Устах аюул нүүрлэсэн соёлын өвийг хамгаалах төсөв хэрэгтэй байна сайд аа!
2021/11/22
А.МӨНХЖИН
XXI зууны соёлт ертөнцөд монголчууд бид зөвхөн өөрсдийнхөө соёлын өвийг тээж яваа биш бидний бүтээсэн үнэт зүйл бүхэн хүн төрөлхтний томоохон соёлын өв юм байна гэдгээ одоо л ойлгодог болж байна. Манай улс 2014 онд Соёлын өвийн тухай хуулиа шинэчилж соёлын биет болон биет бус өвийн жагсаалтаа нэмж хадгалах, хамгаалах цар хүрээг нь тэлсэн.
Нэгэнтээ 1990-ээд оны их бужигнааны үеэр үрэгдэж, устаж, хил гаалиар гарч одсон соёлын өвүүдээ сэргээх, буцаах боломжийг алдсан нь гашуун үнэн. Мунхаг харанхуйн давалгаа дайрсан он жилүүдэд бид өөрсдөө өөрсдийгөө тоносны гашуун сургамжаа тээсээр энэ зуунтай золгосон. Харин одоо байгаа бүхнээ хэрхэн хадгалж хамгаалж, нэмж бүтээх вэ гэдэг чухал байна. Хуулиа шинэчилж, сайжруулсан ч хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг соёлын өвийг бүртгэх, сэргээх, хадгалах, хамгаалахад нөгөө л төсөв хөрөнгийн асуудал яригддаг зовлон өнөөдөр ч хэвээр байна.
Богдын музейн үзмэрүүд шилэн хоргондоо үжирч, Чойжин ламын сүм музейн хөх тоосгыг хийх мэргэжилтэн байхгүйн улмаас булангаа цоолуулсан будааны уут шиг он цагийн салхинд “гоожсоор”. Ингээд цааш яривал дутуугийн зовлон их.Энэ улс, үндэстний соёлын их өвийн төлөө мэргэжлийн хэдхэн байгууллагын хэдхэн ажилтан өөрийнхөө өмчөөс илүү сэтгэл чилээн энд тэндээс төсөв мөнгө гуйн царайчилж явдгийг мэддэг хүн, тоодог дарга, сайд алга. Өдий болтол байгаа хэдхэн музейнхээ газрыг баталгаажуулаагүйн улмаас мөнгөтэй хувийн компаниуд хэдэн талаас нь шахаж шилэн байшин барьдаг гэх мэт асуудал ч бий. Чойжин ламын сүм музейн газар руу хувийн компани зогсоолоо оруулж барьснаас болж хэдэн жилээр шүүхдэлцсэн. 10 хүрэхгүй ажилтантай музейд хуульч мэдээж байхгүй, дээр нь шүүхдэлцэх мөнгөгүй. Сошиалаар иргэдээс тусламж хүсэж байж өмгөөллийн компанитай болж асуудлаа шийдэж байв.
Соёлын хэдхэн байгууллага нь мэдээж бүгд улсынх. Дотор нь ажилладаг хэдэн ажилтан нь дарга, цэрэггүй бүх юмаа хийгээд урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг.
Галд өртсөн зургуудаа үрчлүүлЭх аргаар сэргээлгэж байна
Галд өртсөн зургуудаа сэргээлгэх төсөвгүй улсын ганц галерей нь банкуудын захирал цугласан хурлын заал бараадаж, үзэсгэлэн гаргаж байхад төсөвт нь хөшөөний 32 тэрбум суучихсан байдаг. Гомдмоор ч юм шиг, гутармаар ч юм шиг ийм үйл явдал соёлын салбарт зэрэгцсээр.
Монголын уран зургийн галерей “Соёлын өвийг хамгаалахад олон нийтийн оролцоо” үзэсгэлэнгээ Шангрила зочид буудалд хөрөнгө оруулалтын форум болж буй танхимын үүдэнд дэлгэжээ. Галерейн захирлын менежмент ч гэсэн Соёлын яамны төсөвт сууж болох зардал. Монголын уран зургийн галерей 1991 онд байгуулагдсан. 1921 оноос хойших Монголын орчин цагийн дүрслэх урлагийн сор бүтээлүүд хадгалагддаг ганц газар. Өдгөө 4000 гаруй бүтээлтэй, цор ганц төрийн өмчит галерей. 2008 оны долдугаар сарын 1-ний олныг хамарсан үймээн болон 2009 онд цахилгааны улмаас гал гарах үеэр маш олон бүтээл галд өртжээ. Эдгээр бүтээлийг хоёр удаагийн төслөөр сэргээн засварласан хэдий ч нэлээд олон сэргээн завсарлах, цэвэрлэх, сэргээн бүтээлгүүлэх бүтээлүүд үлдсэн байна. Гэвч 2005 оноос хойш сэргээн засварлах, ажил зогсонги байдалд оржээ. Тийм учраас тус галерей 2019 оноос хойш урлагийн бүтээл үрчлүүлэх олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Бүтээлүүдийг яаралтай авран хамгаалахгүй бол өдөр ирэх тусам бутарч унан гэмтэл нь ихсэж байгаа учраас энэ ажлыг идэвхжүүлэх зорилгоор олон улсын хөтөлбөр хэрэгжүүлсэн тухай тайлбарлагч онцлов.
Монголын уран зургийн галерейн бүртгэл мэдээллийн санч Б.Чимэдхорол “Анх 2006 онд АНУ-д энэ хөтөлбөр хэрэгжсэн бол 2019 онд Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн. Бидэнд олон нийтийн оролцоо маш чухал байна. Төрөөс дэмжлэг, төсөв маш бага. Бидэнд эдгээр бүтээлийг авран хамгаалахад туслах олон нийтийн оролцоог эрэн хайж энэ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа гэв. Тэр төслийн хүрээнд гурван бүтээлийг хоёр байгууллага, нэг иргэнд “үрчлүүлж” сэргээн завсарлуулсан байна. Галд өртсөн бүтээлүүдээс сэргээн засварлах боломжгүй нэлээд бүтээл байгаа учраас тэдгээр бүтээлээ авран хамгаалахын тулд хийсэн олон оролдлогын үр дүнд урлагийн бүтээлийг сэргээн бүтээлгэх төслийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн нь энэ. Хамгийн анх Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн 1971 онд бүтээсэн Монголын тээврийн хөгжлийг харуулсан “Монгол транс” хэмээх бүтээлийг зураачаар дахин зуруулжээ. Энэ удаагийн үзэсгэлэндээ үрчлүүлсэн, төслийн үр дүнд сэргээн бүтээлгэсэн болон үрчлүүлэх, сэргээн бүтээлгүүлэх зургуудаа дэлгэснийг хуралд оролцогчид цайны завсарлагаанаар сонирхож харагдсан.
Устахад ойрхон уран зургуудаа тус галерей ийнхүү үрчлүүлэх аргаар авардаг. Зургийг үрчлүүлэх гэдэг нь тухайн сэргээн засварлах бүтээлүүдээс сонирхсон хүнд нь сонгуулаад сэргээн завсарлах зардлыг нь гаргахыг хэлдэг аж. Үрчилснээрээ тухайн эх бүтээлийн 1х1 хэмжээнээс өөр хэмжээтэйгээр хуулбарлах, канвасаар хэвлүүлэх, эх бүтээлийн гэрэл зургийг ашиглах, бэлэг дурсгалын зүйлд ашиглах гэх мэт галерейгээс олгодог тусгай эрхийг эдлэх боломжтой болдог байна. Тус галерей одоогоор гурван бүтээл үрчлүүлж, сэргээн засварлуулжээ. “Монгол банк”-ны захирал Б.Лхагвасүрэн энэ хөтөлбөрийг анх санаачилж, дэмжиж ажилласан учраас галерей энэ удаа банкуудаас дэмжлэг “горьдож” үзэсгэлэнгээ энд дэлгэсэн бололтой.
Хамгийн анхны бүтээл нь Монгол Улсын ардын зураач Л.Гаваагийн “Алтайн уулс” хэмээх том хэмжээний, алдартай бүтээл байж. Энэхүү бүтээлийг “Монголын банкуудын холбоо” ивээн тэтгэж, үрчилж авснаараа сэргээн засварлаж дахин үзэгчдийн хүртээл болж чаджээ. Мөн Ардын зураач О.Цэвэгжавийн “Эмнэг сургагч” гэх бүтээл галд өртсөн цагаасаа хойш үзэгчдийн хүртээл болж чадалгүй 12 жил болсныг “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэх нийгэмлэг”, 15 мянган төмөр замчид хандив цуглуулж сэргээн засварлуулсан байна. Хувь иргэнд үрчлүүлсэн бүтээл бол ардын зураач Н.Цүлтэмийн “Цэцэгтэй эмэгтэй” гэх бүтээл. Уг бүтээлийг зургийн гол дүрийн эмэгтэйн гэр бүл нь үрчилж, сэргээн засварлуулжээ.
Уран зураг үрчлүүлэх гэдэг сонирхолтой энэхүү хөтөлбөр дэлхийн олон оронд хэрэгждэг бөгөөд одоогоор олон улсад нийт 80 мянга гаруй хөтөлбөрт 100 гаруй бүтээл үрчилжээ. Харин Монгол Улсын хувьд энэ хөтөлбөрийг тус галерей 2019 онд анх хэрэгжүүлсэн ажээ. Монголын уран зургийн галерейд мэргэжлийн сэргээн засварлагчийн орон тоо гэж байдаггүй учраас ажилтнууд нь устах аюулд орсон бүтээлээ хараад зүгээр суулгүй болж бүтэх хамаг л арга чаргыг хэрэглэдгийн нэг нь энэ бололтой.
Соёлын өвийн үндэсний төв нь соёлын өвүүдийг сэргээн засварлах эрхтэй улсын цор ганц төв байгууллага. Гэтэл энэ төвд улсын 365 сум, аймгуудаас сэргээлгэх шаардлагатай соёлын өвийн бүтээлүүд ирдэг учраас ачааллаа дийлдэггүй гэж байв.Үзэсгэлэнд Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын 2007 онд бүтээсэн тухайн оны шилдэг бүтээл болох “Сансрын хүлээснээс чөлөөлөгдөхүй” хэмээх зураг байв. Талаасаа шатаж гар хүрвэл үйрч унамаар уг бүтээл уйлж байгаа мэт нүдэнд тусна. Энэ тухай галерейн ажилтнаас тодруулвал “Энэ бүтээл 2009 онд галд өртөөд сэргээн засварлах боломжгүй болсон. Тийм учраас бид зураачаар нь дахин зуруулах зорилготойгоор үзэсгэлэндээ дэлгэсэн” гэсэн юм.
Үзэсгэлэнд үрчлүүлэх болон сэргээн бүтээлгэх төсөлд хамруулах урлагийн бүтээлүүдээс гадна галерейн сан хөмрөгийн дээжээс авчирчээ. “Зөвхөн дэмжлэг хүсэхээс гадна бид олон нийтэд арвин сан хөмрөгөөсөө боломж л гарвал дэлгэн үзүүлж, соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллага. Зай талбайн боломж, түрээсийн зардал мөн бүтээлүүдээ нүүлгэх нь “асуудалтай” байдгаас тэр бүр үзэсгэлэн зохион байгуулах боломж олдоод байдаггүй. Тиймээс дэмжиж туслах байгууллага гарч ирээд үзэсгэлэн дэлгэх боломж бүрийг алдалгүй ашигладаггүй шүү” хэмээн тус галерейн мэдээллийн ажилтан яриад биднийг инээмсэглэн үдсэн юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН