Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе нийт тав хоног гэж тооцож байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэллээ.

"ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛОН БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТУСГААРЛАЛТЫГ 5-10 ХОНОГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ"

Тэрбээр "ХӨСҮТ-өөс халдварын тандалт хариу арга хэмжээ дээр хэрэгжүүлж буй 456 дугаар тушаалд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн.

Тодруулбал тус тушаалын халдварын нууц үеийн хугацаа, халдвартай үе, ойрын хавьтал болон батлагдсан тохиолдлын тусгаарлалт, хөл хорионы хугацаа, давтан халдварын тодорхойлолт зэрэг нэр томьёо дээр санал өгсөн юм.

Тухайлбал, халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө, шинж тэмдэг илэрснээс хойш 2-3 хоног бусдад халдвар тараах эрсдэл өндөр гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе тав хоног гэж тооцоолж болохоор байна.

Тиймээс ойрын хавьтал болон батлагдсан тохиолдлын тусгаарлалтыг 5-10 хоног үргэлжлүүлэх шаардлагатай болж байгаа" гэв.

"ШИНЖ ТЭМДЭГГҮЙ ХҮМҮҮС ТАВ ХОНОГИЙН ДАРАА АМНЫ ХААЛТАА МАШ САЙН ЗҮҮЖ, ЗАЙ БАРЬСАН ТОХИОЛДОЛД НИЙТИЙН ДУНД ЯВАХ БОЛОМЖТОЙ"

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Халдвартай байх хугацааны тухайд, шинж тэмдэггүй хүмүүс халдвар оношлогдсоноос хойш тав хоногт хамгийн өндөр халдвартай байх боломжтой гэж үзэж байгаа.

Харин шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс эмнэл зүйн шинж тэмдэг эхлэхээс нэг хоногийн өмнөөс эхлээд эхний гурван хоногтоо хамгийн өндөр халдвар тараах боломжтой.

Иймд иргэд халдвар авснаас хойш эхний тав хоногт хамгийн өндөр халдвар тараана гэж ойлгож эмнэлэгт эсвэл гэрийн нөхцөлд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Шинж тэмдэггүй хүмүүс халдвар батлагдсанаас хойш тав хоногийн дараа халдварлалтын процесс нь арай багасах учраас амны хаалтыг маш сайн зүүсэн, зай барьсан тохиолдолд л нийтийн дунд явах боломжтой.

Энэ утгаараа бид тандалтын болоод эмчилгээний удирдамжид халдвартай байх үеийн хугацааг 5, 10 гэж хоёр янз үзэж байгаа юм.

Түүнээс гадна өмнө нь дархлаа нь дарангуйлагдсан өвчтөн, хүнд хүний халдвартай байх үеийн хугацаа нь 20-оос дээш хоног байна гэж үзэж байсан бол одоо халдвар авснаас хойш 14 хоног болсон бол хүнд ч бай, нэн хүнд ч бай бусдад халдвар тараах магадлал нь тун бага байна гэсэн судалгаа гарсан байна" гэлээ.