Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай томилогдсоноос хойш хэвлэлийнхэн аавтай боллоо. Нийгэмд болохгүй бүтэхгүй асуудал бий болчихоод төрийн төмөр нударга үйлчилж чадахгүй удвал л “Магнай дарга аа...” гэж байгаад нэг сайхан алтан хошуу хүргэчихээр санаа амардаг болсоор удлаа.

Тэгвэл дахиад л таниас өөр хандах хүнгүй болчихлоо, Магнай дарга аа. Махны үнийг хазаарлахад таны гар, хөл, үг, үйлдэл зайлшгүй хэрэгтэй байна. Мэдээж махны салбар сайдтай байхад таньд хандаж байгаа нь хэтэрхий нүдээ олоогүй нь үнэн байж мэдэх ч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна.

Лангуун дээрх махны жинлүүр дээр Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр сандайлж суучихаад жолоог нь сулдуулахгүй хэдэн сар амийг нь татчихаад тавьдаггүй ээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд нь тэгтэл энэ салбарт эрх ашгийн сонирхолтой учраас махны үнэ буухгүй өдийг хүрлээ гэсэн таамаг таны ч миний ч дотор бодол ухаан ээрээд байгаа биз. Тэгэхээр та л махны үнэтэй тэмцэхээс өөр арга алга. Танд мах, махан бүтээгдэх үүний үйлдвэр байхгүй нь юутай зол вэ. Бид намар, өвлийг ч яахав зөв харж инээж буруу харж уйлах шахам л кг-ын үнэтэй махаар дуусгалаа.
Хаврын урт өдөр хаалгаа дэлгэчихсэн энэ өдрүүдэд нэг кг үхрийн мах лангуун дээрээ 9500 төгрөгөөс эхэлж байна. Гуяны цул мах үүнээс ч дээгүүр үнээр борлогдож байгааг махны ченжүүд хэлж байна. Туранхайвтар ямааны ястай мах 5800 төгрөгөөс эхлэн борлуулагдаж байгаа нь өнөөдөр л хөндөгдөж байгаа шинэ мэдээ биш ээ. За яахав, өрхийн орлого өндөртэй, сардаа авдаг цалин нь хэд гэдгийг ч мэддэггүй, төрөөс өгдөг халамжийн мөнгийг ч хаана очиж яаж авахаа мэддэггүй нийгмийн арай “өөр” хэсгийнхэнд мах ямар үнэтэй байх нь ёстой хамаа ч алга байгаа нь ойлгож болох үнэн ч гэлээ шударга л байя л даа.

Өдөр бүрийг өөр өөр хоолны цэсээр бардаг дээдэсчүүдийг өмөөрөх гэсэнгүй. Өрх толгойлсон олон хүүхэдтэй, ядуу бүсгүй, ядруухан аавыг бодож махны үнийг хөндөж байна. Таяг, модоо тулж тэмтэчсээр ширхэгийн тамхи, өндөг, бохь зарж суух тэтгэвэргүй, өндөр настай эмээ, өвөөг бодож махны үнийг буулгахыг гуйж байна. Хотын захад хашаа хатгах газаргүйдээ жалга, дов, уулын энгэр, хур хог бараадан амьдралтай тэмцэж яваа олон зуун ядуу иргэдээ өмөөрч махны үнийг хямдруулаад өгөхийг хүсч байна. Таны бяцхан хүү, охины л адил дулаан гэртээ тоглоомноос өөрийг бодох завгүй насандаа гурил үүрч, тэрэг түрж, гудамжинд дуулж алгаа тосон гуйлга гуйж суугаа зуун зуун үрсээ бодож энэ асуудлыг хөндөж байна. Тэдний нэг өдөр олсон хэдэн халтар төгрөг нь цадталаа хооллоод унтах хэмжээнд хүрэлцэхгүй байгааг өнөөдөр лангуун дээрх махны үнэ гэрчилнэ.

Цөөхөн монголчууд чинь ядуу байна. Магнай дарга аа, тантай махны зах дээр болзмоор байна. Тэндээсээ цаашаа явган аялаж иргэдийн олонхи нь ядруухан амь зуудаг гэр хорооллын айлд үмх мах ямар үнээр олдож байгааг хамтдаа сонирхох уу. Таны хийж байгаа бүхэн ямар нэг амжилт үзүүлж “юм” дуулгаж байна. Энэ бол сайн хэрэг. Та өрөөндөө чимээгүй бүгэж гарын үсэг зурж, тамга дархаас арай өөр зүйл хийж байгаа нь харагдаад байна. Тэгэхээр манай сонин тантай хамтарч махны үнийг буулгах ажил хиймээр байна. “40-50 сая толгой малтай, бэлчээр хүрэлцэхгүй байна” гэх яриа хөдөөгүүр дарга сайд нартай дагалдаад явахаар чих дэлсдэг юм билээ. Тэгэхээр мах кг нь 5000-аар зарагдах боломжтой.

Малчдаа янз бүрийн төрийн “тусгай хамгаалалтад” аваад байдаг хэрнээ хэрэглэгчдийнхээ халаасыг лангуунаас хүлчихээд өндөр үнэ хэлж сэгсэрсээр байгаа нь зүйд нийцэх үү. Зун, намрынхаа найр наадам хэсэж, айраг цагаа эргүүлж явсаар өвлийн хахир хүйтнээр мал, малчин хоёр зудад нэрвэгдэхэд хэдэн цаг, хэдэн өдрийнх нь цалингаар аймаг, нийслэлийнхнийг “торгочихдог” биш билүү. Аяганы хариу өдөртөө гэж монголчууд ярьдаг. Тэгвэл тал дүүрэн бэлчих 50 сая малынхаа ид шидийг үзүүлж махныхаа үнийг бодлогоор бууруулаач.

Нэгэнт харьяалсан яам нь махны үнийн тухайд ам нээж, гар хөдөлгөж бодлого ярихгүйгээс хойш ШӨХТГ-ын дарга О.Магнайд энэ ажлыг хариуцуулъя.

М.Мөнхтунгалаг