УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2026 оны төсөвтэй холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Миний улс төрд орсон шалтгаан бол улс төрчдийн хэлэхээс айж тойрдог, Монголын хөгжилд хамгийн чухал байдаг хүнд сэдвүүдийг авч гал атгаж явна гэж өөртөө амлалт тавьсан. Тэр утгаараа өнгөрсөн жилийн хугацаанд нэлээд олон сэдвүүдээр улс төрд шүгэл үлээлээ.

Өчигдөр Гэр бүл, хөдөлмөр хамгааллын сайд Т.Аубакир яриандаа "Багш болон эмч нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгийг хасахаас өөр аргагүй байдалд ирсэн" гэж мэдээлэл өгсөн. Хоёр долоо хоногийн өмнө Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр бэлэн мөнгө хэлбэрээр иргэдийн дансанд хүүхдийн мөнгө шилжүүлж байгаа нь буруу бодлого талаар хэлэхэд иргэдийн шүүмжлэлийг маш их дагуулсан. Энэ бодлого нь 2020 оны тавдугаар сарын 6-нд Засгийн газрын тогтоолоор хүүхдийн 30 мянган төгрөг олгодог байсныг 70 мянган төгрөг нэмээд зургаан сарын хугацаатай 547 тэрбум төгрөг гарахаар шийдвэрлэсэн. 

Үүний үр дүнд 2020 оны сонгууль болж МАН 76 суудлаас 62-ыг нь авсан. 2024 онд МАН Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ногдол ашигт 350 мянган төгрөг тараагаад үр дүнд 1.1 их наяд төгрөгийг иргэдийн дансанд өгсөн. 2024 оны дөрөвдүгээр сард Шинэ хоршоо хөтөлбөрөөр 842 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлт 38 тэрбум байна. 

Яагаад бэлэн мөнгө тараах хөтөлбөр сонгуулийн өмнө гарч ирдэг юм бэ. Сонгуулийн өмнө иргэдэд хайр зарлаж мөнгө тараасны үр дүнд юу болдгийг харах зайлшгүй шаардлагатай. Бэлэн мөнгө тараасан ч хэрэглээний зардал нэмэгдэж байна.

Үзэл баримтлалынхаа дагуу гарч ирж байгаа С.Цэнгүүн гишүүн хамгийн буруу зүйл хэлсэн юм шиг санагдаж байгаа ч 2028 оны сонгууль дөхүүлээд иргэдэд таалагдах дахин хөтөлбөр зарлана. Үр дүнд нь МАН-ыг дахиад сонгож, нүүрс хулгай, сандал суудлын төлөөх тэмцэл ярьсан чөтгөрийн тойргоос гарахгүй байгаа юм. 

 

"Сонгуулийн өмнө гарч ирсэн, эргэн төлөлт байхгүй зээлд дахин мөнгө тавих шаардлага байна уу"

Хэд хоногийн турш иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнөлөө. Иргэдийн санал дундаас хүүхдийн мөнгө дээр "Мөнгө цаас болоод байгаа нь үнэн. Гэхдээ хүүхдийн мөнгийг хаслаа гээд улсын танаж болох төсөв байсаар байна, ямар ч үр дүн гарахгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Би иргэдийн саналтай бүрэн нийлж, хүлээн авлаа. 

Тэр утгаараа өнгөрсөн долоо хоногт Байнгын хороод дээр 1.2 их наяд төгрөгийг хасах зарчмын зөрүүтэй саналыг тавьсан. 1.2 их наяд төгрөгийн төсөв буюу анх 88 зарчмын зөрүүтэй саналыг 22 болгож өгсөн. Ямар нэгэн хөнгөлөлттэй зээл, татаас, зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай биш мөнгөн дүнг нийлүүлбэл 1.2 төгрөг болно. 

Хүүхдийн мөнгө дээр 1.5 их наяд төгрөг улсын төсөвт суусан. Хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүйгээр 1.2 их наядыг хасах, улс оронд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийг Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нартай хамтран гаргаж тавьсан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногийн Байнгын хороон хурлаар бидний санал унасан. Гэхдээ УИХ-ын чуулганаар энэ асуудал дахин орж ирнэ. 

1.2 их наяд төгрөгийн 600 тэрбум нь Шинэ хоршоо хөтөлбөр байгаа. Сонгуулийн өмнө гарч ирсэн, эргэн төлөлт байхгүй зээлд дахин мөнгө тавих шаардлага байна уу. Дээрээс нь ямар хүмүүс банкнаас 20 хувийн зээл авч бизнес хийдэг, ямар хүмүүс нь төрийн дэмжлэгээр хөнгөлөлттэй зээл буюу 3 хувийн зээл авч явдаг юм бэ. Хөнгөлөлттэй зээл гэдэг нь дарга нартай холбоотой хүмүүст очдог. 

Бизнес эрлэгч нарын орчныг сайжруулж, татварыг багасгаж чадахгүй байж хэсэгчилсэн байдлаар элдэв төсөл хөтөлбөр доор олон тэрбум төгрөг зарцуулж байна. 

Улс төрчийнхөө хувьд хэлэхэд МАН-д итгэл алдарч байна. Хамтарсан Засгийн газар байгуулаад эрчим хүчний реформыг явуулж чадна гэдэгт нь итгэж зөв зүйтэй гэж хэлсэн. Гэтэл үнэ нэмэгдсэн ч Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний компаниудын өгөөжийг сайжруулахад үнэхээр ажиллаж чадаагүй. 

Бидний гаргасан 1.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс хасах саналыг өөрийн сонгосон тойргийн гишүүдэд хандаарай. Хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй улсын төсвөөс хасах маш их орон зай байгаа. Нөгөө талдаа улсын төсвөөс гадна явдаг төрийн өмчит компаниудын асар их хөрөнгийн зарцуулалтыг бид УИХ дээр хянах боломжгүй байна. Хяналтгүй урсаж буй мөнгө дээр хамгийн их хулгай өрнөдөг" хэмээн ярив.