А.МӨНХЖИН

 “Омикрон”-ы тархалт эрчээ авахын хажуугаар хүмүүсийн хэлдгээр улирлын томуу болон ханиадны вирусээр хүүхдүүд ихээр өвчилж ковидоос илүү эрсдэл учруулж болзошгүй байгаа аж. БГД-ийн 18 дугаар хорооны өрхийн эмнэлгээр ороход хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд, өрхийн эмнэлгийн давчуу коридорт чихцэлдэх иргэд, хүүхдийн ханиах, томчуудын аргадах, “Зайгаа бариад зогсоорой” гэх сувилагчийн дуутай зэрэгцэн, хөл гишгэх зайгүй байв.

Өмнөх жил хөл хорионых байсан уу томуу, томуу төст өвчний тархалт, өвчлөл намжмал байдалтай өнгөрсөн. Харин энэ жилийн хувьд хүйтний эрч чангарахтай зэрэгцэн сарын өмнөөс хүүхдийн өвчлөл эрс нэмэгдсэн талаар тус хорооны өрхийн эмч Н.Хажидсүрэн учирлав. Мөн ковидын шинж тэмдэг, ханиадны шинж тэмдэг тун төстэй тул ялгаж танихын тулд бас багагүй бэрхшээл нэмэгдсэнийг хэлж байна. Мөн халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн болгонд түргэвчилсэн шинжилгээ хийж байж оношлох, яаралтай дуудлага гээд ачаалал хэд дахин нэмэгдсэн нь харагдана.

Тус өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй Н.Халиун хүүгийн ээж “Хүүхдийн ханиад гэнэт хүндэрч байна. Халуурах, бөөлжих, суулгах, хоолой нь өвдөх шинж тэмдэгтэй. Ковид юм уу, ханиад юм уу гээд сайн мэдэгдэхгүй учраас илүү стресстэх болсон. Цэцэрлэг, сургуульд явахгүй, дааруулахгүй байхад хүүхдүүд олноор өвдөж байгаад агаарын бохирдол нөлөөлж байгаа гэж боддогоо бидэнтэй хуваалцсан юм.  Тэрбээр эмийн үнэ сүүлийн хоёр жил нэмэгдэж байгаагаас гурван хүүхэдтэй тэдний хувьд өрхийн төсөвт хүндрэлтэй тусаж байгаа гэв. Ийнхүү тайлбар, зөвлөгөө өгөх завгүй ажиллаж буй өрхийн эмнэлгийн эмч, сувилагч болон бие биеэсээ дөлөн “омикрон”, ханиад хоёрын халдвараас жийрхсэн хүмүүсийн дугаарлалт нэмэгдэж байгааг нүдээр үзэн  амьсгалын замын халдвар өвчний өнөөгийн нөхцөл байдлыг сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорив. Ковидын тархалт эрс ихэссэнээс хүмүүс үнэгүй PCR өгөхөөр өглөө үүрээс эхлээд хүйтэн гэлтгүй ХӨСҮТ-ийн гадаа дугаарлаж байна гэсэн мэдээлэл ирсэн ч очиход бодит байдал өөр байв. Хүссэн хүн бүхэн ХӨСҮТ-д PCR шинжилгээ өгөөд хэвтэн эмчлүүлэх боломжгүй бөгөөд тандалтын  шинжилгээг хязгаартай авч дуусаад хаалгаа барьсан байв. Гадаа нь цөөхөн хүн байх агаад шинж тэмдэг илэрсэн тул ханиад, “омикрон” алин болохоо эднийд л шинжилгээ өгөөд мэдчихвэл “санаа амрах” гээд байна гэсэн хүсэлтэй ийнхүү үүдээр нь эргэлдэж буй гэв. Харин хувийн эмнэлгүүд PCR шинжилгээг 98 мянган төгрөгөөр, дуудлагын зарим эмнэлгээс 95 мянгаар гэрээр нь очиж авч байгаа юм.

 

 

Халдвар авсан хүн бүр PCR өгөх шаардлагагүй

Ингээд ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгальмаагаас дараах мэдээллийг тодрууллаа. 

-ХӨСҮТ-д хийгдэж буй тандалт судалгааны мэдээллээсээ хуваал­цана уу?

-Шинэ он гараад PCR шинжилгээ өгөх хүний тоо нэмэгдэж байна. Оны өмнө өдөртөө улсын хэмжээнд 5000 байсан бол одоо 10 мянга болсон. Ийнхүү нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинжилгээний эерэг хувь нэмэгдсэн. Оны өмнө улсын хэмжээнд шинжилгээний эерэг хувь 4.4 хувьтай байсан бол оны эхний долоо хоногт 11.2 хувь болоод байна. Өнөөдрийн байдлаар шинжилгээний эерэг хувь 22.4 хувьтай байна. Шинжилгээ өгч байгаа 100 хүний 22 нь эерэг гарч байна гэсэн үг. Шинжилгээний эерэг хувь тархалтыг илэрхийлдэг. Тиймээс тархалт энэ хэмжээгээр өсөж байгааг харж болохоор байна. Оны өмнө тохиолдлын тоо долоо хоногт 200-гаас бага байсан. Гэтэл сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод гэхэд 2200 гаруй тохиолдол илрээд байна. Улаанбаатар хотод 24, улсын хэмжээндээ 22 хувьтай болоод өсөж байна. Энэ хувь өдөр өдрөөр нэмэгдэж байна.

-Хүмүүс ковидын шинж тэмдэг илэрвэл заавал PCR өгч батлах шаардлагатай юу. Учир нь улирлын ханиадтай шинж тэмдгийн хувьд их төстэй байна гэсэн?

-Тархалт ийм их болоод ирсэн үед хүн болгоноос PCR авах шаардлагагүй. “Омикрон”-ы хувьд эмнэлзүйн шинж тэмдэг бусад халдварын хувилбартай харьцуулаад үзэхэд илүү амьсгалын дээд замынхаар илэрч байгаа. Тухайлбал, халуурахгүй, үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдахгүй байна.

-Ковидоос гадна томуугийн тархалт өвчлөл хүйтний эрч чангарч байгаа энэ үед ямар байна вэ?

-Нэгдүгээр долоо хоногоос томуу, томуу төст өвчний тандалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. 

Хоёрдугаар долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл эрс нэмэгдсэн. Оны өмнөөс А хүрээний Н2N2 вирус эргэлтэнд орсон нь илэрсэн. Хоёрдугаар долоо хоногийн байдлаар томуугийн А-H3N2 вирусийн тархалт нэлээд өндөр байна гэж гарч байна.-PCR заавал өгөхгүйгээр эерэг гэдгээ өөр ямар аргаар,  хаана хандаж баталж эмчилгээгээ эхлэх нь зөв бэ?

-”Омикрон”-ы хувьд өмнөх хувилбараас ялгаатай нь бүр илүү амьсгалын дээд замын шинж илэрч байгаа учраас түргэвчилсэн шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн шинжилгээний тестийг эмийн сангаас аваад өөрийн харьяа өрхийн эмнэлгээр үзүүлж болно. Мөн өөрөө ч үзэх боломжтой зааварчилгаатай байгаа. Хэрвээ томуу төст өвчин байвал өмнө нь бидний хэлдгээр ханиадны үед ямар аргаар эмчилдэг байсан тэр бүх арга хэмжээгээ авах хэрэгтэй. Даарч хөрөхгүй байх нь маш чухал.

-ХӨСҮТ ямар тохиолдолд  PCR шинжилгээ авч байгаа вэ?

-Манайх сүүлийн 24 цагт гэхэд 1069 шинжилгээ хийсэн байна. Манайд ирээд шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд хэвтэнэ гэсэн баталгаа байхгүй. Харин хүнд шинж тэмдэг илэрч байгаа эсвэл эрсдэлт бүлэгт хамаарагдаж байгаа бол өгч болно. Эмнэлэгт хэвтэлтийн хувьд ЭМЯ-наас барьж байгаа чиг бол нийтдээ 5000 ор дэлгэнэ гэсэн тооцоололтой байгаа. Үүний 3000 орчим нь Улаанбаатар хотод байна. ХӨСҮТ-ийн хувьд 380 орчим ор одоо дүүрэн байна. Эрсдэлт бүлгийн хүн ам гэдэгт жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй мөн вакцин хийлгээгүй 0-5 насны хүүхдүүд өвчлөөд шинж тэмдэг хүндэрвэл эмнэлэгт хүлээн авч байгаа. Бусдаар ХӨСҮТ-д шинжилгээ өгчихвөл хэвтэх боломжтой болно гэж ойлгож болохгүй. “Омикрон”-ы хувьд өвчлөл нь өмнөхөөсөө арай хөнгөн байгаа учраас ийм чиг барьж байна.

Манайд тандалтын зорилгоор буюу гаднаас ирж байгаа болон гадагшаа явах гэж байгаа хүмүүс бусад өвөрмөц шаардлагатай кластерууд гэж нэрлэдэг ийм заалтуудаар PCR шинжилгээг авч байна.  PCR шинжилгээний сорьц, оношлуур бусад хэрэгсэл 1-2 сарын нөөцтэй байх тооцоололтой явдаг.-Одоо гадуур тархаад байгаа томуугийн вирус болон “омикрон”-ы шинж тэмдгээ эхний үед хэрхэн ялгах вэ? Андуурснаас болоод хугацаа алдах эрсдэл байна.

-Томуугийн тандалт судалгааг манайх олон жил хийж ирсэн.  Томуу томуугийн төст өвчин бага насны хүүхэд илүү өртөмтгий байдаг. Энэ байдал энэ жил ч мөн давтагдаж байна. Мөн тав хүртэлх насны хүүхэд өвчлөхөд илүү хүндрэх магадлалтай байдаг. Эрсдэл бас  өндөр байна. Сүүлийн үеийн мэдээгээр 0-15 насны хүүхдийн томуу томуу төст өвчний өвчлөл 78 хувь хүртэл нэмэгдсэн. 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 61 хувьд хүрсэн гэж бүртгэгдсэн. Энэ жилийн ялгаа нь дэгдэлт ковидтой зэрэгцэн тархалт өндөр хувьтай байна.  Томуугийн АН3 вирус нь нэлээд хүндрэх шинжтэй байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдэдээ илүү анхаарал хандуулах шаардлагатай. Томуугийн “омикрон”-оос ялгаатай нь халуурах шинж тэмдэг илэрч байна.

Ковидын шинэ хувилбар “омикрон” болон энэ жилийн томуу томуу төст өвчний шинж тэмдэг тун адилхан илэрч байгаа бөгөөд учрах хүндрэл нь эрсдэлт бүлгийнхэнд хүнд тусаж байгааг уулзсан эмч нар сануулж  байв. Мөн хамгийн чухал нь даарахгүй байх, шинж тэмдэг илэрвэл хугацаа алдахгүй түргэвчилсэн шинжилгээгээр илрүүлэх, эмнэлэгт хандаж цаг алдалгүй тусламж авахыг зөвлөж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН