М.ХҮСЛЭН

 АНУ-ын мөнгөн тэмдэгт болох ам.доллар олон жилийн турш дэлхий дахины валютын зах зээлд ноёрхож байна. 1990-ээд оны эхэнд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ам.долларыг сайн мэддэг болсон. Монголчууд америкийн мөнгөн тэмдэгтийг “ноён доллар”, “ногоон валют” хэмээдэг.

Тэгвэл өнөөдөр эрхэм доллар 3000 орчим төгрөгтэй тэнцэж, олдоц муутай болж ховордлоо. Сүүлийн үед “Найман шарга” валют арилжааны төв дээр ам.долларын эрэлт үүсэж, арилжааны банкууд ч долларын гүйлгээнд хязгаарлалт тавьж эхэлсэн.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эс тооцвол Монгол Улс импортлогч. Манайх бараг ихэнх хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ импортолдог. Тиймээс гадаад худалдааны төлбөр тооцооны хэрэгсэл болсон учир ам.долларын хэрэгцээ чухал байх нь дамжиггүй. Ам.долларын ханш өсвөл манайд бүх бараа, үйлчилгээний үнэ дагаж нэмэгддэг. Нүүрс, зэс, ноолуур зэрэг экспортын хэдхэн бүтээгдэхүүнээс өөр “ногоон” оруулж ирдэг үйлдвэрлэлийн салбар Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд харьцангуй тогтвортой байсан ам.долларын ханш он гарсаар эрс өсөөд байна. “Ноён доллар”-ын төгрөгтэй харьцах ханш 3000 төгрөгт хүрсэн нь манай улсын гадаад валютын нөөц хомстож эхэлсэнтэй холбоотой. Он гарснаас хойш гадаад валютын нөөц огцом буурч байгаа талаар Монголбанкнаас мэдээлсэн.

Бид 2022 оныг 4.3 тэрбум ам.долларын нөөцтэй угтсан бол өнгөрсөн хоёр сарын хугацаанд 3.5 тэрбум хүртлээ буурчихаад байна. Валютын нөөц буурч байгаа шалтгааныг Монголбанкны тэргүүн тайлбарлахдаа “Цар тахлын дараа эдийн засаг сэргэж үйлдвэрийн орц, түүхий эд, машин тоног төхөөрөмжийн импорт нэмэгдсэн, нефтийн үнэ өссөн зэрэг нь гадаад валютын нөөц буурахад нөлөөлж байна. БНХАУ-ын хил хаалттай болж, экспортын хэмжээ бага байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байгаа ч хилийн асуудлаас болж бид нүүрс, зэсээ зарж чадахгүй байна” гэсэн юм. Тэгвэл доллар дэлхийн зах зээл дээр байр сууриа хадгалж чадаж байна уу.

 Олон улсын төлбөр тооцоонд ам.долларын эзлэх хувь буурчээ

 Европын холбоо, БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг томоохон эдийн засагтай улс орон сүүлийн үед ам.долларын хэрэглээг багасгаж эхэлсэн. Ам.долларын оронд евро, юань болон бусад үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдааны төлбөрөө хийдэг болсон. Үүний үр дүнд дэлхий даяар төлбөр тооцоонд америк долларын эзлэх хувь буурч байгаа аж. Тухайлбал, олон улсын төлбөр тооцоон дахь ам.долларын эзлэх хувь 2022 оны хоёрдугаар сарын байдлаар 1.07 пунктээр бууж, 38.85 хувьд хүрчээ. Олон улсын банк хоорондын шилжүүлгийн SWIFT системийн мэдээллээс үзвэл еврогийн эзлэх хувь 1.23 пункт буюу 37.79 хувь, фунт стерлингийн эзлэх хувь 0.46 пункт буюу 6.76 хувь болж, тус тус өссөн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын юань Японы иенд байр сууриа алдаж, 0.97 пунктээр буурчээ. Олон улсын төлбөр тооцооны 2.23 хувийг юаниар хийсэн байна. Харин иений эзлэх хувь 0.08 пункт буурч, 2.71 хувь болжээ. 2021 хоёрдугаар сараас эхэлж нэг жилийн хугацаанд дэлхийн топ таван валютаас еврогийн эзлэх хувь хамгийн ихээр буюу 0.66 пунктээр нэмэгдсэн бол ам.доллар 0.42, фунт стерлинг 0.19, юань 0.03 пунктээр тус тус нэмэгджээ. Дэлхийн төлбөр тооцоонд эзлэх иений хувь 0.5 пунктээр буурсан байна.

 

ОХУ, БНХАУ ам.доллароос татгалзана

Сүүлийн хэдэн жилийн дотор ОХУ болон БНХАУ хоёр талын худалдааны төлбөр тооцоонд ам.долларыг ашиглахаа эрс багасгасан. 2020 оны эхний улиралд хоёр улсын нийт худалдааны бараа эргэлтэд ам.доллароор хийсэн арилжааны хэлцлүүдийн эзлэх дүн  анх удаа 50 хувиас доошилсон гэж Оросын Төв банк ба Холбооны гаалийн албанаас мэдээлж байв. Америк доллароос татгалзахад чиглэсэн Орос-Хятадын хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, хоёр улс худалдааны ихэнх төлбөр тооцоогоо юань, рубль болон еврогоор хийдэг болсон. Тухайлбал, 2020 оны эхний улиралд хоёр улсын худалдааны нийт төлбөр тооцооны 46 хувийг нь нь ам.доллароор хийжээ. Харин еврогоор 30 хувийг нь, юань ба рублиэр 24 хувийг нь тус тус хийсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. 2015 онд гэхэд, Орос болон Хятад улс төлбөр тооцооны 90 орчим хувийг ам.доллароор хийдэг байв. Харин АНУ-Хятадын худалдааны дайн дэгдсэнээс хойш Москва, Бээжин хоёр ам.доллароос татгалзах хүчин чармайлтаа нэгтгэх болсноор дээрх үзүүлэлт огцом буурсан.

 

ОХУ өрнөдийн орнуудаас зайгаа барьж эхэлсэн 2014 оноос Москва, Бээжин хоёр худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхдээ ам.доллароос татгалзах бодлогыг гол чиглэл болгов. Оросын эсрэг авсан барууны хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд төлбөр тооцоонд ам.доллароос өөр валют ашиглах нь чухал аж. 2014 онд Орос, Хятад хоёр 150 тэрбум юанийн (24.5 тэрбум ам.доллар) своп хэлцлийг гурван жилийн хугацаатай байгуулж, улмаар 2017 онд дахин гурван жилээр сунгаж байв. Худалдааны төлбөр тооцоог рубль, юаниар хийхийн тулд АНУ болон бусад орнуудад өргөн ашиглагддаг SWIFT сүлжээг орлож чадахуйц төлбөрийн механизм бий болгохоор ажиллаж байна. Рублиэр худалдаа хийхийн сацуу ОХУ юанийн нөөцөө нэмэгдүүлж, ам.доллароо багасгасан.

 

Шатдаг хийн үнийг рублиэр төлөхийг шаардав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт “нөхөрсөг бус харилцаатай” орнуудад нийлүүлэх байгалийн шатдаг хийн төлбөрийг зөвхөн рублиэр авахыг Засгийн газартаа даалгасан. Оросын гадаад валютын нөөцийг барууны орнууд битүүмжилсэн нөхцөлд үүнээс өөр гарц байхгүйг тэрбээр тодотгожээ. 

Хийн экспортын төлбөр тооцоог рублиэр хийх журмыг долоо хоногийн дотор боловсруулж дуусгахыг Төв банканд үүрэг болгосон аж. В.Путиний мэдэгдлийн дараа рублийн ханш ам.долларын эсрэг чангарсан. Өмнөх өдөр нь нэг ам.доллар 101 рубльтэй тэнцэж байсан бол 95-аас доошилсон. “Их-7”-ийн гишүүн орнуудын Эрчим хүчний сайд нар ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шаардлагад татгалзсан хариу өглөө.

 

Газрын тосны наймааг юаниар хийнэ

АНУ-ын “Wall Street Journal” сонинд мэдээлснээр, Саудын Араб болон Хятад улсын хооронд газрын тосны худалдааг ам.долларын оронд юаниар хийх  хэлэлцээ хийж эхэлсэн тухай мэдээлсэн. Хэлэлцээ амжилттай болбол Бээжинд ашигтай. Вашингтон  аюулгүй байдлын баталгаа өгч байгаа нөхцөлд газрын тосоо үргэлж ам.доллароор зарна гэсэн үүргийг Эр-Рияд 1974 онд  хүлээсэн. Гэтэл Вашингтоны өнөөгийн засаг захиргаа тохиролцоогоо алхам бүрд зөрчиж иржээ. Ийм нөхцөлд Эр-Рияд өөрийн байр суурийг эргэн харах нь ойлгомжтой. Газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх Жо Байдены саналд Саудын Араб татгалзсан хариу өгсөн байна.

БРИКС-ийн гишүүн орнууд болох Энэтхэг, Бразил зэрэг томоохон улс орон ч хоорондын худалдааны төлбөр тооцоонд үндэсний валютаа ашиглахыг зорьж байна. Тухайлбал, Энэтхэг улс Оросоос их хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ байгуулж, төлбөр тооцоог рубль болон рупигээр хийхээр тохиролцжээ. Энэтхэг улс ОХУ-аас 15 сая баррель газрын тос импортолж магадгүй гэнэ.

 “Ноён доллар” байр сууриа  тийм ч амархан алдахгүй

Ийнхүү улс орнууд эдийн засагтаа ам.долларын хамаарлыг бууруулж, өөрсдийн мөнгөн тэмдэгтээ бэхжүүлэхийг хичээж байгаа. Гэхдээ ам.долларыг “түлхэн унагана” гэдэг бол тийм ч амархан зүйл биш. Харвардын их сургуулийн эдийн засагч Жеффри Франкель ам.долларын гурван гол давуу талыг дурджээ. Үүнд:

Нэгдүгээрт, ам.доллар нь инфляци, үнэгүйдэлд маш бага өртдөг, үнэ цэнээ хадгалах чадвартай валют;

Хоёрдугаарт, Америкийн эдийн засгийн цар хэмжээ асар их;

Гуравдугаарт, АНУ-д санхүүгийн хүчтэй, хөрвөх чадвартай, нээлттэй зах зээл бүрэлдэн тогтсон явдал.

Ж.Франкелийн дүгнэснээр, ам.доллартой өрсөлдөж буй валютуудын аль нь ч дээрх гурван үзүүлэлтээр давуу байж чадахгүй байна. Түүнчлэн “хэдийгээр одоо ам.долларт учрах аюул бага байгаа боловч өсөн нэмэгдсээр буй өрийн хэмжээ, хоригийн хэт хатуу бодлого нь урт хугацаандаа түүний давамгайллыг үгүй хийж магадгүй” гэж Ж.Франкел үзэж байна. “Хориг гэдэг бол АНУ-ын хувьд маш хүчтэй арга хэрэгсэл, гэхдээ хэт хүчлэх аваас ийм арга нь бүтэлгүйтэлд хүргэж мэднэ. Ам.долларыг орлуулах боломжгүй, доллар бол үргэлж дэлхийн номер  нэг валют байх болно гэж найдах нь гэнэн хэрэг” хэмээв. Үүний нэг илэрхийлэл бол америк мөнгөн тэмдэгттэй Европын холбооны нэгдсэн валют болох евро нэлээн хүчтэй өрсөлддөг болсон.

 

Европын холбоо болон АНУ, Хятадын худалдааны гол түнш

Орос болон Хятадын худалдааны эргэлт 2022 оны нэг болон хоёрдугаар сард 26.43 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.5 хувиар өссөн үзүүлэлт аж. 2021 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 148.8 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон. АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны эргэлт өнгөрсөн онд 755 тэрбум ам.доллар болсон. Тус хоёр улс хоорондоо худалдааны номер нэг түнш. Худалдааны хэмжээ нь маш их.

 Зарим шинжээч “Одоо Оросын худалдааны гол түнш нь БНХАУ болно гэж үзэж байгаа. 2021 онд В.Путин, Ши Жиньпин нар уулзахдаа, Кремлийн тэргүүн “Хятадтай хамтарч 120 тэрбум ам.долларын өртөгтэй 65 төслийг хэрэгжүүлнэ” гэж байв. Хоёр улс сансар судлал, хоорондоо үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан тооцоо хийх, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд транзит боломжийн харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөсөн.  Тэгвэл Украины дайнтай холбоотой АНУ болон Европын холбоо Москвагийн эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан. Үүний улмаас Орос улсын Европын холбоонд экспортолдог газрын тос, байгалийн шатдаг хий, түүхий эдийн хэмжээ эрс багассан.

Европын холбоо Москвагийн хувьд худалдааны гол түнш байсан аж. Өнөөдөр БНХАУ-ын хувьд Оросоос илүү АНУ, Энэтхэг болон Европын орнуудтай хийх харилцаа чухал болоод байгаа. 2021 онд Хятад болон Европын холбооны хоорондын худалдааны эргэлт 828 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бол том үзүүлэлт. Европын хувьд ч Хятад том зах зээлд тооцогдоно.  2020 онд БНХАУ түүхэндээ анх удаа Европын холбооны хамгийн том худалдааны түнш болсон. Ингэснээр АНУ-ыг ардаа орхив. Европын холбоо болон БНХАУ-ын худалдааны хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ бүх хүчин зүйл , баримтууд ам.долларын байр суурийг сулруулж магадгүй. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН