Хийсэн ажилгүй, хэлэх үггүй дарга
2022/01/24
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнгөрсөн жил гаруйн хугацаанд юу хийв. 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо хоёр удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэнэ.
Арай ч дээ гэж өөрийн эрхгүй хэлмээр. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн даргалж буй байнгын хороогоо хоёр удаа хуралдуулж, 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, санал дүгнэлт боловсруулсан хэмээн тайлагнасан байна. Гэтэл УИХ-ын тайланд 2021 оны хаврын чуулганы хугацаанд байнгын хороод 110 удаа хуралдсан гэжээ.
Үүний ердөө хоёр нь Б.Чойжилсүрэн гишүүний даргалсан байнгын хорооных. Энэ бол түүний ажлын хариуцлагын том дүн.
Намрын чуулган эхэлснээс хойш таван удаа хуралдсан гэдгийг УИХ-ын сайтаас харж болно. Нэг удаагийн хурлаараа дэд хорооныхоо бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсныг асуудал хэлэлцсэн гэж дүгнэх аргагүй. Тэдний хурлын протколыг шүүж үзвэл 2021 оны аравдугаар сарын 05-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар сонсож, тогтоолын төсөл баталсан бол аравдугаар сарын 26-нд 2022 оны Төсвийн тухай хууль, дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулжээ. Гэвч яг энэ хэлэлцүүлэгт байнгын хороон дарга Б.Чойжилсүрэн өөрөө байсангүй. Харин арванхоёрдугаар сарын 14-нд Хүнд үйлдвэрийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг, хамгийн сүүлийнх нь хэл ам татлаад, хууль зөрчсөн гэгдээд байгаа арванхоёрдугаар сарын 28-ны хурал.
2008-2012 онд УИХ-ын гишүүнээр Төрийн ордонд залрахдаа “хэлгүй” хоч зүүж, гурван хуулийн төсөлд нэрээ хавчуулсан хэмээн шүүмжлүүлж байсан. Харин өнгөрсөн хугацаанд тэрээр гүйцэтгэх засаглалд сайд, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга зэрэг үүрэг хүлээж байсан учраас түмний төлөө гэх сэтгэлтэй болсон болов уу гэж итгэмээр байвч хийсэн ажлаас нь харвал зөвхөн би болоод миний бизнес гэдэг үзлээсээ өнөө ч салаагүй яваа бололтой.Өнөөдөр экспортын бараа бүтээгдэхүүний 96.6 хувь нь анхан шатаараа гадагш урсаж байна гэсэн статистик Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл, ер нь үйлдвэрлэл огт хөгжихгүй байгааг илэрхийлнэ. Мөн импортын бүтээгдэхүүний 90-ээс дээш хувьд нь хоёр дахь боловсруулалт орсон бүтээгдэхүүн гэнэ. Бидний хувьд импортын анхан шатны бүтээгдэхүүн гэвэл ердөө барилгын материал. Үүнээс болж барилгын өртгийн 35 хувийг импортын бараа бүтээгдэхүүн нь эзэлсэн хэвээр байна. Байнгын хорооны дарга өөрөө энэ салбарынх учраас эдийн засаг иймэрхүү хүнд байдалд байгааг сайн мэдмээр санагдана. Дээрээс нь цар тахлаас үүдсэн ложистик, боомтын асуудал үйлдвэрлэгч нарт маань тулгамдсан асуудал болж, инфляц 13.5 хувьд хүрлээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань өдрөөс өдөрт хаалга барих, хэдэн хүнээ ажилгүй болгочихвий гэсэн айдаст ээрүүлсээр...
Уг нь МАН-ын хувьд үйлдвэрлэлийн салбар тэр дундаа ажлын байр олноор бий болгодог жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хэл амтай ч жижиг дунд үйлдвэрлэлийн санг тогтвортой ажиллуулж, гурван хувийн хүүтэй зээлийг санал болгосоор байна. Үүний хүчээр 130 мянган ажлын байрыг эрсдлээс хамгаалж чадсан гэж Засгийн газар тайлбарлаж буй. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аж үйлдвэрийн салбарт өндөр ач холбогдол өгсөн учраас УИХ-д Үйлдвэржилтийн байнгын хороог буй болгосон биз. Түүнээс УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд албан тушаал хуваарилах гэж ийм нэртэй байнгын хороо байгуулаагүй нь лав.
Бодлого боловсруулж, үйлдвэрлэгчдийн бодит байдалтай танилцаж, гүйцэтгэх засаглалаа шахах ёстой УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дүн дээр хэлсэнчлэн долоон удаагийн хуралтай, бодит ажлын үр дүнгүй нэг жилийг үдэв.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн таны УИХ-аар хүлээсэн үүрэгт тань Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах гэж байдгийг сануулья.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2022/01/24
Энэ мэт нь зөндөө байна
Зочин · 2022/01/24
zochin · 2022/01/24
ymarch medleggui , luivarchin gischuun
zochin · 2022/01/24
novschiin buzar luivarchin , Choijilsuren !!! ene olon jiliin yduural chamtai cholbootoi , chi neg l tun udachgui tamruu oroch estoi.
Схд иргэн · 2022/01/24
Хамгийн их шуналтай гишүүн юу ч хийдэггүй залхуу
Зочин · 2022/01/24
увсын шулга далп ор