Саяхан болсон байгалийн гамшигт үзэгдлийн талаар цаг уурч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгийг хамарсан хүчтэй шороон шуурга шуурчбайгалийн гамшигт үзэгдэл боллоо. 600 орчим хүн төөрч, 10 хүний мэдээ дуулдсан амь эрсэдсэн маш харамсалтайМалчидард иргэд энэ шуурганд бэлтгэлгүй байв ууЦаг уурчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ бол яалт ч үгүй байгалийн гамшиг. Зүгээр нэг болоод өнгөрдөг шороон шуурга биш. Салхины хурд дээд тал нь 40 м/сек хүрлээ. Тэгвэл юугаараа “гамшиг” гээд байгаа юм бэ гэвэл дэндүү нарийн шороо босч барьсан мод бүү хэл зэрэгцээд явж байгаа хүн ч харагдахгүй харанхуй болсонд байгаа юм. Юуны чинь мал сүрэг. Дундговь аймгийн Луус сумын төвөөс нэг хүн надад фэйсбүүкээр зураг илгээсэн. Зураг гэсэн чинь зүгээр л тас харанхуй. Үд дунд гэртээ лаа асаасан байгаа юм. Ганц Дундговь ч биш Өвөрхангайн Хархорин (миний төрсөн нутаг)-нд бас тас харанхуй болж “Лаа асаалаа” гэж мэдээлж байлаа. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь гээд Эрдэнэт-Булганы Цахилгаан дамжуулах шугамын харьяаны бүх газарт эрчим хүч тасарсан юм. Харин яагаад ийм их шороо босч харанхуй болов оо гэдгийг ярих ёстой. Энэ бол уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй явж ирсний горыг амсаж байгаа юм. Дээрээс нь мал сүргийн тоо хэт өссөнийх бас нөлөөлж байгаа. Албан ёсны мэдээгээр 110 сая га бэлчээр дээр 90 сая хонь бэлчиж байна. 360 сая туурай газрын хөрсийг талхалж байна. Ингээд газрын гадаргын өнгөн хэсэг талхлагдаж сулраад ирэхлээр салхинд хийсэх нь амархан болж байгаа хэрэг. 1975 оны 4 дүгээр сард баруун аймгуудын нутаг, 1980 оны 4 дүгээр сард зүүн аймгуудын нутгаар иймэрхүү онц аюултай цасан шуурга, хүчтэй салхи, шороон шуурга болж байлаа.

-Цаг уурын хүрээлэнгээс анхааруулаад байтал малчид хэнэггүй зан гаргаж огтоос цочрол авалгүйюу л шалиа аж дээ гэсэн байдалтай байсан нь ийм байдалд хүрчихэв үүЕр нь манай малчид цаг агаарын мэдээнд бодитой цочир ханддаг баймаар санагддаг?

-Цар тахлын энэ аюулт дайнд бид 10 хүнийхээ амийг алдаагүй л байгаа. Гэтэл байгалийн энэ үзэгдлийг даваад гарах учиртай байтал 10 сайхан хүний эрдэнэт амь эрсэдсэнд үнэхээр харамсаж байна. Яг үнэнийг хэлэхэд, энэ удаагийн байгалийн гамшигт үзэгдлийг цаг уурчид маш эртнээс, маш тодорхой, маш сайн мэдээлсэн. Тэдний энэ хөдөлмөр, энэ амжилт, энэ чадварыг зүй ёсоор үнэлэх ёстой. Даанч төр сохор л доо. Нэг бодлын “тэд хийх ёстой юмаа л хийсэн” гэж хэлэх байх. Тэгэхдээ зүгээр л “Урьдчилан сэргийлэх мэдээ” гэж бичээд явуулчихад болохгүй юм огт байхгүй. Энэ шуурганы тухай анх хоёрдугаар сарын 25-нд УЦУОШМ-ийн хүрээлэнгийн урт хугацааны прогнозын хэлтсээс гаргадаг гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд тусгасан байлаа. Тэнд бүр 3 дугаар сарын 11-13-ны үед НИЙТ НУТГИЙГ ХАМАРЧ хүчтэй цасан болон шороон шуурга тавих магадлалтай байна гэж мэдээлсэн юм. Үүнийг би “Малчин” ТВ-ээр явуулдаг “Шинэ сарын шинж” нэвтрүүлгээрээ үзүүлж байлаа. Дараа нь долоо хоногийн “төлөв”, тав, хоёр хоногийн урьдчилсан мэдээнүүдээр удаа дараа мэдээлсэн. Дашрамд хэлэхэд, цаг агаарын үзэгдэл орон зай цаг хугацааны туршид маш их хувьсаж байдаг учраас ингэж олон удаа нарийвчилж үздэг юм. Яг л холоос харахад дүрс төдий байснаа ойртоод, бүр ойртоод ирэхлээрээ нүүр ам, зүс царай нь тодроод ирдэг шиг л юм шүү дээ. Тэгээд л зүгээр нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ гээд хаячихгүй “дохиотой” зарлах уу, бүр аюул гамшгийн хэмжээнд “харангатай” зарлах уу гэдгийг ярилцаж, дүгнэж байж шийднэ. Ингээд байхад малчид маань даанч харамсмаар. Заримдаа бүр гомдмоор шүү. Би 1976 онд Дорнод аймагт ажиллаж байхдаа онц хүчтэй шуурга болох тухай мэдээлээд, тэр нь ёсоор болоод үр дүнд нь баахан мал хорогдож, хүн амьтан үрэгдэхэд “Урьдчилж хэлээд хэлээд нэмэр байх биш” гэж хэлээд аймгийн дарга Лхасүрэн гуайд зэмлүүлж л байлаа. Цаг уурын урьдчилсан мэдээг хэзээ ашиглаж сурах улс юм мэдэхгүй. Нэг шуурганд 600-гаад хүн уруудаж, төөрнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яалгах гээд байгаа улс вэ? Арай дэндүү, арай гомдмоор. Ашиглаж хэрэглэхгүй, итгэж үнэмшихгүй юм бол цаг агаарын урьдчилсан мэдээг малчдад зориулж зарлаад ч яах юм билээ. Өдөр бүр тусад нь “Малчдад зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээ” гэж гаргадаг, зарладаг юм шүү дээ. Биеэ магтахад энэ мэдээг анх би УЦУОШМХ-нд ажиллаж байхдаа санаачилж, зүтгэж байж гаргадаг болсон юм.

-Ер нь таны хэлсэн дээр дөрөөлөөд асуухадганц нэгээрээ жалга жалгын мухар сахидаг малчдын энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй юм шиг. 10-аад хот айл нэгдэж хамтарч буудагахмад настай хүн нь зааж зөвлөдөг ч юмуу тийм байдал руу орвол яадаг юмНэг шуурганд ингээд арваараа үрэгдээд байвал юу болох вэ?

-Тийм ээ, малчдыг намд хувааж байхаар бүлэг, нөхөрлөл, хоршоо мэтийн хэлбэрт оруулах хэрэгтэй. Захиргаагаар биш, эдийн засгийн аргаар хөдөлгөх хэрэгтэй болсон. Өнөөдөр малчид зөвхөн ноосны урамшуулал авахын тулд л худлаа хоршиж байна. Одоо бэлчээр ашиглалт, усжуулалт гээд тулгамдсан асуудал бүр дээр нь хамтач байдлыг харгалзах, шагнал урамшил дээр нь хүртэл үүнийг анхаардаг болох хэрэгтэй байгаа юм. Зарим хүмүүс саяны гамшигт үзэгдлийг говийн угалз гэж хэлээд байв уу даа. Энэ бол угалз биш. “Угалз” гэдэг бол жижигхэн хэмжээний газар хамардаг үзэгдэл. Энэ удаагийнх бол жинхэнэ утгаараа гамшиг. Миний санаж байгаагаар 1980 оны дөрөвдүгээр сарын 18-20-нд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгийг хамарсан нэг аюул болсон юм. Тэр шуурганаар 40 хүн амь эрсэдсэн санаж байна. Дараа нь 2008 оны тавдугаар сарын 26-27-нд бас л Хэнтий, Сүхбаатарын нутгийг хамар ч их гамшигт үзэгдэл болсон. Тэр шуурганаар 52 хүн үрэгдсэн. Аймаар байгаа биз? Даанч “Яасан хаширдаггүй толгойнууд вэ?” гэмээр санагддаг юм даа. Би 70 насныхаа 50-ийг нь малчдынхаа төлөө “үгэлж” явна. Заримдаа гомдмоор, гомдохдоо “хохь чинь. Хүн хэлээд, сануулаад байхад” гэж хэлмээр санагддаг юм. Даланзадгад, Өмнөговийн Булган сум хоёрын хооронд цахилгааны шугам мөстөөд эрчим хүч тасрахыг бол "арай ч дээ, говьд уу?” гэхээр. Шороон шуурга, хүчтэй салхийг бол говь, хээрийн бүсийнхэн мэднэ ээ. Энэ хавар салхи ихтэй байхыг хаврын тэргүүн сарын шинийн хоёрны сар хэлээд л өгсөн. Ер нь хавсарга ихтэй гэдгийг. Харин яг ийм гамшиг болно гэдгийг хэн ч хэлдэггүй юм. Одоо бол энэ хавартаа дахиж ийм гамшиг болохгүй. Харин 17-18-ны үеэр тэнгэр нэг муудна. Магадгүй одоо хамгийн хэрэгтэй байгаа “нойтон юм” өгөх болов уу гэж малчид горьдож байгаа.

-Малчидард иргэдийг яавал цаг агаарт итгүүлж аюулт үзэгдэлд сэрэмжтэй байлгах вэАхмад цаг уурчийн хувьд зөвлөхгүй юү?

-Малчид цаг уурын мэдээнд итгэдэггүй биш, үнэхээр итгэдэг хүмүүс. 1960-аад оны үед “Хүүхдээ худлаа яриад байна” гэхлээр “Тэгвэл цаг уурч болго” гэсэн яриа байлаа. Одоо бол худлаа яриад байвал УИХ-д оруул гэх болсон. Монголын цаг уурчид дэлхийн шинжлэх ухааны түвшинд явж байна. Харамсалтай нь манай малчдын хэнэггүй зан. Бас боловсрол нимгэнийх л гэж би боддог. Өнөөдөр малчдын амьдралын хэвшилд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Тэгэхдээ мэдээж захиргааны аргаар биш, эдийн засгийн аргаар. Боловсрол гэдэгт Хорвард гэж битгий ойлгоорой. Бичиг үсгийн болосролоос гадна ахуйн боловсрол нэн хэрэгтэй байна. Тэнгэрийн араншинг танихаас эхлээд газрын байдлыг шинжих ардын их уламжлалаас “савныхаа хэрээр” хутгаж авах хэрэгтэй байна. Бэлчээрийн мал маллагааны арвин их туршлагын сангаас суралцах хэрэгтэй байна. Энэ талаар төрөөс ч анхаарах хэрэгтэй. Ядаж л Ж.Самбуу гуайн “Малчдад өгөх зөвлөгөө” номыг зориуд малчдад түгээмээр санагддаг. Дашрамд нь өөрийгөө сурталчилсан болохгүй бол миний “Тэнгэр унших эрдэм” гэж жижигхээн, “Тэбишийн календарь” шиг ном бий. Түүнийг уншсан малчин байна уу, үгүй юү. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шинжлэх ухааны мэдээ, прогнозыг сонсож, үзэж ашиглахын зэрэгцээ байгаль шинжих ардын уламжлалаас сайн суралцах хэрэгтэй байна. Ядаж л шинийн сарыг харчихдаг болоосой гэж бодох юм. Энэ бол дундаршгүй их эрдмийн далай юм шүү дээ.

-Хөдөө хээр хүчтэй салхи шуурганд яваа хүн ямар арга чарга хэрэглэвэл зөв бэАюулт үзэгдэлтэй гэнэт нүүр тулахад хүн яавал амиа аваад гарах вэМөн Ерөнхийлөгч малчдад GPS суулгах тухай санаачилга гаргасан нь зөв санагдсан?

-Техник технологи хөгжсөн энэ зуунд манайх бүх малчин өрхдөө GPS суулгаад өгөхөд ямар ч асуудал байхгүй л дээ. Үүнд малчид өөрсдөө санаачилгатай байх, төр засгийн зүгээс бодлого болгож анхаарах хэрэгтэй. Технологийн эрин зуун гэдгээ бид сайн бодох хэрэгтэй л юм байгаа юм. Хөдөө хээр аюулт үзэгдэлтэй тулбал ямар арга хэрэглэх тухай асуулаа. Уул нь морь тэмээгээ унаад малаа хариулдагсан бол ингэж тавь жараараа үхээд байхгүй шүү дээ. Мотоциклынхоо “зогдор” дор хоргодох уу? Монгол Улсын хөдөлмөрийн баатар адуучин Шарбанди гэж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн байлаа. Тэдний адуу шуурга болоход ганц утасны шон бараадаад хамгийн ард нь азарга, морьд нь тэдний урд гүү байдас, хамгийн урд нь буюу нөмөрт нь унага даага нь ороод зогсчихдог байсан. Хүн байтугай мал тэгж сурчихсан байдаг юм билээ. Гайхмаар байгаа биз. Дээрээс нь өнөөдөр малчид хувцасгүй болсон. За цувцаа нэхийгээ больё. Үзүүрсгэн дээлтэй малчин өнөөдөр байна уу. Ёстой л “жавар сөрөх хувцасгүй, жалга гатлах унаагүй” болоод байна шүү дээ. Саяын их шуурганаар морьтой, тэмээтэй явсан хүн байгаа болов уу? Морь тэмээ гэдэг чинь даарахад нөмөр, төөрөхөд нөхөр болдог юм шүү дээ. “Хятад мотоцикл нь эзнээ гэрт нь хүргээд өгч гэнээ” гэж дуулсан уу? Харин морь нь тэмээ нь ямар ч шуурганд төөрөлгүй эзнийнхээ амийг аварсан тохиолдол олон шүү.