Бөөн баяр аа, бөөн бөөн баяр аа
2013/01/29
Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монголчууд бид ер нь баяраас баярын хооронд амьдардаг их БАЯРЛАНГУЙ ард түмэн юм.
Бидний амьдралын цикл баяр тойрон эргэлддэг болсон байна. Оны төгсгөл болон эхэнд шинэ жил гэж хижээл насныхан, залуучууд, оюутнууд, арван жилийнхэн бөөн бужигнаан болдог. Ядаж байхад давхар давхар олон шинэ жилүүдэд оролцохыг яана. Хоёр сард ЦАГААН САР гэж ахимаг насныхан, ахмадууд бөөн бужигнана. 2 сарын 14-нд хосууд ВАЛЕНТИНЫ БАЯРЫГ тэмдэглэнэ. Бид Валентины баярын өмнөх өдөр 13-нд СИНГЛЧҮҮДИЙН БАЯР гэж ойлголт гаргаж ирсэн БАЯРТ их хайртай ард түмэн. /Эхийг нь эцээхгүй, тугалыг тураахгүй гэдэг философи байх./ Гурван сард эрчүүд нь ЦЭРГИЙН БАЯРААР, эмс хүүхнүүд МАРТЫН 8-нд бөөн шоу, цэнгээн болно. Хотын бар, паб, караокенуудыг пиг чигжинэ. Дөрвөн сард Инээдмийн баяр гэж бөөн тоглоом, шоглоом. Таван сард Төгсөлтийн баяр, ХОНХНЫ БАЯР гэж оюутнууд, арван жилийнхэн ЛОНХНЫ БАЯРАА талбай дээрээс эхлээд бар, ресторанаар зочилоод амралтын газар шараа тайлж дуусгана. Харин зургаан сард ХҮҮХДИЙН БАЯР тохионо. Долоон сард мэдээж ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ /хуушуурдаж өгнө дөө/. Найман сард НААДАМ орон нутагт АЙМГИЙН болон БҮСИЙН НААДАМ болж үргэлжилнэ. Төд удалгүй 9 сарын 1 болж Хичээлийн Шинэ Жилийн Баяр болно. Энэ үеэр цэцэгс ихээр борлогдоно доо /дотоодын цэцэг гэж байна уу?/. 10 сард АХМАДЫН БАЯР болно. Энэ үед ахмадууд яаж баярладагийг ёстой бүү мэд. 11 сард УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР болж Монгол Ардын Намыхан баярлана. 12 сард АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР-үүд тохиож Ардчилсан Намынхан баярлана. /Аль аль нам бөх барилдуулдаг гэжугай./
Тэгээд Шинэ Жилийн сезон эхэлж энэ цикл давтагдана. Хөгжилтэй байгаа биз. Эдгээр дээр нэмэх нь ӨӨРИЙН болон ӨРӨӨЛИЙН олон олон төрсөн өдрүүдийг бас мартаж болохгүй. Эдийг нь голоод байна уу, эзнийг нь голоод байна уу гэж ирээд шахна. Мөн Дашням, Балжиннямтай өдрүүдээр ойр, дотны хүмүүсийн ХУРИМ тохионо. Бас нэг үг хэлж шантаачилж байгаад шахна. Бас хамаатныхаа хүүхдүүдийн ҮСНИЙ НАЙР-нд уригдана. Энд тэндхийн ойн байрууд, Halloween гэх мэт импортын баяруудыг дурьдаад ч яахав.
Мэдээж дээр дурьдсан баяруудаар хамгийн их борлуулалттай, гүйлгээтэй байдаг, хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг зүйл бол АРХИ, ПИВО, дарс /мартын 8/, шампаанск /шинэ жил/. Архидалт, шоу цэнгээн моданд орж энгийн зүйл болсон өнөөгийн нийгэмд энэ ОЛОН БАЯРУУД ерөнхийдөө макро түвшинд монголын үндэсний аюулгүй байдалд халтай, харин архи үйлдвэрлэгчидэд ашигтай нөлөө үзүүлж байгаа нь ойлгомжтой. За энэ ч яахав. Энэ удаа цагаан сар болох гэж байгаа болохоор нэг сэдвийн хүрээндээ л эргэлдэе. Цагаан сар бол их онцгой баяр, нэг нэгнийдээ зочилдог, зочиндоо бэлэг өгдөг баяр. Энэ бэлгэнд их учир байгаа.
Ер нь бол аливаа баяр нь эдийн засгийн үйл ажиллагааг идэвхижүүлэгч, эрчимжүүлэгч, үндэсний хэв шинж, өв соёл, уламжлалыг тээгчийн хувьд их чухал. Харин манайд архидах шалтаг, шалтгаан болдог нь эмгэнэлтэй. Монголын баялаг, мөнгө, вальют гадагшаагаа урсах шалтгаан болж байдаг нь харамсалтай.
Өөөөө бас шашны баяруудыг мартчихаж. Дээрхи олон баяруудаас гадна хамгийн гэгээлэг баярууд бол шашны баярууд юм байна. Бурханы шавь нар Бурхан Буддагийн дүйцсэн өдрийг, Монголын Казакууд Наурызын Баярыг, Монголын итгэгчид Кристмасын Баярыг тэмдэглэнэ.
Тэгэхээр манай Монголчууд шашин, шашинаараа, хүйс, хүйсээрээ, нас насаараа, нам намаараа тэмдэглэх баяртай их БАЯРЛАНГУЙ ард түмэн гэдэг нь үнэн байгаа биз. Сүүлд яагаад дэлхий даяар тэмдэглэдэг шашны баяруудыг дурьдах болов оо гэж та гайхаж байна уу? Манайд ашгүй Хинди шашинтан байхгүй юм даа. Энэтхэгт Хинди шашны нэгэн баярыг тэмдэглэж Ганга мөрний усанд нүцгэн биеэрээ орох гэж 200,000,000 хүн нэгэн хотод цуглажээ гэж мэдээгээр харлаа. Энэ баяраар уг хотын удирдлага их мөнгө зарцуулж их мөнгө олдог гэнэ. Бараг л Олимп шиг ашигтай байдаг юм байх аа. Мусульманчууд Мекка руу пилгримаж хэдэн зуун саяраа хийдэг. АНУ, Европд Христчуудийн Зул Сарын баяраар бараа бүтээгдэхүүн салам хямдардаг. Зүгээр хямдраад зогсохгүй бараа бүтээгдэхүүний эргэлт хэт дахин нэмэгдэж, эдийн засгийн үйл ажиллагаа маш хүчтэй эрчимждэг, бизнес эрхлэгчидийн, жижиглэнгийн худалдаачдын ашиг нэмэгдэж, тэр чинээгээр улсад орох татвар бас нэмэгддэг. Бас Америкт Талархалын Баярын Өдрөөр цацагт хяруул өрх гэрийн тоогоор борлогддог. Харин манайд цагаан сарын үеэр хонины ууц хямдрах байтугай энгийн үеийнхээсээ хэт их үнэд ордог гаж тогтолцоотой.
Блүүмберг, Ройтерсийг үзэж байхад Зул Сарын баяраар Америкын болон Европын орнуудын эдийн засгийн ретайлингийн үзүүлэлт, индексүүд нэлээн хэдэн пунктээр сайжирч байгаа харагддаг. Учир нь тэд хож-хож байдлаар ажиллаж байгаад байгаа юм. Баярын үеэр эрэлттэй зүйлүүдийг худалдаалагчид нь хямдруулж худалдан авагчиддаа хямдаар хүргэснээр тэд хямдруулаагүй байх үеийнхээсээ хамаагүй ихийг борлуулдаг. Эндээс хонь бүрэн, чоно цатгалан үлддэг. Харин эсрэгээрээ манайд хонь нь дутуу, чоно нь цатгалан үлдэж байна. Мэдээж хэрэглэгчид хохирч, наймаачид түр зуур огцом баяжиж байна. Ийм баймааргүй байгаа юм даа. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж Монголчууд ярьдаг даа. Энэ их өргөн утгатай үг шүү. Энэ талаар дараа бичнэ ээ.
Дээрхээс харахад үндэсний хэмжээний чухал баярын үеэр тухайн улсын эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа үлэмж эрчимждэг нийтлэг жишиг байна. Харин манайд баярууд үндэстэндээ, эдийн засагтаа ээлтэй, ашигтай байхын оронд урд хөршийн Эрлиан хотын эдийн засагт ашигтай болж хувираад удаж байна. Жинхэнэ утгаараа Хятадын шууд бус колони болж тэднийг тэтгэгч, түүхий эдээр хангагч, тэдний чанартай муутай бүтээгдэхүүнээ шахдаг, нийлүүлдэг газар болчихоо юу гэж бодогдном.
Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэж өнгөрсөн хорин жил их ярьсан. Гэвч дэмжээд байх олигтой үндэсний үйлдвэрлэл хөгжсөнгүй. Ерээд оны өмч хувьчлалын дараа үндэсний гэх үйлдвэрүүд ар араасаа дампуурсан. Дэмжие гэвч үнээрээ урд хөршийн, чанараараа бусад улсын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байна. Бэлэг сонголтонд яг бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголттой адил үнэ хамгийн чухал хүчин зүйл байдаг.
Тэгэхээр нэг маш тодорхой санал дэвшүүлмээр байна. Энэ удаагийн цагаан сараараа ҮНДЭСНИЙ ОЮУНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжиж зочин, гийчиндээ бэлэг, бэлгийн дээд НОМЫГ бэлэглэцгээе Монголчууд аа. Монголчууд судар гэлтгүй номыг торгонд баринтаглаж авч явдаг байсан номын агуу их соёлтой ард түмэн. Энэ сайхан номын соёлоо сэргээе. Үндсэний баяр ЦАГААН САРАА АВАРЪЯ. Эд мөнгөний, шинэхэн цээж баяны эд хөрөнгөө гайхуулдаг баяр болж тогтохоос нь өмнө энэ жишгийг өөрчилье. Энэ цагаан сараар хадганд ороосон ном авсан таны зочин ямар их баярлах бол гэдгийг та нэг бодоод үзээрэй. Ном бэлэглэсэн айл, өрх танайх ч нэр хүнд давхар өснө. Доржийнх их оюунлаг, сэхээтэн айл шүү гэж тэд бодно. Тэгээд тэд ч бас дараагийн цагаан сараар ном бэлэглэдэг болно. Ингээд бид номын соёлоо сэргээж оюунлаг ард түмэн болох замдаа гарна. Цагаан сарыг хамгийн оюунлаг баяр болгоё.
Бэлэг битгий өг, эсхүл бэлэгний оронд мөнгө өг гэсэнгүй, зочныхоо алгыг нь дээш харуулдаг уламжлалтай Монголчууддаа алга дээш нь харуулах зүйлээ ном л болгохчих гэж уриалж байна. Үнэнийг хэлэхэд өгсөн бэлэг чинь буцаад ирвэл битгий гайхаарай. Учир нь хэрэггүй оймс, тирко, нусны алчуур, шампоог хүн хэрэглэдэггүй тул хүнд бэлэглээрэй гээд эмээ, өвөөдөө өгдөг. Дараа нь тэр айлд очиход чинь өгсөн бэлгийг чинь буцаагаад өгчих магадлал бас байгаа шүү. Хошигнол ч гэсэн магадлалтай. Хүндэлж байгаа юм бол, хэрэгтэй юм өгмөөр байгаа бол ном хамгийн зөв сонголт шүү.
Эцэст нь нэгэнт энэ бичлэгийн сэдэв БӨӨН БАЯР учраас цагаан сарын дараа ямар баяр болох тухай давхар сануулчихъя. Ниргэсэн хойно нь хашгираад яахав. Урьдчилаад уриалчихъя. Одоо Цагаан Сар өнгөрсөний дараа гурван сард Залуучууд аа, цэргийн баяр, мартын наймнаар караокены ном эргүүлж суухын оронд жинхэнэ ном эргүүлж суувал сайн шүү.
Нийтлэлч Хулаку