Айдаст автах Монгол заяа
2022/03/04
"Дэлхийн Засаг" НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулган ОХУ-аас Украйны эсрэг хийж буй дайныг түрэмгийлэл гэж үзэн, нэн даруй зогсоохыг шаардсан тогтоол 141 улсын саналаар баталсан байна. Ийм чуулган маш ховор болдог. НҮБ 193 гишүүнтэй агаад тэдгээрийн гуравны хоёрын саналаар тогтоол батлагддаг юм.
Монгол Улс тогтоолыг батлахаас түдгэлзсэн ажээ. Түдгэлзсэнийг Засгийн газартай холбон буруутгах шүүмжлэхгүй бас зөвтгөж магтах ч үгүй бодит үнэнийг хувь заяатайгаа холбон өгүүлэх гэсэн юм.
Украйн Улс бол Монгол Улстай адилхан тусгаар тогтносон, бүрэн эрхт дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн билээ. НҮБ-ын дүрэм, олон улсын хуулиар түүний эсрэг халдан довтлох эрх ямарч оронд байхгүй бөгөөд бүрэн хоргилсон байдаг. Аливаа асуудлыг зөвхөн хэлэлцээ ярианы замаар, энхийн аргаар зохицуулах ёстой. Гэтэл ОХУ цөмийн их гүрэн байж үүнийг зөрчиж, үүсэл гарал нэг, ах дүү төрөл садан, нэгэн үе нэгэн эх оронд харъяалагдаж явсан жижиг улсад цэргийн их хүчээр халдан довтолж, дайны гэмт хэрэг үйлдэн, бүр шатлан өргөжүүлж, олон хот сууринг эзлэн өнөөдөр нийслэл Киевийг нь гурван талаас нь бүслэн хаагаад байна.
Энэ зөв үү. Тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэр дээр салан тусгаарлахыг өөгшүүлж Крым, Донецк, Луганскын 2-3 БНУ гэгчийг "байгууллаа". Эсэргүүцэхээр нь дайн хийж эхэллээ. Дэлхийн дэг журам, олон улсын хууль, дүрмийг уландаа гишгэв. Зөв үү. Жишиж хэлбэл Монгол Улсын газар нутгаас тасдан авч Баян Өлгийг БНУ гэж зарлахтай яг адил юм шүү дээ. Нэгэн үе дэлхийг бөхөлзүүлж явсан хэмээн цээж дэлддэг хөөрхий Монгол Улс шударга ёс, олон улсын хууль дүрмийг баримтлан энэ бузар явдлыг тууштай буруушааж чадсангүй.
Гэм зэмгүй өнгөрөх гэсэндээ "Түдгэлзсэн" байна. Зөв ч байж мэднэ. Гэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг, ардчилсан улсуудын өмнө үхээнц, аймхай дорой монгол харагдав. Нэр хугарахаар яс хугар гэж өвөг дээдэс сургасан. Умартлаа, айлаа, алган чинээ боллоо. Өөрөө өргөгдөх мутрыг нь умрын далд хүчин тэр мөчид доош цохин унжуулжээ.
Өвдсөн үү? Ёолох ёстой байлаа. Ёстой буруу харан уйлж, зөв харан инээж байж саналын товчийг манай төлөөлөгчид дарсан гэж найдъя. Итгэл үнэмшил, дотоод сэтгэл нь өөр байсан гэж бас бодъё.
Хадны завсар хавчуулсан халиуны зулзага эх орноо хамгаалан үлдэх арга байсан гэж итгэе.
Хамгийн гол нь айдаст дандаа автах монгол заяатай төрсөн гэж бүү итгээрэй. Дахин олон удаа бүү давтагдаасай мөнх тэнгэр минь.
Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Т.Залаа-Уул
Зочин · 2022/03/07
Хятадууд нэг л өдөр цэрэг оруулж ирнэ дээ, Хасаууд Өлгийг БНУ болгоно доо
Н.Намхай · 2022/03/06
Сошиалд элдвийн сэтгэгдэл уур бухимдлаа илэрхийлдэг хүмүүс байдаг л даа. Боловсрол, амьдралын ухаан нимгэнтэй байж магадгүй г тэр хүмүүсийг ойлгож болох. Харин дипломатч элчин байсан Т.Залаа-уул гэх хүнийг ойлгодоггүй байлаа. Ямартай ч их л хорсол бухимдалтай зүйл байнга бичдэг байв. Харин түүнтэй мэргэжил нэгт Д.Баярхүү гуайн битүүхэн өгүүлснээр бол яамандаа их гомдсон хүн юм байх. Ийм ч богино бодолтой хүн байх гэж.
Зочин · 2022/03/04
Бидэнд оролцох эс оролцох зүйл олон бий түүний нэг бол орос ах нарын үүсгэсэн дайн харж байхад АН-ын үүсэлтэй эрхмүүд их том дугарах юм даа та нар зөвхөн дотоод асуудлаар л томор