Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Барилгын материалын үнийн өсөлт барилгын салбарт томоохон сорилт авчрах шиг боллоо. Бараа материалын үнийн өсөлт, тэр дундаа арматурын өсөлтийн талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн нийтээрээ сүүлийн хоёр жил цар тахалтай тэмцэж байна. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн олон орон өнгөрсөн онд хөл хорио тогтоож, бүтээн байгуулалтын ажил зогсоод байсан. Харин өдгөө цар тахлын дараахь эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил идэвхжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савлагаа үүсч, Монгол Улсад худалдаалагдах арматурын үнэ нэмэгдээд байна. Ковидын нөхцөл байдал эрүүл мэнд төдийгүй улс орнуудын эдийн засагт маш том сорилт авчирлаа. Манай улсын хувьд барилгын материалын 38 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Сүүлийн хэдэн сар хэд хэдэн шалтгаанаар барилгын материалын үнэ өслөө. Барилгын материалын орцонд 23 хувь нь арматур, 19 хувь нь цемент бетон зуурмаг байдаг.

Хятад улс дэлхийн төмрийн зах зээл дээр 60-70 хувийг үйлдвэрлэдэг. Төмөр үйлдвэрлэхэд төмрийн хүдэр маш чухал. Бид Дархан, Сэлэнгийн бүс нутгаасаа төмрийн хүдрээ баяжуулаад Хятадын зах зээлд олон жил экспортоллоо. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн гол тоглогч Австрали улс байдаг. Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Австрали худалдааны маргаанаасаа болоод тодорхой хэмжээгээр төмрийн хүдэр хомсодсон байх. Гадаад зах зээлд анализ хийж үзэхэд төмрийн хүдэр өнгөрсөн жилд найм дахин өссөн байна. Хятадад найм дахин төмрийн хүдрийн үнэ өснө гэхээр төмрийн эрэлт, нийлүүлэлтийн хомсдол бий болно. Тэр утгаараа түүхий эд нь хомсдоод ирэхээр БНХАУ-ын төмрийн үйлдвэрлэлд 2021 оны хоёрдугаар сараас эхлээд хомсдол бий болж эхэлсэн.

-Манай улс жилд хичнээн тонн арматур үйлдвэрлэдэг юм бэ?

-Монгол Улс өнгөрсөн онд гэхэд 210 мянган тонн арматур хэрэглэсэн байсан. Түүнээс 12.3 мянган тонн арматурыг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Түүний 70 хувийг БНХАУ-аас импортолдог. Манай улс дотооддоо жилдээ 50 мянган орчим тонн арматурыг үйлдвэрлэдэг бөгөөд 2019 онд гэхэд 55.7 мянган тонн арматур үйлдвэрлэж байсан.

-Манай улсад энэ төрлийн төмөр үйлдвэрлэдэг 10 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдний хүчин чадлыг цаашид сайжруулах боломж бий юү?

-Өдгөө манай улсад арматурын төмөр үйлдвэрлэдэг 15 үйлдвэр бий. Дэлхий дахинаа дэгдсэн цар тахлаас үүдэн өнгөрсөн жил “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс бусад нь ажиллаагүй. Уг нь дээрх үйлдвэрүүд 350 орчим мянган арматурын төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Харамсалтай нь арматур үйлдвэрлэхгүй, үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулаагүй, хаягдал төмрийн нөөц, ажиллах хүчний хараат байдлуудаас шалтгаалан үйлдвэрлэлийг жигд явуулах боломжгүй байна. Эдгээр үйлдвэрүүд төмрийн хаягдлыг дахин боловсруулж, арматур үйлдвэрлэдэг юм. Тиймээс дотоодын төмрийн хаягдлын хэмжээнд баригдан, бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулж байна.

-Цементийн үнэ хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Монгол Улс цементээ дотооддоо үйлдвэрлэдэг болсноор цементийн үнэд зохион байгуулалт хийх боломж гарч ирсэн. Хомсдол бий болохын хэрээр төмөр металл эдлэлүүд дээр үнийн өсөлт нэмэгдсэн. Харин цементийн үнэ дөрвөн хувийн өсөлттэй гарлаа. Төмөр эдлэлүүд дээр 80-аад хувийн өсөлттэй байсан бол бид өнгөрсөн жил цементийн үйлдвэрүүдэд их анхаарсны үндсэн дээр цементийн үнийн өсөлт хөөсөрсөнгүй. Хөөсөнцрийн хувьд үнэ нь мөн л адил өсч байна. Хөөсөнцрийг Монголдоо үйлдвэрлэдэг гэдэг боловч түүхий эд нь бас л БНХАУ-аас орж ирдэг. Бараа бүтээгдэхүүний хомсдолоос гадна Замын-Үүд дээр бусад бараа материал овоорч эхэлсэн. Давхар тээвэрлэлтийн орох, гарах асуудал хүндээр тавигдаж эхэлсэн. БНХАУ,Монгол Улсад халдварын тохиолдол ихэсч байгаа учраас бараа бүтээгдэхүүн хүлээж авахгүй, оруулж гаргах нь хүндрэлтэй нэлээд цаг хугацаа өнгөрөөлөө. Монголын талаас ч уялдаагүй ажиллаж, алдаа оноо ч гарлаа. Зохион байгуулалт, хариуцлагагүйн улмаас эрэлт бий боллоо. Сүүлийн хоногуудад Замын-Үүдийн ачаа барааг оруулж гаргах тал дээр анхаарч овоорсон бараа материалыг татах арга хэмжээ хийгдэж байна.

-Цаашид барилгын материалын гол хэрэгсэл арматур төмрийг дотооддоо үйлдвэрлэх боломж хэр байгаа бол?

-Цаашдаа Монгол Улс хувийн хэвшлээ дэмжиж арматур төмрийг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Арматур бол эцсийн бүтээгдэхүүн. Эцсийн бүтээгдэхүүн болгоход төмрийн хүдрээ олборлоно, тэгээд баяжуулна, боловсруулаад ганг нь гаргаад эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл цогцоор нь харах ёстой л доо. Эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр нь хэдий бий болсон ч ашигт малтмалын лиценз нь өөр компани дээр байдаг. Цогцоор нь харахгүй л бол төмрийн дан ганц үйлдвэрлэл байгуулаад хол явдаггүй. Арматурын үйлдвэрлэлийг дотооддоо дэмжихгүй бол барилгын материалын гол орц болсон арматур дээр хүндрэл үүсээд эхэллээ. Хэд хэдэн төсөл хөтөлбөр хийгдээд явж байна. Гэхдээ төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна л даа. Концессоосоо гэрээтэй, гэрээний асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд маргаан үүссэн байдалтай. Цаашдаа том бүтээн байгуулалтууд хийгдэхийн хэрээр барилгын материалын үйлдвэрлэлийн асуудалд бид цогцоор нь анхаарах шаардлагатай. Төр бодлогоороо арматур, төмөр эдлэл хийх гэж байгаа компани болон хувийн хэвшлийг дэмжээд явбал дахиад ковид шиг сорилт ирэхэд бид даваад гарчихна. Бид төмрийн хүдрээрээ арматураа үйлдвэрлэж байж л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болно.

Арматурын үйлдвэр эрхэлнэ гэдэг цогц зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхлээд тухайн компани тогны эх үүсвэртэй, устай газар үйлдвэрээ барина. Монголын төмрийн хүдрийг ашиглах гэж байгаа бол технологийг нь судална. Газраа аваад үйлдвэрээ барилаа гэхэд төмрийн хүдэр аваад баяжуулна, боловсруулна. Үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд Ашигт малтмалын компаниудтай удаан хугацаанд гэрээ хийх ёстой болно. Хамгийн эрсдэлтэй нь төмрийн хүдрийн үнэ өсчихөөр нөгөө хэдэн компаниуд чинь гэрээгээ цуцлаад урагш гаргачих талтай. Тиймээс түүхий эдээ нийлүүлэх компани маш найдвартай, урт хугацаандаа хамтарч ажиллах ёстой болж таарч байгаа биз. Яагаад манай цементийн үйлдвэр сайн ажиллаад байна гэхээр МАК, Монполимет өөрсдөө Цагаан шохойны ордтой. Өөрсдийн орд дээрээ олборлолт хийдэг. Түүхий эдийн хувьд хараат бус ажиллаж байгаа юм. Өнөөдөр Хар төмөрлөгийн алдаа бол баахан ордыг нь хувийн компани авчихсан. Нөгөө хэд нь баяжуулаад экспортод гаргаад байдаг. Тиймээс өөрийн ордтой компани арматурын үйлдвэрлэл явуулбал бүр сайн.

-Барилгын материалын үнэ өсөхөөр улсын төсвөөр баригдаж байгаа барилга байгууламжийн өртөг нэмэгдэж таарах болов уу?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 гаруй объект баригдаж байна. Үүнээс 350 гаруй барилга байгууламжид манай яам барилгын хөгжлийн төвөөр дамжуулж барилгын захиалагчийн хяналт тавьж байна. Барилгын материалын үнэ өсч байгаа учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ашиглагдах материалууд дээр нэмэлт хөрөнгө шаардагдана. 2018, 2019 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа дуусгах гэтэл барилгын материалын үнээс болоод төсвийн өртөг нь өсчихсөн. Улсын төсвөөр баригдаж буй олон ажлуудаа яаж хөрөнгө оруулалт санхүүжилтийг нь шийдэж хурдан дуусгах вэ л бодож байна. Цаг хугацаа алдах тусам улам үнэ өснө. Барилгын чанар муудна. Тиймээс үнийн индексийг салбар дунд ярьж байна. Ганц барилга бус бүх өрнөж байгаа бүтээн байгуулалтад барилгын материалын үнийн өсөлт яригдана. Энэ ажлыг хэрхэн шийдэх талаар Сангийн яам, Засгийн газарт танилцуулж, үнийн өсөлтийг судлаж байна. Мэдээж оны төсөвт нэмэлт гарч ирнэ гэсэн үг. Энэ тал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

-Ипотекийн зээлд хичнээн хүн хамрагдаад байна вэ?

-Одоогийн байдлаар ипотекийн зээлд 2020 онд улсаас 400 гаруй тэрбум төгрөгөөр 5644 хүн ипотекийн зээлд хамрагдаж байсан. 2021 онд долдугаар сарын 9-ний байдлаар 6917 хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Хөдөө орон нутагт 1703 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Үндсэндээ ипотекийн зээлийн хүртээмжийг нэг дахин нэмж, зээлийн хүүг нь буулгуулсны үр дүнд хагас жилийн байдлаар 6917 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Үүний цаана иргэд ч, барилгын салбарынхан ч хожиж байгаа.

-Барилгын салбарт одоогоор ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг шинэчилж Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулсан. Дараа нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон зураг төслийн магдлалын дүрэм журмыг шинэчлэх гэж байна. Манай барилгын хөгжлийн төвд 30 гаруй захиалагчийн хяналт тавьдаг инженер байдаг. Энэ бол олон барилга байгууламжид 30 гаруй инженер хяналт тавьж ажиллах боломжгүй. Тиймээс бид зөвлөх үйлчилгээг оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Энэ дүрэм журмуудыг өөрчилж ирэх намар Засгийн газрын хурлаар оруулж батлуулна. Ингэхээр хяналтын тогтолцоог авч хэрэгжүүлж байгаа нэг арга хэмжээ. Хоёрдугаарт, барилгын салбарт барилгын тусгай зөвшөөрлийг хоёр жилийн өмнөөс төр өөрөө шийддэггүй болсон. 8000 гаруй барилгын тусгай зөвшөөрлийн компаниудыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлээд бүрэн цахимжуулж байна. Цахимжуулснаар доод дунд шатанд хүнд суртал, тодорхойгүй байдлууд шийднэ.

Барилгын салбарт тусгай зөвшөөрөл авах гээд тулгамддаг асуудал юу байсан гэхээр инженер техникийн ажлын давхцал. Цахимжуулснаар тухайн компани өргөдлөө бөглөхдөө нийгмийн даатгал төлөхдөө инженер техникийн ажилтнаа оруулахад төрийн хур систем, дан системтэй бүгдэнтэй нь холбогдоод эдгээр инженер танайд бүртгэлгүй юм байна гээд гараад ирнэ. Ямар ч хүний оролцоогүй ажлыг шийдээд хэрэгжүүлээд явж байна. Урт хугацаандаа чанаргүй компани тендер авчихаад өөр компаниудад шилжүүлээд явдаг асуудал ч цэгцэрнэ. Хүнд суртал, авлига ч цэгцэрнэ. Энэ бол маш том шинэчлэл.