Эрүүл мэндийн даатгалын 136 тэрбум төгрөгийг хэн төлж барагдуулах вэ?
2022/01/21
А.МИНЖИН
Хэрэгтэн хохирогчийн дүрд “тоглон” хариуцлагаас мултарч, эзэнгүйдсэн хохирлын горыг эдүгээ эрүүл мэндийн даатгал төлөгчид үүрсээр. Капитал банкны гэх Б.Ундармаагийн Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын хөлд ковид цар тахал газар авсан яг энэ үед эрүүл мэндийн салбарынхан чирэгдэж байна.
Хэрэг явдлыг эргэн сөхвөл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт нөлөөлөх замаар ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйк” ХХК-даа 800 сая төгрөгийн зээл авч өгсөн гэмт хэрэг үйлдсэн асуудалд гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Анхан шатны шүүхээс Б.Ундармаад оногдуулсан 2,6 жилийн хорих ялыг хүчингүй болгож 40 сая төгрөгөөр торгох ялаар сольсон юм. Давж заалдах шатны шүүхээс Б.Ундармаагийн хорих ялыг нь хүчингүй болгосон үндэслэлээ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж хохиролгүй болгосон зэрэг нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж биеэр эдлэх хорих хүчингүй болгосон хэмээн тайлбарлаж. Мөн Б.Ундармаа Давж заалдах шатны шүүхэд “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Би энэ хэрэгт хамжигчаар оролцсон. Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ намайг “Ард түмний итгэлийг алдаа” гэж бичсэн байсан. Мөн шүүх намайг “УИХ-д ард түмнийг төлөөлөн сонгогдож, олон нийтийн итгэлийг алдагдуулж иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь:
1. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт санаачлага, идэвхтэй ажиллаж тойрогтоо “Таван толгой түлш” шахмал түлшний үйлдвэр байгуулж, 1200 гаруй ажлын байр бий болгосон.
2. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг өөрийн тойрог XX хороондоо санаачилж, УИХ-ын тогтоол гаргасан. Өмхий үнэр, агаар, хөрс усны бохирдол багасаж, гэр хорооллыг барилгажуулах зэрэг ажлыг хийсэн.
3. 10 орчим жил тог цахилгаангүй байсан 3000 өрх айлыг эрчим хүчээр хангаж, дэлхийн жишигт нийцсэн шинэ эмнэлэг, анхны эко сургууль, 9 шинэ цэцэрлэг, 5 сургууль, зам, гэрэлтүүлэг гэх мэт бүтээн байгуулалт хийсэн. 1-12 насны бүх хүүхдийг “Үдийн хоол”-той болгох олон хуулийг санаачлан иргэдийнхээ итгэлийг дааж ажилласан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас дахин нэр дэвшиж чадаагүй. Хорт хавдартайгаа олон жил тэмцэж байгаа тул хорих ялыг торгох ял болгож өөрчилж өгнө үү” гэж хүссэн байна.
Эндээс харвал улсын төсвийн олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, бүхэл бүтэн салбарыг уналтад оруулах хэмжээний гэм үйлдсэнээ “Би тойрогтоо сайн ажилласан” тул өршөөж өгөөч гэх маягийн хүсэлт илгээж суух хэмжээний ёс суртахуунтай гишүүн байж. Иймэрхүү инээх ихдэж, уйлах багадмаар үйл явдал болж өнгөрсөн.
Б.Ундармаа тухайн үедээ хүнд хэлбэрийн олон төрлийн өвчний оноштой эмчийн хяналтад байдаг тул надад торгох ял оногдуулж өгөөч хэмээсэн байдаг. Харин прокурорын эсэргүүцэлд Б.Ундармаагийн ярьсан эрүүл мэндийн шалтгаантай холбоотой зарим асуудлыг няцаасан байна. Тухайлбал, “Шүүгдэгч Б.Ундармаа бүдүүн гэдэсний хорт хавдрын 3 удаагийн хагалгаа хийлгэсэн гэх асуудлыг ярьж байна. ОХУ-ын Эрүүл мэндийг хамгаалах яамны хүрээлэнгийн эмчийн тодорхойлолтыг давж заалдах гомдолд хавсаргаж өгсөн. Тухайн тодорхойлолтод бүдүүн гэдэсний хорт хавдрыг тайрсан талаар тусгасан ба хэвлийгээр уут гаргах мэс ажилбарыг хийсэн талаар тусгагдаагүй” гэжээ. Мөн Б.Ундармаа БНСУ-ын Сөүл хотод зүүн төвөнхийн хавдар авахуулсан гэдэг асуудлын талаар прокурор “Төвөнхийн мэдрэл дагасан хорт хавдар гэдэг нь эмчийн дүгнэлтэд тусгагдаагүй эргэлзээтэй асуудал байна. 2020 оны наймдугаар сарын 6-ны өдөр хүзүүний хорт хавдар гэх оношоор 2020 оны арванхоёрдугаар сард хагалгаанд орсон талаарх баримтыг давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн байсан. Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тусгаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. Энэ хуралдаанаас Анхан шатны шүүхээс Б.Ундармаад оногдуулсан 2.6 жил хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Харин өнөөдөр олон нийт Б.Ундармаа хариуцлагаас мултарч энэ хэрэг эзэнгүй орхигдсонд эгдүүцэж, НД, ЭМД-ын 230 гаруй тэрбум төгрөгийг хэн, хэзээ, хаанаас, хэрхэн төлөх вэ гэдгийг хүлээн чих тавьсаар. Б.Ундармаа улсын төсвийн олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэндээ бус ЖДҮ-гээс зээл авсан гэмт үйлдэлдээ ял авсан тул энэ асуудалд огтхон ч хамаарахгүй гэдгээрээ “гүрийсээр” дуусах нь тодорхой. Мянган мянган хохирогчтой хэргийг үүсгэсэн ганц ч эзэн байдаггүй нь гайхалтай шүү. Иргэдийн төлсөн татвар өөрөө гүйж очоод Капитал банк руу орчихоогүй бас тэр мөнгө гэнэтхэн ор сураггүй алга болчихоогүй л байлтай!
Капитал банкны өрийг төлөх эзэн байхгүй юу?
Монгол банкнаас Капитал банкийг Төв банкны тухай, Банкны тухай хуулийн дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр албадан татан буулгах шийдвэр гаргаснаа зарласан. Ингээд даатгалын мөнгөө цөлмүүлсэн энгийн иргэд хохироод үлдсэн. Капитал банкны 265000 хадгаламж эзэмшигчид Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан тул уван цуван мөнгөө авч буй мэдээлэл байна. Харин төрд даатгалаа төлсөн энгийн иргэд эмчилгээ үйлчилгээ авах мөнгөө хэнээс нэхэж, хэрхэн авах вэ? Капитал банк дампуурлаа зарлах үед төрийн 29 байгууллагын 375 тэрбум төгрөгийг байршуулсан байдаг. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг,Татварын ерөнхий газрын 1.5 тэрбум, Сангийн яамны 16.8 тэрбум, Эрдэнэт үйлдвэрийн 155 сая төгрөг, Дулааны III цахилгаан станц 30.8 тэрбум төгрөг, ХХҮЕГ 3.9 тэрбум төгрөгийг хадгалуулсан байжээ. 2007-2015 оны хооронд Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, нийтдээ 125 орчим тэрбум төгрөгийг жилийн 12-15 хувийн хүүтэйгээр үе шаттай байршуулсан байна. Банк түүний хүүнд 120 орчим тэрбум төгрөг тооцон нэмж олгож, 240 гаруй тэрбум төгрөг болсон байдаг. Банк ч үндсэн үйл ажиллагааныхаа дагуу НД-аас хүүтэй авсан эх үүсвэрийг тухай бүрт нь зээл болгон зээлдэгч олон аж ахуйн нэгж, байгууллагад өгч байсан нь мэдээж.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Капитал банкны өмчлөх бус хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд, зээлийн эргэн төлөлтөөр ЭМД, НД-ын мөнгийг төлөх бүрэн боломжтой гэнэ. 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Монгол банкны эрх хүлээн авагчийн мэдэлд 550 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгө шилжин очсон гэдэг. Тиймээс ийнхүү үзэж байгаа аж. Харин энэ асуудал таг чиг болоод нэгэн жилийг үдэв. Тэр хойгуур дансаа хоослуулсан эрүүл мэндийн салбарт хямрал явагдсаар.Капитал банкны үгүй болгосон ЭМД-ын 136 тэрбум төгрөгөөр салбартаа үнэтэй, чанартайд ордог томоохон нэг эмнэлгийн жишгээр хэчнээн хүнд ямар шинжилгээ хийж болох байсныг дор бодож гаргалаа. Эндээс хариуцах, төлөх эзэнгүй болчихсон энэ мөнгөний цаана хэчнээн хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгааг харж болно.
136 тэрбум төгрөгөөр,
Мухар олгойн дурангийн мэс засал-34000 хүнд, цөсний дурангийн мэс засал- 30200 хүнд, ходоодны хавдрын дурангийн мэс засал -9060 хүнд, бүдүүн гэдэсний хавдрын мэс засал-13600 хүнд, үе солих мэс засал-15100 хүнд, бөөрний хавдар авах мэс засал- 17000 хүнд, бөөрний чулуу авах мэс засал -27200 хүнд хийх боломжтой.
Харин шинжилгээгээр,
MRI- 27200 хүн, CT(компьютер)-45300 хүнд, ходоод, бүдүүн гэдэсний дуранг тус тус
1.7 сая хүнд хийх боломжтой.
Энэхүү энгийн бодлогыг Б.Ундармаатангуудад хэчнээн хүний боломжийг үгүй хийснийг мэдрүүлэхээр гаргасан болно.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 тогтоол гэгч юу вэ?
2021 оны гуравдугаар сард 03 хэмээх тогтоолыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргаж. Уг тогтоолыг сөхөж харвал “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн баталсугай” гээд 3.3.3-ын “Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт” хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхдээ өдрийн мэс заслаар хийх боломжтой тусламж, үйлчилгээг тухайн мэс заслын оношийн хамааралтай бүлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр санхүүжүүлнэ.” гэсний “эрүүл мэндийн даатгалын сангаас олгох төлбөрийн” гэснийг устгаж, оронд нь “нийт төлбөрийн” гэж нэмэх гэх зэргээр тусгагджээ.
Уг тогтоолоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай журмыг тодорхойлсон байна. Журам ёсоор орон нутгийн эмнэлэг хувьчлагдах явцад мөнгө, санхүүгийн чадамжтай цөөн тооны иргэнд үйлчлэх, бусад өвчтөний хувьд төвийн гурав, хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэгт ачаалал үүсэх эрсдэл нэмэгдэхэд хүрсэн хэмээн салбарынхан тайлбарлаж байна. Энэ тогтоолын улмаас өнөөдөр өмнө нь өндөр өртөгтэй гэгддэг байсан эрхтэн шилжүүлэх мэс заслууд үндсэндээ зогсоход хүрээд байгаа аж. Эрүүл мэндийн салбарын ажилтан ажиллагсад эдүгээ 03 дугаар тогтоолын учир начрыг хараахан ойлгож амжаагүй байгаа бололтой. Харин эхний хор уршиг нь дээрх мэс заслуудын санхүүжилт гацаж, мэс засал хийлгэхээр дарааллаа хүлээж байсан хүмүүс хохирч байна.
Тус тогтоолын гай хөөг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүний нүдээр нарийвчилж нягталвал их бололтой. Тухайлбал, гуравдугаар шатлалын эмнэлгүүд хөдөө орон нутаг, нийслэлийн өвчтөнүүдийг өөртөө татан төвлөрүүлж, анхан болон хоёр дахь шатны эмнэлгийг “ажилгүй” болгож байгаа нь сайн менежмент биш. Түүний оронд Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгөөр орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, өрхийн Эрүүл мэндийн төв, эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зэргээр хувийн хэвшилтэй өрсөлдөх нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, төсөв хөрөнгийг зүй зохистой зарцуулах боломж гэдгийг онцолж байгаа юм.
Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмаар өндөр үнэтэй мэс засал, бусад эмчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас ихэнх хэсгийг гаргахаар тогтоосон нь сайн хэрэг боловч бодит байдал дээр өөр буюу ихэнх санхүүжилт хавдрын эмнэлэг рүү урсахаар болсныг салбарынхан хэлж байна. Өмнө нь эмчлүүлэгчийн төлбөрийн 75 хувийг ЭМД-аас, өвчтөн өөрөө 25 хувийг гаргадаг энэхүү ойлгомжтой тарифыг одоо зөвхөн дарга цэргүүд л өөрсдөө ойлгохоор бүдэг бүрхэг болгосон гэхэд хилсдэхгүй. Жишээ нь 4,5 сая төгрөгийн бодит өртөгтэй мэс заслын сая төгрөгийг ЭМД-аас авах боломжтой, үлдсэнийг нь эмчлүүлэгчээс өөрөөс нь гаргуулж буй тухай нэгэн хувийн эмнэлгийн мэс засалч эмч жишээгээр тайлбарлав. Өнөөдрийн байдлаар улсын томоохон эмнэлгүүд болон Эрхтэн солих төвийн хүнд, хүндэвтэр заалттай хагалгаанууд 2021 оны арванхоёрдугаар сарын 10-наас зогссон гэдгийг эх сурвалж баталж байна. Харин эдгээр эмнэлгийн удирдлагууд мэс заслуудын санхүүжилт зогсоогүй ковидын нөхцөл байдлаас болоод хойшилсон гэх мэдээллийг өгч байгаа юм.
Ковидын үед өвчлөл өмнөхөөсөө нэмэгдэнэ. Харин үүнийг эмчлэх мөнгөнөөс 136 тэрбум төгрөг сох дутах нь мэдээж. Байгаа хэдээ хойноо барих уу, өмнөө барих уу шахуу болж бас л улс төр, лобби оролцож энэхүү тогтоол гарсан болох нь тодорхой. Энэхүү ээдрээтэй уяаны үзүүр хөвөрсөөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн рүү эргэх аж. Учир нь, өндөр өртөгтэй болон үе болон эрхтэн шилжүүлэх хагалгааны төсөвт өртгийг хавдрын мэс засалд чиглүүлсэн. Өөрөөр хэлбэл, урд хормойгоо тас хяргаад хойд хормойгоо нөхөх оролдлого хийжээ. Монгол Улсад хавдрын өвчлөл, нас баралт өндөр байгаа нь бодитой аюул мөн ч хэн нэгэн “сайхан санаат” гишүүний санаачлагаар бусад мэс заслын санхүүжилтийг хасаж, зөвхөн өөрийн талбар руугаа татахыг улс төр, ашиг сонирхол гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.
Салбарын учир мэдэх улсууд энэ увайгүйтлыг Ж.Чинбүрэнгийн хавдрын эмнэлгийг хувьчилж авах гэсэн санаархал гэдгийг хэлж байв. Үнэхээр ч эрүүл мэндийн салбарт ийм үйл явдал чимээгүйхэн өрнөж байгаа юм байна. Тухайлбал, Улсын I болон III төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв бие даасан байдал буюу хувийн хэвшлийн хэлбэрт шилжсэн. Удахгүй Гэмтэл согог судлал болон Халдвар судлалын үндэсний төв, Улсын II төв эмнэлэг хувийн хэвшил рүү шилжихээр бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай болон энэ нь хэт эртэдсэн цагаа олоогүй ажил гэдгийг эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбооноос сануулж байгаа ч мэдээлэл байна.
Эрхтэн шилжүүлэх болон өндөрт өртөгтэй мэс заслууд зогссон уу, яагаад тасалдахад хүрэв гэх асуултын хариу ийнхүү бүхэл бүтэн салбарын чимээгүй томорч буй “хавдар” руу гулсав.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
bat · 2022/01/22
Одоо ард түмэн минь параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний буюу ард түмний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүйг бид харлаа төрийн түшээд эрхэм гүшүүд минь
МАН · 2022/01/22
МАН төлж барагдуулна.