Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид “Ашиг сонирхол”-ын хууль үйлчилдэг үү?
2021/04/13
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Жонон даатгал” ХХК, “Жонон холдинг” ХХК, “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүд”, “Монголын нано шинжлэх ухаан нанотехнологийн корпораци”, “Монголын нанобиотехнологийн сан”, “Монголын нано технологийн корпораци”, “Жонон дээд сургууль” ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Даатгалын компаниудад Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, хариуцан ажилладаг.
Г.Дөлгөөн нь Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдах байгууллага болох Хадгаламжийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргын ажилтай. Энэ зөвлөлийн гишүүнээр буюу Г.Дөлгөөний удирдлагад Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ажиллаж байна.
Үүнээс гадна Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хооронд үйл ажиллагааны байнгын холбоотой. Тухайлбал, Санхүүгийн зах зээлийг цаашид хөгжүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилго бүхий харилцан ойлголцын санамж бичгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хооронд 2006 оны арваннэгдүгээр сарын 10-нд байгуулсан.
Эдгээр нь Г.Дөлгөөн хувийнхаа “Жонон даатгал” ХХК-ийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд нөлөөлөх магадлал бий болж байгаа юм.
Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт” гэсний 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 11.2-т “Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 11.3-т “Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасан.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлд “Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалт” гэсний 14.1-д “Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно”, 14.2-т “Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно” гэсэн байна.
Түүнчлэн Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Монголбанкны албан тушаалтны үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсний 1-д “Монголбанкны албан тушаалтан дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гээд 1/ иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөх; 2/ өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох” гэсэн. Иймээс Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Ашиг сонирхол”-ын хууль журмууд үйлчилдэг үү. Дээрх факт нь ашиг сонирхолтой холбоотой үйлдэл мөн үү гэдэг асуулт бий болоод байна.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бат · 2021/04/13
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна