Октябрийн хувьсгал ба Монгол-Оросын харилцаа

Октябрийн хувьсгал бол хүн төрөлхтөний түүхэнд гарсан хувьсгалуудын дундаас хэмжээ дамжаа, дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөгөөрөө хамгийн агуу том нь байлаа. Хүн амын дийлэнх олонхи, тухайлбал урьд дарлагдан мөлжигдөж, сайн сайхан амьдралыг олон мянган жил мөрөөдөн, хүн ёсны эрхийнхээ төлөө тэмцэж ирсэн жирийн иргэд: ажилчин, малчин, тариачид, багш, эмч, цэргийн албан хаагчид засаг төрийн эрх барьж, өөрсдийн эрх ашгийг хамгаалсан засаглал тогтоож болно гэдгийг нотлон харуулав. Энэ хувьсгалын нөлөөгөөр дэлхий дахинд ажилчин, тариачны хувьсгалуудын давалгаа эхэлж, нийгмийн цоо шинэ систем-социализмын ертөнц бүрэлдэн тогтов.

 

Фашист, милитарист дайнч бүлэглэлүүдийг бутцохиж, дэлхийн энх тайван, амьдралын энх амгалан бүс бий болов. Энэ хувьсгалын нөлөөгөөр колони хараат орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж колоничлолын шудрага бус ертөнц нуран унав.

Монгол-Зөвлөлт, Монгол-Оросын харилцаа нь манай орны тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшилд олон үеийн турш гүн хамааралтай байсан юм. Монголчууд монгол-орос, монгол-зөвлөлтийн харилцааг гүн хүндэтгэж, найрамдал нөхөрлөлийн үзэл санааг бараг л шинэ шашин шүтлэг болгосон нь үндэс шалтгаантай байв. ХХ зууны эхний жилүүд нь колоничлол, үндэсний дарлалыг үзэн ядах үзэл Монгол даяар хүчтэй болсон үе байлаа. Ард түмнийг дарлан мөлжих явдал хэр хэмээс хэтэрч, нийгмийн эрх чөлөөг монголчууд юу юунаас илүү хүсч байв. Ийм үзэл санаа дэлхий дахинаа түгэн тарахад 1917 оны Оросын хувьсгал том түлхэц үзүүлсэн юм. Энэ хувьсгалын нөлөөгөөр Германд (1918 он) хувьсгал гарч, Австри-Унгарт (1918 он) гарсан хувьсгалын дунд Унгарын зөвлөлт улсыг тунхаглаж, 1918 оны 1 сард Финляндад ажилчны хувьсгал, Польш, Болгар, Югослав, Франц, Итали, Англи, АНУ зэрэг орнуудад ажилчны том хөдөлгөөн гарав. 1918 онд Японд бүх орны дөрөвний гурвыг хамарсан дажин дэгдэж, 10 сая хүн ажил хаяжээ. 1919 онд "5-р сарын 4-ний хөдөлгөөн" гарч Хятадыг донсолгов. Энэ үед дэлхий даяар хувьсгалуудын давалгаа болж байлаа. Дэлхий дахинд асар их нөлөө үзүүлсэн Октябрийн хувьсгалын гол удирдагч нь В.И.Ленин байлаа.

В.И.Ленин хэмээх дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн энэ суут хүн, түүний бий болгосон социализм нурахын хэрээр улам бүр шүүмжлэгдэж ирсэн боловч түүний дүрийг оросын их ард түмэн мөнхөлсөөр иржээ. Эв нэгдэл, гуманизм, аллага хүчирхийллийг хослуулан байж дэлхийд хосгүй агуу их гүрнийг тэрээр байгуулжээ. Дайн дажин, аллагагүйгээр хэн агуу их гүрнийг байгуулж, түүхийг бүтээж байсан билээ? Бурхны ташуур их Аттила хаан, их эзэн Чингэс хаан, Өгөөдэй, Бат, Хувилай, доголон Төмөр, Моголын их хаан Бабур ертөнцийн түүхийг дархлан сийлж байсан шиг монголын торгууд удмын Ульянов (улаан) түүхэнд тодорсон нь аавыг нь ямагт уярааж байдаг билээ. Лениний аавын нь ээж А.А.Смирнова (самар) халимаг хүн байсан нь түүхэнд нэгэнт тогтоогдсон юм. Агуу их нүүдэлчин монгол удам судар нь түүнийг агуу их болгосон ч байж болох юм.

 

 

В.И.Ленин бол И.В.Сталин шиг хатуу хүн биш байжээ. Ер бусын хөдөлмөрч, агуу их ухаантан, чин зоригтон энэ хүн хувь хүний хувьд зөөлөн ухаалаг хүн байжээ. Социализмын үед бид түүний зохиол бүтээлийг их уншдаг байсан болохоор гадарлах юм. Монгол орны талаар, монголын ард түмний тусгаар тогтнолын хувьд тэрээр зөөлөн дөлгөөн, бидэнд ээлтэй бодлого явуулжээ.

 

 

 

В.И.Ленин Хаант оросын зүгээс Монголын талаар явуулж байсан колоничлох шинжтэй бодлогыг ямагт эрс шүүмжилж байв. 1912 онд "улсын думын социал демократ фракц...Монголыг эзлэн авах явдлыг буруушааж байна" (б.18,т.427); 1913 онд Хаант орос Монголыг "энхрийлэн тэвэрлээ" (б.21,т.403); "өнөөдөр Монголд буюу Туркийн Армянд дээрэм хийх балмад бодлогыг Хаант засгийн газар өгөөмрөөр санхүүжүүлж байна" (б.19,т.132); 1915 онд "Оросын хаант ёс Монгол ба Азийн зарим орныг эзлэн авахыг эрмэлзэж байна" (б.21,т.150); "Оросын хаант засаг... Перс, Монгол зэргийг боолчлохыг эрмэлзэн дээрмийн дайн хийж байна" (б.21,т.377); 1916 онд "Их оросын ажилчин бид засгийнхаа газрыг Монгол, Туркестанаас зайл гэж шаардах ёстой" (б.23,т.62); "бид Монгол, Перс, Энэтхэг, Египетчүүдтэй ойртон нийлэхийг бүх хүчээрээ чармайх... Ингэхийг өөрийн үүрэг, өөрийн эрх ашиг гэж үзэж байна... Биднээс илүү дарлагдан хоцрогдсон эдгээр улс түмэнд "соёлын тусламж"-ийг сэтгэл харамгүй үзүүлэх... Машин хэрэглэж хөдөлмөрөө хөнгөвчлөхөд, ардчилал, социализмд тэдний шилжихэд нь туслахыг бид хичээнэ". (боть 23, т.63); 1917 онд "оросын ажилчин, тариачин бид их Оросын биш... (Монгол, Перс мэтийн) нэг ч газар нутаг буюу колонийг хүчээр барьж байлгахгүй" (б.25,т.45) гэжээ.

В.И.Лениний толгойлж байсан Зөвлөлт Засгийн газар 1919 онд монголын ард түмэнд хандаж гаргасан тунхагтаа: "үүнээс хойш Монгол Улс нь өөртөө эрхт тусгаар нэгэн орон мөн...Монгол Улс тусгаар тогтносон орны ёсоор Бээжин, Петрград хоёроос асуулгүй аливаа олон улстай шууд харилцан нэвтрэлцэх эрхтэй болсон явдлыг...

Монгол үндэстний Улсад чухам мэдэгдэн тунхаглахын хамт, манай Орос Улстай даруй харилцан нэвтрэлцэж элчин явуулан эрх чөлөөт Монгол Улсын төлөөний хүмүүсийг манай Улаан цэргийн өмнөөс тосон илгээх ажаамуу" (МАХН-ын түүхийн зарим чухал баримтууд. УБ.,1946,т.63-65) гэжээ. 1919 онд хятадын цэргийнхэн Монголын автономитыг устгаж байсан тэр үед Лениний Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг тов тодорхой хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байжээ.

 

 

В.И.Ленин монголын элч нарыг ганц нэг гэлгүй, албаны биш гэлгүй хүлээн авч уулздаг хүн байжээ. 1920 онд Солийн Данзан, Чагдаржав нарыг, 1921 онд Солийн Данзан, Б.Цэрэндорж, Ширнэндамдин нарыг (Д.Сүхбаатартай ганцаарчлан уулзсан бололтой), 1922 онд А.Данзан (япон) нартай уулзаж Монгол, Зөвлөлтийн харилцааг цаашид хөгжүүлэх, монголын тусгаар тогтнолыг дэмжих бодлоготой байдгаа илэрхийлжээ.

 

 

 

Түүхийн эдгээр баримтаас уламжлан бодоход торгууд, халимаг удмын В.И.Ульянов (улаан) монголчуудын хувь заяаны асуудалд аятайхан ханддаг байжээ. Түүнийг залгамжлагчдын үед Монгол, Зөвлөлтийн харилцаанд эерэг, сөрөг олон үйл явдал болж байсан нь өөр асуудал юмаа.

Одоогийнхны үздэгээр тийм ч "моод"-ны биш сэдвийг дурсахдаа улирч өнгөрөн түүх болсон социализмыг магтая гэсэнгүй, хүн төрөлхтний түүхэн дэхь томоохон диктатор хэмээн дуудагдах болсон энэ хүний зорилго, үзэл суртлыг дэмжих гэсэнгүй. Харин түүх хэмээх гайхамшигт шинжлэх ухаан хичнээн олон талтай болохыг, түүхэн үзэгдэл, түүхэн хүмүүсийн хувь тавилан ч мөн адил олон талтай болохыг хэлэх гэсэн юм. Одоо үеийнхэн энэ хүнд яаж хандах нь хүний эрхийн асуудал гэдэгтэй адил хориод оны монголчууд энэ хүний зүг итгэл найдварын нүдээр харах үндэс шалтгаан ямар нэг хэмжээгээр байжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Түүхийн өмнөх үеийнхэн, тухайлбал XX зууны эхэн үеийн монголчуудаас одоогийн бид ухаантай сайн гэж үзэх нь зөв биш бөгөөд тэр үеийнхэн тэр үеээрээ л амьсгалж, сэтгэж, тухайн үедээ тохирох үйл ажиллагаа явуулж байсныг өнөө үеийнхэн зөв ойлгохыг чармайх нь түүхийн зөв сэтгэлгээ болно гэж боддогоо хэлэх гэсэн юм.

Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөнд дуртай монголчууд дэлхий нийтийн хувьсгалуудын давалгаанд татагдан орж Зөвлөлтийн бүх талын дэмжлэг тусламжтайгаар 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгалыг ялалтанд хүргэж, ЗХУ-аар толгойлуулсан социализмын төлөө ертөнцөд татагдан орсон юм. Энэ үед урд хөрш Хятад нь Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй байсан, бусад гүрнүүд алс хол байсны улмаар Зөвлөлтийн гэгдэх хүрээлэлд татагдан хамаарагдах болсон нь монголчуудын түүхэн хувь тавилан мөн байв.

 

 

Монголчууд марксизм-ленинизмыг судлаж ойлгоод, түүнд итгэж, социалист нийгмийг байгуулах гэж 1921 онд хувьсгал хийсэн гэвэл арай гоомой дүгнэлт болох биз. Монголчууд гадаадын колоничлогчдоос эх орноо чөлөөлөх, тусгаар тогтнолоо олох аугаа их зорилтыг тавьж, энэ үйлсээ хэрэгжүүлэхэд Зөвлөлт Оросын ард түмэн туслах байх гэдэгт найдаж байв.

 

 

 

XX зууны Монгол орон тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олох, бататгах тэмцэлдээ хөрш зэргэлдээ агуу их гүрнийг түших бодлогыг баримталсан гэвэл үнэнд дөхөж очно гэдэгт итгэж байна. Түүхийн урт үеийн турш мөнхийн хөрш байж, аль нэгэн үед хэн нэгийгээ хараандаа ээлжлэн оруулж, өөр нэгэн үед харилцан бие биедээ туслах, хамтран ажиллах зэргээр хүн төрөлхтний байдаг л жам жишгээр хөгжиж ирсэн Монгол, Оросын ард түмний харилцааны түүхэнд сод хүмүүс, удирдагчид, тэдгээрийн өөр хоорондын хүн ёсны харилцаа том үүрэг гүйцэтгэж байжээ. Эрт дээр үед, тухайлбал: XIII-ХIV зуунд Оросын вант улсуудын бодлого, нийгэм улс төрийн амьдралд Монголын хаадын хүсэл зориг нөлөөлж байсан бол XX зуунд түүхийн хүрд эргэдгээрээ эргэж, монголын нийт амьдралд Оросын их гүрэн ер бусын томоохон нөлөө үзүүлэх болсон юм.

 

Түүхийн эргэлт нугачааны энээхэн үеийг авч үзэхэд монгол түмний аз болоход Монгол, Оросын харилцаа нь тус орны хувь заяанд дийлэнх тохиолдолд их төлөв эерэг нөлөө үзүүлсэн байдаг билээ. Богд Жавзандамба, II Николайн хоорондын харилцаа 1911-1912 онд монголчууд Манжийн дарлалыг устгаж, үндэсний тусгаар тогтнолоо олж авахад чухал үүрэг гүйцэтгэв. Д.Сүхбаатар, түүний хамтран зүтгэгчдийн удирдлагаар Монгол орон 1921 онд алдагдсан тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улс орноо хөгжил дэвшлийн замд гаргахад В.И.Ленин, түүний амьдралынхаа он жилүүдийн турш сурталчилсан интернационализмын бодлого шийдвэрлэх нөлөө үзүүлснийг Монголчууд мартдаггүй юм. Түүхэн тодорхой нөхцөлтэй холбоотойгоор хатуу чанга бодлого явуулж байсан Зөвлөлтийн удирдагч И.В.Сталин 30 орчим жил төр удирдахдаа Монголын удирдагч Б.Цэрэндоржтой эе эвийг олон хөндийвтөр харилцаж, П.Гэндэн, А.Амар нартай үг хэлээ ололгүй далдын тэмцэл явуулж, Х.Чойбалсангийн Зөвлөлтийн ард түмэнтэй тогтоосон найрамдалд үнэнч, Монгол төрийн бодлогын уламжлал ба тусгаар тогтнолоо эрхэмлэдэг чанарыг үнэлж, олон жил ойр холбоотой ажиллаж, дараагийн удирдагч Ю.Цэдэнбал тодрон гарч ирэхэд мөн л үүрэг гүйцэтгэжээ. И.В.Сталин өөрийн улс орны сонирхол, үндэсний эрх ашгийг дээдлэн бодож байсан нь мэдээж боловч Чингисийн удмын Монгол Улс тусгаар тогтносон улс байх ёстой гэсэн байр сууринд хатуу бат зогсож байснаараа тэр цагийн монголчуудын хүндэтгэл хүлээж, манай төрийн удирдагчдад их тус дэм болж байв.

 

Монголын дараагийн удирдагч Ю.Цэдэнбал хөрш Зөвлөлтийн удирдагч В.И.Лениний Монголын хувь заяанд гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлэн түүний сургаалд итгэж, В.И.Лениний зохиол бүтээлийг олон мянган хувь хэвлэж, хөшөө дурсгалыг нь босгон, нэрэмжит газрууд бий болгож, Азид байхгүй, түүнд зориулсан гоёмсог музейг нийслэлд байгуулав. В.И.Лениний хөгжүүлсэн үзэл санаа хэдийгээр бүрэн хэрэгжих тавилангүй байсан ч нэгэн үе дэлхийн олон зуун сая хүнийг эзэмдсэн шигээ монголчуудын зүрх сэтгэлийг мөн л тэгэж эзэмдсэн тийм үе байлаа.

Ю.Цэдэнбал Зөвлөлтийн ард түмнийг хүндэтгэх үзлийн үүднээс хөрш орны удирдагч И.В.Сталинд хандаж, агуу их ялалтыг голлон зохион байгуулагчийнх нь хувьд, ахмад хүний хувьд хүндэлж, зөвлөгөө сургамжийг нь сонсож, бас ч хожим нь хатуу хартай чанарыг, тахин шүтүүлж байсныг нь "дозыг нь тааруулан" шүүмжилж байсан ч түүхэн бие хүнийх нь хувьд, Монголын тусгаар тогтнолын үйлсэд ямар боловч тууштай хандаж байсны төлөө түүний сүрлэг хөшөө Монголын нийслэлд сүндэрлэн байхад болохгүй зүйл байхгүй хэмээн үзэж, энэ асуудлаар Н.С.Хрущевтой ам мурийлцаж явжээ.

 

Ю.Цэдэнбал, Н.С.Хрущев нарын харилцаа ч хэвийн байв. Улс орноо зоригтой шинэчлэх талаар Н.С.Хрущевын явуулсан нийгэм, эдийн засаг, соёлын бодлогын амжилтад Ю.Цэдэнбал ямагт баяр хүргэж байв. Харин И.В.Сталины эсрэг явуулсан нүргээнт сүржин кампаани, тэр хүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хэт хараар будсан болон Зөвлөлт-Хятадын харилцааг хурцатгасан, их жанжин Г.К.Жуковыг хавчсан зэрэгт Ю.Цэдэнбал сэтгэл дундуур байжээ. Хожим өндөр насны тэтгэвэрт байхдаа "Хрущевыг би мэднэ. Хрущев чинь дайны хүнд үед хэд хэдэн алдаа хийж Сталинд нүдээ чичлүүлж, зэмлэл авч байсан хүн. Хрущев илтгэл тавьж, Сталины үед гарсан хэлмэгдлээр далим хийж И.В.Сталины нэр хүндийг унагаж, өөрийгөө мандуулах гэсэн хүн... Анхлан Зөвлөлт, Хятадын харилцаа муудсан явдал бол Гүржавтай шууд холбоотой...Г.К.Жуков бол Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд их гавьяа байгуулсан, тэгээд манай Улсын Баатар цолоор шагнуулсан юм. Тийм том жанжиныг Гүржав муу хэлсээр байгаад аваад хаячихсан нь алдаа болсон юм" гэжээ.

Н.С.Хрущевийн үйл ажиллагааны зарим талд хандах энэ бодлоо Ю.Цэдэнбал олон жил зөвхөн өөртөө хадгалсан нь хувь хүний хоорондын харилцааг хоёр улсын харилцаанд нөлөөлүүлэхээс болгоомжилж, тухайн үед нийгмийн дотор шинэ чөлөөтэй уур амьсгал бий болгох талаархи Н.С.Хрущевын чармайлтыг өндөр үнэлж, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэх бодлогоо хатуу тууштай баримталж, эв найрамдлыг эрхэмлэн дээдэлдэг, тал шигээ уудам цайлган сэтгэлтэй, Увс, Хөвсгөлийн ус шиг тунгалаг ариун хүсэл эрмэлзэлтэй байж, Монгол түмний шинэ нийгэм байгуулах үйлсийг нь дэмжих ёстой гэдгийг Н.С.Хрущевт бүрэн ойлгуулж чадсан юм. Чухамдаа Н.С.Хрущев Зөвлөлтийн удирдагч байх үед Монгол Улс НҮБ-ын гишүүн болж, 1957 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д албан ёсны айлчлал хийж, СЭВ-д элсэж, нефтийн ордоо ашиглах, төмөр зам тавьж дуусгах, соёл ахуйгаа өөд нь татах, хөдөө нутгийг өөрчлөн хөгжүүлэх, Дархан-Шарын голын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, атар газар эзэмших зэрэг амин чухал ажил үйлсэд ЗХУ нь хөрөнгө оруулагч, хандивлагч гол орон болж байсан билээ.

 

Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нарын харилцаа гойд сайн байв. Үйлдвэрийн ажилчны хотхонд төрж, ажилчны амьдралын хар борыг биеэрээ туулсан, хөдөөг өөрчлөн байгуулах үед газар зохион байгуулагчаар ажиллаж, газар шорооны үнэ цэнийг амталсан, Эх орны их дайны үед фронтын хамгийн халуун цэгт байлдаж, нам, улс төрийн ажил хийж явсан, дайны дараахи сэргээн босголтын үед Днепропетровскт өдөржин шөнөжин ажиллаж, атар газар эзэмших их үйлс өрнөж байсан үед Казакстанд атар газар эзэмших үйлсийг удирдаж, сансарт хүн нисэх үйл явцыг биечлэн зохион байгуулалцаж, улмаар Зөвлөлт төр, Коммунист намын удирдагч болсон, дайны хүнд үед Монголын ард түмний тусыг биеэр амссан, хүнлэг сайхан сэтгэлтэй Л.И.Брежневийг Ю.Цэдэнбал жинхэнэ ёсоор хүндэтгэж, олон улсын талбарт ч, хоёр орны харилцаанд ч нягт хамтран ажиллаж байв.

Мэдээжээр төрсөн ах дүү нарын дунд ч санал нийлэхгүй зүйл байдгийн нэгэн адил тэд нэгнийхээ бүх санааг цаг ямагт дэмжээд байдаг байсангүй. Цагтаа В.М.Молотовтой ажиллаж, хожим нь Л.И.Брежнев, Ю.В.Андропов, К.У.Черненко, М.С.Горбачев нарын туслахаар ажиллаж байсан А.Александров-Агентов "Коллонтайгаас Горбачев хүртэл" гэдэг дурсамж номондоо бичсэнээс үзэхэд ЗХУ-ын Ази чиглэсэн бодлогыг тодорхойлоход Леонид Брежнев Монгол Улсад ихээхэн анхаарал тавьж, Ю.Цэдэнбалд итгэж, түүнтэй байнга хамтран ажиллахыг зайлшгүй чухалд үзэж, дэлхийн бодлогод Монгол Улсын байр суурийг тун ч өндөрт өргөн хандаж байсан тухай бичээд, харин Крымд болсон нэгэн удаагийн ярианы явцад Л.И.Брежнев Монголыг ЗХУ-д нэгтгэх тухай асуудлыг хөндөхөд Ю.Цэдэнбалын байр байдал нилээн эвгүй болж, ямар нэгэн шалтаг гарган энэ сэдвийг үргэлжлүүлэхээс бултсан бөгөөд нөхцөл байдлыг ойлгосон Л.И.Брежнев цаашид энэ асуудлыг хаана ч, хэзээ ч, тэр ч бүү хэл ойр хавийнхантайгаа ярих хувийн ярианд ч огт гаргаагүй тухай дурсчээ.

 

Л.И.Брежнев Зөвлөлтийн ард түмэнтэй нягт хамтран ажиллах замаар Монгол Улсаа хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татахын төлөө Ю.Цэдэнбалын хүсэл бодол, их үйлсэд нь аль болохоор туслахыг чармайж байв. Орос, ЗХУ-ын удирдагчдаас хөрш Монголд сайн санаа өвөрлөн өндөр хэмжээний айлчлал хийсэн анхны удирдагч нь Л.И.Брежнев байв. Монгол оронд халуун сэтгэлээр ханддаг энэ хүн Хятадын байнгын даралт шахалтанд байсан Монголыг дэмжихийн тулд олон мянган км-ийн аялал хийж, Владивостокт АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийснийхээ дараа 1974 онд Монголын баярт оролцохоор хоёрдох удаагаа ирсэн нь манайд том дэмжлэг, бодит туслалцаа болсон билээ.

Энэ үе нь Монгол-Зөвлөлтийн эдийн засаг, соёлын хамгийн үр ашигтай хамтын ажиллагааны үе байлаа. Дархан-Шарын голын цогцолбор бүрэн хүч чадлаараа ашиглалтад орж, Монголын эрчим хүчний систем бий болж, аварга хүчирхэг "Эрдэнэт" комбинат, Хөтөлийн цемент шохойн цогцолбор, Багануурын үйлдвэрийн район, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр зэрэг манай аж үйлдвэрийн сор болсон цогцолборууд чухам энэ цаг үед сүндэрлэв. Эмнэлгийн томоохон төвүүдийг Зөвлөлтийн барилгачид барьж, орон сууцны III, IV хорооллыг бэлгэнд авч, Монгол орон сансар огторгуйд иргэнээ илгээж, жил тутам монголын 10 мянга гаруй охид, хөвгүүд Зөвлөлтийн дэлхийд алдартай шинжлэх ухаан, боловсролын төвүүдэд суралцаж, Монгол, Зөвлөлтийн ард түмний нэгэндээ итгэх, нэгнийгээ хүндэтгэх үзэл хэзээ хэзээнээс илүү бэхэжсэн байв. Идэвхтэй хамтын ажиллагааны энэ үе буюу 60-80 онуудад Монгол Улс өөрийн хөгжилд мэдэгдэхүйц том амжилт олсон юм.

 

Ю.Цэдэнбал Монголын хөгжил дэвшилд ЗХУ-ын гүйцэтгэх үүргийг ямагт өндрөөр үнэлж, олон улсын тавцан дээрхи ЗХУ-ын бодлогыг тууштай дэмжиж байсан юм. Тэрээр "Ялсан пролетари нарын орны дэмжлэг, ЗСБНХУ-ын ах дүүсийн тусламжийн ачаар социализмд шилжин орох бололцоо Монгол оронд бий боллоо" (7940); "Эрх чөлөө, тусгаар тогтнолдоо хайртай ард түмэн бүхэн Улаан армид ихээхэн туслах хэрэгтэй" (1941)] "БНМАУ-ын улс төр, эдийн засаг, соёлын хөгжилтийн салаа мөчрүүдэд манай ард түмний олсон бүх амжилт ололт бол Их Зөвлөлтийн ард түмний ах дүүсийн их тусламжийн ач юм. Манай орны хөдөлмөрчид хязгааргүй их гүн хайр талархлынхаа дээжийг өөрийн их хань-Зөвлөлтийн ард түмэнд дэвшүүлж байна" (7957); "Ганцхан манай эгнэгт хувирашгүй хань, дэвшилт хүн төрөлхтний тэргүүн манлай-Зөвлөлтийн ард түмэнтэй найрамдал, хамтын ажиллагаатай байгаа явдал Монголын ард түмнийг жаргуулан мандуулж байгааг манай хөдөлмөрчид туршлага дээрээсээ сайн мэдэж авсан билээ" (1956)] "Ажилчин ангийн ялалтын төлөө тэмцэл, социализмыг өрнүүн байгуулах явдалд ЗХУКН-ын хуримтлуулсан туршлага нь МАХН-ын замыг гэрэлтүүлэгч од болж байна" (1969); "Монголын ард түмэн хойшид ч ард түмний зол жаргал, шинэ нийгэм байгуулалтын амжилт ололтын ширгэшгүй ундрага болсон монгол-зөвлөлтийн шалгарсан цэвэр ариун найрамдлыг нандигнан хадгалж, хайрлан хамгаалж, өдөр тутам бэхжүүлэхэд бэлэн байна" (1972); "Социализм, ардчилал, дэвшлийн хүчний байр суурь бэхжихэд ...энх тайван, социализмын ялалтын төлөө хагас зуу гаруй жил чин зорилготой шаргуу тэмцэж байгаа Зөвлөлүүдийн аугаа их орон ямагт гол роль гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэсээр байна" (1974); ЗХУ-тай гадаад бодлогын үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулдаг нь манай нам, ардын төрийн гуйвашгүй чиг бодлого мөн" (1980); "Монгол нутагт социализм амжилттай байгуулахын найдвартай үндэс манай хувьсгалт ололтыг хамгаалах баталгаа болсон үнэлж баршгүй интернационалч тусламж үзүүлж, ах дүүгийн найрамдалтай хамтран ажиллаж байгаад нь ах дүү зөвлөлтийн ард түмэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье" (1981); "Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж монголчууд ярьдаг. ЗХУ бол монголчуудын жинхэнэ үнэнч нөхөр гэдгийг бид нэг бус удаа үйл хэрэг дээр үнэмшсэн". Ийм үгээр Ю.Цэдэнбал Монгол-Зөвлөлтийн харилцааг үнэлж, ийм үзлээр ард түмнээ хүмүүжүүлж байлаа.

 

Ю.Цэдэнбал Зөвлөлтийн ард түмэнтэй нягт хамтран ажиллах нь монголчуудын хувьд хөгжлийн зөв зүйтэй арга зам мөн гэдэгт итгэж байсан юм. Бүр 1984 оны 8 сарын сүүлчээр өөрийнх нь хувь заяа гунигтайгаар эргэж байсан өдрүүдэд ЗХУКН-ын ТХ-нд явуулсан захидалдаа: "Бичиг үсэггүй харанхуй, ядуу малчин ардын хүү Ю.Цэдэнбал миний бие зөв замаа эгнэгт сонгосон бөгөөд тэр бол Лениний аугаа их эх орон ЗХУ-аас байнга суралцаж нөхөрлөх зам байв. Ямарч хүч намайг, манай намыг, монголын ард түмнийг энэхүү саруул замаас гуйвуулж чадахгүй билээ...Өнөөгийн санаа тавих гол зүйл бол удирдлагад жинхэнэ интернационалистуудыг тавих явдал юм. Миний бие суут Лениний эх орон-ЗХУ, ЗХУКН-тай тогтоосон найрамдалд хэзээд үнэнч байсан бөгөөд эцсийнхээ амьсгалыг хүртэл үнэнч байх болно. Ю.Цэдэнбал" гэжээ. Амьдралынхаа эцсийн мөч хүртлээ Ю.Цэдэнбал жаргал, зовлон, гүтгэлэг, дарамтлал, доромжлолыг Монголын эрх баригчдаас амсаж байсан сүүлчийн 7 жилдээ ч энэхүү үзэлдээ чин үнэнч хэвээр байлаа. Оросын нэрт сэтгүүлч, Ю.Цэдэнбал судлаач Л.Шинкаревын: "Түүнийг төр барьж байхад монголчууд XX зуунд тохиолдсон хамгийн гол сорилтыг давж чадсан юм. Тэр нь юу вэ гэвэл: цөөхөн хүн амтай ард түмэн юунд ч уруу татагдалгүй, Хятадын ч бололгүй, жинхнээрээ Зөвлөлтийн ч бололгүй, түүхийн их эргүүлгэнд живэлгүй тогтож үлдээд, туурга тусгаар Монгол Улс, Чингис хааны байгуулсан тулгар төрөө авч гарсан нь үнэн билээ.

 

 

...Хэтэрхий нягт, ихэнхдээ гарцаагүй байдлын улмаас, заримдаа хиймлээр ойртож байсны уршиг бишгүй гарсан ч, хэрвээ цөөхөн хүн амтай ард түмний алдаа, оноог жингийн тавган дээр тавих юм бол тусгаар тогтнолоо юу юунаас илүү эрхэмлэдэг хүмүүсийн хувьд Монголын өвөрмөц соёл иргэншлийг хадгалж чадсан үндэсний үзэл санааны энэ ялалтын дэргэд аливаа алдаа өчүүхэн харагдана. Дотроо гэдсэндээ хөлөө жийлцэж байснаас харилцан хүлээцтэй байвал улс үндэстнээ хадгалж үлдэх баталгаа тэр болно гэдгийг ухаарснаараа Ю.Цэдэнбал хэнээс ч илүү холч ухаантай байсныгаа харуулсан юм" гэж хэлсэн нь үнэнд тун ойртсон ажгуу.

 

 

 

Монголчууд Оросын талыг хэт барьж, Монголыг Оросын колони болгосон, Оросын талд үйлчилж Монголыг хохироож байсан тухай ярьдаг хүмүүс манайд бий. Монгол, Зөвлөлт (Орос)-ын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд нам, төрийн удирдагчид чин үнэнч байсан нь монголын төрийн уламжлал, өмнөх зүтгэлтнүүдийн бодлогыг үнэнчээр залгамжилсан хэрэг байв. Бат хаан, Александр Невскийтэй хуурай ах дүү нар байж, Алтанхаан, Галдан Бошигт, Амарсанаа, Чингүнжав, Богд Жавзандамба, Намнансүрэн, Ханддорж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ж.Самбуу нар цөмөөрөө л Их оросын ард түмнийг түшиглэх нь монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн нөхцөл гэж үзэж байсан юм.

 

1911 онд монголчууд үндэсний тусгаар тогтнолоо олоход Цагаан хааны дэмжпэг чухал нөлөө үзүүлж, 1921 оны Ардын хувьсгалын ялалтад, эх орноо цагаантан, гамингаас чөлөөлөхөд Зөвлөлт Орос шийдвэрлэх тус үзүүлсэн билээ. Шинэ Монголыг анх хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон ганц улс нь Зөвлөлт Орос байв. 1939 онд Халх голд түрэмгийлэгчдийг бут цохиход Улаан арми томоохон туслалцаа үзүүлж, 1945 онд мөр зэрэгцэн тулалдаж, эдийн засаг, соёлоо хөгжүүлэхэд Зөвлөлтийн тусламж нэн чухал үүрэг гүйцэтгэв. Төмөр зам тавих, нефтийн ордоо ашиглах, атар газар эзэмших, хөдөөг цахилгаанжуулан техникжүүлэх, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн цогцолборуудыг байгуулахад ЗХУ үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн. ЗХУ Монголыг НҮБ-д элсэхэд, ЭЗХТЗ-д элсэн хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сайн санааны үүднээс дэмжсэн билээ. Найрамдлын түүхэнд зарим зохисгүй үзэгдэлүүд гарч байсан ч Монгол, Зөвлөлтийн хамтын ажиллагаа, нөхөрлөл нь Монголын хөгжилд ач тусаа өгсөн юм.

 

Монголыг ЗХУ-д нэгтгэх саналыг тодорхой хүмүүс хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд энэ нь Монголын гол удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зүгээс ч, Зөвлөлтийн удирдлагын талаас ч, ард түмний зүгээс ч дэмжлэг авсангүй, тэр үг яриа тэгсхийгээд намжжээ. Дороос гарсан саналыг дээш нь уламжпах, зөвлөлдөх, Зөвлөлтийн удирдагчдын санаа бодлыг тандаж мэдэх ажиллагаа явагдаж байсан нь мэдээж боловч ард түмэндээ хандаж санал бодлоо илэрхийлэх асар их боломжийг ашиглаж байсан Ю.Цэдэнбалын хагас зуун жилийн турш бичсэн ном бүтээл, илтгэл, өгүүлэл, захидал, ярилцлага, дурсамж тэмдэглэл, гадаад дотоодын олон зуун хурал цуглаан дээр хэлсэн үг, радио телевиз, сонин хэвлэлээр ард түмэндээ хандаж хийсэн яриа мэдээлэл, хамтран зүтгэгчид, жирийн хөдөлмөрчидтэй хийсэн хувийн яриандаа ч Монголыг ЗХУ-д нэгтгэхийг тэрээр хүсч байсан тухай ганц ч үг бичиж, яриагүй байна.

Ю.Цэдэнбалыг буруутгах зорилгоор хувь хүний санаанаас зохиосон хоосон яриаг нотлох ноцтой баримтыг одоо хүртэл хэн ч олсонгүй. Ер нь түүхийн урт үеийн турш Монгол Улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдчихсэнгүй, Монгол чигээрээ үлджээ.

 

Халх голын дайны ялалтад ЗХУ шийдвэрлэх хувь нэмрээ оруулж, 45 оны чөлөөлөх дайнд зөвлөлтийн цэрэг бидэнд туслаж, 1946 оноос НҮБ-д Монголыг элсүүлэхийн төлөө хөөцөлдөж, 1960 онд Монгол Улс НҮБ-ын гишүүн болж, 8161,8 км урт хил хязгаараа нарийвчлан тогтоож, хэн ч халдахын аргагүй олон улсын баталгаатай болгохыг ЗХУ бүрэн дэмжиж, цэрэг армиа бэхжүүлэхэд үнэлж баршгүй туслалцаа үзүүлж, Монголын тусгаар тогтнолын гадаад баталгаа болж байсан юм. Чухамдаа Монгол, Зөвлөлтийн найрамдлыг хөгжүүлэн бататгаж, эдийн засгаа өөдлөх замаар хөгжүүлж, хэл соёлоо, боловсрол, шинжлэх ухаанаа урагшлуулж, хүн амыг эрүүлжүүлэх, амьдралыг нь дээшлүүлэхэд Зөвлөлтийн ард түмэн тусалсны үр дүнд монголын хүн ам 1940 онд 747,8 мянга байснаа 1985 онд 1 сая 900 мянгад хүрч нэг үгээр хэлбэл Монголын улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолын суурь батжин бэхжиж ирсэн юм.

 

Октябрийн их хувьсгал, агуу хөрш Орос оронтой тогтоосон найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааны үр дүнд Монгол орон тусгаар тогтнолоо бэхжүүлж, хоцрогдлоос гарч, өнөөгийн шинэ хөгжлийн үндэс суурийг тавьж чадсан юм. Өнөөдрийн дэлхий дахины хөгжлийг авч үзэхэд: Өмнөд Солонгосын тусгаар тогтнолын гол баталгаа нь АНУ байж, Польш, Украинчууд Америк, Европын холбоог голлон түшиглэж, Израильчууд Америкийг баттай түшиж, Сиричүүд Оросын тусламжийг шүтэж, тусгаар тогтнолынхоо баталгаа гэж үзэж байна.

Колоничлолын дэглэм, гадаадын түрэмгийлэгчдийн ноёрхлоос гарахыг эрмэлзсэн Монгол орон хөрш ЗХУ, Орос орныг түшиглэж тусгаар тогтнолоо баталгаажуулж, нийгмийн дэвшилд хүрч чадсаныг үндэслэн хэлэхэд: монголчуудын олон үеийнхэн Октябрийн их оронтой хувь заяагаа нэгтгэж, найрамдал нөхөрлөлөө бэхжүүлж, үр ашигтай хамтран ажиллах бодлого баримталж ирсэн нь нэг талаар түүхээр олгогдсон хувь тавилан, нөгөө талаар ахмад үеийнхний хэнээс ч илүү ухаант бодлого, гавьяат үйлс байжээ.

 

 

МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн