Би хуралд очиж суулаа. Хурал орой 8 цаг 30 минутад эхлэв. Д.Дамба гуай илтгэл тавилаа. Намын бодлогод харш үзэл, үг, өгүүлэл гарсан гэсэн утгатай илтгэл байлаа. Илтгэлд олон хүний нэр, байгууллага гарсны дотор Ө.Дорж, Дангаасүрэн, Содномцэрэн, Төмөрбаатар, Лхамжав нарын зэрэг олон хүний нэр байлаа. Бүгд хуралд УТТ-ны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байв. Илтгэлийн дагуу санал шүүмжлэл явлаа. Дэмчиг, Лувсанчоймбол, Сурмаажав нараас: “Элдэв үг яриа гаргасан хүмүүсийг баръя (баривчлая. Ц.Ж)” гэж байлаа”  гэжээ.

“Үнэн” сонины эрхлэгч Ц.Намсрай, Аж үйлдвэрийн сайд Н.Бавуудорж, Гадаад яамны сайд Н.Адилбиш, Тээврийн сайд Б.Ядамсүрэн, НТХ-ны Нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир, Засгийн газрын орлогч дарга Л.Цэнд, УБТЗ-ын дарга Н.Цогтсайхан нар НТХ-ны илтгэлд голлон буруушаагдсан Ө.Доржийг хамгаалж үг хэлжээ. “Ю.Цэдэнбал босож: “сэхээтнүүдийг дарга нар уриалж байгаад яриулсан гэж байна. Чөлөөтэй ярь гэж байгаад яриулсан гэдэг чинь ямар нэг хуурах санаа биш, хүмүүсийн үгэнд шинэ сайн зүйл олон байна, ялгаж үзэх хэрэгтэй. Шинэ мэдлэг шаардсан зүйл ч олон байх шиг байна“ гэж үг хэлж байтал Д.Дамба гуай зэрэгцэн босож үг хэллээ. Хоёр дарга маргаанд орлоо. Зэрэг ярьсан учир үг нь сайн дуулдахгүй жаал маргаж байгаад хоёулаа суудалдаа суулаа… Чухамдаа тавиад оны МАХН-ын Төв Хорооны УТТ болон удирдлагад Д.Дамба, Б.Самдан, Д.Ламчин, Д.Самдан, С.Балган, Ч.Сүрэнжав, Б.Ширэндэв мэтийн хоцрогдсон догматикууд нуугдан бөөгнөрч, манай урагшлан хөгжихөд саад болсоор Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Дүгэрсүрэн, Ж.Самбуу нарын эсрэг тэмцэж байсан нь 1954 оны IV, XI сарын бүгд хурлууд (тарсан)-ын үеэс мэдэгдэх болсон юм…”  гэж төөрөлдсөн сэхээтэн гэгдэж явсан Ө.Дорж гуай дурсан бичжээ. 

Намын доторх тодорхой бүлэглэлээс Ө.Доржийн эсрэг явуулсан компани нь цаад утгаараа Ю.Цэдэнбалын дор “нүх ухах” гэсэн далд бодлого байжээ гэж ч зарим хүмүүс үздэг нь сонин санаа юм. 

 

Нам, төрийн ахмад зүтгэлтэн С.Жалан-Аажав: “Сэхээтний төөрөгдлийн хувьд, дээрээсээ санаачилж хөөцөлдсөн зүйл бага байх. Доороо л зарим нэг тогтворгүй, ойворгон хүмүүс л их үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Миний багш байсан юм даа... Намтайширын Лхамсүрэн гэж хүн байсан. Ер нь хов жив хөөцөлддөг, хутгаж үймүүлдэг маягийн хүн байсандаа, тэр хүн тэр үед намын удирдлагад байсан…” ; “Сэхээтний төөрөгдлийн” асуудалд НТХ, Дамба голлосон байх. Ширэндэв Дамбын талд байсан. Цэдэнбалын талынхны эсрэг Дамбын талынхны л ажиллагаа байсан. Сэхээтний ярианд нэг их буруу юм байгаагүй”  гэж хэлсэн байдаг юм.

Нам, төрийн ахмад зүтгэлтэн, “сэхээтний төөрөгдөл” гэгчид нэрвэгдэн хохирч явсан, нэрт түүхч, доктор (Sc) Н.Дангаасүрэн гуай: ”Сэхээтний төөрөгдөлтэй” Цэдэнбал холбоогүй. Гол зохион байгуулсан хүмүүс нь тодорхой шүү дээ. Цэдэнбал бол яахав, ийхэв л гэдэг байсан. Лоохуузын асуудал бол өөр асуудал юм. Тэр нь засгийн эрхийн төлөө тэмцэл. Бид бол санаж бодсоноо л бурсан хэрэг шүү дээ. ”Сэхээтний төөрөгдөл” гэдэг бас Хрущевтэй холбоотой. Цэдэнбал, Дамба, Ширэндэв нартай тэрээр уулзаад “Танайд янз бүрийн яриа хөөрөө гарч байгаа гэнэ” гэж анхааруулсан. Тэр чиглэлээр л юм хийх нь зүйтэй гэж манай намын удирдлага үзсэн байх”  гэж хэлсэн нь саяхан хүртэл амьд сэрүүн байсан тухайн үйл явдлын гол гэрчийн үг юм. 

Тавиад оны “төөрөлдсөн сэхээтний” гол төлөөлөгч, хэд хэдэн удаа элдэв хэл ярианд орж хэлмэгдэж явсан үндэсний томоохон сэхээтэн Ц.Дамдинсүрэн нь амьдралын сүүлчийн жилүүд хүртлээ Ю.Цэдэнбалын дотно хүн нь байж, дуртай үедээ утасдаж, уулзаж, хүсэл зоригоо хэлж шийдүүлж байсан ажээ. Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай “сэхээтний төөрөгдлийн” үеэс л нэрт түүхч Б.Ширэндэвтэй харилцаа тааруу байжээ. Энэ нь улс төрийн гэхээсээ эрдэмтдийн хоорондын үзэл бодлын маргаан шинжтэй байлаа. Тэрээр “Үндэсний соёлын өвийг хамгаалъя” гэсэн өгүүлэл бичиж Б.Ширэндэвийгээ сайтар шүүмжилжээ. “Үнэн” сонин хэвлэж өгөхгүй болохоор Ю.Цэдэнбалд хандаж, нийтлүүлж байсан гэх ч тайлбар бий . Сэхээтний төөрөгдлийн гэх жилүүдэд Дамиа академич “Жавтий” хүртсэн нь энэ шүүмжлэлтэй холбоотой байжээ.

Энэ өгүүлэл нь Монголын тэргүүлэх сэхээтнүүд нам, засгийн удирдагчдын чухам хэнтэй нь мөчөөрхөлдөж “ном хаялцаж” байсныг харуулав. Үүнд: “1950 онд хэвлэгдсэн “Шинжлэх ухаан” сэтгүүлийн 3-рт Дашдэндэв “Нууц товчоо” “Гэсэр”, “Жангар” гурвыг феодал ноёдын харгис зохиол гэж бичсэн ба мөн оны 1 сард Жамбалсүрэн, Тарваа нар “Үнэн” сонинд дурдсан 3 зохиолыг феодал ноёдын харгис зохиол гэж бичсэнийг бид зөвшөөрч чадахгүй. Б.Ширэндэв Их сургуулийн захирал байхдаа тэдэнтэй санал нийлж, Гэсэрийн тууж, Жангарын үлгэр хоёрыг Их сургуулийн програмаас хасаж хаясан байна. Гэтэл эдний шоовдорлож байгаа Гэсэрийн тууж, Жангарын үлгэр хоёр бол Монголын жинхэнэ ард түмний үнэн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн … чиглэл бүхий зохиол юм. Ард түмний соёлын чухал өв болсон ийм зохиолуудыг феодалын зохиол, ноёдын бүтээл, харгис ном гэх зэргээр харааж байсан явдал бол үндэсний соёлын өвийг үгүйсгэх үзлийн илрэл болно. …Ерөнхийдөө Монголын хэвлэлийн ажил сүүлийн хориод жилийн дотор их өргөжиж хөгжсөн байхад соёлын өв болох дурсгалт бичиг хэвлэх явдал бүр зогссон байна. Базарын Ширэндэв, Намтайширын Лхамсүрэн нар соёлын талаар хариуцлагатай ажил хийж байх завсар жил бүрийн хэвлэлийн төлөвлөгөөнөөс соёлын дурсгалт бичиг хэвлэх явдлыг баллан хассаар нэг ч дурсгалт бичгийг хэвлүүлсэнгүй гэдгийг шууд хэлбэл зохино. 1955 онд Монгол хэл дээр хэвлэгдсэн Монгол Ард Улсын түүхийн дэвтрийн эцэст алдаа мадгийг залруулах хуудас хавчуулсан байна. Энэ хуудсан дээр уг түүхийн 237-р хуудаснаас хэдэн мөрийг битгий уншаарай гэж бичжээ. Тэр уншиж болдоггүй мөр нь юу вэ гэвэл, манай Монголын алдартай ерөөлч Гэлэгбалсан, Лувсан хуурч хоёрын тухай өгүүлсэн зүйл байна. Нөхөр Ширэндэв редакцийн бусад гишүүдтэй огт зөвлөсөнгүй, ганцаараа шийдвэрлэж энэ ерөөлч, хуурч хоёрын нэрийг балласан байна. Манай зарим сэхээтэн хүмүүс өнгөрсөн түүхийн баримтаас үнэнийг олж хэлэхийн оронд элдвээр гуйвуулан ташааруулж, урьдын харанхуй бүдүүлэг байсныг улам харанхуй бүдүүлэг болгож, эцэг эх, эмгэд өвгөдөө бүр зэрлэг амьтад байсан мэт хэтэрхий доромжлон бичих явдал үзэгдсээр байна. Жишээ нь: Автономит засгийн үед 49 тооны бага сургууль байжээ.Тэр сургуульд зориулж хорголжин бараар хэвлэсэн усны шашдар, модны шашдар, цаасан шувууны үлгэр зэрэг ном нь одоо байгаа бөгөөд сурч байсан хүмүүс нь амьд байна. Тэгэхэд Б.Ширэндэв “Монгол дахь ардын хувьсгал” гэдэг номондоо ганц сургууль байсан гэж бичсэн ба Аварзэд 1956 оны VII сарын 14-ны “Үнэн” сонинд автономитын үед ганц ч сургууль байгаагүй гэж бичлээ. …Монгол, Түвд хэл бичиг мэдэх хүн Монголын хүн амын зууны 5% байсан байна. Гэтэл Б.Ширэндэв 1950 онд “Монгол ардын хувьсгалын 30 жилийн ой” гэдэг өгүүлэлдээ 1000 хүний 7 нь бичиг мэддэг байсан гэж бичээд, дараа нь 1955 онд “Монгол дахь ардын хувьсгал” гэдэг номдоо 1000 хүний 5-нь бичиг мэддэг байсан гэж түүхийг гуйвуулж бичлээ. Тэгээд бас бичиг мэдэх хүмүүсийг “Цөм феодал ангийн төлөөлөгчид байсан” гэж “30 жилийн ойн” тухай өгүүлэлдээ Б.Ширэндэв бичлээ. Урьд цагийн соёлын тухай мэдээг гуйвуулан бүр юу ч байгаагүй мэтээр бичиж байгаа явдал бол соёлын өвийг үгүйсгэх үзлийн нэг илрэл мөн тул ингэж ташааруулан гүтгэж бичих явдалтай тэмцэх хэрэгтэй байна”  гэж Н.Лхамсүрэн, Б.Ширэндэв, С.Аварзэд нарыг хурцхан шүүмжилжээ. Нэрт эрдэмтний энэ мэт алхмууд нь тэр үеийн намын удирдлагын зарим хэсгийнхний хариу дайралтын шалтгаан болсон байх магадлалтай юм.

Тавиад оны Сэхээтний төөрөгдөл гэдэгт нэр нь холбогдож явсан  Зууны гарамгай эрдэмтэн Б.Ринчен нь манай хохирон хэлмэгдэж явсан бодит хүн юм. Тэрээр анх хувьсгалын эсэргүү пан монголизмын тагнуулын байгууллагад оролцож, тагнуулын ба хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан гэдэг үндэсгүй шалтгаанаар 1937 онд баригдаж, 1939 оны IV сарын 4-ний Дотоод явдлын яамны дэргэдэх комиссын шийдвэрээр буудан алах ял шийтгэгдэж байснаа өөрчилж, 10 жил хорихоор шийтгэгдсэн байжээ. 1941 оны XI дүгээр сард Б.Ринченг Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын аман заавраар хорих ялыг нь өөрчлөн, эрдэм соёл, ном бичин хэвлүүлэх үйлсэд түүний авьяас чадварыг ашиглах болжээ . Ийнхүү Б.Ринчен, Ю.Цэдэнбал хоёрын харилцаа аятайхан эхэлжээ.

МАХН-д хоёр удаа элсэж, “баруунтан”, хувьсгалын эсэргүү, японы тагнуул гэгдэн мөн 2 удаа намаас хөөгдөж 1937 онд баригдаж, цаазлагдах ял оноогдож байгаад Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зөвшөөрөл авралаар суллагдсан эрдэмтэн зохиолч Б.Ринчен нам, засгийн удирдагч нартаа баярлан талархаж, МАХН-д элсэх өргөдлөө 1945 оны IV сард Ю.Цэдэнбалын нэр дээр гаргаж байжээ. Түүнд: “Миний тун хайртай ард түмэн, улс олныг минь саруул сайхан ирээдүйн зүг зоригтой чадамгайгаар удирдаж яваа намынхаа эрхэм ариун үйлсэд, ард түмнийхээ тусын тулд би байдаг хүчээ шавхан өгч зүтгэж байна гэж санахад хүн болж төрсний минь хэрэг бүтэв гэж сэтгэл минь тэнэгэр урамтай байна. Миний эх орны учраа мэдэх тэргүүний бүх шилдэг хүмүүсийн зорьж байгаа чин зориг, хүсэж байгаа сайхан хүсэлтэй өчүүхэн миний хүсэл зориг нэг байна. Үнэнхүү сэтгэлийн туйлын эрхэм хүслийг илэрхийлж, Монгол Ардын Хувьсгалт Намд элсэхийг хүснэ. Намынхаа эрх үйлсэд, хайрт эх орныхоо төлөө байдаг хүч чадал, сурлага мэдлэгээ шавхаж өгөөд хэрэгтэй бол халуун амиа ч өгье гэж нэгэн үзүүрт чин үнэнхүү сэтгэлээр зориглосон миний бие ямар ч хүнд бэрхээс няцаж зориг шантрахгүйг батлан ийнхүү өөрийн туйлын хүслийг танд үнэн голоос илэрхийлэв”  гэжээ. 

Дайны хүнд үеийг туулж буй үед, улс орныхоо соёл, боловсролыг хөгжүүлэх шинэ эрхэм зорилттой тулгараад байсан энэ үед Монгол дахь боловсрол мэдлэгийн нэг оргил, номч  Б.Ринчен ийм хүсэлт тавьсан нь намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд том дэмжлэг болж, улс төр, эрдэм ухааны тухайн цагийн “одуудын” нэг нэгэндээ хандах олон жилийн энгийн харилцаа бэхжих нэг үндэс болсон юм.

Ю.Цэдэнбал их эрдэмтэнд насан өөд болтол нь жирийн хүндэтгэлтэй хандаж байжээ . Б.Ринчен өөрт тохиолдсон аливаа асуудлыг Ю.Цэдэнбалд уламжилдаг, зөвлөдөг, тусыг нь авдаг, бас зарим боловсон хүчний өөдгүй ажиллагааны талаар ойлгуулж бичдэг байжээ. Тавиад оны дунд үеэр намын зарим удирдагч түүнийг мөн л хавчин хохируулж байлаа.

Ю.Цэдэнбалд итгэн найдаж бичсэн нэг захидалдаа Б.Ринчен өөрийг нь элдвээр хавчин хяхаж, гүтгэн доромжилж байсан гол хүн бол Намтайширийн Лхамсүрэн байсан гэдгийг хангалттай нотлон үзүүлжээ. Тэрээр бичихдээ: “Д.Сэнгээ аймгуудаас олон захидал авч, уншигчтай хийсэн уулзалт дээр өөрийн нь нэрээ тавьж гаргасан Лхамсүрэнгийн гүжир зүйлийг буруушааж байгаатай тулгарахдаа нэрээ л тавьж гаргаснаас бус, санаа нь сонинд бичих даалгавар өгсөн хүнийх гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрсөн юм. Миний тэмдэглэлийн дэвтэрт “Сэнгээ дайрал зохиол бичсэнийхээ төлөө надаас уучлал эрлээ. Аргагүйн эрхэнд бичсэн гэж ам шүд алдлаа. НТХ-ны Нарийн бичгийн дарга Намтайширийн Лхамсүрэнгийн даалгаврыг биелүүлснээ улайлаа” гэсэн 1954 оны IX сарын 24-ний тэмдэглэл бий”  гэжээ. Б.Ринчен энгийн хүнлэг харилцаатай хүний хувьд, улс орны дээд удирдагчийн хувьд Ю.Цэдэнбалд удирдах зарим хүний үнэн нүүр царайг илчилж, Н.Лхамсүрэн нь эрдэм номоор нимгэн, улс төрийн хувьд ч будлиантай хүн болохыг тодорхойлж нилээн дэлгэрэнгүй захидал бичжээ . Ю.Цэдэнбал Н.Лхамсүрэнг удалгүй 1957 онд НТХ-ны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлжээ.

Их эрдэмтэн Б.Ринченг үндсэрхэг үзэлтэй, Монгол, Зөвлөлтийн найрамдлын эсрэг “ихээхэн дотуур тамиртай” бодлого баримталдаг гэж албаны Москва үзэж байсан нь Монголын удирдагчдыг зарим талаар болгоомжлолд оруулах нэг шалтгаан болж байв. ЗХУ-ын ГЯЯ-наас Элчин сайд В.М.Молотовт 1958 оны III сарын 15-нд ирүүлсэн нууц захидалд “Ринчен шиг хэн ч Монголын ард түмний соёлын хөгжилд Зөвлөлтийн соёлын үзүүлсэн таатай нөлөөг үгүйсгэж байгаагүй юм. Ринченгийн явуулгын жинхэнэ мөн чанар, зорилгыг илчлэх талаар ямар нэг арга хэмжээ авч байна уу, үгүй юу гэдгийг нэгд нэгэнгүй ажиглаж байгууштай байна” гэжээ. Зөвлөлтийн элчин сайд Москвад явуулсан хариундаа: БНМАУ-ын удирдах зарим зүтгэлтэн, зохиолчидтой ярилцаж үзэхэд монгол нөхөд ойрын үед өнөөгийн бичигт ямар нэг өөрчлөлт хийх бодолгүй байгаа юм байна. Гэвч хуучин монгол бичгээр байгаа ном хэвлэлийг ашиглах боломжийг бий болгох зорилгоор МАХН-ын ТХ-ны заалтын үндсэн дээр Гэгээрлийн яамны коллеги 1958-1959 оны хичээлийн жилийн эхнээс дунд сургуулийн 8, 9-р ангиудад хуучин монгол бичиг заах тогтоол баталжээ. Ринченгийн үйл ажиллагааны үндсэрхэх чиглэлийн тухайд гэвэл Элчин сайдын яамны зүгээс Ринченгийн санаа бодлын харгис шинж чанартайг удирдах зүтгэлтнүүдтэй нь ярилцахдаа анхааруулсаар байсан боловч БНМАУ-ын удирдлага уг асуудлыг төдий л анхаарахгүй явж ирсэн. Гэвч сүүлийн үед түүний үйл ажиллагааны хортой талыг хязгаарлах зарим арга хэмжээ авсан юм”  гэж мэдээлж байснаас үзэхэд Б.Ринченгийн үйл ажиллагааны зарим талд Москва дургүй байсан, энэ чиглэлээр монголчуудад нөлөөлөх гэж оролдож байсан, Монголын удирдагчид Ринченг буруутгах талаар яарахгүй байсан, сүүлдээ энэ талаар зарим нэг алхам хийх болсныг ойлгож болох юм.

1955 оны НТХ-ны тогтоолд,1957 оны Бүгд хурал дээр “ Чөлөөт утга зохиол” гэдэг үзэлд автагдсан гэж шүүмжлүүлж байсан хэл судлаач Ш.Гаадамба сайн санаат бодь хүний хувьд  болсон явдлын учрыг тайлбарлаагүй ч  чухам л энэ үеийн узэл суртал эрхэлсэн дарга нарын үйл ажилтай холбоотой байв. 

Дэлхий нийтийн хандлагын дагуу манай зарим томоохон сэхээтнүүд улс орныхоо хөгжилд шүүмжлэлтэй хандах явдал тавиад оны сүүл үед нилээн дэлгэрсэн нь жирийн, зүй тогтолтой үйл явц мөн байв. Гэтэл нам, засгийн удирдлагын зарим нэг төлөөлөгчид үүнд хэт эмзэглэн, урьдын хувийн муу харилцаандаа үндэслэн эдгээр сэхээтнүүдийг буруутгахыг эрмэлзэж, үүнд улс төрийн дээд нөлөөгөө ашиглахыг оролдсон нь буруу алдаа болсон юм. Энэ нь цоо шинэ үзэгдэл ч биш, нам, төр, засаг байдалд дор нь дүгнэлт хийж зассан юм.

Энэ үйл явдлын тухай 1995 онд хэвлэгдсэн “МАХН-ын түүхэн замнал” бүтээлд дүгнэхдээ: “Манай нийгмийн тэргүүний хэсэг сэхээтний санал бодолд нам ийнхүү эсрэг хандсан шийдвэр гаргаж, сөрөг арга хэмжээ авсан нь НТХ-ны удирдлагын нэр хүндэд муугаар нөлөөлжээ. Үүнээс уламжлан уг шийдвэрийг гаргах ажлыг гардан зохион байгуулсан НТХ-ны I нарийн бичгийн дарга Д.Дамба 1958 онд албан тушаалаас өөрчлөгдөж, улмаар 1959 оны НТХ-ны III бүгд хурлаар түүнийг намын удирдлагын бүрэлдэхүүнээс гаргах нэг шалтгаан болсон байна”  гэж дүгнэжээ. 

Намын Төв Хорооны энэ 3-р бүгд хурлын гишүүд  хамтын шийдвэрээ гаргаж, сэхээтнүүдээ хамгаалж, хамгийн том төөрөлдсөн сэхээтэн гэгдэж, хохирч явсан  Ө.Дорж гуйн дүгнэснээр: “1959 оны III сарын 30-31-нд хуралдсан III бүгд хурлаар Д.Дамба, Б.Дамдин, Д.Самдан, Д.Ламчин, С.Балган, Ч.Сүрэнжав нарыг намын удирдлагаас зайлуулснаар “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг зохион хөөрөгдөгч том бүлэг цохигдсон”21  байна. Монгол Ардын Нам асуудлыг дотроо нухацтай шүүн хэлэлцэж, өдөржин  шөнөжин хуралдаж, санал шүүмжлэлээ ил тодоор хэлцгээж, дийлэнхи олонхийн саналаар зарим  хүмүүсийг намын удирдлагаас гаргасан байна. 

Улс орон, намын доторхи нөхцөл байдал ч эерэг тийш эргэв. Гучаад оных шиг завхрал, хэлмэгдүүлэлт болсонгүй. Ерээд оных шиг улс төржилт, намчирхал гаарч, улс төрийн аллага, авилгал, хээл хахууль, эрүүдэн шүүлт, шудрага бус явдал дэлгэрсэнгүй. Хэнийг ч улс төрийн хэргээр шорон оронд илгээсэнгүй. Улс төр, нийгэм , эдийн засгийн байдал эрүүлжин, нам, төрийнхөө удирдлагаар ард түмэн шинэ нийгмийн байгуулалтандаа амжилт ахиц гаргасаар байв.

Сэхээтний төөрөгдөл гэгчид холбогдож байсан шинжлэх ухаан соёлын оргилууд: Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар туурвил бүтээлээ үргэлжлүүлж, Ерөнхий сайд Цэдэнбалын шийдвэрээр Ө.Дорж, Н.Дангаасүрэн нар дипломат ажилд томилогдож, хожим нь орлогч сайд, нэртэй эрдэмтэн болцгоов. М.Чойжил гадаадад сургууль төгсч ирээд Монгол телевизийн даргаар дэвшин ажиллав. 

Тавиад оны сүүлээр үзэл сурталчдын бахинд чимхүүлж байсан Ш. Гаадамба багшийг нам,  төр ЗХУ-д аспирантурт явуулжээ. 1962  онд  эрдмийн зэргээ амжилттай хамгаалж ирээд МУИС-д багш, Сурганы хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болж,  зохиол бүтээл, судалгааны өндөр амжилт гаргасны төлөө хожим нь Төрийн шагнал хүртэж байжээ. Тавиад оны 2-р хагасад төөрөлдсөн сэхээтэн хэмээгдэж байсан бусад хүмүүс ч хариуцсан ажил дээрээ  хичээн зүтгэцгээж байв. Тэд иргэний өндөр ухамсартай хүмүүс гэдгээ харуулж, олон жил төр, засаг, нам, ард түмэндээ үнэнч зүтгэж, хамгийн нэр хүндтэй хүмүүст тооцогдож байлаа. 

Намын удирдлагаас өөрчлөгдсөн хүмүүсээ ч нам, төр,засаг  “лааз өшиглүүлсэнгүй”. Д.Дамба даргад нам, төр Газ 69 бэлэглэж, МААМС-ын даргаар, удалгүй ХААДС-ийн орлогч захирлаар томилж байжээ. Д.Дамдинг сум нэгдлийн даргаар, дараа нь Дархан хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллуулжээ. С.Балганыг Дундговь, Завхан аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн даргаар ажиллууллав.  С. Ламчинг Төмрийн заводын даргаар, дараа нь УБДС-д багш болжээ. 

Д.Самдан  ХААДС-ийн намын дарга, САА-н дарга, улмаар Дипломатын дээд сургууль төгсөж, ГЯЯ-нд Хэлтсийн дарга, Хятад, Болгарт ЭСЯ-нд 1-р нарийн бичгийн даргаар ажиллав. Ч.Сүрэнжавыг Намын Дээд Сургууль, ЭЗДС-ийн захиралаар ажиллуулж байжээ. 

Ю.Цэдэнбал Ерөнхий сайд болонгуут Боловсролын яамны сайд байсан Б.Ширэндэвийг СнЗ-ийн орлогчоор татаж, 1954 онд СнЗ-ийн 1-р орлогч дарга болгожээ. 1959 оны үеийн  Монголын удирдлагын нөхцөл байдлыг сайн ойлгож байсан Б.Ширэндэв сайн дураараа ажлаа өгч докторантурт суралцахаар явж, цол  хамгаалаад ирэхэд нь түүнийг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга, МУИС-ийн захиралаар хавсруулан томилж байв.

Нөлөөтэй дарга байх эрмэлзлэл, чадалтай сайн хүмүүстээ атаархан дарж авах сонирхол, үзэл бодол, арга барилын ялгаа,  найз нөхдийн хүрээ  гээд аль ч нийгэмд байдаг. Хамгийн гол нь нэг нэгнийгээ хүн гэдэг хувьд нь хүндэтгэх, бид нэг үндэстэн, бүр ахан дүүс гэдэг үндэсний эв нэгдлийн үзлээр бидний ахмад үеийнхэн асуудалд хандаж байсан нь одоогийн бидэнд сургамжтай юм. Нам, төрөөс  боловсон хүчиндээ маш өндөр шаардлага тавьж,  халаа сэлгээ зоригтой хийж байсан ч тэдэндээ хүнлэг сэтгэлээр хандах торгон мэдрэмжээ хадгалан бодлогоо хэрэгжүүлж байв.

МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн