Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс аль болох асуудлыг эвээр шийдвэрлэх ёстой гэсэн байр суурины үүднээс олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай Гадаад харилцааны яам нэг цонхоор ажиллаж ирсэн.

Олон улсын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-74 хувиар өсөх прогноз гарч байна. Энэ нөхцөл байдалд бүх улс цаашлаад Монгол Улс ч багтах төлөв байдал анзаарагдаж байгаа.

Сүүлийн 10 гаруй хоногт дэлхийн хүн амын 41-50 хувийг эзэлдэг улаанбуудайн үнэ 45-50 хувь өсөж, дэлхийд хүнсний хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Засгийн газраас энэ бүхийг дүгнэж үзсэний үндсэн дээр цаг алдалгүй арга хэмжээ авахаар шийдлээ. Тиймээс Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Энэ хууль батлагдсанаар мах, гурил, газрын тос зэрэг бүтээгдэхүүний үнийн асуудалд Засгийн газар оролцох, зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мөн нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүн гаалийн албан татвар дээр Засгийн газар зохицуулалт хийдэг байх зэрэг асуудлыг хуулийн хүрээнд явуулна.

Валютын нөөц бүрдүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Манай улсад одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Зарим нэг валютын төлбөр болон бусад асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарлах, хилээр гаргах асуудалд Засгийн газраас хяналт тавих зайлшгүй шаардлага үүсэж байна. 

Засгийн газар мөнгөний бодлого дээр Монголбанктай хамтарсан хариуцлага хүлээх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа" гэлээ. 

Хууль батлагдсанаар дараах үр дүн гарна хэмээн Засгийн газар үзэж буй.

  • Мах, гурил, газрын тосны хангамж болон бусад хангамжийг тогтвортой байлгах зорилгоор хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгох, шаардлагатай хүүгийн татаасыг олгох, үнэт цаас, баталгаа гаргах, гаалийн албан татвар болон бусад зүйлсэд зохицуулалт хийх
  • Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлж, мөнгө, сангийн бодлогыг уялдуулж, зарим нэр төрлийн барааны импортын зохицуулалтыг ЗГ түр хийх
  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олбоглогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондоны метал бирж дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авах зохицуулалт хийх" гэлээ.