Т.АМАРТҮВШИН

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амийг хөнөөсөн хэргээр зургаан жил хоригдсон Б.Содномдаржаа анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасан билээ. Эрдэнэт хотод очиж, Б.Содномдаржаатай болж өнгөрсөн үйл явдлын эргэн тойронд дэлгэрэнгүй ярилцлаа.

-Бие нь сайн уу. Эмчилгээ хийлгүүлж амжив уу?

-Биеийн байдал тааруу байгаа. Эмчилгээ хийлгэж чадаагүй л байна. Эмчид үзүүлээд нурууны суулттай, шохойжилттой гэж оношлогдсон. Нуруу, үе мөчөөр өвддөг болсон. Хавраас ах дүү, хамаатнууд маань нийлээд эмчилгээний мөнгө өгөхөөр ярьж байна. Тэгэхээр л эмнэлэгт үзүүлж, нэг сайн эмчилгээ хийлгэх бодолтой байна даа.    

-Гэрийнхэн чинь сайн байна уу?

-Манай гэр бүлийнхэн олон жил зовлоо. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор хүүхдүүд аавыгаа гарч ирэхээр баярлаад жигтэйхэн болсон. Хүүхдүүдийг минь ангийнхан нь их дээрэлхдэг юм байна. “Алуурчны хүүхдүүд” гэж доромжилдог гэсэн. Эхнэр маань хүүхдүүдээ тэжээх гэж маш их зовсон байна. Хадам ээж, аав нар маань үргэлж тусалж, хүүхдүүдийг минь харж, хандаж ирсэн. Эргэлтээр ирсэн бага хүүхдүүд минь намайг аавыгаа гэж мэдэхгүй “Ахаа” гэж дууддаг байсан. Одооноос гайгүй болж байна.

-Танайх хэдэн хүүхэдтэй билээ?

-Долоон хүүхэдтэй. Хоёр том нь тусдаа гарсан. Том хүү 2013 онд эхнэр авсан. Хоёр хүү маань хоёр, хоёр хүүхэдтэй. Одоо Улаанбаатар хотод амьдардаг. Бусад хүүхдүүд маань аав, ээжтэйгээ амьдарч байна.

-Өнгөрсөн хугацаанд маш олон үйл явдал болж өнгөрлөө. Анх энэ үйл явдал эхэлсэн үеэс гол яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

-Анх 2013 оны үед “Чи Зоригийг алсан. Авгайг нь хүчиндсэн. “Паар”-хочит Отгонбаатарыг шатааж алсан. Хэргээ хүлээ” гэсэн мессежүүд ирж байсан. Би тэр үед нь мессежүүдийг эхнэртээ үзүүлээд, эхлээд тоогоогүй өнгөрсөн. Нийтдээ 200 гаруй мессеж ирсэн. Амгаланбаатар олон удаа утсаар ярьж намайг дарамталдаг байв. Би тэр үед улаан хүрэн куртик өмсдөг байв. “Чамаас цус гаргаж, наад куртикний чинь өнгөтэй болгоно шүү” гэж айлгадаг байсан. Шөнө байшингийнхаа дээд давхрынхаа гэрлийг унтраахаар “Яагаад гэрлээ унтраачихав. Наад хөшигнийхөө завсраар юу хийгээд байгаа юм” гэж дарамтална. Дараа нь бодоход эсрэг талын гудманд нэг жийп, арын гудманд мөн өөр нэг жийп машин хонодог байсан. Тагнуулынхан машинтай хонож, намайг тагнадаг байсан юм билээ. Ингэж учир битүүлэг мессеж ирж дарамтлах болсон тул 2014 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт хандсан. Намайг өргөдөл, баримтыг хавсаргаад аваад ир гэсэн. Ц.Амгаланбаатараас ирүүлсэн 200 гаруй мессежийг бүгдийг нь хэвлэж, өргөдлийн хамт цагдаагийн байгууллагад өгсөн. Гэтэл тасралтгүй мессеж ирээд байсан учраас аймгийн Цагдаагийн газрын дарга Даваазул, Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга Батхүү нартай уулзаж, ийм учир битүүлэг мессеж ирж буй тухай хэлсэн.

Гэтэл Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга Батхүү “Ийм зүйл олон байдаг. Үлгэр шиг зүйлд итгэх хэрэггүй” гэж хэлээд тоогоогүй. Гэвч мессежүүд ирсээр байсан. 2013 оноос 2015 оны наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилсэн. “Чи тийм хувцас өмссөн байна. Танай хүүхдүүд хашаан дотроо тоглож байна.

Хоёр давхрын цонхон дээрээ юу хийж байгаа юм” гэх мэтээр дарамталсан мессеж ирдэг байв. Манай эхнэр рүү тагнуулынхан мессеж бичнэ. “Танилцъя, бэлэг авч өгье” гэж бичдэг байв. Эхнэрийг лангуун дээрээ сууж байхад нь ирж хачин сонин үйлдэл гаргана. Тиймээс аймгийн прокурор, шүүхийн байгууллага,  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан ч нэмэр болоогүй. -Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр олон жилийн хорих ялтай хүн. Гэтэл гадуур сул чөлөөтэй явж байсан гэсэн үг үү?

-Ц.Амгаланбаатар онц хүнд гэмт хэрэгтэн. Гадуур сул чөлөөтэй явах ёсгүй. Гэтэл тагнуулынхан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд авч явж байсан юм болов уу гэж боддог. Ц.Амгаланбаатарыг байнга авч явж, хоол хүнсээр хангаад, буудалд хүүхэнтэй хонуулах гээд бүх юмаар хангасан байх. С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг ч Ц.Амгаланбаатарт уншуулсан гэж ойлгогддог. 1998 оны аравдугаар сарын 2-нд юу болсон талаар уншуулж, хэлж өгч, худлаа яриулсан. Ц.Амгаланбаатар наранд өмсдөггүй үнэтэй хром шоронд өмсдөг байсан. Тийм хромыг баячууд л өмсдөг байх. Амгаланбаатараас 2015 оны гуравдугаар сарын 25-нд “Маргааш манай хамууд чамтай уулзана шүү” гэсэн мессеж ирсэн. Маргааш нь би аймгийн худалдааны төвийн гадаа явж байхад хоёр залуу хүрч ирээд нүүр лүү нулимсан. “Чи яаж байна аа” гэсэн чинь “Яадаг юм” гэж надаас хэрүүл өдөөд, бид барилцаж авсан. Биерхүү залуус байсан. Тэр хоёртой 30 минут ноцолдсон. Нэгэнтэй нь ноцолдож байхад, нөгөө нь бичлэг хийгээд байсан. Биерхүү бүдүүн залуус байсан учраас би дийлээгүй. Намайг шууд зодчихгүй ч зүгээр барьцалдаж, ноцолдож байгаад  салаад явсан. Гэтэл хоёр хоногийн дараа хоёр цагдаа ирж, намайг аймгийн цагдаагийн газар руу авч явсан. “Чи хүн зодсон байна” гэж хэлсэн.

-Тэр залуучууд юун хүмүүс байсан юм бол?

-Сүүлд сонсох нь ээ хууль, хүчний байгууллагын ажилтнууд байсан юм билээ. Цагдаагийн байгууллагаас “Чи Бархасбадь, Амартүвшин гэж хоёр хүнтэй муудалцаж, Амартүвшингийн гар хөлийг нь гэмтээж, хувцсыг нь урсан байна” гэж хэлсэн. Би түүнтэй дээр доороо ороод ноцолдож байхад Бархасбадь нь бичлэг хийж, цагдаад өгсөн байсан. Тэгээд 181.2 буюу танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тус хэргийн шүүх хурал 2015 оны есдүгээр сарын 10-нд болохоор товлогдсон байв. Гэтэл наймдугаар сарын 31-ний өглөө 09:00 цагийн үед эхнэр бид хоёр хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлтгэх гээд гарах гэж байсан чинь үүдэнд цагаан машин ирж зогссон. Надтай наймаа хийх гэж байгаа юм болов уу гэж бодоод гараад очсон чинь олон залуучууд эгнэж зогссон байсан. “Б.Содномдаржаа мөн үү” гэхэд нь мэдээж мөн л гэж хэлсэн. Гэтэл “Чи хүн алчихаад яагаад очдоггүй новш вэ” гэж хэлээд, толгойнд хар уут углаад машин руугаа түлхэж оруулаад авч явсан. Ингээд л Эрдэнэтийн Тагнуулын газарт аваачиж, паарнаас гавласан. Т.Чимгээг мөн баривчилсан байсан. 

Аймгийн Тагнуулын газарт хэдэн цаг паарнаас гавлаж байгаад, мөн толгойд хар уут углаад өөр газар руу авч явсан. Шөнө нэг газар ирсэн. Тухайн үедээ хаанаа ирснээ мэдээгүй. Төв аймгийн мөрдөн байсан юм билээ. О.Бархасбадь нарын тагнуулынхан биднийг ингэж баривчилж авч явсан. Шөнө нь Тагнуулын ерөнхий газрын ажилтан Мөнхгал, Бямбажав хоёр орж ирж дэглэсэн. Маргааш орой нь өрөөнд Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар хөнжил, гудсаа үүрээд орж ирсэн. Тэгээд дээрэлхэж эхэлсэн дээ. -Нөгөө эрүүдэн шүүсэн бичлэг болсон үйл явц уу?

-Тийм. Орж ирээд Ц.Амгаланбаатар “Бос п...а минь” гэсэн. Тэгэхэд нь босоод доод талын нааран дээр хэвтсэн. Хүн амины хэрэгтэй хоёр аймаар хүн орж ирэхээр нь айж байгаа юм чинь. Тэр өдөр гайгүй өнгөрсөн. Маргаашнаас нь намайг дээрэлхээд эхэлсэн. Ц.Амгаланбаатар “Зоригийг алсан хэргээ хүлээ. Авгайг нь хүчиндсэн биз дээ. Чи паарыг /Отгонбаатар/ шатааж алсан хэргээ хүлээ” гэж хэлэхэд нь, хажуугаас нь Б.Итгэлтөгс “Хэрэг хам чинь ирсэн байна. Хэргээ хүлээгээч” гэж шургадаг байв. Өдөр шөнөгүй намайг суниалгана. “Унтвал нүдийг чинь сохолно. Нэг нүд сохолбол дөрвөн жил, хоёр нүд сохолбол найман жилийн ял авна. Хэлийг чинь сугалбал зургаан жил байдаг” гэж айлгаад тэвнэ харуулдаг байсан. Би чинь их аймхай хүн учраас айгаад унтаж чаддаггүй байв. Нүдэнд хүүхдүүд минь харагдаад. Энэ хэд дээрээ амьд очих юмсан гэж бодогдоод хэцүү байсан. Ийм байдлаар дарамтлуулж зургаа хоносон. Наян хэдэн цаг нойргүй байсан. Над руу муухайгаар хашхираад хэрэг хүлээлгэх гэж оролдсон. Дийлэхээ байхаараа ТЕГ-ын ажилтан Бямбажавыг оруулж ирж дээрэлхүүлсэн. Бямбажав орж ирж намайг гар дээр суниалгаад, хувцас тайлуулах зэргээр дарамталсан. Есдүгээр сарын 6-ны өдөр Ц.Амгаланбаатарыг өрөөнөөс гаргаад Итгэлтөгс надтай үлдсэн. Итгэлтөгс “Чи олон сайхан хүүхэдтэй юм байна. Зоригийг Амгаланбаатар алсан гэж өөдөөс нь дайр. Тэгэхгүй бол чи 30 жил гянданд хоригдох гээд байна. Эсвэл цаазаар авахуулна. Хэд хоногийн дараа чиний толгойд хар уут углаж авч яваад л цаазална. Хүүхдүүдээ бод” гэж ятгадаг байсан. Тэгэхэд нь би “Хэзээ ч худлаа хэлэхгүй. Надад хийсэн хэрэг байхгүй” гэдэг байлаа.

 

-Б.Итгэлтөгс ямар хугацаанд хамт хоригдсон бэ?

-80 хоног хамт байсан. 2015 оны есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 20 хүртэл хамт байж, дарамталсан.

-Анх ямар хүмүүс өөрийг чинь байцааж эхлэв?

-ТЕГ-ын ажилтан Бямбажав, Бархасбадь, Баттөмөр нар ирж байцаадаг байсан. “Ганхуяг, Чимгээ, Амгаланбаатар нар хэргээ хүлээсэн. Чамайг алуурчин гэж хэлээд байна. Энэ гурван хүний үгээр шүүх ажиллагаа явна. Чи одоо цаазаар авахуулах нь. Чи уг нь гайгүй залуу байна. Гэмгүй хүн байна. Энэ гурван хүний ятгалгаар шоронд явах гээд байна. Чи өөдөөс нь дайраач. Энэ гурвыг алуурчин гэж хэл. Би гэрийнх нь гадна сууж байсан” хэмээн хэл гэж тулгадаг байсан. Төрийн цагдаа ийм зүйл ярихад нь гайхдаг байлаа. “Би худлаа хэлэхгүй. Хэрэг хийгээгүй” гэдэг байв. Өрөөндөө буцаад орохоор Итгэлтөгс “Чи нөгөө хэдийгээ сөргүүлж, хэргийг үйлдсэн гэж дайраач” гэж намайг ятгана. Гэтэл нэг өдөр тагнуулын ажилтнууд надад мансууруулах төрлийн зүйл өгсөн. 

2015 оны есдүгээр сарын 17, 18-ны үеэр О.Бархасбадь хүрч ирсэн. О.Бархасбадь надад хоёр ширхэг “mild seven” өгсөн. Нэгийг нь татаад сонин болсон. Хоёр дахийг нь татаад ухаан санаа өөр болчихсон. Надаар баахан худлаа юм яриулаад бичлэг хийж авсан юм билээ. Түүнийг сүүлд нь хийсэн бичлэгийг нь үзэж мэдсэн. “Би талийгаачийн байрны гадаа нь сууж байсан. Наадуул чинь алуурчин” гээд баахан худлаа ярьсан байсан. Тэгж мансууруулах бодис хэрэглүүлж буруу зөрүү зүйл яриулж авснаа Г.Эрдэнэбат прокурор “Содномдаржаа, Амгаланбаатар нар хэргээ хүлээсэн” гэж ярьдаг. Зохион байгуулалттай муухай юм хийчихээд дараа нь эвлүүлэг хийсэн байсан.

-Танд мансууруулах бодис хэрэглүүлсэн гэж үү?

-Тийм. Найдвартай үнэн. Би тэр тамхийг татсанаас хойш бие салгалаад хэцүү байсан. Хоёр сар шахам бие эвгүй явсан. Эхнэрээ очиход би танихгүй байсан шүү дээ. Намайг мансууруулснаас хойш хоёр сарын дараа мөрдөнгийн дарга Отгонбаяр гэж хүн “Энэ хольцгүй тамхи шүү” гээд “mild seven” өгсөн. Тэгэхээр аргагүй намайг хорлосон юм байна даа гэж боддог.

-Төв аймгийн мөрдөнд хэдэн сар хоригдов?

-Жил найман сар зоорийн давхарт хоригдсон. Хүн байхын аргагүй муухай газар шүү дээ. Дотроо 00-гүй, цонхгүй. Жоом, хорхой, аалз явна. Ханаараа аалзны шүлс хэрээстэй. Дотроо хувинд бие засна. Хүндээр бие засах бол шүүхийн шийдвэрийн ажилтнаас гуйж байж гарна. Тэр болгон гаргахгүй.

-Эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд хараа хяналт тавьж, таслан зогсоодоггүй юм уу?

-Тэдэнд ямар ч эрх мэдэл байгаагүй. ТЕГ, Улсын ерөнхий прокурорын газрынхан гүйцэтгэх ажиллагаа нэрийн дор эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан. Уг нь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, мөрдөн байцаагч, прокурорын ажилтан миний амь насыг хамгаалах ёстой. Гэтэл ийм муухай гүйцэтгэх ажил явуулсан даа.

 

ӨМГӨӨЛӨГЧ МААНЬ ТАГНУУЛЫНХНЫ ТАЛД АЖИЛЛААД ЯВЧИХСАН

-Та хэзээ нь хэн гэж өмгөөлөгч авсан бэ. Таны ар гэрийнхэн авсан уу, цаанаас томилов уу?

-Намайг барьж хорьсноос хойш 20-иод хоногийн дараа өмгөөлөгчөөр хангасан. Манай ар гэрийнхэн Мөнхтөр гэж хүнийг өмгөөлөгчөөрөө авсан байсан. 

Нэг өдөр өмгөөлөгч хүрч ирээд “Содномдаржаа чи юу яриад байна аа” гэсэн. Тэгэхэд нь би үнэнээ хэлсэн. Намайг мансууруулж янз бүрийн зүйл яриулсан гэдгийг хэлсэн. Тэгэхэд өмгөөлөгч “За яахав үнэн учир нь олдоно. Хэрэг хийгээгүй бол эндээс гарна. Монгол Улсын хуульд хоёр хүнийг хэрэлдүүлчихээд, түүнийгээ үндэслэж ялладаг зүйл байдаггүй юм” гэж хэлсэн. Гэтэл сүүлдээ Мөнхтөр өмгөөлөгч “Чи хэрэг гарах үед байрны гадаа сууж байсан гээд хэлчих. Чамайг гэрч гэдгээр гаргачихна гэж байцаагч чинь хэлж байна. Чи тэгээд хэлчих юм уу яах юм” гэсэн. Бархасбадь мөрдөн байцаагч тэгж хэл гэж өмгөөлөгчийг ятгасан юм билээ. Тэгэхэд нь өмгөөлөгчдөө хандаж “Би тэгж худлаа хэлж чадахгүй. Та юу яриад байна” гэсэн.

-Хуульч, өмгөөлөгч хүн тэгж худлаа ярьж болдог юм уу?

-Харин тийм. Мөнхтөр өмгөөлөгчийг энэ үйлдлийнх нь төлөө манай хүргэн хүртэл загнасан байдаг.

-Тэгэхээр таны өмгөөлөгч эрх зүйн туслалцаа хэр сайн үзүүлж чадсан гэж боддог вэ?

-Эхлээд сайн өмгөөлөл үзүүлээд явж байсан ч дараа нь Мөнхтөр өмгөөлөгч тагнуулынхны талд ажиллаад явчихсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, муу ажилласан. Намайг гэрч гэж хэлүүлж, зохиомол хэргийг үнэн болгох гэж оролдсон. Тагнуулын хүмүүсийн ятгалгад орж ажилласан. Тангараг өргөсөн хүмүүс тэгж ажиллаж болохгүй л дээ. Харин 2019 оноос Оюунчимэг эгчийг өмгөөлөгчөөр авч ажиллуулсан. Миний төлөө шударга ажиллаж байгаа.

-Б.Булган гэрчийн хувьд та хоёрын тухай юу гэж ярьсан байдаг вэ?

-Булганыг зураг таниулах ажиллагаанд оруулсан байдаг юм билээ. Миний зургийг хараад биш байна гэсэн байдаг. Ганхуяг, Отгонбаатар болон миний зургийг таниулахад Булган “Царайны төрх төстэй ч биш байна” гэсэн байдаг. Булган гэмт хэрэг үйлдсэн хоёр этгээдийн эрэгтэй нь намхан, эмэгтэй нь өндөр гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл би Чимгээгээс өндөр шүү дээ. Чимгээ метр 60 гаруй см, би метр 80 см өндөртэй. Шүүх хуралд гол гэрч Булганыг оруулаагүй. Түүнийг цорын ганц гэрчийн хувьд оруулах ёстой байсан юм. Булган хэрэг гарах үед гэмт хэрэгтнүүдийг харсан гэж ярьдаг. Бид хоёрыг энэ хүмүүс биш гэж мэдүүлсэн. Булганаас гадна хэрэгтнүүдийг гарч явахад нь харсан хоёр гэрч байдаг юм байна лээ. Тэр хүмүүсийг 2016 онд анхан шатны шүүх хурал дээр оруулж ирсэн. Тэр хоёр гэрч биднийг биш байна гэж хэлсэн байтал шүүх тоогоогүй.

Миний фото зурагнаас тагнуулынхан харж зурчихаад ам зураг гэж худлаа яриад байгаа. 2014 онд авахуулсан зурагнаас харж зурсан. Манай гэрт байсан хамаг зургийг тагнуулынхан нэгжлэг хийгээд аваад явсан байсан. Тэр зурагнаас харж зурсан байна лээ. Түүнээс одоо хэвлэлээр цацагдаад байгаа өнгөт зураг нь зураач Ц.Байдын 1998 онд зурсан ам зураг зураг биш шүү. Худлаа зураг олон нийтэд цацсан байна.-Анхан шатны шүүх хурал болсон. Ямар баримт ашиглаж таныг хүн амины хэрэгт буруутгасан юм бэ?

-Нотлох баримт гэж юу ч байхгүй шүү дээ. Гэмгүй хоёр хүнийг аваачаад, Амгаланбаатартай хэрэлдүүлээд л яллачихсан. Миний үс, гарын хээ, цус, өндөр нам гээд бүх зүйл таараагүй. Гэтэл зөвхөн Амгаланбаатарын үгээр прокурор цаазын ял сонсгоод, шүүх түүнийг нь зөөлрүүлж, 25 жилийн хорих ял оноосон. Шүүх хурал дээр улсын яллагч, прокурор Батжаргал цаасаа барьж чадахгүй чичирч байсан шүү дээ. Гэмгүй хүмүүсийг яллаж байгаагаа мэдэж байсан. Энэ хэрэгт улсын яллагчаар Батжаргал, Сандагсүрэн нар оролцсон. Муухай хүмүүс дээ. Шүүгч нар хүртэл шударга ажиллаагүй. Шүүгч Алдар болон хэргийг шүүсэн эмэгтэй шүүгч хоёр үнэн зөвийг авч хэлэлцээгүй. Харин Мөнх-Эрдэнэ шүүгч “Амгаланбаатараа үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу. Энэ хоёр хүний амьдрал хэцүүдлээ” гэж байсан. Гэвч бусад шүүгч нар нь Амгаланбаатарын үгээр биднийг ялласан. Гэмт хэрэгтний амаар л Монголын шүүх биднийг хохироолоо.

-Мөн Б.Отгонбаатарыг гэр бүлээр нь шатааж амийг нь бүрэлгэсэн хэрэгт та нарыг шүүх буруутгасан?

-“Паар” хочит Отгонбаатар гэр бүлээрээ галд шатаж нас барсан хэргийг шүүх хэлэлцсэн. Отгонбаатарын ар гэрийнхэн, Онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх хэлтсийн шинжээчид шүүх хуралд оролцсон. Амгаланбаатар мэдүүлэгтээ “Содномдаржаа бид хоёр Отгонбаатарын гэрийн үүдний амбаарт ороод би бензин цацаад шүдэнз зурсан. Үлдсэн бензинээ дээрээс нь асгасан” гэж ярьсан байдаг. Битүү амбаарт шатахуун цацаад шүдэнз зурахад шууд дэлбэрэх ёстой гэж шинжээчид тайлбарласан. Гал тавьсан хүмүүс өөрсдөө түлэгдэж үхэх, ядаж 80 хувийн түлэгдэлтэй гарч ирэх ёстой юм байна. Гэтэл тийм зүйл болоогүй. Гэвч Амгаланбаатарын худлаа ярьсан зүйлийг прокурорууд үнэн зөв гэж үзсэн. Анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр биднийг ялласан даа.

-Отгонбаатарыг та таньдаг байсан уу?

-Танилгүй яахав. Эрдэнэт хотын хорооллын эцсийн буудал дээр бид хоёр өссөн. Манайх арын гудманд, “паар”-ынх хоёр гудамны урд амьдардаг байсан. Паар манай дүүтэй найз, нэг төгсөлт. Арьс, нэхий авдаг ченж байсан. Намайг ахаа гэж хүндэлдэг хүүхэд байв. 

Харамсалтай нь, 2006 онд гэр бүлээрээ галд шатаж нас барсан. Тухайн үед аймгийн онцгой байдлынхан ирж үзлэг хийгээд халуун тогооноос болж гал гарсан байна гэдэг дүгнэлт гаргасан юм билээ.-Шүүх хурлын үеэр шүүгч та нарыг үг хэлэх боломжоор хэр хангасан бэ. Та өөрийгөө хамгаалж үгээ хэлж чадсан уу?

-Би хэрэг хийгээгүй гэдгээ л хэлж байсан. Манай өмгөөлөгч нар хамаагүй битгий юм яриарай гэдэг байлаа. Тагнуулын нөхдүүдийг хамаагүй муулбал шоронд намайг алчих юм болов уу гээд айгаад ярьж чадаагүй. Хэдэн хүүхэддээ амьд очихын тулд хэмжээтэй ярьсан.

-Олон жилийн ял сонсоод юу бодогдож байв?

-Сэтгэл санаа маш хүнд байсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт гарна даа гэсэн итгэл байлаа. Өглөө босоод л өнөөдөр гарна даа гэж боддог байв. Гэтэл 5.9 жил хилсээр хоригдсон. Би хүнээс өнчин ишиг хулгайлж үзээгүй хүн. Гэтэл 2017 онд Г.Эрдэнэбат прокурор надад яллах дүгнэлт үйлдэхдээ “Содномдаржаа өмнө нь гурван удаа ял эдэлж байсан” гэж худлаа бичсэн байсан. Тэгэхээр нь “Би хэрэг үйлдэж байгаагүй шүү” гэхэд “За за” гээд явсан. Тэгж худлаа зохиож бичиж, намайг харлуулж, шүүхэд нөлөөлж байгаа байхгүй юу.

-Шүүхээс хорих ял сонсоод аль хорих ангид хуваарилагдсан бэ. Хорихын нөхцөл байдал ямар байв?

-Төв аймгийн мөрдөнгөөс 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд ШШГЕГ-ын харьяа Тахир соёотын 405 дугаар ангийн гянданд очиж хоригдсон. Мөрдөнгөөс авч явахдаа гар, хөлийг минь гавлаад, толгойд эмэгтэй хүний хар өнгийн шилэн трико углаад л авч явсан. Нарийхан цонхтой, жижиг харанхуй өрөөнд нэг жил найман сар хоригдсон. Өдөрт нэг цаг нар салхинд гаргах журамтай юм билээ. Гэтэл намайг таван минут агаарт гаргаж, тамхи татуулдаг байсан. Би тэр хугацаанд хоёр тамхи угсруулж татчихаад ордог байлаа. Хэрэг хийгээгүй хүн гянданд хоригдоно гэдэг ямар олиг байхав дээ. Хэцүү байсан.

-Т.Чимгээг хориход очсоны дараа Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат очиж уулзсан байдаг. Өөртэй чинь очиж уулзаж байв уу?

-Шүүхээс ял сонсоод гянданд очсоноос хойш хэдэн сарын дараа надтай ирж уулзсан. 

“Хорихын нөхцөл байдал ямар байна. Амьдрал гайгүй юу” гэх зэргээр асуусан. “Амгаланбаатарыг таних уу” гэж асуухад нь танина гэдгээ хэлсэн. Тэгээд өөр зүйл асуулгүй яваад өгсөн. Өмнө нь мөрдөнд хоригдож байхад надтай ирж уулзахад нь би “Гэм буруугүй. Намайг суллаач” гэж гуйхад, “Шүүх хурлаас өмнө би нэг ирж чамтай уулзана” гээд явсан. Эргэж уулзаагүй.-Ц.Амгаланбаатар энэ хэргийг анх хэрхэн “босгож” ирсэн байдаг юм бол?

-Амгаланбаатар бид хоёроос гадна маш олон хүнийг энэ хэрэгт хамааруулж, худлаа мэдүүлэг өгсөн байдаг. Тэр тухай дэлгэрүүлж ярьж болохгүй байх. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас хамаагүй ярьж болохгүй. Тэр хүмүүс нь бүгдээрээ нас барсан. Тиймээс амьд байгаа бид хоёрыг энэ хэрэгт холбогдуулсан. Амгаланбаатар хуулийнханд байнга худлаа ярьдаг байсан. Энэ хэрэг дээр ажилласан Баттөмөр гэж байцаагчид “Архангайн Цэнхэр суманд хүн амины хэрэг үйлдсэн” гэж Амгаланбаатар худлаа ярьж, тийш нь аваачиж, баахан газар ухуулсан. Тийм л худалч нөхөр дөө.

-Ц.Амгаланбаатар мэдүүлгээ­сээ буцсан гэдэг үнэн үү?

-Гянданд бид хоёр дундаа нэг өрөөний зайтай хоригдож байсан. “Ахаа намайг уучлаарай. Олон сайхан хүүхэдтэй таныг хохироолоо” гэж хэлж байсан. Эрүүдэн шүүсэн хэргийн шүүх хурал дээр Амгаланбаатар гэрчээр оролцохдоо мөн уучлал гуйсан. “Булган, Содномдаржаа, Чимгээ нарын өмнө муухай зүйл хийсэн. Энэ хүмүүсийг гүтгэсэн. Намайг уучлаарай” гэж шүүх хурал дээр хэлсэн. Итгэлтөгс ч гэрчээр оролцохдоо “Содномдаржааг би дарамталж зодсон. Намайг уучлаарай” гэж байна лээ.

-Та С.Зориг агсныг амиа алдах үед хаана байв. Ямар ажил хийж байв?

-Манай аавынх 1990 онд үхрийн ферм байгуулсан. Тухайн үед манайх фермийнхээ үхрийг маллаж, ногоо тарина. Урд талын гудманд /Эрдэнэт хот/ аавынхтай айл амьдарч байсан. Мод түлээндээ явна, төмс ногоо хураах ажилтай байсан даа.

-Та 1998 онд хэдэн настай байв?

-Би 24 настай байсан. 1974 онд төрсөн. Том хүү дөрөвтэй, дараагийн хүү гурван настай байсан үе.

-Ц.Амгаланбаатарынхтай танайх айл саахалт байсан гэл үү?

-Манайх Амгаланбаатарынхтай 1982, 1983 оны үед айл саахалт буусан юм. Доржсүрэн ах, Гансүрэн эгч хоёр хүүхэдгүй айл байсан. Тиймээс Амгаланбаатарыг нэг настай байхад 1983 онд өргөж авсан байдаг. Тэгээд удалгүй хоёр жилийн дараа өөрсдөө хүүхэдтэй болсон. 

Мөн 1986 онд охинтой болсон. Өөрсдийн гэсэн хоёр хүүхэдтэй болонгуутаа Амгаланбаатарыг ээж Цэвэлмаадаа өгсөн юм билээ. Гансүрэн эгч ч Цэвэлмаа гуайн өргөмөл хүүхэд шүү дээ. Тэгээд өргөж авсан ээжээрээ биш эмээгээрээ овоглодог болсон юм билээ.-Ц.Амгаланбаатар ямар хүүхэд байсан бэ?

-Би багаасаа гахай тахиа тэжээдэг байсан. Хашааны завсраар намайг гахай, тахиа тэжээж байгааг Амгаланбаатар хараад зогсдог хүүхэд байлаа. Хашаанаасаа гардаггүй аймхай хүүхэд байсан. “Нус” Амгаа гэж хочилдог байв. Мод түлээнд явахдаа би дагуулж явна. Хүүхдүүдээс хамгаална. Багадаа хөөрхөн ааштай, тусархуу хүүхэд байсан. Хүн амины хэрэг үйлдсэнээсээ хойш ийм муухай болчихсон доо.

-Та өмнө нь хэрэгт холбогдож байсан уу?

-Би айлд согтуу агсам тавьсан хэргээр баривчилгаанд явж байсан. Хажуу айлын залуутай зодолдсон, нэг удаа эхнэртэйгээ хэрэлдсэн хэргээр цагдаад дуудагдаж байлаа. Түүнээс өөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Эр хүнд байдаг л асуудал байх.

 

ХЭҮК-ИЙНХОН МАШ МУУ АЖИЛЛАДАГ ЮМ БАЙНА. БИДНИЙГ НЭГ Ч УДАА АНХААРААГҮЙ

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ямар нэгэн “но”-той учраас энэ хэрэгт холбогдсон гэдэг хардалт байдаг.  Гурван шатны шүүхээр та хоёрыг гэм буруутай гэж шийдвэр гаргаж байсан шүү дээ?

-Хүмүүсийн олонх нь бид хоёрыг гэм буруугүй гэж хүлээж авдаг юм билээ. Олон хүн дотор эсрэг бодолтой хүн байхыг үгүйсгэхгүй. Шүүх гэмгүй хүнийг хорих ёсгүй, “но”-той болоод хоригдсон гэх үзэл бодолтой хүмүүс байдаг байх. Гэхдээ бид хуулийн байгууллагын өмнө хүчин мөхөстөж, хэлмэгдлээ шүү дээ.

-Ц.Амгаланбаатар яагаад заавал та хоёрыг сонгож, энэ хэрэгт оролцуулах болов?

-Хэлж мэдэхгүй юм даа. Надад санах өс хонзон байх ёсгүй. Би түүнийг багад нь зодож, нүдэж байгаагүй. Гэтэл энэ хэрэгт холбогдуулж, зургаан жил зовоолоо доо.

-Б.Хурц, Г.Эрдэнэбат, тагнуулын зарим мөрдөн байцаагчид Т.Чимгээ, та хоёрыг эрүүдэн шүүсэн хэргээр ял оноосон. Та хоёр тэр хэргийн хохирогч. Буруутай хүмүүст зохих ёсны шийтгэлийг оногдуулсан гэж боддог уу?

-Маш хөнгөн ял оноосон. Гэмт хэрэг хийсэн хүмүүс ялаа биеэр эдлэх ёстой. Нэг, хоёр жилийн ял сонссон ч гурав, дөрөвхөн сар хоригдоод суллагдсан. Шүүхээр ял авсан хүмүүс батлан даалтад гарах ёсгүй шүү дээ. Ядарсан Чимгээ бид хоёрыг 5.9 жил хорьчихоод, гэмт хэрэг хийсэн хүмүүсийг гурав дөрөвхөн сар хориод гаргачихдаг байж болохгүй. Бид хоёр гэмт хэрэг хийгээгүй байж бараг зургаан жил хоригдож маш их зовлоо. 

Манай улсын хүний эрхийн байгууллагынхан маш муу ажилладаг юм байна. Бид хэлмэгдэж, маш их зовж байхад анхаараагүй. Харин энэ оны гуравдугаар сард Хүний эрхийн үндэсний комиссын шинээр томилогдсон дарга нь ирж уулзсан. “Хүний эрхийг бид дээдэлнэ. Эрүүдэн шүүсэн асуудалтай бид эвлэрэхгүй. Та хоёрын асуудалд анхаарал хандуулж ажиллана” гэж байсан. Харин өмнөх ХЭҮК-ынхон нэг ч удаа бидэнд анхаарал хандуулаагүй дээ. Хориход ХЭҮК-ынхон ирдэг ч надтай нэг ч уулзаагүй. Тэдэнд ханддаг ч “Хариуцсан прокурортоо хэл” гэдэг байсан.

-Олон улсын парламентын холбооныхон та хоёртой уулзсан тухай дуулдаж байсан?

-2019 оны зургадугаар сард ирж уулзсан. УИХ-ын гишүүн байсан Оюундарь цуг ирсэн. Би өөрийгөө хилсээр гүтгэгдэж, зовж яваагаа хэлсэн. Тус байгууллагынхан гэмгүй хүнийг хуулийн байгууллага суллах ёстой гэдэг зөвлөмж гаргасан гэж сонссон. Шүүхийн байгууллагад санал, зөвлөмжөө хүртэл хүргүүлсэн юм байна лээ.

 

 

Э.БАТ-ҮҮЛИЙГ ЗАХИАЛАГЧ ГЭЭД ХЭЛЧИХ, ГАДААД РУУ ГАРГАЯ ГЭЖ ТАГНУУЛЫНХАН АМЛАЖ БАЙСАН

-Та хоёрыг эрүүдэн шүүж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор “илрүүлэх” сонирхол хэнд байсан гэж боддог вэ?

-Би Ц.Элбэгдоржийн “Онч үг” номыг уншиж байсан. Тус номын 65 дугаар хуудаст бичсэнээр “ТЕГ, Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шуурхай шалгаж, илрүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажилла” гэсэн байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2012 оны үед ийм үүрэг чиглэл өгч байж. Тэгэнгүүт нь эд нарын хийж байгаа ажил энэ. Ерөнхийлөгч ийм үүрэг өгсөн юм чинь бид хэргийг илрүүлье гэдэг байдлаар хандсан. Тагнуулынхан ард түмэнд нэр олох үүднээс хэргийг илрүүлсэн болох гэж зүтгэсэн. Хурц, Эрдэнэбат, Бархасбадь, Баяр, Бямбажав, Мөнхгал нарын хүмүүс эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан. Гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн.

Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө ярилцлага өгснийг үзсэн. “Би цаазын ялыг байхгүй болгосон. Чимгээ, Содномдаржаа хоёр баярлах ёстой” гэж ярьсан байсан. Энэ хүн тэгж ярих ёсгүй байхгүй юу. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн шүү дээ. Би Ц.Элбэгдоржид гомдож байна. Муухай байна. Гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд, ингэж ярьж болохгүй. Хүмүүс ярьдаг л юм. “Ц.Элбэгдорж цаазын ялгүй болгосон. Чи азтай юм, амьд гарлаа” гэж хэлдэг.-Энэ хүмүүс та хоёрыг хэлмэгдүүлж, нэр олох ямар шаардлага байна гэж. Тэдэнд нөлөө бүхий хүмүүс захиалга өгсөн байж болох уу?

-Тэрийг сайн мэдэхгүй юм даа. Энэ хүмүүс нэр хүнд олж, хөрөнгө мөнгөтэй болох гэж хохироосон байх гэж боддог. Хэвлэл мэдээллээр олон жил ярьж, бичлээ шүү дээ. Би нарийн асуудлыг мэдэхгүй шүү дээ. Энэ муухай хүмүүсийг юу хийж явсныг мэдэхгүй юм. Нэг өдөр үнэн зөв нь илрэх байлгүй дээ.

-Энэ хэргийг хүлээчих гэж ямар нэгэн зүйл амлаж байсан тохиолдол байв уу?

-Бархасбадь, Бямбажав нар 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний үед хүрч ирээд “Э.Бат-Үүлийг хэргийн захиалагч гээд хэл. Булган, Ганхуягийг мөн оролцсон гээд хэлчих. Өөрийгөө байрны гадаа сууж байсан гэж мэдүүлчих. Тэгвэл чамайг гадаад руу гаргая. Гэр бүлийнхнийг чинь хамт тусгай хамгаалалтад байлгая гэж байсан. Эсвэл Монголдоо аль дуртай аймагтаа амьдар. Төрийн хамгаалалтад байлгана” гэж амлаж байв. Би тэгэхэд нь “Худлаа хэлэхгүй” гэж хэлсэн.

-Ш.Отгонбилэг агсантай уулзаж байсан уу. Биенээ таньдаг байв уу?

-Би тэр хүнийг мэдэхгүй шүү дээ. Эрдэнэтийн “ГОК”-ийн дарга гэдгээр нь мэднэ. Намайг Ш.Отгонбилэгийн малчин байсан гэж худлаа бичсэн байна лээ. Би тэр хүнтэй уулзаж үзээгүй. Мөн Бат-Үүлтэй уулзсан, түүнээс мөнгө авсан гэж ярьж, бичдэг. Тэр хүмүүстэй уулзаж байгаагүй.

-Сая таныг суллахдаа шүүхээс “Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ” гэж албан ёсны мэдээлэлдээ дурдсан. Та одоо С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ямар холбогдолтой байна вэ?

-Гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ бид хоёрыг батлан даалтад гаргасан. Гадаад руу зорчихгүй байх хөл хориог тогтоосон. 

Ээж, өмгөөлөгч хоёр маань намайг батлан даалтад авсан. Хэрэгт ямар холбогдолтой нь тодорхойгүй байна. Хурдан шуурхай шийдэж өгөөсэй гэж хүлээгээд л байж байгаа. Прокурорын байгууллагад миний асуудлыг шуурхай шийдэж өгөх талаар өмгөөлөгчөөрөө дамжуулж хүсэлт хүргүүлсэн. Асуудлаа хурдан шийдэж, ажил амьдралаа бодмоор байна.-Таныг сулласнаасаа хойш байцаасан уу?

-Үгүй. Нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй.

-Таны амьдрал ямар байна вэ. Одоо юу хийж байна?

-Би долоон хүүхэдтэй. Хоёр том хүү маань айл гэр болоод тусдаа амьдарч байгаа талаар би ярилцлагын эхэнд хэлсэн. Ах дүү нар маань хүүхдүүдэд сургууль соёлынх нь хэрэгслийг авч өгдөг. Ах дүүсийнхээ дэмжлэгээр амьдарч байна. Төрөөс хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгодог шүү дээ. Тэр хүүхдийн мөнгөөрөө л амь зууж байна. Багаас манай гэр бүлд гурил будаа олгодог. Тэр нь тодорхой дэмжлэг болдог.

-Та уг хэрэгт ямар холбогдолтой эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Цаашид хэрхэх вэ?

-Би зургаан жил шалгууллаа. Одоо юуг нь шалгах юм. Одоо намайг цагаатгах ёстой. Толгойтой үсээ хүртэл “тоолууллаа”. Надад 47 нас хүртлээ хийсэн хэрэг байхгүй. Намайг цагаатгавал, би ажил хийж, гэр бүлээ тэжээгээд сайхан амьдраад явмаар байна.

-Хэрэв таныг гэм буруугүй гэж үзвэл төрөөс нөхөн төлбөр нэхэмжлэх үү?

-Тэгэлгүй яахав. Би энэ олон жилийн хугацаанд амьдралаараа хохирлоо. Хэлмэгдээгүй бол наймаагаа хийгээд явж байх байсан. Маш их хохирсон. Биеийн байдал маш муудсан. Нуруу татдаг өвчтэй болсон. Хоол шингэхгүй. Толгой, үе мөч өвдөнө. Хөл дээрээ удаан зогсож чадахаа байсан. Зургаан жилийн хугацаанд хохирсон хохирлоо гаргуулна.

-Та ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?

-Би гэмт хэрэгтэн биш шүү. Хөдөлмөр эрхэлж, хөлс хүчээрээ талхны мөнгө олж эхнэр хүүхдээ тэжээж ирсэн эр хүн. Энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэж итгэж байна. Хэрвээ би гэмт хэрэгтэн байсан бол ингэж суллагдахгүй шүү дээ. Гэмт хэрэг хийгээгүй учраас цагаадна гэсэн хүлээлттэй сууж байна. Хүүхдүүддээ хандаж “Аав чинь гэмт хэрэгтэн биш шүү. Сайхан цаг ирнэ” гэж хэлдэг. Шударга шүүгч, прокурор, мөрдөн байцаагч хэргийг шалгаж, намайг цагаатгаж өгөөч гэж хэлмээр байна. Би ажил хийгээд сайхан амьдармаар байна. Эрүүл мэнддээ анхааръя. Энэ хүмүүсээс болж хохироод миний амьдрал сүйрсэн.

Намайг хэлмэгдүүлсэн шат шатны шүүхийн шүүгч нарт гомддог. Тагнуул, прокурорын байгууллагын ажилтнуудын увайгүй үйлдлийг дэмжээд биднийг  хохироосон доо. Хурц, Бямбажав, Бархасбадь, Баттөмөр, Мөнхгал болон Эрдэнэбат, Батжаргал, Сандагсүрэн нарын прокурор, энэ хэрэг дээр ажилласан хуулийнханд маш их гомддог. Дахиж битгий гэмгүй хүмүүс хохироосой гэж бодож явдаг. Гэмгүй хүнийг нэг секунд ч хорих ёсгүй. Би шоронд нэг ч удаа дуугарах эрхгүй байсан. Орилж, хашхирвал сахилгад аваачаад хийчихнэ.Харин үнэнийг олохын төлөө тууштай тэмцэж ирсэн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарт баярлаж явдаг. Тагнуулынхны эрүүдэн шүүсэн хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгаж тогтоосон байцаагч, прокурорын байгууллагын ажилтанд баярлаж байна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин