Зудад эзнээ дааруулдаггүй нэхий зуун төгрөгийн үнэгүй
2021/03/24
В.НЭРГҮЙ
Бидний хэлж заншснаар “Эмээлт” тосгон буюу малын түүхий эдийн захын нэг өдөртэй танилцлаа. Алхаж явахад мянган төгрөг таарвал “олз” гээд баярлаад авдаг даа. Олзтой өдрийн сэтгэл цэлмэг байдаг. Эсвэл ганц хонины нэхийгээ тушаачхаад өөрт хэрэгцээтэй зүйлээ худалдаж авах бас л сайхан. Бага ч гэсэн мөнгөтэй хүн чинь жижиг, сажиг зүйлд санаа зовохгүй шүү дээ. Үүнийг бичихийн учир нь “Эмээлт” түүхий эдийн зах дээр ирээд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол зам дагуу хэвтэх хонины нэхий байлаа. Энэ нэхийг хүн битгий хэл нохой ч тоож шиншлэхгүй байгаа нь түүхий эдийн үнэ цэнэ хэрхэн унасныг шууд хэлэх мэт. Түүхий эдийн зах үүссэнээс хойш худалдаа үйлчилгээ өргөжин, айл өрх оршин сууснаар нийслэлд нэг хороо нэмэгдсэн гэж хэлж болно. Сурсан эрдэм бага, мэргэшсэн мэргэжилгүй хөдөөнөөс шилжин ирэгсэд амин зуулгын хэдэн төгрөгөө олдог эл газар малын арьс шир, арчлах хадгалах, амьд мал бойнд оруулдаг. “Эмээлт” тосгонд ажиллагсдын дийлэнх нь хөдөөний гаралтай хүмүүс. Нөгөөтэйгүүр төр, засгийн хайр халамжаас хаягдагсад энд амьдардаг гэсэн ч болно.
Тэгвэл цар тахлын энэ үед “Эмээлт” тосгоныхны аж амьдрал хэрхэн өрнөж буй талаар сонирхлоо. Орон нутгийг зорих иргэд үйлчлүүлдэг хэд хэдэн хүнсний дэлгүүр, цайны газар нээлттэй. Ойролцоох зогсоолд нь өвс ачсан машинуудын жолооч нааш цааш алхаж ганц нэг хүнд өвс зарж харагдана. Энэ бүхнийг эс тооцвол “Эмээлт” тосгон хөл хөдөлгөөн бага байлаа. Энд үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өвөл идэшний цагаар цуглуулсан түүхий эдээ агуулахаас гаргаж, машинд ачих, зарим нь муудсан хэсгийг нь ялгаж арчилж байлаа. Энэ захад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь хятад эзэнтэй гэдэг.
Тэр ч бүү хэл “Эмээлт” тосгоныг хятадуудад алдлаа хэмээн өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багагүй шуугиан тариад авсан. Гэсэн ч хятад эзэд хэвээрээ. Үүнийг буруутгах ч шалтгаан байхгүй. Монголын бизнес эрхэлдэг хүмүүс нь малынхаа түүхий эдийг ашигладаг, түүнийг эргэлтэд оруулдаг бизнесээ тоохгүй юм чинь хятад хүн эзэн суухаас ч биш яах вэ. Манай улс 70 сая толгой малынхаа тодорхой хэмжээг экспортод гаргаж, үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдээ дэмжих, түүхий эдээ зөв боловсруулах ёстой.
Гэтэл энэ маань эсрэгээрээ болоод байна. Ажиллах визгүй хятад иргэд бэлэн мөнгө өвөртөлж ирээд намар нь мах, хавар нь ноолуур, зун нь ноос ачаад явчихдаг нь жишиг болж тогтсон. Цар тахлын хориотой энэ үед өнгөрсөн оны 12 сараас хойш “Эмээлт” захын мал нядлах, мах боловсруулах цэгүүд огт ажлаагүй юм байна. Тиймээс өдрийн орлогоороо болон тухайн цэг дээр мал бойлох, гэдэс цувдай арилгах, мал зарах ажлууд нам зогсжээ. Хот хүрээг зорьсон малчин л өдрийн од шиг ганц нэг, үхэр, хонины нэхий тушааж байснаас өөрөөр хөл хөдөлгөөн гэж сүйд болох зүйл байгаагүй гэнэ.
Харин цаг хатуу харын зуд ихтэй байсан болохоор өвс, тэжээлийн наймаа зогсоогүй аж. Цаг уяссантай холбоотойгоор ноолуурын улирал эхэлж байна. Тиймээс ченж нар эхнээсээ хөдөлгөөнд орж өвөлжин хаалттай байсан түүхий эд авах цэгүүд үүд хаалгаа нээж эхэлжээ.
ХЯТАД НООЛУУРЧИД ХИЛЭЭР ОРЖ ИРЭХГҮЙ Ч ГАР ХӨЛ НЬ ХАНШ ТОГТООЖ БАЙНА
Хаалга үүдээ дэлгэсэн хашаанд том том машинаас эзэд нь бууж ирж ажилчидтайгаа уулзаж байгаа нь анзаарагдана. Энэ нь ноолуурын улирал эхэлсэнтэй холбоотой гэнэ. Зарим айлууд өвс тэжээл авах, хүнс хоол цуглуулах зорилгоор эхний ямаагаа самнаж бага сага ноолуур тушааж эхэлжээ. Өнгөрсөн жил ноолуурын ханш өсөөгүй. Чамгүй их хэл ам дагуулж байсан ч ХХАЯ-ны сайд Ч.Улаан нэг килограмм ноолуурыг 100 мянгаас буулгахгүй гэж ярьсаар ноосны улирал эхлээд шуугиан намдсан. Тиймээс ноолуур өндөр байгаа дээр ямаагаа самнах гэж яарах малчид ч байгаа. Өнөөдрийн байдлаар нэг килограмм ноолуурыг 100- 150 мянган төгрөгөөр худалдан авч байгаа аж. Одоогоор ноолуур маш бага хэмжээтэй орж ирж байгаа ч болж өгвөл ханшаа унагахгүй гэж ченжүүнд ярьж байна.
Гэхдээ цар тахлын хорио үргэлжилбэл дөрөвдүгээр сарын 15-наас ноолуурын ханш унах магадлал байгаа аж. БНХАУ-ын ноолуурын ченжүүд хил гааль хаалттай болохоор энэ жил ирэхгүй. Гэхдээ Улаанбаатарт байгаа гар хөл болох ноолуурын ченж нарын гарт үнэ ханшийн эрх мэдэл байгаа бололтой. Ченжүүтэй хэдэн килограмм ноолуур авах гэрээ хэлэлцээр хийж, санхүүжилтээ шийдэж, зарим нь уян хатан зээл хөөцөлдөж яваа сурагтай. Мэдээж бэлчээрийн онцлог, газар нутгийн байршлаасаа шалтгаалаад баруун аймгийн ноолуурыг дээд тал нь 100 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бол Шинэ Жинстийн үүлдрийн ямаа, Дорнодын цагаан ямааны ноолуурыг килограмм нь 150 мянган төгрөгийн ханштай байна. Энэ нь Хэнтий, Дорнод, ГовьАлтай чиглэлийн ямаанууд гэнэ.
ХЭДЭН ТОНН МУУДСАН ШИР ХОГИЙН ЦЭГ ХҮРЧ, ХЭДЭН ЗУУН САЯ ТӨГРӨГ ӨМХИЙ ҮНЭР БОЛЖ САЛХИЛНА
“Эмээлт” түүхий эдийн захын хашаануудад адууны шир, хонины нэхий, ямааны арьс овоолоостой бөгөөд ойртохын эцэсгүй үнэр ханхийнэ. Магадгүй ковид-19 өөс хамгаалж амны хаалт зүүж байгаа боловч тухайн түүхий эдийн дэргэд давхар хамгаалалт зүүсэн ч нэвт үнэртэхээр. Хэдэн залуус үүнийг үл анзаарах мэт түүхий эдийг дэлгэж нааш цааш ялгана. Ялгасан хэсгийг нь эмэгтэйчүүд зумлаж, зарим хэсгийг нь огтолж хаяж байгаа харагдана. Энэ нь өнгөрсөн намар, өвөл цуглуулж агуулахад хадгалсан түүхий эд гэнэ. Эмээлт захтай холбоотой нэг түүх сөхөхөд 2017 оноос хойш нэг ч адууны шир хилээр гаргаагүй. Үүнээс болж хоёр жил гаруйн хугацаанд ойролцоогоор 600 гаруй мянган шир хуримтлагдаж байсан. Тухайн үед ченжүүд адууны ширийг 10-15 мянган төгрөгөөр малчдаас худалдаж авч хилээр гаргачихвал 30 гаруй мянган төгрөгөөр худалдаж, дундаас нь ашиг хүртэнэ гэж тооцоолж байсан гэдэг. Гэтэл Засгийн газар, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилээр арьс, шир гаргахгүй гэсэн захирамжаас болж 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн. Гэхдээ ченжүүд хог ачдаг том машин дуудаж нэг удаагийн рейсэнд 150 мянган төгрөг төлж байсан.
Магадгүй энэ түүх энэ жил давтагдахад хүрээд байна. Гэхдээ бүр хэд дахин нугалсан санхүүгийн “шаталт” болж мэдэхээр байна. Учир нь тухайн үед ганцхан адууны шир яригдаж байсан бол одоо бүх малын түүхий эд хаягдах магадлалтай болж. Хашаа болгонд нуруулдаж хураасан нэхий ширээ хэд хэдэн эгнээ болгоод хураажээ. Цаг агаар дулаахан, тогтуун байгаагаас болж хураалгаатай хөлдүү шир эхнээсээ наранд уядаж, гэсэж эхэлжээ. Хэрэв энэ янзаараа таван сартай золгочихвол ширүүд өмхийрч, өт батганадаа баригдаад хэнд ч хэрэггүй хог болохоос гадна нийслэл хот баруун хойд талаасаа өмхийрч мэдэхээр байна. Өдрийн цалингаа тохироод тухайн түүхий эдийг арчлах тал дээр ажиллаж байгаа хүмүүс бас байдаг гэнэ. Гэвч энэ нь огт хүрэлцдэггүй аж. Мөн хүмүүс тэмээнийхээ ширний үс ноосыг нь хяргаж, хонь, ямаа, үхэр, адууны ширийг давсалж, салхинд сэврээж байгаа харагдана.
Ченж С.Бат-Эрдэнэтэй уулзаж түүхий эдийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Түүхий эдийн үнэ ханш ямар байна вэ?
-Үхрийн ширийг 7000 төгрөгөөр, Хониний нэхийг 1000 төгрөгөөр, ямааны арьсыг 32- 34 мянган төгрөгөөр авч байна. Адууны ширийг бол бүр авахаа байсан.
-Өөрөө хэдэн жил ченж хийж багаа вэ. Орлого ямар байна?
-Үнэндээ ямар ч орлогогүй байна. Хотруу орох зөвшөөрөлгүй болохоор ганц нэг ойролцоох сумдын иргэд түүхий эд авчирч өгдөг. Өмнөх жилийнхээ орлогыг 100 хувь гэж үзвэл одоо түүхий эд худалдан авалт 20 хувьтай байгаа. Бидний хувьд хоосон хонож байгаа айл шиг л байна. Хил нээгдэхгүй цаг дулаарчихвал Эмээлтэд байгаа бүх түүхий эд хогийн цэг рүү ачигдахад бэлэн болсон. Бид хогний машин дуудаж ачуулна. Нэг машиныг бараг 300 мянгаар ачуулна. Тэгээд мөнгөө хог болгох гээд хүн бүхэн шаналаад сууж байна даа.
-Ноолуурын улирал эхэлчихсэн байгаа. Ямар үнэ ханштай авч байна?
-Энэ жилийн хувьд Засгийн газар дахиад ноолуурын асуудалд сөргөөр нөлөөлчихгүй бол 100 мянган төгрөгөөс буухгүй байх гэж горьдож байна. Ноолуурын үнэ унах нь бидэнд биш малчдад хүндрэлтэй болж байгаа. Үнэндээ малчид ноолуураар амьдралынхаа асуудлыг шийдэж, зээлээ төлнө, унах мотоциклоо худалдаж авна. Сургууль соёл төгсөж байгаа хүүхдийнхээ хувцас хунарыг бэлддэг шүү дээ. Тэгэхээр ноолуурын үнэ унаад байвал малчдын эдийн засаг л хумигдана гэсэн үг. Бид нар яах вэ тав арван төгрөгийн ашиг харж байгаа. Одоогоор ноолуурын үнэ 100-150 мянган төгрөг байна. Энэ нь нарийн, урт ,богино тасралттай, тасралтгүй гээд ноолуурынхаа чанараас болж байна.
-Хятадад түүхий эдээ өгөхгүй дотоодын үйлдвэрүүддээ өгөөд байж болохгүй юу. Ер нь хятад гэж ярих буруу биш үү?
-Хятадыг 100 хувь буруутгаж болохгүй. Хятадууд арьс, түүхий эд авч байгаа болоод л үнэтэй байгаа шүү дээ. Энэ нь бидний амьжиргаанд нэмэртэй байгаа. Монгол үйлдвэрүүд ихээр авч чадахгүй. Үнэ ижил ч шалгуур өндөр нэхий гэхэд нарийн ноостой, цагаан, шивээгүй гэх мэт хэмжүүр тавьдаг. Тэгээд зөвхөн намар л худалдан авалт хийдэг. “
Дархан нэхий”, “Дархан минж” гээд үйлдвэрүүд байх нь байгаа. Тухайн түүхий эдийн хөрс харна, исгэсэн исгээгүй, халимтай халимгүй гээд 100 ширхэг нэхийнээс 20 ширхэг нэхий арай гэж тэнцдэг. Үхрийн ширийг гууртай, нүхтэй гэж голно. Ингээд үзэхээр хэцүү байгаа биз. Өдөржин зам тосож, машин зогсохоор горьдлого тээсэн харцаар тосож очих ченж, хашаа болгонд муудаж үнэр орсон нэхий шир, ганц нэгхэн нохой шогших дүр зурагтай “Эмээлт” тосгоны нэг өдрийн амьдрал ийм байна. Гэхдээ хэд хэдэн хятад эзэдтэй нь таарлаа. Тэд цүнхтэй мөнгөө машиндаа хийчихсэн, машиныхаа цонхоор ч хамраа цухуйлгах дургүй аж. Бид “Их уул” түүхий эд нийлүүлэх төвийн хашаанд зогсож буй хятад залуутай уулзлаа. Тэрбээр “Нэхийг арай ч авахгүй ээ. Үхэр, ямааг бага бага мөнгөөр авна. Ноолуур бол их мөнгөөр авна. Их ноолуур бол бүүр сайн” гэж ярьж байлаа. Өдөржин муудсан түүхий эд ангилж, ялгаж, огтолж байхыг харах тийм ч таатай байсангүй.
Одоогоор тэнд буй ажилчид өдрийн хоол гэж байхгүй орой ажил тарахдаа өдрийн цалин болох 25 мянган төгрөг авдаг гэнэ. “Эмээлт” түүхий эдийн зах голоосоо ялзарч муудсаар л. Зудад эзнээ дааруулдаггүй монгол нэхий зуун төгрөгийн үнэгүй үнэр орж хэвтэх нь даанч хайран.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2021/03/25
enetoriin bodlogomongoliigygyi hiileedee mash ayultai
Зочин · 2021/03/25
mongolchuud tsamaan archaagui,bayan hunii durd toglogch nar...dandaa hunii door amidrah.uhaan muu,teneg,ev negdelgui deer n hariinhan mgld toglolt hiideg.ineed n hurdeg biz manaihaniig haraad.
Бат · 2021/03/24
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна