Т.АМАРТҮВШИН

 Ардчилсан нам хоёр жил шахам намынхаа даргыг ч тодруулж чадалгүй дотооддоо хүчтэй тэмцэлдлээ. Хэн нь үнэн ярьж, аль нь албан ёсны нам гэдгийг ард түмэн байтугай, намынх нь гишүүд ч ялгахаа байв.

Тэгэхээр юуны түрүүнд намын даргын маргаантай холбоотой асуудлаар шүүх ямар шийдвэр гаргасныг эхлээд онцлон авч үзье. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гаргасан тогтоолд дурдсанаар, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдсан АН-ын Онц их хурлыг зохион байгуулсан Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороог хүчин төгөлдөр хэмээн үзсэн байх юм. Тодруулбал, шүүхийн тогтоолд хууль ёсны АН-ын Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүн нь И.Мөнхжаргал нарын 13 хүн мөн болохыг дурдаад “Дээрх бүрэн эрх бүхий гишүүдийн гаргасан шийдвэрээс бусад Дотоод сонгуулийн хорооны нэр барьж гаргасан аливаа шийдвэр, үйл ажиллагааг дүрмийн бус гэж үзэн, хүчингүй тухай та бүхэнд толилуулж байна” гэжээ. Харин тус шүүхийн тогтоолд “Ардчилсан нам нь Үндсэн дүрэм, холбогдох бусад дотоод сонгуулийн дүрэм, журмын дагуу намын даргын сонгуулиа дахин зохион байгуулж, зохих  ёсоор сонгогдсон этгээдийг Үндсэн дүрэмд заасны дагуу намын даргаар ёсчлон батламжилсан талаарх холбогдох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй” этгээдийг бүртгүүлэхээр дахин хүсэлтээ гаргах эрхийг энэ тогтоол хязгаарлахгүй болохыг  дурдах нь зүйтэй” гэжээ. Тэгэхээр шүүхийн тогтоолоос үзэхэд, одоо намын даргын сунгааг зохион байгуулж буй И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороо, тус намын бүтцийг албан ёсных гэж үзэх ёстой болох нь.

Ийм ч учраас экс Ерөнхийлөгч Х.Баттулга “хөшигний араас” ил гарч ирлээ. Намын даргын сунгаанд нэр дэвшихээр бүртгүүлэв. Шүүхээс АН-ын даргын маргаантай асуудлаар нааштай шийдвэр гарч, энэ удаагийн дотоод сунгаагаар намын дарга эцэслэгдэх магадлал өндөртэй болсон учраас Х.Баттулга улс төрд эргэн ирснээ зарлалаа. Түүнийг эргэн ирсэнд намынх нь зарим гишүүн алга ташин хүлээн авч байгаа бол тус намын лидерүүд нь илт таатай бус хандаж байна. Х.Тэмүүжин “АН бодитойгоороо хуваагдах нь дээ” хэмээн халаглав. Э.Бат-Үүл хорих ангиас “Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хэрэггүй. Дахиж улс төрд орж ирэх ч хэрэггүй. Нэрээ татаж ав гэж нөхөрсгөөр зөвлөж байна. Одоо бид залуучуудаа л урагшаа гаргаж, зай тавьж өгөх ёстой” хэмээн үг дайв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог” гэжээ. Харин түүний өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Аливаа хүн шинэ карьер эхлүүлэхийн тулд сайн түүхтэй байх ёстой. Энэ хүний өнгөрсөн 32 жилийн түүхийг хар даа. Ардчилсан намыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг бол Х.Баттулга шүү дээ. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүн эргээд ороод ирсэнд үнэндээ сэтгэл дундуур байна” гэжээ.

 

Ийнхүү АН-ын лидерүүд экс Ерөнхийлөгчийн эсрэг зогсож байна. Намынх нь лидерүүдийн хэлж буй шүүмжлэл ч зарим талаар үндэслэлтэй болов уу. Х.Баттулга гурван удаа УИХ-д сонгогдож, хоёр удаа Засгийн газрын сайдаар ажиллаж, дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хашсан. АН-ын хайр ивээлийг харамгүй хүртсэн. Харин сүүлийн жилүүдэд мань эр уугуул намаа мартсан. Өнөөдрийн АН-ын энэ хагарлыг эхлэлийг тавьсан хүний нэг нь Х.Баттулга. АН-ын дарга асан С.Эрдэнэ “Х.Баттулга намынхаа эсрэг явсан” хэмээдэг нь үнэний хувьтай билээ. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах УИХ-ын чуулганы санал хураалтад Л.Болд, Ж.Батзандан нар эсрэг кноп дарж, тус Засгийн газарт АН хариуцлага тооцож чадаагүй. Удалгүй Л.Болд, Ж.Батзандан нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам байгуулж, 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулахад “хувь нэмэр” оруулсан түүхтэй. Тэдний ард хэн байсныг бүгд мэднэ. Дээрх хоёр эрхмийг Х.Баттулга  гадаадад Элчин сайд, Элчин зөвлөхөөр томилсон.

Намын гишүүдийнхээ дэмж­лэгээр Ерөнхийлөгчийн суудалд заларсан Х.Баттулга намаасаа ингэж нүүр буруулсан удаатай. Өөрөөр хэлбэл, тэр Ерөнхийлөгч болсноосоо хойш эрх баригч МАН-тай “найзалчихсан”. Тэгэхээр түүнд одоо АН-ын тамга барих эрх бий юу гэдэг нь эргэлзээтэй. Х.Баттулга хэрвээ АН-ын дарга болбоос Х.Тэмүүжиний хэлсэнчлэн АН бодитойгоор хоёр хуваагдах эрсдэл үүснэ. Түүний гол дэмжигчид бол намын жирийн гишүүд нь. Харин намд нь түүнийг хүлээн зөвшөөрөх лидер цөөн. Х.Баттулга намын тамга атгасан тохиолдолд намын эв нэгдэл хангагдах нь юу л бол. Шинэчлэлийн тухай ярих нь илүүц болно. Нөгөөтэйгүүр тэр намын дарга боллоо гэж бодоход, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт тохиолдсон гашуун түүх давтагдахыг ч үгүйсгэхгүй. Х.Баттулга өөлүүлэх юм ихтэй. Намынх нь нөхдүүд түүнийг даргын сонгуульд өрсөлдөх сургаар хуулийн байгууллагаар шалгуулна хэмээгээд эхлэв. Тэр намдаа төдийгүй, улс төрийн хүрээнд дайсан ихтэй. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Сү.Батболд хийгээд түүнийг боорлох хүн олон. Тэр намын дарга болчихвол эрх баригч нам УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө хэрхэхийг таашгүй. Намын дарга нь хоригдчихоод сонгуульд орвол, ямар үр дүнд хүрэх бол. АН-ын ялагдлын гашуун түүх давтагдахаас өөр аргагүй. Энэ үүднээс нь харвал УИХ-ын гишүүн хүн намын дарга байх хэрэгтэй гэдэг зарчим л чухал болов уу.

Гэхдээ тэр намын даргаар сонгогдвол сайн тал бас бий. Хэдий шүүмжлүүлэгч олонтой ч түүний хэрээр дэмжигчид ихтэй лидер. Хоёр сонгуульд дараалан ялагдсан намд хөрөнгөлөг намын даргатай байх нь хэрэгтэй биз. Улс төрийн том намыг Х.Баттулга шиг хүчтэй лидер удирдах нь зөв ч байж мэдэх л юм.

Харин АН-ын даргад өрсөлдөж буй Ж.Батсуурь гэж хэн билээ. Сүхбаатар аймгийн намын хороог 2000 оноос хойш толгойлж, дийлэнх олонх сонгуульд ялалт байгуулж явжээ. Аймгийнхаа Засаг даргаар найман жил ажиллаж, Сүхбаатарын Батсуурь хэмээн намдаа танигдсан нэгэн. УИХ-д анх удаа сонгогдоод буй. Ж.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоо нэр дэвшиж байгаа энэ хоёр хүнээс хамгийн хурдан намаа эвлэрүүлж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулах сүүлийн цайз нь би өөрийгөө боллоо гэж харж байна. 

Нөгөөтэйгүүр би ялбал хамгийн түрүүнд АН-ын хуваагдал, өнөөдрийн энэ үүсээд байгаа асуудалд зоригтойгоор шууд цэг тавина. Ингэж ажиллаж чадна гэдэгтээ огт эргэлзэхгүй байна” гэжээ. Ж.Батсуурь АН-ын дарга болбоос гишүүд нь хүлээн зөвшөөрөх, намын дотоод маргаанд цэг тавих сайн талтай. С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд ч түүнийг хүлээн зөвшөөрөх магадлалтай. Гишүүдийнхээ эв нэгдлийг хангах, тус нам шинэчлэгдэх, төлөвших талаасаа ч Ж.Батсуурь намын даргаар сонгогдох нь зөв болов уу. Гэхдээ Ж.Батсуурь АН-ыг тэргүүлэх хэмжээний хүчтэй лидер мөн үү гэвэл тийм биш. Үнэндээ бол аймагтаа танигдсан эрхэм болохоос ард түмний лидер биш билээ. Олон нийт тийм нэг харизмтай улстөрчийг хүсдэг юм байна. Ц.Элбэгдорж шиг, У.Хүрэлсүх шиг, Х.Баттулга шиг. Шийдэмгий, өөрийн гэсэн араншинтай улстөрчийг хүсдэг бололтой. Олон ч судалгаа үүнийг баталдаг. Тийм араншин, шийдэмгий байдал Ж.Батсуурьт дутаж таарна. Нэг үгээр хэлбэл, Ж.Батсуурь бол даруухан, зөөлөн улстөрч. Энэ байдал нь шуудайд хийчихсэн үхрийн эвэр шиг болсон энэ намын даргад зохихгүй байх талтай. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаад бараг хоёр жилийн хугацаа өнгөрөв. Өнгөрсөн хугацаанд их улс төрд өөрийгөө таниулсан, онцгойрсон зүйл түүнээс лав харагдсангүй. Намын дарга ямар чухал вэ гэдгийг 2020 оны сонгуулийн үр дүн харуулсан.  Тиймээс Ж.Батсуурьт шийдэмгий, зоримог байдал, өөрийн гэсэн араншин хэрэгтэй. Гэхдээ түүнийг намын хүчтэй лидер гэхээс илүүтэйгээр аймгийн сайн Засаг дарга л гэж хараад байгааг мэдэрч байгаа нь биз. Ямартай ч хоёр нэг дэвшигч ямар сурталчилгааны тактиктай ажиллаж, хэрхэн өрсөлдөхийг ирэх өдрүүдэд харна. Харин АН хууль ёсны даргатай болж чадах уу гэх асуулт бас дагана.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН