Г.Гантулга: Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн байдалдаа орох хандлагатай болсон
2022/01/21
Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн Мягмар, Баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа билээ.
Энэ дагуу өнөөдөр ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн эхэнд ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга улсын хилээр орж ирсэн ачаа барааны талаар танилцуулав.
Тэрбээр "Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт нээгдээд 10 хонож байна. Энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэгт ачааг улсын хилээр нэвтрүүлээд байна.
Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа зүгширч, ерөнхийдөө хэвийн байдалдаа орох хандлагатай болсон" хэмээв.
Үргэлжлүүлэн холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Тэд "Одоо ачаатай орсон чингэлгийг татах ажлыг хийж байгаа. Бид энэ төрлийн барааг түрүүлж орох зохицуулалт хийгээгүй. Гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар нь оруулж байгаа. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 504 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. Одоогоор бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг хүлээгдэж байна. Одооноос бүрдүүлэлт хийгдэх байх. 549 чингэлэгнээс Улаанбаатар төмөр замаар 47 чингэлэг орж ирсэн. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс бараа бүтээгдэхүүн татан авах боломжийг судалж байна. Мөн нарийн царигаас БНХАУ-руу явах ачаа өгөх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Эцсийн шийд хараахан гараагүй байна. Хоногт есөн галт тэрэг өгч байна. Энийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тээвэрлэлтийн тарифын хувьд, Эрээнээс 0 цэг хүртэл 1 сая 800 мянган төгрөгийн зардал гарч байна. 0 цэгээс худалдан авагчид ачилтын төлбөр төлж байгаа. Энэ нь нэг ачаатай чингэлэгийн дунджаар 200 орчим мянган төгрөг болж байна. Ингэхлээр Эрээнээс Замын-Үүд хүртэл 2 сая хүртэлх төгрөг төлж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар 2.5- 3.5 сая хүртэлх мянган төгрөгөөр татаж байна. Тэгэхээр дунджаар таван сая төгрөгөөр ачаа барааг татаж байна" гэлээ.