МУИС-ийн генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэлтэй ярилцлаа.


-“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. Энэ тогтоолыг баталснаар монгол хүнийудмын сангийн аюулгүйбайдлыг хамгаалах, үндэстнийдархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтойгэж үзсэн байна лээ. Таны зүгээс ач холбогдлыг нь хэрхэн харж байна вэ?

-Энэ тогтоолын төслийн гарчиг ба агуулга нь туйлын зөрүүтэй. Удмын сан гэж юугаа хэлээд байна, үндэстний дархлаа гэж юугаа хэлээд байна гэдэг талаар нэг мөр дундын ойлголттой болмоор байгаа юм. Энэ тогтоол нь удамшлын өвчнөөс хамгаалах, эсвэл багасгах, элдэв хортой мутаци, өвчин үүсгэгч хувилбараас цэвэрлэх, цус ойртолтоос хамгаалж эрүүл чийрэг ард түмэн бий болгох гэсэн зорилготой бол бүтэхгүй. Бүхэл бүтэн ард түмэн дээр ийм манипуляци хийх боломжгүй.

Ялангуяа XXI зуунд, худлаа үнэн ч гэсэн ардчилсан оронд шүү дээ. Үндэсний дархлаа гэж юуг хэлээд байгааг нь би ойлгохгүй байна. Соёлын дархлаа гэж ойлголт бий, биологийн дархлаа гэсэн ойлголт бий. Аль нь юм бол доо? 

-Соёлын дархлааг сайжруулна гэж байгаа.

-Хүний соёлын дархлаа биологитой холбоогүй. Цэвэр хүмүүнлэг зүйл шүү дээ. Соёлын дархлааны хамгийн чухал нь монгол хэл. Монгол хэлээ цэвэр, тунгалаг байлгах асуудал бол харин ёстой байж болох асуудал. Тийм тогтоолыг бол би зөв зүйтэй зүйл гэж үзнэ.

-Монгол Улсын хүн амын цус ойртолтын түвшний судалгаагаар 21 аймаг бүрт цус ойртолт тодорхой түвшинд байгаа гэдгийг ажлын багаас онцолж байсан. Нөхцөл байдал үнэхээр ийм дээрээ тулчихаад байгаа юм уу?

-Тухайн судалгаа үнэн эсэх нь туйлын эргэлзээтэй. Цус ойртолт захын зарим сумдуудад цэгэн байдлаар ажиглагдсан байж болно. Хэрвээ тийм бол энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөн багатай байгаагаас л үүснэ. Үүнийг хэдхэн жилийн дотор саармагжуулж болно. Ер нь бол тухайн популяцид цус ойртолт болжээ гэдгийг илэрхийлэх хэд хэдэн шинж байдаг. Нэгдүгээрт, оюуны хомсдолтой хүмүүсийн хувь, хоёрдугаарт, удамшлын өвчний хувь, гуравдугаарт, зулбалтын хувь, мөн үргүйдлийн хувь, давжаарах шинж. Эдгээр шинжүүд монгол хүн амд өссөн баримт байхгүй байна. Мэдээж цаашид нарийн судлах нь зүйтэй.

-Хүн амын өсөлт буураад байгаа, энэ тогтоолоор өсгөх зорилготой гэж ойлгож байгаа шүү дээ?

-Төрөлтийн коэффициент буурсан нь үнэн боловч энэ нь Монголын түүхэн дэх хамгийн өндөр төрөлттэй байсан 60, 70-аад оны үеийнхтэй харьцуулахад л бага байгаа. Тухайн үеийг Baby boomer үе гэдэг юм. Одоо бол хэзээ ч дахин тэр үе шиг өндөр коэффициент гарч ирэхгүй байх. Энэ нь цус ойртолтоос болоод цөөн хүүхэд төрүүлээд байгаа биш, харин нийгмийн хүчин зүйл, соёл боловсролтой холбоотой. 90-ээд онд бүр огцом багасаад одоо бол бас нэлээн өссөн байдаг. Энэ тогтоол хүн амын өсөлтийн коэффициентийг нэмэгдүүлж чадахгүй. Маш хүчтэй халамжийн бодлогоор нэмэгдүүллээ гэхэд нэгж хүний чанарын асуудал гарч ирнэ. Ер нь ийм демографийн асуудлыг ултай суурьтай үндэсний судалгааны баг бүрдүүлж байж судалгаа хийлгэж, шинжлэх ухаанч хэлэлцүүлж байж тогтоол гаргамаар байгаа юм.

-Цус ойртолтоос үүдэн гарч болох хор уршиг юу вэ?

-Одоогоор цус ойртолт тухайн ард түмэнд нийтээрээ илрээд ийм тийм гамшиг боллоо гэсэн түүх алга. Хамгийн тодорхой түүх бол Европт язгууртнуудын хүрээлэл дотор үеэлүүд хоорондоо маш түгээмэл гэр бүл болсноор хаадын өвчин гэдэг зүйл их илэрдэг болсон юм. Гемофил гэдэг өвчин л дөө. Угаасаа байдаг л өвчин. Энэ өвчин хамаатнууд дотор түгээмэл илэрдэг болсон гэсэн үг. Тэгэхээр энэ түүхээс харвал хэрвээ тухайн ард түмэн нийтээрээ цус ойртвол янз бүрийн өвчин ихэсч, эрүүл мэндийн үйлчилгээний зардал ихсэх нь тодорхой. Мөн нийтээрээ маанагдуу л болно гэсэн үг. Гэхдээ ийм түүх баримт одоо болтол алга.

Харин генийн дрифт гэсэн ойлголт байдаг юм. Энэ нь юу вэ гэхээр тодорхой популяциас гэнэт ямар нэгэн шалтгаанаар их хэмжээний бодгаль амь үрэгдэж, улмаар ямар нэгэн тодорхой генийн хувилбарын хувь хэмжээ гэнэт ихэсч, багасахыг хэлдэг юм. Ийм тохиолдол харин Монголын түүхэнд байсан байх боломжтой гэж би боддог. Энэ нь 1937 оны их хэлмэгдүүлэлт. Лам нар, сэхээтнүүдийг түүж аваад буудчихаар монгол хүн амын генийн бүрдэлд нөхөж баршгүй хохирол учирсан байх боломжтой. Насанд хүрсэн таван эрэгтэй хүний нэгийг нь буудна гэдэг асар өндөр хувь. Тэгээд санамсаргүй түүврийн аргаар сонгож аваад буудаагүй, лам, сэхээтнүүдийг сонгож буудаж байгаа болохоор тодорхой генийн хувилбарын хувь хэмжээнд савлагаа үүсгэсэн байх боломжтой. Ийм учраас үнэхээр монгол хүний удмын сан гэдгийг генүүдийн баялаг байдал гэж ойлговол монгол үндэстэнд дахиж хэзээ ч 37 он давтагдах ёсгүй. Ямар нэг масс аллага, хүчирхийлэл гарах ёсгүй. Гадны төрийн бодлого, түрэмгийлэлд монгол үндэстэн өртөх ёсгүй. Монгол хүний амь нас, эрх чөлөөг хангана гэдэг ёстой жинхэнэ удмын сангийн аюулгүй байдал мөн. Үүнийг хамгаалах гэж л угаасаа үндсэн хууль байдаг, төр засаг оршин байгаа гэж ойлгож байна ш дээ.

-Манайд нэг сумынхан, нэг голынхон хоорондоо суух элбэг. Энэ нь цус ойртох эрсдэлтэй талаар хүмүүс онцолдог. Үүнээс яаж хамгаалах вэ. Олон улсад урьдчилан сэргийлдэг ямар жишиг байна?

-Монголчууд мал аж ахуй эрхэлдэг учраас цус ойртолтыг сайн мэддэг юм. Бэр гуйхад цаад удам судрыг нь харна, гэх мэтчилэн. Ургийн бичгийг хөтөлж байсан. Тэгэхдээ феодлууд нь хөтлөөд, ардууд бас сүртэй хөтөлдөггүй байсан болов уу. Олон улсад бол тийм жишээ байхгүй дээ. Германд бол асар том ургийн бичиг харж л байсан. Гэхдээ тэр нь цус ойртолтоос сэргийлэх зорилготой биш. Овгийнхоо түүх, алдар сууг хойч үедээ өвлүүлж бахархуулах зорилготой юм билээ. Удмын сан гэсэн ойлголтыг дэлхийд хүн амынхаа удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалсан түүхтэй ганц орон байна. Энэ нь фашист Герман. Тэд хүний анатомид стандарт тогтоож түүнээс зөрсөн нь бохир цустай гэж үзэж, энэ бохир цуснаас цэвэр цусаа хамгаалах ухааны бодлого явуулж байсан юм.

-“Манайд цус ойртолт аюулын хэмжээнд хүрээгүй. Үүний ард мөнгө угаах ажил явж байна” гэх байр суурийг илэрхийлэх хүмүүс байх юм. Өөрөөр хэлбэл, онцын шаардлагагүй ажил гэх тайлбар хэлж байна.

-Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн гэдгийг батлах баталгаа нь алга. Дорнодын Матад, Халх гол, Баянхонгорын Баянлиг зэрэг зарим нэг сумуудад оюуны хомсдолтой хүмүүсийн хувь их байгаа судалгаа баримт бол бий. Тэгэхдээ эдгээр цөөн сумд Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөх боломжгүй. Хөдөө таван айлаар орчихоод Монголын бүх хүн гэрт амьдардаг гэж дүгнэлт гаргаж болохгүй биз дээ. Зөвхөн зарим нэг сумдад цус ойртолт их байна гэж үзэх боломжтой. Үүний шалтгаан нь монгол хүний удмын сандаа ч биш. Хүн амын сэлгэлт хөдөлгөөн маш бага байсантай холбоотой. Социализмын үед монгол хүн ийш тийш чөлөөтэй явах ч эрхгүй л байсан шүү дээ. Ерөөсөө оюуны хомсдолтой хүмүүс манай хүн амд дэлхийн дунджаас их байна уу, бага байна уу гэдгийг л харах хэрэгтэй.

Мөнгөний хувьд бол генетик оношилгооны нэгдсэн төв байгуулах асуудлыг хөндөж байгаа. Манай анагаахын салбарт байгууллага мундаагүй. Үндэсний төв нэртэй өч төчнөөн энэ чиглэлийн байгууллага байхад дахиж ийм байгууллага үүсгэх нь үр ашиггүй байх.