Сэтгүүлчийн ажлаас шууд Намын Төв Хорооны ерөнхий хэлтсийн эрхлэгчээр томилогдсон, ховорхон түүхтэй хүн. Өөрөөр хэлбэл, үзэг барьсан цэл залуу 31 настай сурвалжлагч залууг Москвагаас дуудан авчирч тамга атгуулан саарал ордонд залсан хэрэг. Ерөнхий хэлтсийн эрхлэгч гэдэг бол Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчоотой хамгийн ойр ажилладаг, Төв хорооны бусад хэлтсүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг гол албан тушаалтан байсан гэдэг.

Түүнийг цэл залуугаараа ийнхүү суга дэвшихэд юу нөлөөлөв гэдгийг жаахан судалж үзэв. 1962-1964 онд Дорноговь аймаг дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагч байх үедээ улсын өмч иддэг, хууран мэхэлдэг, ажил цалгардуулдаг, хүнд суртал гаргаж, иргэдийг чирэгдүүлдэг даварсан хүмүүсийн талаар нэр зааж шүүмжлэн бичиж байсан нь онцгой харагджээ. Тэр үед ердөө 23-24 настай байв. Нам түүнийг бүр амаргүй ажилд сорихоор шийдэж “Соёлын хувьсгал” ид өрнөж байсан 1965-67 онд Бээжин дэх сурвалжлагчаар томилжээ. Хятадад чухам юу болоод байгааг манайхан Ц.Намсрайн мэдээ, сурвалжлагаар л мэдэж, төсөөлдөг байж. 

Тэрбээр хятадын “Хун вэй бин” гэдэг үгийг “улаан хамгаалагч” гэж орчуулсан нь оновчтой болж оросууд түүнээс нь санаа аван “Красный охранник” хэмээн буулгасан болохыг доктор Б.Даш-Ёндон нарын хэд хэдэн хүн дурсамждаа тэмдэглэсэн байдаг. Бээжингээс түүнийг татаж авчраад удалгүй Москвад суух сурвалжлагчаар томилжээ. Ленинградад сэтгүүлчийн мэргэжлээр Их сургууль төгссөний хэрэг юу билээ, Зөвлөлт улсын туршлага, бүтээн байгуулалтын талаар даацтай олон материал бичиж, бас айлчлалаар очсон Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нарын зэрэг нам, засгийн удирдагчидтай ч дотно танилцжээ. Энэ бүхэн намын удирдагчдад итгэл төрүүлсэн байна.  

 

Ийнхүү 1970 оноос хойш тасралтгүй өгссөөр Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчооны гишүүн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга хүртэл дэвшсэн. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул энэ хүнтэй дотно танилцъя гэж боддог байсан боловч, даанч Нааяа дарга богинохон насалсан. Нааяа даргын итгэлтэй туслахаар миний дотнын найз Г.Бадрах агсан ажиллаж байсан бөгөөд намайг Москвад сурч байхад надад мөн ч олон тарваганы арьсан малгай зөөсөн дөө, хөөрхий минь! Нэг ёсондоо Нааяа даргын гадаадад айлчлах боломжийг ашиглан контрбанд хийлгэж байгаа хэрэг л дээ.

1990 оны хавар Нааяа дарга Төв хорооны дэргэдэх сэтгүүлүүдийн Нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр томилогдон ордны баруун талын хоёрдахь давхарт манай “Ардын эрх” сонины ажилтнуудтай бараг өрөө залган байрлах болов.

 

Том дарга гэнэт бууж бидэнтэй айлсан ажиллах болсон нь сонин, содон байлаа. Тэр үед би “Намын амьдрал” сэтгүүлд зориулан бичсэн нэг өгүүллээ хэвлүүлэх, бас агуулгын талаар зөвлөгөө авах зорилгоор өрөөнд нь орж уулзсан юм.

 

Нааяа дарга гүйлгэж харснаа “нилээн том юм байна. Би эхлээд сайн уншъя. Тэгээд чамтай эргээд уулзъя. Нөгөөдөр үдээс хойш ирээрэй” гэв. Хэлсэн хугацаанд нь яваад очтол ганцаараа л сууж байв. Үүд хавиар нь холхисон, уулзах гэсэн хүмүүс ч алга, хүн хүлээж авахыг өөрөө ч их хүсэхгүй байгаа янзтай. “За би уншлаа, хэвлүүлж болмоор санагдлаа. Ганц, нэг үг үсгийн алдаа харагдсан, засна биз” гээд өгөв. Би баярласнаа илэрхийлээд Москвад Нийгмийн Ухааны Академид суралцаж буй туслах Г.Бадрахынх нь тухай, 1989 онд “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл их таалагдсан тухай, бас Хөвсгөл нутгийнхаа талаар ярьсан чинь “Өө тийм үү, Тэгвэл чи бид хоёр чинь нэг нутгийн улсууд байна” гээд цай дуудан нилээн тухлах янзтай болов.

Үнэхээр “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүл болон “Үнэн” сонинд нийтлүүлсэн Нааяа даргын “Шинэчлэлийн хувь заяаг нам хариуцна” гэсэн нэртэй өгүүлэл нь тухайн үедээ цоо шинэ хандлага, шинэчлэлийн уур амьсгалыг мэдрүүлсэн бүтээл байсан юм. Тэр үеийн сэхээтнүүд: “шинэчлэлийн гол, гол чиглэлүүдийг үнэхээр зоригтой, даацтай дэвшүүлж тавьжээ. Ер нь дараагийн удирдагч, Монголын Горбачёв бол Намсрай дарга мөн юм байна” гэцгээж тун ам сайтай байсан. Тэр өгүүлэлд нам, төрийн үүргийг салгах, нам бол улс төрийн системийн цөм мөн гэдэг ойлголтыг өөрчлөх, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд ноёрхсон захиран тушаах арга барилаас ангижрах, удирдах боловсон хүчийг шилж сонгохдоо хүссэн бүхэнд тэгш боломжийг олгож өрсөлдүүлэн шалгаруулдаг байх, ард түмний оюун санааг европчилсон загвараас гаргаж үндэсний үзэл, ухамсар хөгжих замыг чөлөөлөх болон намын эгнээний бүрэлдэхүүний асуудалд хуучирсан “ангич” сэтгэлгээний үүднээс ханддагийг зогсоох зэрэг тун шинэлэг зарчим, хандлагыг дэвшүүлж, ардчиллыг өрнүүлж, өөрчлөн байгуулалтыг тууштай хийцгээе. Цаг боллоо хэмээн уриалсан байдаг юм. 

Энэ бол нийгэм бужигнахаас байтугай, 1989 оны залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөнөөс бүр өмнө бичсэн өгүүлэл билээ.

-Таны тэрхүү өгүүллийг уншаад сайн цаг айсуйг мэдэрсэн, харин дараа дараагийн алхмууд нь юу байх юм бол доо гэж хүмүүс их хүлээдэг байсан. Гэтэл тэгсхийгээд чимээгүй болсон хэмээн яриа өдөхөд:

-Тэр өгүүлэл чинь бас нилээн олон хүний дургүйг хүргэсэн шүү. “Өөрчлөн байгуулалтыг Намсрай ганцаараа хийх юм байна л даа”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэхчлэн гоочилж эхэлсэн. Ер нь шал өөр цаг үе ирж байна гэдгийг нэг хэсэг маань ойлгохгүй байсан л даа. Гэтэл ЗХУ, социалист системийн орнуудад тэр үед юу болж байлаа? Зөвлөлтөд Горбачёвын өөрчлөн байгуулалт эргэлт буцалтгүй үйл явц болчихсон байсан. Унгарчууд түрүүлж хөдлөөд Унгарын Ажилчны Социалист Намын Их Хурлаа яаралтай хуралдуулж эрс шинэчлэлтийг хийж намынхаа нэрийг хүртэл өөрчлөн “Унгарын Социалист Нам” болгосон. Социалист бусад орнууд ч хөдлөөд эхэлсэн. Нөхөддөө, намынхандаа эртхэн санаа өгье гэдэг үүднээс нилээн удаан сууж байж тэр өгүүллийг бичсэн ухаантай юм. Ер нь заавал өлсгөлөн зарлуулж байж шинэчлэлийн тухай ярих биш, бүр эрт хөдлөх таатай боломж бидэнд 2 удаа олдсон гэж боддог. Эхнийх нь 1984 оны намар, дараагийнх нь 1988 оны Төв Хорооны V бүгд хурлын дараа.

 

1982-1984 онд Зөвлөлтөд Андропов гарч ирээд шинэчлэлийн уур амьсгал, салхийг аль хэдийн сэвэлзүүлээд эхэлсэн ш дээ. 1983 онд К.Марксын нэг том ойн хурал болж түүн дээр Андропов шинэчлэлийн үзэл санаагаа тунхаглан зарласан. Та нар ч санаж байгаа байх. Социализм бүхэлдээ биш боллоо. Улс орнууд дор бүрнээ нэг юм бодохгүй бол оройтно шүү гэсэн том сануулга байсан. Тэгээд Зөвлөлтөд зоримог арга хэмжээнүүдийг авч эхэлж байтал өөрөө удалгүй нас барсан. Тэгэхдээ л анхны харангыг дэлдчихээд бурхан болсон удирдагч.

1988 оны XII сард болсон Намын Төв Хорооны V бүгд хурал нийгмийн амьдралын бүх хүрээг шинэчлэх арга зам, үндсэн чиглэлүүдийг тодорхойлж олон түмний дотор том хүлээлт үүсгэсэн. Харамсалтай нь дотроо ойлголцоогүйгээс болоод дараагийн алхмууд дээрээ хий эргээд зогсчихсон. Удаахи VI бүгд хурал барилгын тухай ч бил үү асуудал хэлэлцсэн, тэгээд л олон түмний дотор итгэл байхгүй болсон. Тэр нь явсаар байгаад саяын өлсгөлөн, суулт, огцролтод хүргэсэн шүү дээ гэснээ гэнэт Нааяа дарга: “Чи хөө, ингэхэд ярилцлага болгож хэвлэлд өгөх гээд байна уу, эсхүл зүгээр сонирхож байгаа юм уу?” гэж асуусан. Би: “хугацааг нь тантай зөвлөж байгаад хэвлэлд гаргая гэсэн бодол төрөөд явчихлаа” гэсэн чинь: -“Одоо хэрэггүй. Хэвлэлд гаргая гэж байгаа бол би чамтай тухтай уулзаж нилээн нарийн юмнууд ярина. Чи ч асуултуудаа гарга, бусад хүн амьтантай уулзаад материалуудтай сайн танилц. Ялангуяа энэ оны VIII бүгд хурлын материалыг олж үзээрэй. Харин нууцад авсан эсэхийг мэдэхгүй байна” гэж зөвлөсөн билээ. Үүгээр бидний яриа өндөрлөсөн юм.

 

Бид хоёр дахиж уулзаж чадаагүй, удалгүй бие нь өвдөж 1990 оны Октябрын баярын маргааш өдөр нь 51-хэн насандаа Тэнгэрт хальсан. 

 

1990 оны VIII бүгд хурлын материалыг ялангуяа түүн дээр Ц.Намсрай даргын хэлсэн үгийг зориуд олж уншсан. Нааяа дарга хэлсэн үгэндээ: Олон түмэн, төвийн удирдлагын хооронд голдуу дээдчүүлийн буруугаас шалтгаалан ангал үүссэн. Хуучин систем, хуучин удирдлагын балагтай арга барил, түүнээс хоногшсон үхширмэл сэтгэлгээнээс салахыг оролдохгүй байгаад хамаг уршиг оршино. Энэ бүхнээс болж олон түмний бухимдал үүслээ. Эдийн засаг, аж ахуйг хөтлөх хуучны аргыг баримталсаар ирсний хариуцлагыг нөхөр Ж.Батмөнх толгойлсон, би гишүүн нь байдаг, Улс Төрийн Товчоо юуны түрүүнд хүлээх ёстой. Манай улс төлж дийлэхийн аргагүй өрийг өвлөж аваад өөрсдийнхөө ач гучид өв болгон үлдээх нь.      

Хүнс, барааны хангамж муудсаар байна. Шүдээ угаая гэхээр оогоор тасалчих юм. Юмаа угаая гэхээр саван олдохоо байлаа. Гэртээ тулгаа тойроод тухтай сууя гэхлээр цайгаар гачигдах юм. Энэ бүхний хариуцлагыг эдийн засгийг залах жолооны ард олон жил суусан нөхөр Д.Содном, СнЗ хариуцах ёстой юм биш үү? Одоогийн удирдлагын алдаа дутагдлыг ард түмэндээ ний нуугүй хэлж уучлал гуйя. Урьдын нөхдийн алдаа завхралыг ч илрүүлэн танилцуулж хүлцэл өчье. 

Монгол орон зогсонги байдалд орсныг хэлж зүрхлэхгүй байсаар УТТ-ны гишүүд бид улс төрийн тавцангаас буулаа. Бид харин өөрснөө зогсонгийн зогсонги байдалд орчихсон юм биш үү. Төв хороо сунжиртал, бөгсөө цоортол сууж хуралддаг байсан хэрнээ олон түмэнд үзэгдэж харагдахуйц олигтой асуудал шийдвэрлэсэнгүй. Зарим нөхдийн хэт алгуур, амгалан, томоотой байдал ч нөлөөлсөн. Улс Төрийн Товчоо “Улс төрийн” гэсэн нэрэндээ таарч ажилласангүй. Үүний буруугийн нилээд хувийг би өөртөө хүлээж огцрох шийдвэрийн талд зогсч байна. Харин Улс Төрийн Товчоогоор дэнчин тавьж албан тушаалдаа амгалан үлдэх гэж бодож байгаа хүн байвал би зөвшөөрөхгүй шүү. Ер нь сүүлийн жилүүдэд УТТ-ны гишүүд, орлогчид нэгдмэл хүч болж ажиллаж чадаагүй гэдгийг хүлээх хэрэгтэй. Түүх ба намын олон түмний зүй ёсны шударга асуулгад ороход би хувьдаа бэлэн байна” гэхчлэн шүүмжилжээ. 

 

Үнэнийг айхавтар хурц, эрс шулуун, хоёрдмол утгагүй хэлжээ. Уг нь арай эрт хөдлөе гэж санал бодлоо хэлж, зүтгээд байхад нь ямар ч дэмжлэг үзүүлээгүй хэрнээ тэр өдрүүдэд толгойгоо шаацгаан суугаа хүмүүст зориулж нэг ёсондоо ам асуусан мэт сонсогдсон ч байж мэднэ. 

Эдгээр алдаа осол, балаг, нүгэл биднээр дуусаг, гол нь ирээдүй хойч үед мартагдашгүй том сургамж, ухаарал болж тэмдэглэгдэн үлдэг гэдэг үүднээс тийнхүү хурц ширүүн шүүмжилсэн бололтой. 

 

*                  *                     *

Ингээд би өөрийнхөө хэмжээнд мэдэх “Политбюро”-гийн 14 эрхмийн талаар, гол нь тэдний юу ярьсныг товч өгүүллээ. 

Боломж байсан хэрнээ уулзаж амжаагүй хүмүүс гэвэл Д.Дамба, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Т.Рагчаа, Д.Лувсанравдан, Д.Майдар гуай нар юм. Би 1989 онд Д.Дамба гуайн тухай нэг өгүүлэл бичиж “Үнэн” сонинд нийтлүүлсэн нь тухайн үедээ судлаачдад нилээн үнэлэгдэж байсан. Генерал С.Лувсангомбо, Д.Гомбожав гуай нартай товч уулзаж байсан боловч, ярианы тэмдэглэл олдсонгүйгээс гадна юун тухай ярьсан талаар тодорхой зүйлийг санахгүй байна. УТТ-ны гишүүн, орлогч гишүүн байсан хүмүүсээс өнөөдөр Д.Содном гуай, Б.Лантуу гуай нар амьд сэрүүн байгаа. Тэднээс тодруулах зүйл нилээн бий. Тэд ч миний бичсэнийг уншиж санал, бодлоо хэлж дутууг нөхөж, дундуурыг дүүргэхэд туслах байх. 

Ом сайн амгалан болтугай

 

Ө.Энхтүвшин