АНУ-ын Брукинс институтын зөвлөх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын мэргэжилтэн Д.Тэгшбаяртай ярилцлаа.


-ЛЮКСЕМБУРГ БОЛ НЭГ ЖИШЭЭ. АНГЛИД НАСАНД ХҮРЭЭГҮЙ 4000 ХҮҮХЭД КОМПАНИЙН

 

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ГЭСЭН БҮРТГЭЛ БАЙНА-


-Гэмт хэрэг болон авлигыг мэдээлэх Open­Lux байгууллагаас Монгол Улсын нэг настай иргэн нүүрсний томоохон орд эзэмшдэг тухай мэдээллийг ил болгосон байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Энэ мэдээлэл бол Open­Lux төслийн хүрээнд ил болсон бодит мэдээлэл. Люксембург улсад 1955 оноос хойш 260.000 орчим компани бүртгүүлсэн байдаг. 2019 оны гуравдугаар сард Европын холбооны шахалтаар Люксембург улс компанийн эздийн эцсийн өмчлөлийн мэдээллийг ил болгосон. Гэхдээ мэдээллийг нээлттэй өгөгдлийн форматаар биш, хэсэгчилж ил болгосон. Тодруулбал, хувь хүний нэрээр бус зөвхөн компанийн нэрээр хайх боломжтой байдлаар ил болгоод байсан юм. Тиймээс OpenLux төслийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг нээлттэй өгөгдлийн стандартад нийцээгүй гурван сая гаруй мэдээллийг 2019 оноос хойш скрапп хийснээр /мэдээллийг цэвэрлэх/ түүний ард 400 гаруй хүүхэд, ялангуяа Монгол, Азарбайджан, Мексик зэрэг хөгжиж байгаа орнуудад харьяалалтай насанд хүрээгүй иргэд эцсийн эзэмшигчээр бүртгэгдсэн байна гэдгийг тодорхой болголоо.

Люксембург улсын хуулиар бага насны хүүхэд бэлэн мөнгө л биш бол хөрөнгө, хувьцаа эзэмшихийг зөвшөөрдөг. Эцсийн өмчлөгчийн мэдээллийн сан тодорхой хэмжээнд ил болж, сэтгүүлчид мэдээлэл дээр удаан ажилласнаар шат дараатай мэдээллийг ил болгож байна. Өмнө нь тус улсад бүртгэлтэй компаниудын эцсийн өмчлөгчдөд зэвсгийн наймаачид, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, террорист бүлэглэлийн гишүүд байгааг тогтоож байсан.

-Люксембург улсад бага насны хүүхэд хөрөнгө эзэмшихийг зөвшөөрдөг юм байж. Харин манай улсад хориглодог шүү дээ. Тийм ч учраас энэ мэдээлэл олны анхаарлыг татаж байна?

-Бага насны хүүхэд хувьцаа, хөрөнгө шууд эзэмших нь хуулиар боломжгүй.

Люксембург улсад хэдийгээр үүнийг зөвшөөрдөг ч тэрхүү эзэмшиж байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий насанд хүрсэн хүн заавал байх ёстой. Харин хууль зөрчөөгүй боловч дэлхийн мэдээллийн хамгийн өндөр нууцлалтай, татварын диваажин улсад тооцогдох газар компани байгуулан, хүүхдийн нэр дээр хөрөнгөө шилжүүлж байгаа нь хөрөнгөөс нэрээ салгах гэсэн, татвараас зугтах, гэмт хэргээс олсон орлогоо нуун далдлах, мөнгө угаах зэрэг ямар ч гэмт хэрэгтэй холбоотой байх магадлал өндөр.

Манай улс Үндсэн хуульдаа газрын доорх баялаг, ашигт малтмал төрийн нийтийн өмч гээд заачихсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээд л эзэмших хуультай. Харин тухайн хуулийн этгээдийн цаад толгой компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гараад явчих тохиолдол олон байна.

Сүүлд Олборлох байдлын ил тод байдлын санаачилгын нээлттэй мэдээллийн санд нийтдээ 700 гаруй хуулийн этгээд эцсийн өмчлөгчийнхөө мэдээллийг гаргасан байсан. Үүн дотор найман улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр л тодорсон байдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд 2021 оны нэг сар гэхэд бүгд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг гаргаж өгсөн. Түүнээс ч өмнө татварын албанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2018 оны зургаан сард эцсийн өмчлөгчдийн мэдээллээ гаргаж байсан. Одоо харин эдгээр санд тухайн хүүхдийг үнэн зөв мэдүүлж үү гэдгийг өмнө нь татвар, улсын бүртгэлд гаргаж өгсөн мэдээллээс тулгалт хийж харах хэрэгтэй байна. Мэдүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхийг харах хэрэгтэй. Одоогийн Засгийн газар авлига, ашиг сонирхолтой тэмцэнэ гэсэн шүү дээ. Өнөөдөр тэр хүүхдийн мэдээлэл аль ч мэдээллийн санд нь байхгүй бол мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулаагүй төрийн байгууллагын удирдлагыг хадгалаад, хамгаалаад яах вэ дээ.

-Манайх эцсийн өмчлөгчийн мэдээллийн санг бүрдүүлэхэд ямар санаачилгатай ажилладаг юм бол?

-Нийтийн мэдээллийн тухай хуулиар ирэх тавдугаар сарын 1-нээс эцсийн өмчлөгчдийн мэдээлэл ил тод болоод явах ёстой. Хэрэв жинхэнэ утгаараа хэрэгжвэл бид гадаадад алдагдсан хөрөнгөө буцааж олж авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг мөрдөн шалгахад боломж улам нэмэгдэнэ. Мөн татвараас зугтсан, зайлсхийсэн эсэх асуудлыг бусад дата сантай уялдуулж харах боломж бүрдэнэ. Одоо юуг ч нуух боломжгүй. Улс орнуудын хууль хяналтын байгууллагууд хоорондоо эцсийн өмчлөгчдийн мэдээллээ солилцдог болж байна.

Олон улсын компаниудын эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил болгож байгаа санал санаачилга бол бидэнд үр ашигтай. Эцсийн өмчлөгч ил болсноор тэнд ашиг сонирхлын зөрчил байна уу, авлигын мөнгө, гэмт хэргийн ашгаа шилжүүлсэн үү гэх мэт олон мэдээллийг хоорондоо харилцан солилцох боломж бүрдээд явна. Европын холбооны дийлэнх улс орон компанийн эцсийн өмчлөгчийн сантай болсон. Зарим нь олон нийтдээ үнэ төлбөргүй нээлттэй байна. АНУ гэхэд 2021 оны нэгдүгээр сараас ийм мэдээллийн санг бүрдүүлсэн. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн хууль хүчний байгууллагууд л тэрхүү мэдээллийг солилцох байдлаар ашиглаж байна. Бидэнд бас ФАТФ-ын саарал жагсаалт, Европын холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орны жагсаалтад орохгүй байх, үүний дагуу хүлээсэн үүргийн нэг нь эцсийн өмчлөгчийн мэдээллийн санг бүрдүүлэх юм.

-Манай улсын нэг настай иргэн нүүрсний орд эзэмшдэг гэдэг нь ил болчихлоо. Энэ эзэмшил хууль ёсных уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй болов уу?

-Хүүхэд Люксембургийн компанийн хувьцаа эзэмшиж байгаа нь хууль бус биш. Гол нь компани хооронд шилжиж байгаа мөнгөн гүйлгээ, ашиг сонирхол юу вэ, татвараас зугтаж уу, гэмт хэргийн гаралтай мөнгө шилжүүлж үү гэдгийг тодруулах шаардлагатай. Хүүхдийн цаана насанд хүрсэн хүн, эсхүл хөрөнгийг насанд хүртэл нь захиран зарцуулах эрх бүхий этгээдийг тодорхой болгох богино хугацааг заагаад, иргэдэд зарлавал зүйтэй. Учир нь Люксембург мэдээллийн нууцлалыг хамгаалах зохицуулалтынхаа хүрээнд харилцагчийн мэдээллийг манай хуулийн байгууллагад өгөхгүй, нэрийг нь ч хэлэхгүй. Тиймд шууд хариуцлага тооцно гэхээсээ Италийн Засгийн газрын авч байгаа арга хэмжээг хэрэгжүүлж болно. жишээ нь, тэд эцсийн өмчлөлийн мэдээллийн зөрүүг засах, гадагшаа гаргасан хөрөнгө мөнгөний татварыг төлөх, хөрөнгө эзэмшиж байгаа хүүхдийн цаана ямар хүн байгаа тухай мэдээллийг гаргаж өгөх шаардлагыг иргэддээ тавьсан юм билээ.

Люксембургт хүүхэд хөрөнгө эзэмшиж байгаа бол нэг л жишээ. Английн компаниудын эцсийн өмчлөгчийн нээлттэй мэдээллийн санд 4000 насанд хүрээгүй хүүхэд эцсийн өмчлөгч байна гэсэн бүртгэл байна. Тэнд хэдэн ч Монгол хүүхэд байж мэдэхээр байна. Европын холбооноос эхлээд

АНУ, Австрали зэрэг бүхий л улс орон компанийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг нэгдэж харах боломжийг бүрдүүлж байгаа учраас хуулийн хариуцлага гэхээс өмнө мэдээллээ ил тод болгохыг шаардах нь зүй юм. Мэдээж гаргаж өгөөгүй тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн, төрийн нийтийн өмчийг хамгаалах бусад арга хэрэглэж болох юм.

-Бага насны хүүхэд орд эзэмшиж байгаа явдал манайд хууль ёсных гэдэг магадлал тун бага гэсэн хардлага байна. Судлаач хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм байхыг үгүйсгэхгүй, магадлал ч өндөр. Ашигт малтмалын салбар тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учраас төрийн албан хаагчид, улс төрд нөлөө бүхий этгээдийн оролцоо өндөр, ашиг сонирхлын зөрчил их үүсдэг салбар. Эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтойн хувьд энэ салбарыг цаашид засаглалын хувьд зохистой хөгжүүлээд явах шаардлагатай. Үүний тулд мэдээллийн, засаглалын, санхүүгийн ил тод байдлыг жигд хангах шаардлага байна. Ингэж байж хууль хүчний байгууллагууд бусад улс орны хууль хүчнийхэнтэй хамтарч, мөн иргэний нийгэм, судлаачид, сэтгүүлчид мэдээллийг тодруулах боломжтой.

-OpenLux гэж ямар байгууллага юм бэ?

-Люксембург улсын компанийн эцсийн өмчлөгчийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээллийг боловсруулах иргэний нийгэм, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн төсөл. Энэ удаагийн мэдээллийг 2019 оноос хойш скрапп хийж гаргаж ирсэн нь тэдний уйгагүй хөдөлмөр. Одоо бидний л ажил үлдээд байна.