Н.ТҮВШИНБАТ

 Монголын Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг 1294 онд дархан цаазтай болгожээ.

Саяхныг хүртэл нийслэлчүүд хан ууландаа байшин барих нь байтугай гэр бариад зусаж болдоггүй байсан бол сүүлийн хэдхэн жилд мөнгөтэй, мэдэлтэй хүрээллийнхэн хуваан, ам болгоныг сэндийчиж эхэлсэн. Ялангуяа нийслэлтэй хиллэдэг хойд хэсгээрээ эрүүл газар үлдсэнгүй.

 Дэд бүтэц, авто замтай ойр хойд хэсэг нь зүүн талын Хонхороос эхлээд Яармагийн урд дэнж хүртэл бүгд эзэнтэй болжээ. Энэ бүх замбараагүй газар олголт үе үеийн Байгаль орчны сайд нарын зөвшөөрлөөр 2000-аад оноос эхэлсэн байдаг. Богдхан уулын дархан цаазат газар нь нийт 41.6 мянган га талбайгаас 4152 га нь өдгөө 2000 гаруй иргэн, аж ахуй нэгжийн мэдэлд оржээ. Гэхдээ тэдэн дотор Зайсангийн уугуул өрхүүд бас бий. Харин 1400 гаруйг нь сүүлд шинээр иргэн, ААН-д олгосон байдаг аж. Одоогоор энэ газрын эздийн 600 гаруй нь газраа ашиглаад, 800 гаруй нь ашиглаагүй. Ашигласан газраас 30-аад нь л зориулалтын дагуу байдаг аж. 

Харин 580 орчим нь зориулалтын бусаар ашигласан байдгаас 270 орчим нь зуслан, үлдсэн нь аялал жуулчлалын зориулалтаар авсан ч амины орон сууц, хотхон барьж ашиг олжээ. Судлаад үзэхээр дандаа л төрд өндөр алба хашиж байсан хуулиас дээгүүр “алхсан” эрхмүүд уулын савдаг мэт аяглаж, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ингэж “даам” гарсан байдаг.Уг нь MNS 6426: 2013 стандартад “Байр сууц, байгууламж нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг хадгалсан байгалийн дүр төрхөд нийцсэн, түүх соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай байх ба барилгын газар дээрх давхар хоёроос өндөргүй байна” гэсэн байж. Гэтэл УИХ-аас Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай 23 дугаар тогтоолд хот төлөвлөгөөний бүсийг тогтоож өгчээ. Үүний хэрэгжилтийг хангах зорилгоор MNS 6426: 2013-ын 5.3.3-т “Нийслэлийн төвийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг дахь суурин газрын бүсийн ерөнхий төлөвлөгөөний барилга, байгууламжид дээрх давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй” гэж зааснаар Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас барилга барих зөвшөөрлүүд олгож эхэлсэн байдаг. Ингээд л Богдхан уулын ар хормой хуулиас дээгүүр мэдэлтнүүдийн гарт орсон хэрэг.

Улаанбаатарын уушги Богд уул саяхныг хүртэл онгон дагшин байсан нь одоо үгүй болсоор байгааг бид харсаар мэдэрсээр байгаа ч гар хумхиж сууна. Түүнчлэн дээр дурдсан 1400 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хэд нь Монгол Улсын эрүүгийн хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байгаа судалгааг Байгаль орчин аялал жуулчлалын яам гаргасан болов уу. Шаардлага хүргүүлсэн болов уу. Засаж залруулсан, ажлыг нь зогсоосон нь хэд байдаг юм бол. Тэнд Монгол Улсын эрүүгийн хуулийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 Хахууль авах, 22.5 Хахууль өгөх, 18.6 Мөнгө угаах хэргүүд ил далд байгааг мэдсэн ч өнөөдрийг хүртэл чимээгүй л явсаар байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д зааснаас өөр барилга байгууламж барих, 33.2-т заасан “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэсэн заалтууд хэрхэн зөрчигдөж байгааг мэдэх болов уу. Өнгөцхөн харахад зөвшөөрөлтэй барилга бариад байгаа мэт боловч угтаа олон хууль тогтоомжийг уландаа гишгэж байна. Дээр нь Богд уулын дархан цаазат газар хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн оромж болоод удлаа. Нийслэлийн төвд ойрхон эрүүл газар гэдэг утгаараа Дархан цаазат уулын газрын үнэлгээ ч өндөр. Арцатын ам л гэхэд зах зээлийн ханшаар га газрын үнэлгээ 1,3 тэрбум орчим төгрөг буюу нийслэлдээ л хамгийн өндөр байдаг аж.

 

Богдхан ууланд “савдаг” болж, савраа шургуулагсад

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын зөвлөх асан кёкүшюүзан Даваагийн Батбаяр гэргий Т.Баясгалангийнхаа “Өлзийт голын эх”, “Трай Колорс” ХХК-ийн нэр дээр “Ахмадын сувилал” барих төсөл танилцуулж, Дархан цаазат уулын Арцатын аманд 5 га газар авчээ. Гэвч удалгүй Арцат вилла, Арцат апартмент орон сууцны барилга босч, тэдний гэр бүлд ашиг нэмсэн. Мөн түүний туслах асан Н.Эрдэнэбаатар “Би Эй И” ХХК компанийн нэр дээр Арцатын аманд 20 айлын орон сууцны хотхон барьсан байдаг.

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан С.Батболд ч мөн Дархан цаазат уулнаас хишиг хүртсэн нэгэн. Түүний хүү Б.Рэнжиндорж нь Бумбатын аманд аялал жуулчлалын зориулалтаар авсан газрыг зориулалтын бусаар ашиглаж, амины 24 орон сууц барьж байна. Бумбатын амны га газрын зах зээлийн үнэлгээ 50 сая орчим төгрөг.

Ц.Анандбазар гэх эрхэм бол Дархан цаазат уулын нэг амыг тэр чигээр нь эзэмшигч. Түүний Бага тэнгэрийн аман дахь 60 га талбайг 50 хувийг нь эзэмшдэг “Нью тур” ХХК-ийн мэдлийнх. Бага тэнгэрийн амны га газрын зах зээлийн үнэлгээ 900 сая орчим төгрөг.УИХ-ын гишүүн асан Д.Зориг­тын эхнэр Д.Оюунсүрэн­гийн “Одод” ХХК Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар авсан газрыг зориулалтын бусаар ашиглаж 18 айлын орон сууц барьсан гэх. Зайсангийн амны га газрын зах зээлийн үнэлгээ 150 сая орчим төгрөг. Гэх мэт хуулиас дээгүүр эрхмүүд Богд уулын “савдаг” мэт эзэн суусаар байна.

Үр дүн тааруухан ч Богд уулын газрыг хууль журмын дагуу ашиглаагүй хуулиас дээгүүр эрхмүүдтэй төр тэмцээд л байгаа бололтой. Авлигатай тэмцэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг холбогдох газраас жил гаруйн хугацаанд Богдхан уулын дархан цаазат газар шалгалт хийгээд хууль бусаар газар олгогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй дээрээс нь газрын төлбөр төлөөгүй 602 газрыг цуцалсан байна.

 

“Экоконстракшн”-ийн С.Нямдаваагийн хамаарал бүхий “Цогт-Идэр” ХХК Зайсангийн аманд хууль бусаар барилгын газар ухжээ

Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар өчигдөр Зайсангийн ам дахь газрын зөвшөөрөл нь цуцлагдсан барилгын ажил явуулахаар уулыг ухаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Уг газар нь “Эко констракшн” компанийн хамаарал бүхий “Цогт идэр” ХХК-ийнх гэж Иргэдийн хурлын төлөөлөгч сэтгүүлчдэд хэлсэн. “Цогт идэр” ХХК Дархан цаазат бүст 3.5 га газар эзэмшдэг байжээ. Байжээ гэдэг нь, 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар энэ газрын эрхийг цуцалсан байна. Гэсэн ч хүчингүй болчихсон газарт барилга барих ажил хэдийнээ эхлээд өрнөж байна. Уг нь, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ газарт үйл ажиллагаа явуулахыг хориглож лацадсан. Биднийг очиход шороо бужигнаж, том тэрэг холхисон дүр төрх угтсан. Ойролцоогоор 10 гаруй метрийн гүнтэй том нүх хоёрыг ухжээ. Энэ ажил сар гаруйн өмнөөс эхэлснийг дүүргийн иргэд ам булаалдан ярьж байв.

Төлөөлөгч Б.Жагар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд албан бичиг өгсөн ч одоогоор хариу аваагүй гэдгээ хэлсэн. Мөн долоо хоногийн өмнө Богдхан уулын дархан цаазат газрын улсын байцаагчийг дагуулж ирсэн ч тэдний хүч хүрэхгүй байгаа тухай дурдав. Богд уулын газрын маргааныг тойрсон олон асуудлын нэг энэ.

 Б.Жагар: Богд уулыг тойроод аялал жуулчлал нэрээр газар авч өөр зорилгоор ашигласан 800 гаруй асуудал бий

-Уул руугаа нэлээн ухжээ?

-Сарын өмнөөс ухсан. Чоно борооноор гэгчээр оршин суугчдыг ажилдаа явсан өдрүүдэд ухна. Эсвэл шөнөөр ухдаг. Хагас бүтэн сайн өдөр үйл ажиллагаа нь зогсчихдог.

-Уг нь сайдын тушаалаар үйл ажиллагаа явуулахыг цуцалсан байна. Гэтэл яагаад үл тоож байна вэ?

-Ард иргэдэд нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг хариулт өгдөг. Өөр компаниудаар дамжуулаад эзэд нь буцаагаад авдаг. Тэгэхээр “Эко констракшн” компанийн Ерөнхий захирал С.Нямдаваа 49 оффшорчны нэг, мөн дээрээс нь улс төрийн томоохон бүлэглэлийн хүн. Монгол даяараа энэ хүнийг мэднэ. “Эко констракшн” гэдэг нэр бол тэр хүний халхавч. Тийм учраас миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс олигархи бүлэглэлтэй хатуу тэмцээсэй гээд дэмжлэг хүсэх бичиг өгч байгаа.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ямар хариу өгөв?

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Уртнасангийн нэр дээр албан бичиг явуулсан. Өнөөдрийг болтол ямар ч хариу өгөөгүй. Иргэд ч бас бичиг өгсөн. Сайд Уртнасан гэж гоё гоё юм яриад, хурал чуулган гээд л... Ойн чуулган чинь уг нь энд хуралдах ёстой. Энэ чинь ойн сан бүхий газар. Гэтэл оффист цай, кофе уугаад сууж байгаа Байгаль орчны яамныхан нэг талаасаа барьцаанд орчихсон юм шиг. Энд бодитоор байгаль орчны гэмт хэрэг үйлдээд байхад телевизээр гоё гоё юм яриад, гадаад дотоодоор зугаалаад байж болохгүй.

Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд ч албан бичиг илгээсэн. Мөн л одоо болтол хариу алга. Улсын байцаагчдыг энд авч ирсэн. Тэд хөөрхий дийлдэггүй юм билээ. Уг нь улсын байцаагчийн хууль бус үйл ажиллагааг зогсоохоор тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Үл ойшооно гэдэг Монголын төрийн эсрэг нулимж байна л гэсэн үг. Энгийн иргэн Богд ууланд хоёр метр хашаа татаад ухаад эхэлвэл шоронд орно биз. Гэтэл энд 3,5 га газарт хууль бусаар 15 метр хүртэл гүн ухаад байхад хууль үйлчлэхгүй байна. Газрыг 50см-ээс доош зөвшөөрөлгүй ухахыг гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл энд 15 метр ухсан байна. Тэгэхээр өнөөдөр Экогийн Нямдаваа өнөөдрийг хүртэл шоронд орохгүй эрх чөлөөтэй явж байгаа нь тэр хүн бол нэгдүгээрт оффшортой, тэнд байгаа мөнгөөрөө Монголын төрийн зарим хэсгийг худалдаад авсан байх магадлалтай гэж хардаж бид Ерөнхийлөгчид хандаж байна. 

-Яг одоо энд газар шорооны ажил явж байна. Энэ шороо зөөж байгаа машины урд “Авто замын засвар” гэсэн хаягтай харагдсан?

-Энд ямар ч замын ажил явагдаагүй. Авто замын засвар гэдэг чинь авто зам дээрээ л ажиллах ёстой. Гэтэл ийм халхавчаар уул усыг ухаж, зөвшөөрөлтэй мэтээр иргэдэд харагддаг. Оршин суугчид авто замын засвар хийж байна гэж ойлгох нь. Гэтэл энд хууль бус мөнгө угаах барилгын ажил явж байгаа учраас тэмцэх ёстой.

-Хан-Уул дүүрэгт өөр энэ мэт газрын маргаантай асуудал хэчнээн байна вэ?

-Ер нь бол Туул голын эрэг дагуу 20-иод газрыг цуцлуулаад байна. 

Одоо дараагийн дөрөв таван газар цуцлагдах гэж байна. Гэвч гоё нэртэй шийдвэр гарсан ч аль нь ч хэрэгжээгүй байгаа. Төр засгийнхан нэг гараараа цуцалсан шийдвэр гаргаад, нөгөө гараараа өөр компанид өгдөг байж болохгүй. -Аялал жуулчлалын зориулалтаар газар авдаг ч барилга бариад зарсаар л байна?

-Таван жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглах гэрчилгээ олгодог. Ашиглах гэрчилгээг бусдад зарж борлуулах хориотой. Аялал жуулчлал гэдэг ч орон сууц бариад зардаг. Ер нь, Богд уулыг тойроод 800 гаруй ийм асуудал бий.

-Хөдөө аж ахуйн их сургуулиас баруун тийшээ голын бүсэд байгаа иргэдийн газрын зөвшөөрөл гарсан уу?

-Тэнд хоёр, гурван үеэрээ амьдарсан иргэдийн газрыг өгөөсэй гэж хүсдэг. Олигархиуд нь уулын амыг бүхэл бүхлээр нь аваад хотхон бариад байхад ядарсан иргэд нь газрын гэрчилгээгээ авч чаддаггүй. Ийм ялгавар үзэл гаргаж болохгүй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН