Өнөөдөр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий Шатахууны үнийн зөвлөл хуралдсан. Үүгээр АИ-92 шатахууны үнийг төрөөс шууд зохицуулдаггүй байх, өөрөөр хэлбэл зах зээлийн зарчимд нь аажмаар шилжүүлэхэд чиглэсэн зарим шийдвэр гарсан байна.

Энэ талаар УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийн, тайлбарлалаа.

Бидний хувьд шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж, тогтоодог. Иймд гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг.

Тэгвэл үүнээс хойш үнийг төр ч биш, шатахуун импортлогч ААН ч биш, автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа юм байна.

Тодруулбал, сүүлийн зургаан сарын үнийг автоматаар дундажлан, тухайн сарын үнээ тогтоохоор болж байна. Энэ механизмыг Олон улсын валютын сангаас зөвлөдөг бөгөөд Колумб зэрэг хэд хэдэн орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа талаар Дэд сайд О.Батнайрамдал онцоллоо.

Ингэснээр шатахууны үнэ огцом хэлбэлзэхээ болино. Гэхдээ гадаад зах зээл дээр огцом өсөлт явагдвал энэ нь шатахууны үнийн нийт дүнгийнхээ 5 хувьд л нөлөөлөх аж.

Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээр газрын тосны үнэ хэчнээн огцом өслөө ч дотоодод шатахууны үнэ хамгийн дээд талдаа 100 төгрөгөөр өсөх юм байна. 100 төгрөг нь тааз үнэ бөгөөд үүнээс хэтэрч нэмэгдэх боломжгүй аж.

Нөгөө талаар улс төрчид шатахуун импортлогчдод чиглэл өгөх хэлбэрээр шатахууны үнийг зохицуулдаг байсан хандлага ч үүгээр зогсоно гэдгийг Дэд сайд О.Батнайрамдал тайлбарлаж байна.

Дээрх үнэ тооцох механизм нь гагцхүү АИ-92 төрлийн шатахууны тухайд гэдгийг тодотгоё.