Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт бүжигчин Б.Тэгш-Очирыг урилаа.


-Танай гэр бүл Украинаас хэзээ ирэв, нөхцөл байдал ямар байсан бэ?

-Бид эх орондоо ирээд долоо хонолоо. Одоогоор дайны шокноос гараагүй, нойр муутай байна. Би Эрдэнэт хотынх, гэртээ ирээд тайван амрах сайхан байна.

-Монголдоо ирэхэд хүндрэл их байв уу?

-Метронд тав хоноод Польш, Истанбулаар дамжиж Монгол руу ирсэн. Манай гэр бүл сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар эх орондоо сайн яваад ирлээ. Гадаад харилцааны яам эхнэрийг маань Украин хүн болохоор хил нэвтрүүлэхгүй гэсэн. Би яаж гэр бүлээ орхиод ирэх билээ дээ. Эрдэнэт хотын Ардчилсан намын дарга Ц.Батхуяг ах, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг олон хүний тусламжаар эхнэрийг маань хүлээж авсан. Мөн Польш дахь Элчин сайдын яам, консул, Польш дахь монголчууд маш зохион байгуулалттай хүлээж авч сэтгэл санааг маань дэмжсэн. Метронд хэцүү байдалтай байхад Монголын хэвлэл мэдээллийнхэн ч холбогдсон, бүгдэд нь маш их баярлаж, талархсанаа илэрхийлье.

-Танай гэр бүл Украинд суурьшсан уу, хэдэн жил амьдарч байгаа вэ?

-Манай гэр бүлийн хүнийг Анна Гончаренко гэдэг, Украин хүн. Би өөрөө Туркийн Анталья хотод бүжигчид, циркчидийг Турк рүү зуучилдаг энтертайнмэнт компанид менежерээр ажилладаг. Дулааны улирлын зургаан сар Антальяд ажиллаад, сэрүүний улирлын 4-5 сар Украинд амардаг. Дундуур нь Монголдоо ирж, буцаад л амьдардаг.

-Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байв?

-2016 онд Туркт ажиллаж байхдаа бид нэг газар байрлаж таарсан. Тэр хаусанд Орос, Украин, Монгол, Испани, Колумба, Куба гээд олон орны жүжигчин, бүжигчид байсан. Эхнэр маань мастер бүжигчин, нэг газар байрлахдаа танилцаад найзууд болсон юм. Удалгүй эхнэр маань Украин руу буцаж, би ч Монгол руу ирж холбоо тасарсан. Дараа нь гэрээгээр БНСУ-ын театрт ажиллахаар болоод Солонгост очсоны дараа фэйсбүүкт манай эхнэр 20 минут явааад хүрэхээр зайд байна гэж гарч ирсэн. Би гайхаад залгатал хотод жилийн хугацаатай ажиллахаар ирсэн гэсэн. Би ч бас жилийн хугацаатай очсон байсан. Маргааш өглөө нь очиж уулзаад, тоглолтыг нь үзэж бага багаар дотносоод л хайртай болсон доо. Ойрхон зайтай гэр рүүгээ харихад л санаад байдаг байсан (инээв).

-Яагаад монгол биш, украин хүнтэй гэр бүл болсон бэ?

-Монгол охид байсан л даа, тухайн үед ихэнхдээ гадаадад ажилладаг байлаа. Амьдралын зам нийлэх, намайг ойлгох эмэгтэй мөн юм байна, хоёр дахь удаагаа надад ирлээ л гэж бодсон. Өөрөө бүжигчин хүн болохоор намайг хэн хүнээс илүү ойлгодог.

-Гэр бүлийн хүн тань монгол хэлээр ярьдаг уу?

-2020 оны өвөл цар тахлын үед монгол хэлээ сайн давтсан. Асуултыг ойлгодог ч хариулж чаддаггүй. Монгол хэл сурах хүсэлтэй, бага багаар сураад л байгаа (инээв).

-Танай гэр бүлийнхэн яаж хүлээж авсан бэ?

-Гэр бүлийнхэн эхэндээ дуртай байгаагүй, “Чи яг суух юм уу” гэж асуудаг байсан. Яваандаа л зөвшөөрсөн дөө. Манай эмээ “Айлын охин үрийг гадаад, дотоод гэж алаг үзээд яахав. Ганц олдох амьдралдаа бие биенийгээ түшиж, сайхан амьдрал бүтээгээрэй” гэж хэлсэн.

-Аав болоход ямар байсан бэ?

-Манай том хүү Украинд төрсөн. Тухайн үед төрөх тасаг руу эхнэртэйгээ хамт орно гээд сэтгэлээ бэлтгээд хүлээж байтал “Хайр нь төрчихлөө, хоёулаа хөөрхөн хүүтэй боллоо” гээд залгасан. Би сонсоод яагаад ч юм шууд л уйлчихсан. Маргааш өглөө нь хүүгээ тэвэртэл яг л бяцхан би байсан. Одоо хоёр хөөрхөн хүүтэй, хүүхдүүдээ хараад хаанаас ийм хязгааргүй их хайр бий болдог юм бол гэж боддог.

-Хүүхдүүд нь Монгол хэлээр ярьдаг уу?

-Манай том хүү гурван настай, Монгол, Оросоор ойлгодог. Англиар тоо тоолж, үг хэлдэг. Оросоор мама, папа гэдэг үедээ л явж байна.

-Эхнэрийнх нь гэр бүлийнхэн Украинд байгаа юу, нөхцөл байдал ямархуу байгаа бол?

-Манай эхнэрийн гэр бүл, хамаатан садан бүгд Украинд байгаа. Бид өдөр бүр ярьдаг, одоогоор нөхцөл байдал маш хүнд байна. Өвөөгийнх нь гэрийг уржигдар бөмбөгдчихсөн, цонх, тавилга бүгд нурсан. Тэд арай гэж бичиг баримтаа аваад зугтсан гэсэн. Би өөрөө тэнд байсан болохоор ойлгож байгаа, яг үнэндээ хэзээ үхэх бол л гэж боддог юм билээ.

-Дайнгүй үед Украинд амьдрах Монголд амьдрахаас хэр ялгаатай вэ?

-Украин, Монголын цалин, амьдралын харьцаа ойролцоо байдаг. Украинд цаг агаар дулаан, гадны орнууд хичнээн сайхан ч яг одоо би Монголдоо үнэхээр аз жаргалтай байна. Эх оронтой байх ямар сайхныг бас ямар их хайртай гэдгээ ойлгосон.

-Танай эхнэрийн гэр бүлийнхэн таныг анх хэрхэн хүлээж авсан бэ? -Охин нь ази хүнтэй гэрлэнэ гэж дагуулаад очиход их шоконд орж алмайрсан (инээв). Надаас Монгол Улсын талаар, Чингис хааны тухай маш их асуусан. Чингис хааныг их хүндэтгэж, бахардаг хүмүүс байдаг. Гэхдээ бид хоёрыг гэр бүл болоход огт дургүйцээгүй, биендээ хайртай л бол гадаад байсан ч хамаагүй л гэсэн.

-Өөрөө Чингис хааны тухай хэр мэддэг вэ?

-Би сайн мэднэ, бахархаж судалдаг. Гадны орныхонд дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг.

-Та Турк дэх ажлаа яаж хийж байгаа вэ?

-Одоогоор эх орноосоо гарахад айдастай байна. Гэхдээ ажлаа хийхгүй бол болохгүй. Хэрэв ОХУ дэлхийн хэмжээний дайн зарлавал маш хэцүү байдалд орно. Дөрөвдүгээр сар хүртэл нөхцөл байдлыг харж байгаад Турк рүү явах эсэхээ шийднэ. Би 2011 оноос хойш тууштай бүжиглэж байна. “Onyx” гээд бүжгийн хамтлагийн ахлагчаар ажилладаг. Манай хамтлаг үндсэн найман гишүүнтэй, одоо гурваас дөрвөн дүү нар

нэмэгдсэн. Монголоос Турк рүү 40-50 бүжигчин авч явж тэднийгээ бэлтгэдэг. Байр, хоол гээд бүх зардлыг Турк улс хариуцдаг.

-Та яагаад бүжигчин болсон юм бэ?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Багаасаа их хөдөлгөөнтэй, байнга үсэрч явдаг экстрим юманд дуртай хүүхэд байсан. Брейк бүжгийн элементүүд их таалагдаж хичээллэж эхэлсэн.

-Монголд брейк бүжгийн төрөл таныг анх бүжиглэж байх үеэс их хөгжсөн үү?

-Монголын брейк бүжигчид цөөрсөн ч брейк бүжгийн төрөл олимпод оролцохоор болсон. Брейк бүжигчид илүү олон болоосой гэж боддог.

-Таны аав, ээж Монголд амьдардаг уу?

-Тийм ээ, бүгд Монголд амьдардаг. Би айлын ганц хүү.

-Монголын нийгэмд хэр сэтгэл хангалуун байна?

-Яг үнэндээ тийм ч сэтгэл хангалуун биш байна. Гадны зах зээл залуусыг өндрөөр үнэлдэг. Тийм учраас үнэлдэг газраас нь мөнгө олж амьдардаг. Гэхдээ манай улс Европын түвшинд хүрэх болоогүй ч бага багаар хөгжөөд л байна даа. Бидний дараа үеийнхэн их соёлтой, мэдлэгтэй, ухамсартай залуус гарч ирж байгаа.

-Төрийн бодлого, шийдвэрүүдийг хэр оновчтой гэж хардаг вэ?

-Би Монголд суурьшиж амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Сошиал ертөнцөөс харахад зарим шийдвэрүүдэд үнэхээр ичмээр санагддаг.

-Дараагийн зорилго, төлөвлөгөөнийхөө тухай хуваалцаач?

-Турк улс дайнгүй энх тайван байвал бүжигчидээ хөгжүүлж, Монголдоо бүжиг циркийн тоглолт хийх зорилготой. Манай хамтлаг анх байгуулагдахдаа л дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гэж мөрөөддөг байлаа. Ирэх жилд тэр тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ эхлэх гэж байна.