Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2021/11/03
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
- Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл,
- Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай,
- 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний талаар,
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц, цаашид авах арга хэмжээ, Зарим боомтын үйл ажиллагааны талаар зэрэг 25 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шүгэл үлээгчийн эрхзүйн тухайн хуульд шүгэл үлээгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, гомдол мэдээллээ албажуулж ирүүлсэн иргэнийг хэлнэ. Тодорхой компани, байгууллагууд зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэх гэж байгааг мэдээлэх зэрэг нь шүгэл үлээгчийн хийх үйлдэл юм.
Хэн нэгнийг гутаан доромжлох, баримтгүй зүйлийг олон нийтэд түгээхийг шүгэл үлээгч гэхгүй. Гаднын улсуудын энэ талаарх хуулийг судалсан. Шүгэл үлээгчээс авсан мэдээллийг сэтгүүлчид нууцлах эрхтэй. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйд давуу тал үүсгэнэ.
Шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хийж буй үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад урамшуулахаар хуульчилсан. 100 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэлх урамшуулалтай байхаар зохицуулсан.