Украинд ОХУ дайн зарлалаа гэсэн мэдээллээс үүдэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар давлаа. Манай улсын нефтийн бүтээгдэхүүний импортын 90 гаруй хувь нь ОХУ-д ногддог. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн энэ сарын 17-ны өдрийн мэдээллээр шатахууны нөөц 152 мянга 588 тонн байгаагаас АИ 92-32, А80-64, Дизелийн түлний 36 хоногийн нөөцтэй байсан. Он гарсаар нийт 234 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон байдаг. АИ92 шатахуун 83 мянган тонныг импортлосон нь  өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт байв.

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалаас шатахууны нөөц, үнийн тогтвортой байдлын талаар тодрууллаа.

 -Нөөцийн мэдээг харахад Засгийн газрын тогтоолд заасан 45 хоногийн нөөц бүрдээгүй байх юм. Нөөцийн хувьд тогтвортой байгаа гэж та хэлж чадах уу?

-Нөөцийн нийлүүлэлт тогтвортой байгаа. Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын тогтоолоор 45 хоногийн нөөцтэй байх ёстой. Тэр хүрээнд нөөцийн хувьд нийлүүлэлт тогтвор­той байдлаа аль болох хангаж ажиллаж байна.

-Нефтийн бүтээгдэхүүний үнийн хувьд дэлхийн зах зээл дээр тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй боллоо гэдгийг ойлгож байна. Оросын нөхцөл байдал манайд хэр нөлөөлөх вэ?

-ОХУ-ын улс төрийн байдал шууд нөлөөлнө. Үнийн хувьд ёстой хэн ч хэлж мэдэхгүй болчихлоо. Өнөөдөр баррель нефтийн үнэ 100 ам.доллар давчихлаа. Сүүлийн 7-8 жил харагдаагүй үнэ. Хоёрхон жилийн өмнө 0 руу орж байсан. Түүхэндээ 100 ам.доллар давсан нь цөөхөн. Украины байдалтай шууд холбоотой. 

Орос чинь өөрөө түүхий газрын тосны томоохон олборлогч, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч. Дэлхийд том тоглогч. Тэгэхээр нийлүүлэлтийн шок үүсэх эрсдэл гараад ирлээ. Бусад улсууд хориг тавиад эхлэхээр түүхий тосны нийлүүлэлтэд эрсдэл үүсэх нь. 

Цаашдаа дайны  нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхийг тааж чадахгүй. Түүхий газрын тос дэлхийн макро эдийн засагт шууд нөлөөлдөг. Нийлүүлэгч орнуудын оролцсон ийм томоохон сөргөлдөөн нь дэлхийн нийлүүлэлтэд шууд нөлөөлдөг.-Манайх нефть нефтийн бүтээг­дэ­хүүнийхээ 90 хувийг  ОХУ-аас авч байна. Өнгөрсөн жилийн сүү­лээр шатахууны хомсдолд орсон. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүү­ний нийлүүлэлтийн сувгийг нэмэг­дүүлэх талаар ямар ажлууд хийв?

-2021 оны арваннэгдүгээр сараас хойш Ангарскийн үйлдвэр дээр ковидтой холбоотойгоор засварын ажил удааширсан шалтгаанаар нийлүүлэлт тасарсан.Тиймээс бид БНХАУ-д хүсэлт тавиад Хөх хотын нефть, нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээс авч эхэлсэн. 

Аж ахуйн нэгжүүд маань цаашдаа ч импортын сувгаа нэмэгдүүлэх бодлого барьж ажиллахыг бидний зүгээс сануулж байна. Төр бол дэмжлэг үзүүлдэг болохоос өөрсдөө очиж гэрээ хийдэг субъект нь биш. Бодлогын талаас нь дэмжээд хамтдаа  шийдэл гаргаад БНХАУ-аас нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байна.

-Манай улсын хувьд бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Шатахууны хэрэглээ илт нэмэгддэг. Тэгэхээр импортыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирэх нь?

-Хамгийн гол нь нийлүүлэлтийн хангамжийн тогтвортой байдал дээр Үнийн зөвлөлийн шийдвэр гарснаас хойш анхаарч ажиллаж байна. Хангамжийн асуудал бол зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш.  Мэдээж үнэ бас яригдаж байсан. Гэхдээ нийлүүлэлтийн шок үүссэн нөхцөлд үнээс илүү хангамж хамгийн чухал байна. Тиймээс хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс 30 хоногийн нөөц бүрдүүлдэг байсныг 45 болгож сунгасан. 

Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ч 45 хоногийн нөөц бүрдүүлэхээр захиалгаа өгөөд баталгаажуулаад явж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд маань ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн. Энэ үеэр хангамжийн асуудлыг тогтвортой байлгах талаар уулзалтууд хийгдэнэ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН