Улирлын томуугийн улмаас хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдээд байна
2022/03/11
Яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 40-60 хувь нь хэвтэн эмчлүүлж байна
Хаврын улиралд томуу болон томуу төст өвчлөл нэмэгддэг. Сүүлийн хоногуудад томуугийн халдвар нэмэгдсэнээс эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгээс нөхцөл байдал ямар байгааг хүргэе.
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч Д.Сүнжидмаагаас томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүргийн хувьд хүүхдийн өвчлөл ямар түвшинд байна вэ, танай эмнэлгийн ачаалал их байна уу?
-Улирлын томуу өвчний халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор манай эмнэлэг 200 ор дэлгэн ажиллахаар төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 346 хүүхэд томуу өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Бид ор дэлгэлт, эм тарианы хангалтад онцгойлон анхаарч ажиллаж байгаа.
Хоногт 250-300 хүүхэд яаралтай тусламжийн төвд хандаж, 60-100 хүүхэд буюу яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 40-60 хувь нь хэвтэн эмчлүүлж байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүд, ялангуяа бага сартай хүүхдэд амьсгалын замын өвчлөл давамгайлж байна.
Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын мэдээгээр томуугийн энтеровирус, риновирус зэрэг вирусүүд бүртгэгдсэн. Эмнэлзүйн шинж тэмдгээр бол уушгины хатгалгаа болсон, шуугьсан, халуурсан, амьсгал бачуурах шинжтэй ирж байна.
-Хүмүүсийн болгоомжлоод байгаачлан короновирус болоод бусад шинэ төрлийн халдварт вирус дэгдсэн хэрэг биш гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй. Сүүлийн хоёр жил “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор томуу, төст өвчний өвчлөл бага байсан. Түүнээс өмнө, 2018, 2019 онд улирлын томуугийн дэгдэлт энэ жилийн хэмжээнд хүрч, манай эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Иргэдийн хувьд шинэ төрлийн вирус дэгдсэн байх вий гэж болгоомжлох хэрэггүй юм.
-Эмнэлгийн орны хүрэлцээ хэр байгаа вэ, эмнэлгийн ажилтнууд хангалттай байж чадаж байгаа юу?
-Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Сонгинохайрхан дүүрэг 40 хороотой, ачаалал асар өндөр байгааг харгалзан гуравдугаар сарын 4-ний өдрөөс долоон хороог ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн.
Манай байгууллагын хувьд дотооддоо хүн хүчний ачааллыг тэнцүүлэх зохицуулалтыг хийж ажилладаг. Хүүхдийн тусламж үйлчилгээний үндсэн 19 эмч хүрэлцэхгүй байгаагаас насанд хүрэгчдэд үйлчилдэг эмч нарыг дайчлан ажиллаж байна. Ковид туссан хүүхдүүдийг манай эмнэлэгт эмчилж байсан.
Манай эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнууд “Ковид-19”-ийн амаргүй хүнд нөхцөлд ажиллаад даваад гарсан. Араас нь улирлын томуу залгаад дэгдсэн учир эмч, эмнэлгийн ажилтнууд маань ядарч байна. Ялангуяа эмчилгээ гардаж хийдэг сувилагч нарын ачаалал маш их. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн зургадугаар курсийн оюутнуудыг нэмэлтээр ажиллуулахаар зохицуулалт хийж байна.
-Томуугаар өвдсөн хүүхдийн эмчилгээнд ашиглах тоног төхөөрөмж, амьсгалын аппарат хүрэлцээтэй юү?
-Манай эмнэлэг 28 амьсгалын аппараттай. Хүчил төрөгчийн жижиг оврын үйлдвэр бүхий 256 ханын системтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмж хангамж талаасаа бусдаасаа илүү.
-Эм, тарианы хангамж ямар байна вэ?
-Одоогоор тасарсан эм, тариа байхгүй.
-“Ковид-19”-ийн шинж тэмдэг ханиадтай ойролцоо байдаг. Тэгэхээр томуугаар өвчилсөн хүүхдүүд давхар коронавирусээр өвчилсөн эсэхийг нягталж байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Манай эмнэлэг шинээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд болон асран хамгаалагч нэг хүнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээг авч байгаа. Урьд шөнө л гэхэд ирж хэвтсэн 99 хүүхэд, тэдний асран хамгаалагч гээд нийт 198 хүний шинжилгээг авсан. Сүүлийн долоо хоногт “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдээгүй.