Архидалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтаар Монгол, Беларусь тэргүүлж байна
2022/03/31
Анагаах ухааны доктор, профессор, судлаач О.Чимэдсүрэнтэй ярилцлаа.
Монголчуудын архины хэрэглээтэй холбоотой судалгаа хийсэн юм байна. Судалгааныхаа үр дүнгээс хуваалцахгүй юу?
Монголчуудын архины хэрэглээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа. Сүүлийн үед энэ асуудалд бүх шатандаа анхаарч, олон чиглэлээр ажиллаж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого, спорт хариуцсан зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан удирдан, архинд ноогдуулж буй татвар, түүн дээр үндэслэн Монгол улсад согтууруулах ундаанд ноогдуулах татварыг ямар хувилбараар шийдэж болох вэ? гэдэг бүлэг судалгаа, мөн архины үйлдвэрлэл, түгээлт, хүн амын аль хэсэг нь ямар хэлбэрээр согтууруулах ундааг хэрэглэдэг вэ? гэдэг цуврал судалгаануудыг хийж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын Газраас судалгаанд суурилсан бодлого боловсруулах зорилгоор цуврал судалгаанууд хийн, түүн дээрээ үндэслэн шийдэл боловсруулж байгаад маш их таатай байна. Ер нь улс орны бодлого судалгаан дээр суурилж явах ёстой. Манай байгууллага болон АШУҮИС хамтран хэд хэдэн судалгаа хийсэн. Эдгээр судалгаануудаас өнөөдөр Монголчууд архины хэрэглээгээрээ дэлхийн улс орнуудын аль хавьд явж байна, архины үйлдвэрлэл хир байгаа вэ? гэдэг тодорхой мэдээллийг өгье.
Монгол Улс 2007-2008 оны үед 36 орчим сая литр архи согтууруулах ундаа, спирт үйлдвэрлэж байсан бол 2020 оны байдлаар 120 сая литр болж, бараг 4 дахин өссөн байна. 120 сая литр согтууруулах ундааг 21-ээс дээш насны Монгол улсын насанд хүрсэн иргэдэд хуваагаад үзэхээр нэг хүнд 54 литр дарс, согтууруулах ундаа, хатуулаг ихтэй архи 12 литр ноогдож байна. Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад тэргүүлж байна гэж хэлэхэд бараг болохоор байгаа.
Хэрэглэж байгаа архиныхаа 98 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэл нэмэгдэх тусам хэрэглээ нэмэгдээд байгаа шалтгаан нь хатуулаг өндөртэй, хямд үнэтэй архи үйлдвэрлэж байгаад оршиж байна. 20 жилийн өмнө архи талхнаас 70 орчим хувиар үнэтэй байсан бол одоо бараг талхнаас хямд үнээр архи авч уух боломжтой болсон.
Архи худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэгүүд маш их боллоо. Мөн үйлчлэх хугацаа нь Улаанбаатар хотод улам урт болчихлоо. Хямд үнэтэй, мөн түүгээр үйлчлэх хугацаа нь урт болохоор үйлчлүүлэгч ч дагаад өснө. Тийм учраас архины үйлдвэрлэл, үйлчлэх цэгүүд болон үйлчлүүлэгч гэсэн цогц арга хэмжээг авч, яаралтай шийдэх шаардлага байгаа. Архи нь 200 гаруй өвчин үүсэх шалтгаан, шалтаг болдог. Үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсад жилд 600-700 хүн шууд нас барж байна. Мөн архинаас хамааралтайгаар эрүүл мэндийн салбарт учирч байгаа хор холбогдол ч өндөр. Оксфордын их сургуулиас гаргадаг судалгаагаар дэлхийн улс орнуудад дунджаар 1,4 хувь нь архинаас хамааралтай эмгэгт өртжээ гэсэн байна. Гэтэл Монгол Улсын хүн амын 5 хувь архины шалтгаант эмгэгт өртсөн. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд нэгдүгээрт явж байна. Мөн архинаас шалтгаалсан 100,000 хүн дэхь нас баралтын тоо нь хойд хөрш ОХУ-д 14,5, урд хөрш БНХАУ-д 1,01 хувь байхад Монгол Улс 17,75 буюу дэлхийд хоёрт, Беларусь улс 21,35 хувиар дэлхийд тэргүүлж байх жишээтэй. Энэ мэтээр архинаас шалтгаалсан өвчлөл, эмгэг, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа учраас архины хэрэглээг хэрхэн бууруулах вэ? гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй.
Архины асуудал зөвхөн өнөөдөр яригдаагүй. ЦЕГ-аас 2013-2017 оны хооронд хийсэн судалгаагаар согтуугаар үйлдэж байгаа гэмт хэргийн тоо 8,4 хувь болж өссөн үзүүлэлттэй байжээ. ДЭМБ-ийн тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр согтууруулах ундаа ноогдож байвал үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирч байна гэж дүгнэдэг. Тухайн судалгаагаар буюу 2017 оны байдлаар жилдээ 100 орчим сая литр архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа нь 18-с дээш насны Монгол Улсын иргэдэд харьцуулахад хэтэрхий өндөр байгаа нь харагдаж байгаа учраас дорвитой арга хэмжээ авья гэж санал гаргаж байсан байна. Үүн дээр би дүгнэж хэлэхэд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээ гэсэн хэлхээ рүү чиглэсэн, судалгаанд суурилсан цогц арга хэмжээ авч бодитой үр дүнд хүрэх үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй болохгүй байна.
2020 оноос архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрс ихэссэн гэж байна. Үүнд юу нөлөөлсөн байх вэ? Хөл хорио нөлөөлсөн гэж үзэж болох уу?
Архи үйлдвэрлэгчид хямд үнэтэй архийг зах зээлд их нийлүүлж байна гэсэн үг л дээ. Хэрэглээд өгөөч ээ гэж байгаа юм шиг үйлдвэрлээд байна. Талхнаас нь хямд архи байхаар хэрэглээ нэмэгдэнэ шүү дээ. Түүнээс биш хөл хорионд байгаа учраас архи уугаад байна гэсэн үг биш л дээ. Архи, согтууруулах ундаа борлуулдаг цэгүүд буюу 8-н нэрийн дэлгүүрүүд нь гэрийнх нь гадаа, ойртчихсон. Саяхан нэг мэдээллийн хэрэгслээр хүүхдийн тэтгэмжийн мөнгөө аваад хамгийн түрүүнд архи авч, үлдсэн мөнгөөр нь хүнсээ худалдаж авдаг болсон байна гэж ярьж байсан. Энэ нь сүүлийн 30 жилд хязгааргүй үйлдвэрлэлийг дэмжээд, хэрэглээг цэгцэлж журамлаагүйтэй холбоотой. Монголчууд ингэж их архи хэрэглэж байна гэдэг нь улс орны аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Эрүүл сэтгэхүйтэй, эрүүл Монгол хүн л энэ улсын эзэн байна. Архинаас хамааралтай өвчнөөрөө дэлхийд нэгдүгээрт яваа, ийм өндөр хэрэглээтэй байгаа шалтгааныг хөл хориотой холбох нь маш утгагүй тайлбар. Харин ч хөл хориог зөв хийснээрээ ковидоос шалтгаалсан нас баралтыг бууруулж чадсан. Үйлдвэрлэсэн хэмжээгээр хэрэглээд байна гэдэг нь хэрэглэгчдийн оюун ухаантай нь, зан үйлтэй нь, сэтгэхүйтэй нь ярих шаардлагатай гэсэн үг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргасан шүү дээ. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
Ярианы эхэнд дурьдсанчлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого, спорт хариуцсан зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан эдгээр судалгаануудыг удирдаж, хариуцаад явж байгаа. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн Тамгын Газар, зөвлөхүүд нь энэ асуудалд анхаарал хандуулж байгаа гэж ойлгож байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхад Т.Мөнсайхан Эрүүл мэндийн сайд байсан. Тухайн үед Т.Мөнхсайхан сайд Монгол хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа хамгийн эрсдэлтэй хүчин зүйл нь архи, согтууруулах ундаа юм. Тийм учраас үүнд чиглэсэн цогц арга хэмжээг авах ёстой гэдэг байсан. Тийм учраас олон жилийн өмнөөс судалгаатайгаар, тодорхой бэлтгэл хангаж байж энэ арга хэмжээг эхлүүлж байгаа болов уу. НҮБ-ын чуулган дээр 2022-2030 оныг хүртэл архи, согтууруулах ундааны глобал стратеги гаргах гэж байна. Энэ үеэрээ зохистой хэрэглэх биш, ер нь архины хэрэглээгүй байх ёстой гэдэг зүйлийг ярьж байгаа. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилга бол эрт эхэлсэн ажил. Саяхнаас түүнийгээ баримт нотолгоотой, шийдлүүдтэй нь хамт гаргаж ирж байна гэж харж байгаа.
Иргэдийг соён гэгээрүүлэх, архи, согтууруулах ундааны хор холбогдлыг ойлгуулах, түүнээс үүдэлтэй эмгэг, уршгийг таниулахад хэвлэл мэдээлэл маш том үүрэгтэй. Та бүхэн маань түүчээлээд архидалтаас үүсч байгаа хор холбогдлыг хүн амд, нийгэмд хүргэхэд, бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор судлаачидтай уулзаж, тэдний санаа бодлыг асууж байгаад тань баярлалаа гэж хэлье.
Баярлалаа.
Н.Энхдэлгэр