Цар тахал ба хариуцлага-3
2021/03/19
Сэтгүүлч миний бие “Цар тахал ба хариуцлага” гэсэн гурав дахь сэдвээ бичиж байна. Өмнөх хоёр удаагийн бичлэгт дэлхий дахинд коронавирус хэмээх цар тахал өвчин дэлгэрснээс хойш Монгол Улсад энэ аюулаас сэргийлэхэд хэрхэн ажилласан хийгээд үр дүн нь халдварыг дотооддоо алдаагүй арван сарын хугацааг өнгөрүүлсэн тухай болон түрүү оны арваннэгдүгээр сараас халдвар тархсан үеийн төрх байдлыг баримтаар гаргаж тавьсан бий.
Тэгэхдээ энэ талаар төр, засгаас авч буй арга хэмжээ буюу Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын ажилд олон нийтээс өгч байгаа үнэлэлт дүгнэлтэд түшиглэн гагцхүү хувь хүний хариуцлагатай холбоотой асуудлыг гол болгосон юм. Уг нь гадаад улс орнуудад маш хурдтай тархсан халдварыг дотооддоо алдаагүй зөвхөн зөөвөрлөгдөж ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж эдгэрүүлж ирснийг амжилт гэж үзсэн л дээ. Үнэндээ ч дотооддоо халдваргүй өвчилсөн нь эндэгдэлгүй гэдгээр нь Монгол Улсыг дэлхий нийтээр харж сайшааж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр “сахил хүртээд шал дордов” гэгч юм болчихоод байна.
Дотоодод халдвар гарсан эхэн үед улс, нийслэлийн онцгой комиссынхон ч гайгүй ажилласан байдаг юм. Гайгүйн дотор гайтай хийгээд алдаатай юм бас багагүй байснаас Улсын онцгой комиссын удирдлагыг өөрчилсөн гэдэг. Засгийн газар ч огцорсон л доо. Жаахан далим орсон болохоос. Үүний дараа халдвар нэмэгдэж байгаа нийслэлд 21 хоногийн хатуу хөл хорио тогтоож “Нэг өрх нэг шинжилгээ” гэсэн ажил өрнүүлсэн. Бас ч үр дүнтэй ажил болсон гэлцдэг. Нийслэлийн нийт 900 гаруй мянган өрхөөс PCR шинжилгээ авахад халдварын тоо тийм ч өсөлттэй байгаагүй ээ.
Үүний дараа Засгийн газар, УОК-оос ямар шийдвэр гаргасан бэ гэвэл бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ юм болсон. Өнгө будгийн ялгаа хэлж цэцэрхсэн байдаг. Тэгээд юу болов. Өмнө нь хориглоод байсан олон олон үйлчилгээг нээсэн. Тэр дотор нийтийн хоол, баар, ресторан, урлаг соёлын салбарынхныг халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиулж ажиллахыг зөвшөөрсөн юм. Гэтэл тун удалгүй цар тахлын халдвар хоногт л 30-40, заримдаа 50-60 гарч өссөн. Одоогийн байдлыг авч үзвэл 24 цагт батлагдсан тохиолдол 120-160-д хүрч байгаа. Улсын хэмжээнд халдварын тоо 4340 түүний 3915 нь дотоодын халдвар байна. Улаанбаатар хот тэр чигээрээ халдварын том голомт боллоо. Тэр дотоод дахь халдварын 80 гаруй хувь нь нийслэлд байна. Нэгэн үед Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Архангайд халдвар гарсан бол дараад авсан. Тэдгээр аймгууд ногоон бүс болсон таатай мэдээ бий. Тэгвэл сүүлийн хоногуудад Завхан, Төв аймагт халдвар гарсан. Өвчлөл ч нэмэгдэх янзтай байгаа. Өчигдөрийн мэдээгээр Хөвсгөл, Хэнтий аймагт нийслэлээс халдвар зөөвөрлөгдөн очсон тухай сонсов. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл үү хаа хаанаа хариуцлага суларсны илрэл юм.
Засгийн газар, УОК-оос нийтээр баримтлах дэглэмийг сулруулснаа уруудаж буй эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ амьжиргааг бодсон архаг хэмжээ гэж тайлбарладаг. Тийм ч талтай байх. Харин сүүлийн үед гаргаж байгаа зарим шийдвэр нь ойлгомж муутайн учир ард олонд эргэлзээ төрүүлэх явдал их байна.
Нэг л мэдэн будилсан, дөжирсөн мэт байдал газар авч иргэдэд үнэн зөвийг ойлгуулахын оронд цар тахлаар далимдуулсан буруу сурталчилгаа ихдэж рекламдалт ажиглагдах болов. УОК, Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээлэл заримдаа бодит байдлаас зөрдөг. Нөгөө талаар өнгөрсөн оны сүүлчээр өгч байсан мэдээлэлд цар тахлын батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа ч Монгол Улсад нөөц боломж бий. Эмнэлгийн ор, эмч мэргэжилтний хүрэлцээ, тусгаарлах байрын хангамж сайн гэж байсан. Тэгтэл өнөөдөр халдварын тохиолдол 4000 нэлээн давсны дараа тийм сүрхий бэлтгэлтэй биш гэдэг нь харагдаад эхэллээ. Яагаад гэж. Коронавирусын халдвар авсан өвчтнийг эмчлэхэд ХӨСҮТ ачааллаа дийлэхээ байлаа гээд дүүргийн эмнэлэг рүү шахаж байна. Бас болоогүй ээ. Хөнгөн хэлбэрээр өвчлөгсдийг гэрт нь тусгаарлан эмчилж магадгүй ч гэх шиг. Халдварыг бүр тавиад туух янзтай болчихлоо шүү дээ. Өдрөөс өдөрт 120-130 гэсэн батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа болохоор цаашлаад сар биш 10 хоногийн дараа юу болох бол гэхээс айдас хүрч байна. Өвчтнөө эмчлэх эм, хэрэглэлийн нөөц 14-30 хоног гэж байх юм. Ямар үетэй харьцуулсан тоо юм мэдэхгүй ээ.
Уг нөөцийг нэмэх тухай Засгийн газар уржигдрын хуралдаанаараа хэлэлцэж зохих зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо гэсэн. Мөнгө бэлэн байж болно. Захиална, гэрээлнэ, татаж авна гээд мөд үү дээ. Гэхдээ хариуцлагагүй явдал, буруугийн дийлэнхийг төр, засаг руу чихээд суувал огт буруу. Нэгэнт гаргасан шийдвэрийг нь биелүүлэх, тогтоосон дэг журмыг сахих нь иргэдийн үүрэг. Шинжилгээ авах, вакцин хийх цэгт бөөгнөрөл үүсгэлээ.
Дэлгүүр зэрэг үйлчилгээний газарт хүн хооронд зай барихгүй байна. Энэ нь Засгийн газар, онцгой комиссын буруу гэж ярих хүн цөөнгүй. Тийм биш л дээ. Чухамхүү иргэд бидэнтэй холбоотой буруу явдал. Гэтэл үүргээ биелүүлэхгүй байж алив алдааг өөрөөсөө зайлуулахыг оролддог зуршил бий болчихож.
Цар тахлын аюул, эрсдэл хаа сайгүй энэ цагт хүн бүрийг сахилгатай хариуцлагатай байхыг шаардаж байна. Хөл хориотой үед өлслөө цангалаа гэж гоншигноно. Дэглэм арай сулрууллаа гэхтэй зэрэг л задгайрч урлаг соёлоор өлссөн мэт театр, үзвэрийн газар луу бэлччихнэ. Нөгөө халдвар хамгааллын дэглэм сахихыг ч мартана даа. Ер нь хэнийг хэн театрт жүжиг, бөхийн өргөөнд концерт үз гэж шахаж шаардсан юм бэ. Арав, хорин хүн л түүнийг үзэг л дээ. Тэгвэл нэг удаагийн тоглолт үзсэн 60-70 хүн халдвар авах байсан уу. Үгүй ээ. Нөгөө гэвэл хариуцлага алдаж гэнэ гэхэд багадахаар гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч гарсан гэх. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан худлаа хэлээгүй байх л даа. ХӨСҮТ-ийнхэнд ар, өврийн хаалганы ноцтой асуудал гарч байна. Тухайлбал PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг. Түүнийгээ хувийн эрх ашгийн үүднээс худалддаг явдал байна гэж тэр ярьсан. Гэтэл ХӨСҮТ-ийн удирдах хүмүүс “Шалганаа. Тэр нь баримтаар нотлогдвол холбогдох хүмүүст арга хэмжээ авна гэчихээд анзааргагүйхэн байх юм. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатараас гарах, орох товчоод, хяналтын цэгт авлига авч машин унаатныг нэвтрүүлдэг тухай ч үг хэл дуулдав. Эдгээр баримт нь Монгол Улсад гамшгаас хамгаалах менежмент уналтад орсныг харуулж байна. Гадаад руу тусгай үүргийн нислэг олон болов. Дөрөвдүгээр сард гэхэд 10 гаруй нислэг төлөвлөгджээ. Хаа газраас олон монголчууд ирнэ гэсэн үг. Тэднийг тусгаарлах хугацааг богиносгосон ч тэд бага биш мөнгө төлнө. Үүнийг хэн нэгэнд ашиг болдог байж магадгүй гэсэн хардлага ч бас бий.
Тусгаарлалтад байсан 70 настай хөгшин хүнийг эмнэлгийнхэн хайхрахгүй байснаас амиа алдсан. Бас нэг нөхөр зочид буудлын цонхоор унаад үхчихлээ гэх харамсалтай хэргүүд тэнд үүрэг хүлээж байсан хууль цагдаагийнхан, эмч ажилтны хариуцлага сулынх гэдэг нь ойлгомжтой юм. Хувийн эрх ашгаа бодож нийгэмд хүлээсэн үүргээ умартагчид ч цөөнгүй байна л даа. Шинжилгээнийхээ сөрөг гэсэн хариуг 60 мянган төгрөгөөр худалдаг хүн ч байгаа гэх. Эхнэр нь шинжилгээ хийлгэсний хариуг үзүүлж нөхөр нь энүү тэрүүгээр тэнэж явсан тохиолдол байсан гэх мэт сонин мэдээ дуулдах. Тээврийн нэг жолооч Завханы нэг сумаар дайраад Хөвсгөлийн Цэцэрлэгт очоод халдвартай нь тогтоогдож үүний улмаас одоо тэнд долоон хүн өвчилсөн нь батлагджээ. Тэр жолоочийн Улаанбаатарт хийлгэсэн шинжилгээний хариу сөрөг байсан гэх нь бас л гайхаш төрүүлж байна. Бас Хэнтийн Биндэрийн “Б” гэгч нийслэлд байхдаа өгсөн шинжилгээнийхээ хариу гарахыг хүлээлгүй голын мөс дагах зэргээр хулгайн замаар явж сумандаа очсон үедээ халдвартай байсан нь тогтоогдож гэнэ. Ганц хоног тэссэн бол халдвар зөөвөрлөж очихгүй л байж. Тэгснээр халдвар тархсан аймгийн тоо хоёроор нэмэгдчихлээ. Хувь хүний хариуцлагагүйгээс л ийм юм болж байна шүү дээ. Ингэхлээр цар тахлыг удахгүй хазаарлаад авчихан гэж найдахад бэрх байна. Халдвар хамгааллын дэглэмийг баримтал, олон хүн цугласан газар битгий оч, маскаа битгий салга гэж улиг болтол хэлж байгааг “тэгж л байдаг юм” гэх хандлага огт буруу. Халдварын эрсдэл өндөр болсон яг энэ үед иргэд өөрийгөө цаашлаад бусдад халдвар тарчих вий гэж ямагт сэргийлж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь хамгийн чухал юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 42 иргэн халдвартай нь батлагдснаар уг хороонд тав хоногийн хатуу хөл хорио тогтоолоо гэж байна. Үүнийг урьдчилж хэлэлгүй гэнэт хаалаа боолоо гэж эсэргүүцэж байгаа хүн зөндөө л байгаа бололтой. Нэгэнт л тухайн цэгт өвчлөл гарсан бол цар хүрээг нь тэлэхээс өмнө хөл хорио тогтоохоос яах юм билээ. Өөр хэд хэдэн цэгт ч тийм юм болоод байгаа. Тиймээс үг хэл гаргаж үглэж дуулаад яах вэ. Бас нэгийг хэлэхэд цар тахлын эсрэг вакцины талын ойлголтыг тааруухан өгөөд байх юм. Тэгэхлээр иргэдийн вакцинд хамрагдах явц аажуурч байна. Вакцинжуулалт удаашралтай байгаа өнөөгийн хурдаар явах юм бол нийт иргэдээ дархлаажуулах ажил өвчний тархалтыг гүйцэхгүй л янзтай юм шиг санагдана. Иргэд минь цар тахлын гамшиг хариуцлагагүй нэгэнд хар зуд болж ирнэ гэдгийг санагтун. Би өвдвөл чи өвдөнө. Чи өвдвөл нийгэм өвдөнө. Монгол тэр чигээрээ өвдөнө гэж бод. Хариуцлагыг хүн бүр эрхэмлэвэл цар тахлыг зайлуулж чадна аа.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин