Б.БОЛОРЧИМЭГ 

Электрон тамхи хортой юу? Энэ асуултанд өнөөгийн залуус “Үгүй” гэсэн хариулт өгөх биз. Учир нь электрон тамхины талаар гарч байгаа мэдээллийн дийлэнх нь эерэг байгаа юм. Гэтэл дэлхий нийтээрээ электрон тамхины хор хөнөөлийн талаар харилцан мэдээлэл солилцож, хамтран тэмцэх талаар уриалж байна.

Манай улсад эсрэгээрээ. “Сайн” гэсэн  далд сурталчилгаа явуулсаар, дэлгүүрийн лангуу дүүрэн өрөөстэй байна. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.

 -Электрон тамхины хэрэглээ манай улсад тэр дундаа залуус эмэгтэйчүүдийн дундад нэмэгдэж байна. Энэ нь утаат тамхийг бодвол хүний биед хор багатай гэх сурталчилгаа ч ихэслээ. Үнэхээр хүний биед хор багатай юу?

-Сүүлийн жилүүдэд дэлхий даяар уламжлалт буюу утаат тамхины хэрэглээ буурч байна. Тэгэхээр тамхи үйлдвэрлэгчид маркетингээ өөрчилж, өөр хэлбэрээр үйлдвэрлэж эхэлсэн нь электрон тамхи гэж болно. Тамхи үйлдвэрлэгчдийн өөрсдийнх нь хэлж байгаагаар технологи шингээсэн бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд өөр өөр нэр өгч, янз бүрийн хэлбэр дүрс, үнэр, амт оруулж байна. Тамхинаас гаргана, хор багатай гэх мэт гоё сурталчилгаа явуулж борлуулдаг.

Зөвхөн манай улсад ч биш дэлхий нийтэд энэ тамхины хэрэглээ нэвтэрч, тархсан. Гэтэл үүний гол хэрэглэгч, хохирогч нь техник технологийн хөгжлийг дагах дуртай залуус маань байна. Үнэр амт оруулагч хийж, хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг флаш диск, үзгэн бал гэх мэт хэлбэр дүрстэй болгон залуусын сонирхлыг татаж байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд яг тамхинаас гаргадаг уу, хор багатай юу гэх мэт судалгаа бүрэн хийгдээгүй. 

Их хугацаа шаардана. Эхний байдлаар АНУ, БНХАУ, ОХУ зэрэг оронд хүүхэд, өсвөр үеийнхэн ихээр хэрэглэн уушгины үрэвсэл үүсч, амь насаа алдсан тохиолдол гарлаа. Хамгийн сүүлд ОХУ-д 12 настай хүүхэд хэрэглэж, амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь хортой шүү гэдгийг л хэлээд байгаа юм. 

Уламжлалт утаат тамхинд хүний биед хортой ямар бүтээгдэхүүн ордог билээ, тэр бүхэн бий. Харин ч нэмэгдээд үнэр, амт оруулагч, ууршуулагч, мананцар үүсгэдэг хэлбэртэй байгаа нь улам аюул дагуулж байна. Утаа амьсгалаас илүү хурдан хугацаанд ууршаад судсаар нэвчиж тархины харвалт, харшил, уушгины үрэвсэл, хорт хавдар үүсгэх бодисууд агуулагдсан гэсэн үг. 

Тамхийг тодотгогч хортой бодис бол никотин. Никитон мөн адил агуулдаг. Никотин 0 гэсэн тайлбартай электрон тамхинаас ч никотины агууламж илрүүлсэн. Зарим төрлийн электрон тамхинд сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодисын агууламж байна гэсэн судалгаа бий. Энэ бүхэн хүний эрүүл мэндэд хортой нь тодорхой.

АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар ковидын өвчлөл тамхи хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад электрон тамхи татдаг хүний өвчлөл 10-20 хувиар илүү байна гэж гарсан. БНХАУ-ын Уханьд гэхэд өвчилсөн хүмүүсийг судлахад тамхи хэрэглэдэг хүмүүсийн өвчлөл 1.4 дахин, хүндрэх нь 2 дахин их байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр үүнийг яав ч хоргүй бүтээгдэхүүн гэж ойлгож болохгүй. -Утаат тамхинаас гаргадаг, хүний биед сөрөг нөлөө бага гэсэн сурталчилгаанууд бий?

-Хүмүүст электрон тамхийг утаат тамхинаас гаргадаг гэж сурталчлаад байна. Үүнд нь хууртаад хэрэглээд байна. Өөрийнхөө ухамсарт тамхинаас гаръя гээд өөр зүйлээр орлуулаад гарчихдаг хүн их цөөн. Судалгаагаар харин ч дэлхий дахинд аль алиныг нь хэрэглээд давхар хэрэглээг бий болгож байна гэж үздэг. Тамхинаас гараад эргэж тамхинд орох магадлал электрон тамхинд 9 хувь илүү байх жишээтэй. 

Ялангуяа электрон тамхины хэрэглээ сүүлийн хоёр жил, ковид-19 цар тахлын үед илүү нэмэгдсэн. АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар ковидын өвчлөл тамхи хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад электрон тамхи татдаг хүний өвчлөл 10-20 хувиар илүү байна гэж гарсан. БНХАУ-ын Уханьд гэхэд өвчилсөн хүмүүсийг судлахад тамхи хэрэглэдэг хүмүүсийн өвчлөл 1.4 дахин, хүндрэх нь 2 дахин их байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр үүнийг яав ч хоргүй бүтээгдэхүүн гэж ойлгож болохгүй.

-Манай улсад энэ талаар хийсэн сүүлийн үеийн судалгаа байдаг уу. Өсвөр насныхны дунд хэрэглээ ихэсч байгааг Боловсролын сайд ч өөрөө анхааруулсан байсан?

-Манай улсын хэрэглээ насанд хүрэгчдийн 1.9 хувь, 13-15 насныхан буюу өсвөр үеийнхний дунд 3.5 хувьтай байна гэсэн судалгаа гарсан. Өсвөр үеийнхний хэрэглээ насанд хүрэгчдийнхээс илүү байгаа биз. Энэ бол маш ноцтой тоо. Эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж хянах шаардлагатай байна гэдгийг илтгэж байгаа юм. 

Ялангуяа сургуулийн орчинд нийгмийн ажилтан, сургуулийн эмч нар анхаарах хэрэгтэй байна. Хэдэн сая хүн амтай улс орноос ч илүү хэмжээнд байна, энэ тоо. Тийм учраас даруй анхааралдаа авч хуульчлах хэрэгтэй байгаа юм. Манай улс электрон тамхийг тамхи биш цахилгаан барааны ангилалд оруулчихсан байдаг. Тэгэхээр дуртай нь оруулж ирээд зарж байна.

-Нэг талаас хяналт нөгөө талаас хуулийн орчин байхгүйтэй холбоотой байх. Хилээр оруулж ирэх  тусгай зөвшөөрөлгүй гэдэг нь?

-Зөвшөөрөлгүйгээс замбараа­гүй хэрэглээтэй байгаа юм. Энэ нь эрүүл мэндийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлээгүй цахилгаан бараа бүтээгдэхүүнийхээ ангил­лаар борлуулагдаж байгаатай холбоотой. Ялангуяа залуучуудын их үйлчлүүлдэг CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрт хүний нүдэнд шууд өртөх газарт тавиад борлуулж байна. Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт хүртэл их тархаад байна. 

Тийм ч учраас орон нутгаас урьдчилан сэргийлэх яриа таниулга хиймээр байна гэсэн хүсэлтийг бидэнд тавьж байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж тахлын хэмжээнд хүрэхэд их ойртсон.-Хаврын чуулганаар Тамхины хяналтын тухай болон Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ талаар тусгасан уу?

-Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа. Хуульд орсон өөрчлөлтөөр зохицуулалт хийх байх гэж найдаж бий. Ажлын хэсэгт ороод саналаа хүргүүлсэн.

-Электрон тамхинаас илүү утаат тамхи хүний биед хор багатай юм уу гэх ойлголт хүмүүст төрж байж магадгүй?

-Тамхи бол заавал хэрэглэх бүтээгдэхүүн биш шүү дээ. Хэдийгээр хуулиар зөвшөөрөгдсөн ч хэрэглэгч хоёр хүн тутмынхаа нэгнийх нь амь насанд хүрдэг хортой бүтээгдэхүүн гэсэн тамхины тодорхойлолт бий. Манай улсын хүн амын 24.2 хувь нь тамхи татаж байна. 4 хүн тутмын 1 нь, 2 эрэгтэй тутмын 1 нь тамхи татдаг гэсэн үг. Ер нь, өдөрт 500 мянган хүн тамхи татаж байна. 

Тэгэхээр 50 хувь амь насаа алдах нь эрсдэлтэй болж байна гэсэн үг биз. Жил бүр 3300 гаруй хүн тамхинаас шалтгаалсан зүрх судасны өвчин болох тархины харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижнээр нас бардаг. Хавдар ороогүй шүү. Хамгийн хүчтэй донтуулагч. Сэтгэцийн эрүүл мэндээс гадна бусад өвчнөөр өвдөж, хүндэрч байна. 

Тийм учраас тамхи бол сонголт биш юм. Тамхинд зориулдаг мөнгө, цагаа өөр олон зүйлд зарцуулах хэрэгтэй. Хүн өөрийн гэсэн хоббитой, сэтгэлээ тайтгаруулах зүйлтэй, өөрийгөө хөгжүүлдэг, зорилготой байх хэрэгтэй. Ялангуяа энэ үгийг залуучуудад хэлмээр байна. Сургуулийн орчинд хүүхдүүдийг үнэ төлбөргүй дугуйланд хамруулах хэрэгтэй.

Олон улсын туршлага ч байна. Исланд гээд Хойд мөсөн далайтай ойрхон оршдог, 300 гаруй мянган хүн амтай улсын залуучууд нь сүүлийн таван жил хорт зуршилд ихээр автсан. Үүнээсээ гарахын тулд сургуулиас гадуурх бүх дугуйлан, секцийг үнэгүй болгосон. Энэ улсад эрт харанхуй болдог, хүйтэн цаг агаарын онцлогтой. Ингээд урлаг, спортоор дамжуулаад хүүхэд залуусаа өөрчилж чадсан.

-Тамхины хяналтын тухай хууль гарсны дараа гудамжинд байтугай тамхины цэгт тамхи татах хүн ч эрс цөөрсөн. Одоо бол эсрэгээрээ болжээ?

-Би өглөө гэрээсээ гараад ажилдаа 15 минут алхаж ирдэг. Ажил руугаа орон ортлоо тамхины утаа үнэрлэдэг. Тамхины утаа 600 метрийн радиуст 2-3 цагийн турш эргэлддэг гэсэн тооцоо бий. Тэгэхээр тамхины хэрэглээ гэдэг нь нэг хүнийх биш нийтийн асуудал байгаа юм.

-Гэхдээ электрон тамхины утаа хоргүй биз дээ?

-Электрон тамхины утаа хоргүй биш. Агуулагдах бодис нь ижил учраас адилхан. Нэг нь утаагаар, нөгөө нь уураар л гарч байгаа. Дам тамхидалтанд адилхан өртөнө. Харин ч үнэр амт оруулагч зэрэг химийн нэмэлт бодис хэрэглээд хавдар үүсгэх эрсдэл улам нэмэгдэнэ. Дэлхий даяар электрон тамхитай тэмцэж байна. Харамсалтай нь, манай улсад оруулж ирж нийлүүлдэг хүмүүс нь эрх мэдэлтнүүд байдаг юм уу дээшлэх тусмаа тамхины асуудал сулраад явчихдаг. Тийм болохоор мэргэжлийн хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн маань хамтраад зөв мэдээллийг хүмүүст хүргэх хэрэгтэй байна.

-Электрон тамхины зар сурталчилгаа хаа сайгүй л байх болжээ. Үүнд тавих хяналт гэж бий юу?

-Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилт сул байна. Энгийн жишээ хэлье, дэлхийд гарч байгаа хоёр кино тутмын нэг нь тамхидалтыг их бага хэмжээгээр харуулдаг учраас ОХУ болоод бусад улс орнууд киноны дүрсэн доогуур “Тамхи таны эрүүл мэндэд хортой” гэсэн анхааруулга заавал тавьдаг. Манай улсад байдаггүй. Үүнийг хэрэгжүүлэх гээд бүх телевиз рүү албан бичиг явуулсан боловч харамсалтай нь хэрэгжүүлээгүй. Таны хажууд хэн нэгэн тамхи татах эрхтэй гээд татаж л байвал та ч гэсэн дам тамхидалтанд өртөхгүй байх эрхтэй гэдгээ сануул. Эрхээ хамгаалахын тулд цагдаагийн 102 тоот утсанд мэдээллээд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж болно. 50 мянга хүртэлх төгрөгөөр торгоно. Хэн ч 50 мянган төгрөгөөр торгуулиад байхыг хүсэхгүй биз дээ. Ер нь, иргэд хуулиа мэдэхгүйгээс эрх нь их зөрчигддөг.

-2015 онд Тамхины тухай хуульд өөрчлөлт орж, Тамхины цэгтэй болсон. Таны хэлснээр электрон тамхийг мөн цэгт татахаар хууль журамд тусгах ёстой байх нь?

-2015 онд Тамхины тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа ухралт хийчихсэн гэж би боддог. Яагаад гэхээр 300м2 талбайтай аж ахуйн нэгж байгууллага гаднаа тамхины цэг хийж болно гэсэн заалт нэмэгдсэн. 

Дам тамхидалт нэмэгдүүлэх орчныг нь бий болгоод өгчихсөн. Хөдөө орон нутгаар явж байхад зарим газарт тамхины цэг байдаггүй. Асуухаар тамхины цэгтэй болохоор хүүхэд залуусын тамхи татах сонирхлыг өдөөж, нэмэгдүүлж байна гэж үзээд хийгээгүй гэсэн. Энэ нь зөв. Бид ч үүнийг өөрчлөх гээд ажиллаж байна. Тамхины цэг их байх тусмаа тамхины хэрэглээ ихэснэ.-Ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуулинд ямар ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Хуулинд орж байгаа өөрчлөлтийг наана нь хэлэх боломжгүй. Нөлөөлөл явагдаад эхэлдэг учраас хууль батлагдаад гараад ирсэн хойно нь өөрчлөлтийн талаар сурталчлан таниулах хэрэгтэй.

-Тамхины хэрэглээ залуужиж байгааг судлаач хүний хувьд та юу гэж хардаг вэ? 

-Дээр хэлсэнчлэн тамхины асуудлыг ярихын тулд нийгэм рүү, сургууль руу чиглэсэн арга хэмжээг ихээр явуулах хэрэгтэй. Өнөөдөр хүүхэд бүрт гулгах мөсөн талбай, тоглох сагсны талбай байна уу?  Алга. Ийм байхад хүүхэд залуучууд хаана чөлөөт цагаа өнгөрөөх нэрийдлээр нэг нэгнээ муу зүйл рүү уруу татаж, уриалан дууддаг.

Хэрвээ чөлөөт цаг өнгөрөөх газартай бол буруу зуршлаа эрүүл зөв зүйл рүү чиглүүлээд өөрчлөгдөөд эхэлнэ биз дээ. Ийм орчин бүрдүүлээгүй байж хорино, цагдана, торгоно гээд байж болохгүй. Нөгөө талаар хүмүүс зөв, үнэн мэдээллийг бодит эх сурвалжаас авдаг байх нь чухал. Электрон тамхи гэхэд цахим орчинд өөрийн гэсэн хуудастай, гудамж, сонин хэвлэлд реклам тавьж байна. Сугалаа тохирол явж байна. Энэ бүгд чинь Тамхины хяналтын тухай хуулиараа хориотой. Тиймээс мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээлэл хамтарч залуусынхаа үзэл бодлыг өөрчилж, эрүүл мэндийг хамгаалмаар байна. 

Өнөөдөр манай улсад залуу гэр бүл олон болсон. Тийм болохоор ч өвчин гэдэг зүйлийн тухай ойлголт их хол, бараг мэдээлэлгүй байна. Залуучуудаас эрүүл мэнд, боловсрол, ажил 3-аас сонголт хий гэхэд эхлээд боловсрол, дараа нь ажил, гуравт эрүүл мэндийг сонгож байх жишээтэй.

Уг нь хүний хамгийн гол зүйл эрүүл мэнд шүү дээ. Тэгэхээр хүүхэд залуустаа энэ талын мэдээллийг түлхүү өгч, чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, муу зуршлаасаа салах боломжийг олгох хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН