Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Тус зөвлөлийн ард хичнээн хүний эрх ашиг бий вэ?

-Манай суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг таван төрийн бус байгууллага байдаг. Сүүлд нэг нэмэгдээд зургаа болсон. Улаанбаатар хотод гурван байгууллага бий. Эдгээр байгууллагууд нэгдээд тээвэрчдийн нэгдсэн зөвлөгөөн хийе гэсэн юм. Зөвлөгөөнөөс бид тус тусдаа үзэл бодлоо илэрхийлээд ач холбогдол өгч чадахгүй байна.

Нэгдэж, нийлж нэг чиг санаанд хүрэхгүй бол бусад хүмүүсийн олз болоод байна гэдэг үүднээс зөвлөл байгуулж, тухайн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг дагаж явдаг болъё гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэллээ. Бидний ард Замын-Үүд сумын 20 мянга гаруй иргэдийн эрх ашиг бий.

-Элчин сайдаар ахлуулсан ажлын хэсэг үнийн өсөлт хаана үүсээд байгаа талаар судалгаа хийж гаргасан гэсэн. Хаана үнэ өсөөд байгаа юм бэ?

-Нэгдүгээр сарын 4-нд Элчин сайд Т.Бадрал Эрээн хотод ажилласан. Үнийн өсөлт хаана үүсээд байна гэдгийг шалгасан. Тэр шалгалтын хариу дүгнэлт гарсан. Эрээн талын ачаа тээвэрлэлт хязгаарлалтад орсон учраас үнийн өсөлтөд нөлөөлжээ гэдэг дүгнэлт байна лээ. Жишээ нь, та ачаа авахаар бүх тээвэрлэлтийн зардал, хил гааль, татвар орсон шүү гээд 100 мянган төгрөг Эрээний тал руу шилжүүлчихлээ. Гэтэл бид нэмэгдсэн өртөг нь ороод таны ачаанд төлсөн 100 мянган төгрөгөөс 80 мянгыг нь буцаагаад авчирдаг байв. Одоо эсрэгээрээ 80 мянган төгрөг нь урд талдаа үлдээд, 20 мянгаар нь хил гаалийн бүрдүүлэлт, Эрээнээс Улаанбаатар хүрэх тээвэрлэлтийн зардлыг төлдөг болсон. Байр нь солигдчихоод байгаа. Урд төлдөг нь их болчихсон.

Манай төр засгийн нэг шийдвэр гарахад түүнийг нь хамгийн сайн ашиглаж чадаж байгаа нь хятадууд байгаад байна. Өөрсдөдөө хамгийн харгис хатуу арга хэмжээг авч байна. Сумаар нь хаагаад, дээрээс нь бүх иргэдийг ажилгүй болгосон. Ийм харгис ажиллагаа явуулж байна. Ашиг олж байгаа нь өдөрт 50 машинаар тээвэр зөөж байгаа гурван компани. Миний түрүүний хэлсэн таны 20 мянган төгрөгийг тэд авч байгаа. Ихэнх хувийг нь хятадууд аваад үлдчихэж байна. Энэ бол бодит байдал.

-Жолооч нар урдаас ачаа тээвэр зөөхдөө нэг удаагийн тээвэрт хэдэн төгрөгийн төлбөр авдаг байсан юм бэ?

-Хуучин маш энгийн байлаа. Хятад талаас зарим нь тээврийн зардлаа авчихна. Заримтай нь бид өөрсдөө тохирдог. Чи хэдээр явах уу, Улаанбаатар ороход 6000 юань, 7000 юань болж байна тохирлоо гээд л ам тохиролцоо хийгээд, урьдчилгаа мөнгөө аваад, Улаанбаатарт ачааг хүргэхдээ үлдсэн мөнгөө авдаг жишигтэй. Маш энгийн явж байсан энэ тээврийг хил гааль хаагдах үеэр өөрчилчихсөн. Бид ачааны үнэ 20 сая хүрлээ гэж яриад байгаа шүү дээ. Энэ ханш өссөнөөр олон хүний шуналыг хөдөлгөж байна л даа, дарга даамал хүмүүсийн. Тэгээд л энэ бизнесийг булаах гэж дайрч давшилснаар үнийн өсөлтийг хөөргөх бас нэг шалтгаан болсон. Тиймээс өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн бүх шийдвэрийг төрөөс гаргуулж байна. Сүүлдээ бүр тээвэрчдийг ажилгүй болголоо. Тэгээд за бид авто тээврээр явж болохгүй бол төмөр замаас нь вагон авъя гэхээр олдохгүй. Тэгвэл тэр ачаа зөөдөг 205 вагон бас л ардаа эрх ашигтай. Энгийн иргэн та бид хоёрт яагаад ч олдохгүй. Төмөр замын авлига, цуваа 500 сая болчихлоо гээд байгаа чинь үнэн шүү дээ.

-Төр засгийн байгууллагууд шийдвэр гаргаад байна гэх юм. Ямар байгууллага, дарга нар юм бэ?

-Үүнийг Ерөнхий сайдынхаа хэмжээнд, Засгийн газраар тогтоол шийдвэр гаргах хүртэл төр захиргааны байгууллагаар гаргуулж чадаж байна. Яагаад эд нар ийм шийдвэр гаргуулж чадаж байна гэхээр бид доороос мянга орилоод байдаг бидний үгийг дээш нь хүргэх ёстой дунд шатны дарга нар нь Ерөнхий сайд, Шадар сайдад мэдээлэл өгөхдөө бидний мэдээллийг гуйвуулаад байгаа юм. Төр захиргааны байгууллагын дунд шатны дарга нар нь “Дарга аа, сайд аа эд нараар ачаа тээвэр зөөлгөхөөр үнэ улам өснө” гэсэн ятгалгаар тийм шийдвэр гаргаж байгаа. Зам, тээвэр хөгжлийн сайд нь өөрөө авто замаар татах ачаа барааг төмөр зам руу татах энэ бүх ажлыг хийж байна.

-Чингэлэг тээвэр зөөх автомашинуудад ямар стандарт тогтоосон юм бэ. Та бүхний 2400 машинаас 16 нь л тэнцсэн гэх юм?

-Энэ стандартыг анх яагаад баталсан гэхээр энгийн тээвэрчдийг оролцуулахгүй гэсэн санаа. MNS4598:2020, ISO3874:2020 гэдэг стандарт нь далайн тээврийн тавцан байхгүй, зөвхөн түгжээтэй чиргүүл. Бидний машинууд задгай тээвэрлэлтдээ зориулсан. Замын-Үүдийн авто тээврийн газрын дарга бидэнтэй уулзаад “Та нар машиндаа хаалт хашлага хийлгээд, түгжээг нь аваад гагнуулчих” гэсэн юм. Бид нэг тэвшинд 1.5 сая төгрөгийн зардал гаргаад түгжээ, хаалт хашлага, үнэ хөлстэй нь нийлүүлээд хийлгэсэн маш олон хүн бий. Тэгээд энэ стандарт хангах нь уу гээд эргээд нөгөө дарга руугаа яваад очихоор “Наадах чинь шаардлага хангахгүй байна” л гэдэг. Яагаад, яг таны хэлснээр хийлгэсэн гэхээр “Боломжгүй ээ” гэж хэлнэ. Энэ чинь Замын-Үүдийн тээвэрчдийг шахах гэсэн бодлоготой явуулга.


ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР ЭРТНЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, ЖОЛООЧ ТЭЭВЭРЧДИЙН АЖЛЫГ БУЛААХ ЗОРИЛГООР ХИЙСЭН ГЭДГИЙГ БИД НОТОЛЖ ЧАДНА


Мөн Замын-Үүд сумын иргэдийн төлөөлөл Ц.Жүгдэрнамжил ярихдаа “Би сумынхаа энгийн нэгэн иргэний төлөөлөл. Манай суманд 2022 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын 27 дугаар тогтоолын дагуу Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй ажлын хэсэг байгуулагдаж, ажилласан байдаг. Уг ажлын хэсэг үндсэн гурван чиг үүрэгтэй ажилласан. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулах, хоёрдугаарт, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, гуравдугаарт, ачаа тээврийг сайжруулан, нэмэгдүүлэнэ гэж онц дэглэм тогтоож тусгай горимоор чингэлэг тээврийн ажлыг эхлүүлсэн. Чингэлэг тээврийн ажил нэгдүгээр сарын 11-нд эхэлж, 12-нд манай суманд ажлын бүрэлдэхүүн очиж хурал хийсэн. Энэ чингэлэг тээврийн ажил эртнээс зохион байгуулалттай, жолооч тээвэрчдийн ажлын байрыг булаах зорилгоор хийсэн гэдгийг бид олон зүйлээр нотолж чадна. Нэгдүгээр сарын 11-нд хил нээгдэж, чингэлэг тээвэр орж ирж байхад маргааш нь Шадар сайд Замын-Үүд суманд очиж хаалттай хурал хийж, тээвэрчдийн ажлын байр бүх зүйлийг хаасан байдаг. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний 1-2 сард хийсэн ажлынх нь гүйцэтгэл бий. 2022 оны нэгдүгээр сарын 11-31 хүртэлх хугацаанд 2491 чингэлэг оруулж ирсэн. Энэхүү чингэлэг нь 1967 рейс хийгдсэн байдаг. Энэ рейс нь ямар учиртай вэ гэвэл өдөрт 40-50 машинаар чингэлэг зөөж оруулж ирж байгаа.

Үүнийг гурван компанийн 50 машин зөөдөг. Энэ машинууд Замын-Үүд суманд ачаа бараа зөөвөрлөн амьдардаг байсан тээвэрлэгч, жолооч нарын ажлыг булааж хийж байгаа гэсэн үг. Тухайн 50 машиныхаа улсын дугаарын серийг нь өөрчлөөд ХЦ гэсэн серьтэй болгоод, зохион байгуулалттай хилийн бүс рүү оруулсан. Энэ тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ цагдаагийн хамгаалалттай, гаалийн хяналтын бүс терминалууд дээр бүгдийг нь цагдаа хамгаалж зогсдог болголоо. Үнийн хөөрөгдөл хаана нь үүсээд байна гэж хүмүүс асуудаг. 21 хоногт 979 чингэлэг зөөж оруулж ирсэн байгаа. Ачааных нь хэмжээ 551200 м.куб. Үүнийг задгай машинд шилжүүлэн бодоход 395 машин ачаа болно. Өдөрт 50 машинаар зөөхөд найман хоног зөөх ёстой ачааг 21 хоног чингэлгээр зөөж оруулж ирсэн. Хоёрдугаар сард 1512 чингэлэг ачааг зөөж оруулж ирсэн. Үүнийг задгай тэвштэй машинд шилжүүлбэл 582 машин ачаа болно. Энэ нь дунджаар 93123 м.куб ачаа болно. Задгай 50 машинаар 11 өдөр зөөх ёстой ачааг чингэлгээр 28 хоногт зөөсөн. Эдгээр хоногийн зөрүү мөнгө ард иргэдийн нуруун дээр очно. 28 хоногт 1158 ресс хийгээд 37878 м.куб ачааг оруулж ирсэн байгаа.

No description available.

Гэтэл задгай машин болон чингэлгээр оруулж ирэх хоорондын зөрүү 50 мянга гаруй м.куб ачаа Эрээний хил дээр хуримтлагдаад үлдчихсэн. Энэ бол ачаа тээврийн эргэлтийг сайжруулах биш, улам удаашруулж, гацаасан үйлдэл. Бид яагаад задгай тээврээ явуул гэж шаардаад байна гэхээр иргэдийн мөнгө санхүүг хэмнэж, цаг хугацааг богиносгох сайн талтай. Чингэлэгт хамгийн ихдээ 65-70 м.куб ачаа ордог. Өөрөөр хэлбэл, ачааны 13 метртэй стандарт чиргүүлтэй нэг чингэлэг тал машин ачаа болно. Гэтэл нэг чингэлэг ачаа нь 45 сая төгрөгийн өртгөөр орж ирж байгаа. Харин задгай машинаар орж ирэхийн бол 45 сая төгрөгийн ачаа нэг машинд хоёр дахин үржигдэж, 130 м.куб ачаа орж ирэх ёстой. Одоо ард иргэд нэг машин ачааг 90 сая төгрөгөөр авч байгаа. Тэгэхээр өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 дахин өсөөд байгаагийн гол шалтгаан нь үүнд байна. Чингэлэг тээвэр явахаас өмнө нэг гэрлийн чийдэн 2500 төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр бид баримтыг нь аваад худалдаад авахад 5000 төгрөгийн үнэ хүрчээ. Ингэж иргэдийн гар дээр ирэх барааг 2-3 нугалж, улс эх орны эдийн засгийг хохироосон ийм шийдвэр гаргасан. Энэ ажлын хэсгийнхэн Замын-Үүд суманд хуралдан, тээвэрчдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Бид 3 сая ард иргэдээ бодно оо. 3000 тээвэрчний эрх ашгийг бодохгүй.

Төр нь эхлээд ажлаа хийе. Та нар эхлээд бидний ажлыг хийлгэчих, энэ хэдэн машиныг эвтэйхэн шиг явуулчихаарай” гэж хэлээд төрөөс 50 машинаар тээвэр хийдэг болсон. Ингээд Замын-Үүдийн тээвэрчид ямар ч ажил хийх нөхцөлгүй болсон. Дээр нь Замын-Үүдийн тээвэр ложистикийн бүст орж ирсэн шилжүүлэн ачих ачааг цэргүүдээр ачуулж байгаа. Чингэлгээс задгай тээвэрт шилжүүлээд орон нутгийн тээвэр хийлгэх ачааг цэргүүдээр гүйцэтгүүлж байна. Үүнээс болж Замын-Үүд сумын 20 мянга гаруй иргэдийн эрх ашиг асар ихээр зөрчигдсөн. Зорчих эрхийг нь хүртэл хязгаарласан. Онц дэглэм тогтоож, тусгай горимоор тээвэрлэлт явуулна гэж тушаал шийдвэр гарсантай холбоотойгоор зорчигчийн вагоныг хүртэл хаасан. Замын-Үүд сумын иргэд гурван жил шахам хамгийн урт хөл хорионд амьдарч байна.

No description available.

Дөрвөн удаагийн 86 хоногийн хөл хорионд орлоо. Гэтэл сүүлд нь төр орж ирээд иргэдийн ажлын байрыг юу ч үгүй булаагаад орлого олох эх үүсвэргүй болгов. Бид Замын-Үүдийн 20 мянга гаруй иргэдийн гарын үсгийг цуглуулсан. Бүгд банкны өр зээлэнд баригдлаа. Банкны зээлийн бичгүүд нь бүгд бий. Энэ шийдвэрийг гаргуулахад нөлөөлсөн, тухайн шийдвэр гаргаж улс эх орноо хохироосон, 3000 жолоочийн эрх ашиг хамаагүй 3 сая иргэдийнхээ эрх ашгийг хүндэлнэ гэсэн хэрнээ бүгдийг нь хохироосон. Эсрэгээр нь 3 сая иргэнээ хохироосон ийм үйлдэл хийлээ. Энэ үйлдлийг хийхэд нөлөөлсөн Зам, тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнуудыг хариуцлагаа хүлээ гэж шаардаж байна. Бид Замын-Үүд сумынхаа нийт иргэдийнхээ өмнөөс хариуцлагаа хүлээ хэмээн дахин дахин шаардах болно” гэв.

No description available.

No description available.