В.НЭРГҮЙ

Манай Улсын хууль хүчнийхэн сүүлийн үед маш олон зүйлд анхаарч ажилладаг болоод удаж байна. Ингэхдээ тэд ард түмнийхээ төлөө гэхээсээ илүүтэйгээр өөрсдийгөө хамгаалах, хүрээллээ бэхжүүлэх, ямар нэгэн муу муухай зүйлийг нууж хаах гээд их олон зүйлд санаа тавих болсон нь нууц биш.

Нуух тусам нь ямар нэгэн хэлбэрээр тэр нь ил болж цахим ертөнцөөр цацагддаг. Ингээд л өнөөх цэвэрхэн сайхан цагаан цамц шиг амьдрал нь шороотой салхинд цохиулж эхэлдэг гэж байгаа. Иймээс иргэдийн амыг таглах, хөлийг туших, нүдийг халхлан маш олон ажил санаачлан хийх хэрэгтэй болоод байна. Үүний хамгийн эхний жишээ нь Зөрчлийн тухай хууль. Тэгвэл энэ хуулийг иргэд л дагаж мөрдөөд байгаа нь хачирхалтай. Иргэдийнхээ эрхийг зөрчсөн хууль сахиулагчид яагаад дагаж мөрдөж болохгүй гэж. Энгийн иргэд биш хууль батлалцдаг албан тушаалтан эсвэл төрийн эрх баригчид нь өөрсдөө хуулиа зөрчиж болдог олон жишээ бий. Харамсалтай нь монгол хүн уурлаж болохгүй.

Хараал хэлж болохгүй гэсэн нэгэн сонирхолтой заалт ч цахим ертөнцөд яригдаж хараалын үгүүд дор бүрдээ зарим хүний амьдралаас илүү өндөр үнэтэй болсон. Тэгвэл иргэдэд эдлэх ямар эрх байна вэ. Хүүхдээ загнавал хүүхдийн эрх зөрчинө. Удирдлагынхаа өмнөөс үнэн шударга үг хэлбэл төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчинө. За цагдаагийн өмнөөс “хуц” гээд хэлчихвэл тэгээд л дуусна биз. Тэгвэл доорх баримтууд зөрчлийн хуулийг, хүний эрхийг зөрчсөн үйл явдлууд мөн үү.

 

БАРИМТ-1

Өнгөрсөн сарын 16-ны үүрийн 04.00 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст иргэн Б нөхөртөө зодууллаа гэх дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу шалгахад УИХ-ын гишүүн М нь эхнэр Б-гээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа мэдээлэл бий.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хорооны Засаг даргаар ахлуулсан хэд хэдэн байгууллага хамтран эхнэрийнх нь хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдалд нь аюулгүй зэргийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр эрсдэлийн үнэлгээ “ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс эхнэр Б­г нь түр хамгаалах байранд байрлуулах хүсэлт тавихад эхнэр нь хамгаалах байранд байрлахаас татгалзсан гэж эх сурвалж мэдээлсэн. 

Сануулахад, УИХ­ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Б­гийн ээж Д.Цэцгээ гэх эмэгтэй өөрийн цахим хуудаснаа “УИХ­ын гишүүн Жамьянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б­г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсныг нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална. Хайртай шүү охиндоо” хэмээн бичсэн билээ.

 

БАРИМТ-2

Эмнэлэг үүргээсээ “зугтсан” учир эмнэлгийн гадаа иргэн амиа алдлаа. Талийгаач долоодугаар сарын 2­ны өдөр “Хатагтай” эмнэлгийн “Онош мед” лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Талийгаач Чингэлтэй дүүргийн 50 дугаар хорооны зургадугаар байранд ажиллангаа амьдарч байсан хүн юм байна. Үндсэн захиргаа бол Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр бол тус дүүргийн зургадугаар хорооны ӨЭМТ­өөс 10 метрийн зайд байрладаг. Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид мэдээлснээр хоёр хүн алт, мөнгөний дархан хийж ажиллаж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь нөхцөл маш тааруу. Орон сууцны зоорийн давхарт байдаг. Долоодугаар сарын 2­ны өдрийн 09.30 цагт 103 буюу түргэн тусламж дуудсан. Эмч очиж үзсэн. Тухайн үед өөрийн биеийн байдлаа товч танилцуулсан. 103­ын эмч уушгины зургийг үзээд, уушгины хатгаа байна, харьяа эмнэлэг, ӨЭМТ­д хандахыг зөвлөсөн. 

Талийгаач Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэгт хандсан. Тухайн өдөр Энэрэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад энэ хүний нэр байхгүй байсан учраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна.Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өвчтөнг авахгүйгээр буцаагаад Энэрэл эмнэлэг рүү явуулсан байна. Дахин Энэрэл эмнэлгийн гадаа ирсэн. Энэ мөчид ХӨСҮТ рүү хүнд өвчтөнөө шилжүүлээд буцаж ирсэн эмнэлгийн машин таараад, эмнэлгийн жолооч дахин түргэн тусламж дуудсан. Гэвч өнгөрсөн байжээ.

 

БАРИМТ-3

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Үүнд энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”­т долдугаар сарын 10­12­нд гурван өдөр болно. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс зургадугаар сарын 28­ны өдрийн дотор Монголын үндэсний бөхийн холбоонд бичгээр ирүүлэх.

 

БАРИМТ-4

Хамгийн сонирхолтой нь үхэр зөрчлийн хууль зөрчсөн гэж үзэн эзнийг нь торгожээ. Тухайлбал бэлчээртээ гарсан үхэр Зөрчлийн тухай хуулийн наймдугаар бүлгийн 10.5 дахь заалтыг удаа дараа зөрчиж... Үхрээ хариуцлагагүй бэлчээсний улмаас нийтийн эзэмшлийн ногоон байгууламж дахь таримал мод ургамлыг эвдэж сүйтгэсэн үхэрт хариуцлага хүлээлгэх учир эзэд нь ирж уулзана уу. ЗДТГ, Цагдаагийн тасаг хэмээн зар тараажээ.

 

БАРИМТ-5

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн тав дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН