Засгийн газраас импортын гол боомт болох Замын-Үүд дээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гурван сарын хугацаатай онц дэглэм тогтоосон хугацаа энэ өдрүүдэд дуусч байна.

Гэвч ачаа тээврийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гол зорилго бүрэн биеллээ олж чадаагүй, өнөөдрийг хүртэл чингэлэг тээвэр, үнэ ханшны өсөлт яригдсаар байна. Үүнээс үүдэж дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд том дарамт үүсгэсээр байгаа юм.

Экспортын хувьд ч ялгаагүй. Монгол Улсад долларын урсгалыг нэмэгдүүлэх гол бүтээгдэхүүн нүүрс, зэсний экспорт удаашралтай байгаа нь дотоодод валютын хомсдол үүсгэх нөхцөл болсоор байгаа юм.

Авто зам болон төмөр зам, агаарын тээврийн экспорт, импорт, тэр дундаа өнөө хэр шүүмжлэл дагуулсаар байгаа чингэлэг тээврийн асуудал өнөөдөр ямар байгаа талаар сурвалжиллаа.


Ц.Эрдэнэчулуун: Төр орж зохицуулж өгснөөр хил нээгдэж бараа бүтээгдэхүүнээ татаж эхэлсэн


Монгол Улсын боомтуудаар авто замаар ачаа, тээвэр хэрхэн хийгдэж байгаа мэдээлэл АТҮТ-д зангигдагдаж буй. Тиймээс тус төвийн дэд захирал Ц.Эрдэнэчулуунаас дараахь мэдээллийг тодрууллаа.


-Боомтуудаар ачаа тээвэр ямар хэмжээтэй хийгдэж байгаа талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?

-БНХАУ-аас Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Булганы боомтоор, ОХУ-аас Цагаан нуур, Боршоо, Алтанбулаг гэсэн долоон боомтоор өнөөдрийн байдлаар тээвэрлэлт хийж байна.

Замын-Үүдээр өдөрт 80-90 чингэлэг ачаа орж ирж байгаа. Ханги боомтоор өдөрт нүүрсний экспортод 120 орчим чингэлэг гарч байна. Гашуунсухайтын хувьд зэсийн баяжмал 32 тээврийн хэрэгсэл, нүүрс 210-220 тээврийн хэрэгслээр, Булганы боомтоор бол 130 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж байна. Харин Боршоо, Цагаан нуур боомтоор голдуу газрын тосны бүтээгдэхүүн 10-20 тээврийн хэрэгслээр орж ирж байгаа бол Алтанбулаг боомтоор бараа материал Европын холбооны улсууд болон ОХУ-аас 30-40 тээврийн хэрэгслээр нэвтэрч байна.

-Хил гааль хэвийн байх үетэй харьцуулбал ямар байна вэ?

-Мэдээж экспортын бүтээгдэхүүн энгийн үед явдгаас хамаагүй бага. Учир нь БНХАУ ковидын нөхцөл байдлаас шалтгаалж халдвар хамгааллыг номер нэгт тавьж байгаа. Үүнээс шалтгаалж хилээр бараа бүтээгдэхүүн татан авалт багассан. Монгол талаас тээвэрлэлтийг нэмэгдүүлэх өндөр сонирхолтой байгаа. Импортын хувьд ч ялгаагүй. Цар тахлаас өмнө зуны улиралд Замын-Үүдийн боомтоор өдөрт 650 автомашин, өвлийн улиралд 300 орчим автомашин ачаа тээврийг нэвтрүүлдэг байлаа. Одоо бол өдөрт 80-90 орчим тээврийн хэрэгсэл л нэвтэрч байгаа.

-Чингэлэг тээврийн асуудал өнөөдөр ч яригдсаар байна. Үүнээс шалтгаалж ачаа тээвэр саатаж, үнэ ханш өсч байна гэх асуудлыг тодруулбал?

-Улс хоорондын ачаа тээвэр хоёр улс харилцан тохиролцсоны үндсэн дээр хийдэг. Манай талаас чингэлэг явуулна гэж дураараа шийдсэн зүйл байхгүй. БНХАУ халдвар хамгааллыг тэргүүн эгнээнд тавьж байгаа учраас хүний хавьтал бага үүсгэх арга хэлбэр бол чингэлэг тээвэр гэж үзэн өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа.

Үнэ ханшийн хувьд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа бараа тээвэрлэх үнэ бол тодорхой байгаа. 25-30 сая төгрөг гэж. Үүн дээр логистикийн төв дээр бага хэмжээний төлбөр нэмэгдэж байгаа. Харин хилийн дундын бүсээс логистикийн төв хүртэлх тээвэрлэлтийг төр өөрөө зохицуулж байгаа учраас ямар нэгэн нэмэлт төлбөр байхгүй. Одоо яригдаж байгаа үнэ ханшийн асуудал бол Эрээн талд байгаа.

 Бидний зүгээс өөр улсын боомт дээрх үнэ ханшийг тийм байх ёстой гэж барьж, тогтоож чадахгүй. Эрээн талаас “Бид чингэлгийг худалдаж байгаа зүйл байхгүй” гэж мэдэгдсээр байгаа. 

-Жолооч тээвэрчид, бизнес эрхлэгчид задгай тээвэрт шилжих ёстой гэж шаардсаар байгаа. Энэ асуудалд тодорхой шийдэл яригдаж байгаа юу?

-Мэдээж яригдаж байгаа. Зөвхөн чингэлэг тээвэр гэлтгүй боломжит бүхий л нөхцөлөөр ачаа тээврийг явуулах тал дээр ажиллаж байна. Жишээ нь, Өмнөд Монгол руу задгай тээврийг явуулах тал дээр хүсэлт тавьчихсан. Одоогоор шийдвэр гараагүй байна.

-Ачаа тээвэр дээр төр засаг орж ирснээр зохицуулах биш, улам илүү дарамт болчихлоо гэж шүүмжлэх хүмүүс байсаар байна. Үнэхээр тийм нөхцөл байдал ч бас харагдаад байна шүү дээ?

-Одоо явж байгаа зохицуулалтын процессыг жолооч тээвэрчид муу гэж хэлээгүй байх гэж ойлгож байгаа. Гол нь зөвхөн чингэлгээр явдаг биш, задгай тээврээр давхар явуулаач гэдэг асуудал яригддаг. Үнэ ханшийн хувьд төр энэ асуудалд орж ирснээр тодорхой, нээлттэй болсон.

БНХАУ-ын талаас 2021 оны аравдугаар сард хилээ хаасан. Манай тал хилээ нээлгэж бараа материал татахын тулд хүсэлт тавихад урд хөршийн зүгээс “Чингэлэг тээвэр явуулах шаардлагатай, Зөвшөөрөх үү” гэсэн. Зөвшөөрөөд л өнөөдрийг хүртэл ачаа тээврээ явуулж байна. Хэрэв зөвшөөрөөгүй, манайх задгай тээврээрээ явна гэсэн бол өнөөдөр ч хил хаалттай байх магадлалтай. Төрийн зүгээс тэр нөхцөлийг л бүрдүүлж, зохицуулж өгсөн. Мэдээж дээр нь үнэ ханшийг хэт өндөр хөөрөгдөхгүй байх тал дээр анхаарсан гэсэн юм.

Тэгвэл энэ асуудал дээр жолооч тээвэрчдийн хувьд эсрэг байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Тэд чингэлэг тээврийг манай төрийн албаныхны мөнгө угаах хэрэгсэл болж байна гэж шүүмжилж байгаа. Мөн чингэлэг тээвэр хийж эхэлснээр үнэ ханш тэнгэрт хадах, тэр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлсөн гэж үзэж байв.


Жолооч Д.Мөнхбат: Чингэлэг тээврийн саналыг БНХАУ биш манай талаас гаргаж, мөнгө олох хэрэгсэл болгож байна


Замын-Үүдийн боомт дээр ачаа тээврийн нөхцөл байдал ямар байгаа талаар Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбатаас тодрууллаа.


-Замын-Үүд боомт дээр ачаа тээвэр хэрхэн хийгдэж байна. Жолооч нарын оролцоо байна уу?

-Засгийн газраас гурван сарын өмнө Замын-Үүд боомт дээр онцгой дэглэм тогтоосон. Тэр хугацаа нь өнөөдөр (өчигдөр) дуусч байгаа учраас цаашид яах юм бэ, тээвэрлэлт яаж явагдах талаар тодруулахаар тээвэрчид бид Замын-Үүд сумын Засаг даргын орлогч болон АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын даргатай уулзлаа. Ямар ч тодорхой мэдээлэл алга.

Төр засгаас чингэлэг тээвэр явуулж, бүх зүйл болж байгаа мэтээр ярьж байгаа ч бодит амьдрал дээр үр дүн гарсангүй шүү дээ. Ачаа тээврийг хангалттай хэмжээгээр оруулж ирж чадахгүй байна, ачаа тээврийнх нь үнэ буусангүй. Гэтэл халдвар нь улс орон даяар буурчихлаа. Төсвөөс их зардал гаргаад л хийгээд байсан баахан ажил нь үр дүн байхгүй. Уг нь тээврийн хэрэгсэл нь байна, тээвэрчид нь байна. Зохион байгуулаад л явуулчих зүйл дээр хөдлөхгүй байгаа нь тодорхой хүмүүсийн эрх ашгийн асуудал цаана нь байгаа юм.

Тээвэрчдийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сард хил хааснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч тээвэр хийж чадахгүй байгаа. Хэзээ тээвэр хийх бол, ер нь хийлгэх нь үү гэсэн хүлээлтийн байдалтай олон мянган жолооч нар байна.

-Та бүхэн задгай тээврийг явуулах ёстой гэж байгаа. Төр засгийн зүгээс ярьж байгаагаар БНХАУ-ын талаас чингэлэг тээвэр явуулахыг шаардсанаар хийж байгаа гэх юм байна шүү дээ?

-Энэ бол худлаа. БНХАУ-ын талаас энэ саналыг тавиагүй. Харин манай талаас тавьсан байдаг. Анх хил хаагдахад урд талаас манайд таван шаардлага тавьсан. Түүний хамгийн сүүлчийнх нь чингэлэг тээврийн асуудал. Манай дарга нар өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн зүйл нь чингэлэг тээвэр байсан учраас өлгөж аваад л урд талд саналаа тавьсан байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, чингэлэг тээврийг манай талаас тавьсан гэж ЗТХЯ-ны газрын дарга ярьж байсан удаатай. Мөн Эрээн дэх консул ч энэ тухай жолооч нарт ярьж байсан баримт байна. Нэг ёсондоо улс орныхоо эрх ашгийг бус амин хувиа хичээсэн, ашиг хайсан мафи л энэ зүйлийг эхлүүлсэн шүү дээ. Үүнд төр засгийн дээд удирдлагууд гэхээс илүү дунд, доод шатны хүмүүсийн буруу мэдээллээс л үүдэлтэй. Дээр нь нүүрс тээврийн компаниуд гэж маш но-той хэсэг бий.

-Ямар гэж?

-Ачаа тээврийнхэн бид чинь хилээр гарах гэж маш их оочер дараалал, шат дамжлагыг дамждаг. Гэтэл нүүрс тээврийнхэн бол унтаж байгаад л өглөө босоод машинаа бариад оочер дараалалгүй хилээр гараад явчихдаг бүрэн эрхтэй хүмүүс. Түүнийгээ ашиглаж нүүрсэн дотроо маш их бараа таваар нууж гаргадаг байсан асуудал ил болж байгаа. Үүнийг албаныхан ч өөрсдөө ярьж байна.

Нүүрсээ гаргаад орж ирэхдээ нэг чингэлэг ачааг 30-40 мянган юаниар ачдаг, тэдний л бизнес болсон шүү дээ.

-Хилийн үнэ ханш одоо ямар байна вэ?

-Одоо бол өдөрт 60 чингэлэг ачаа л орж ирж байгаа. Түүний ихэнх нь төмөр замаар ачигдаж байна. Үлдсэн тав, арван чингэлэг дээр 5000, 6000 жолооч нар өрсөлдөөд юу ч болохгүй байна шүү дээ. Тээвэрчид тээвэрт оролцохгүй олон сар болж байгаа. Гэтэл үнэ ханшийг тээвэрчид л өсгөөд байгаа юм шиг хар пи-ар хийж ирсэн. Анх бол 20 сая төгрөгөөр гурван чингэлэг ачаа оруулж ирж байсан бол одоо 90-120 саяд тогтчихсон. Энэ их өсөлтийн шалтгаан бол чингэлэг тээвэр гэв.

Боомтуудын ачаа тээврийн нөхцөл байдал ийм байдалтай байна. Долоон боомтоор ачаа бараа, нүүрс, зэс, газрын тосны бүтээгдэхүүний экспорт, импорт хийгдэж байгаа ч учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд гэхэд хоногт 650 хүртэл автомашин нэвтэрч байсан бол одоо 80-90 төдий л байна. Чингэлэг тээврийг БНХАУ-ын талаас шаардсанаар хэрэгжүүлсэн ажил гэх ч жолооч тээвэрчид өөр байр суурьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Цаашид хил гааль хэвийн байдалд шилжих цаг хугацаа тодорхойгүй. БНХАУ-ын талд цар тахлын нөхцөл байдал яаж ч эргэж болзошгүй байгаа нь манай улсын хувьд, ялангуяа импортын хувьд эргэлзээтэй байдалд байгааг албаны хүмүүс анхааруулж байв.

Тэгвэл авто тээврээс гадна агаарын тээвэр, төмөр замын тээврийн өнөөгийн нөцхөл байдлын талаар тодрууллаа.

Агаараар 2654 тонн ачаа тээвэрлэжээ

Агаарын тээврийн хувьд 2020, 2021 цар тахлын оргил үе таарч, багагүй хугацаанд тэг зогсолт хийсэн. Өнгөрсөн онд агаарын тээврээр 6194 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ нь 2020 оноос 148 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт тээвэрлэсэн ачааны 99.8 хувийг олон улсын ачаа тээвэр, 0.2 хувийг орон нутгийн ачаа тээвэр эзэлжээ.

Тэгвэл он гарснаар эхний улиралд нийт олон улсаас 2654.5 тонн ачаа агаарын тээврээр хийгджээ. Харин орон нутагт эхний улиралд 3.5 тонн ачаа тээвэрлээд байгааг ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ.


Эрээн өртөөний хүчин чадал бага байгаагаас ачаа тээврийг хангалттай нэвтрүүлж чадахгүй байна


Улаанбаатар төмөр замын хувьд авто тээврээс дутахгүй ачаа тээврийн томоохон урсгал юм. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт 10 галт тэрэг ачаа тээвэр солилцож байна. Ерөөс Эрээн өртөө хоногт 14 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай юм байна. Цаашид коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийг өндөр сахиулж чадвал БНХАУ-ын талаас Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар нааштай мэдээлэл ирүүлж байгааг албаны хүмүүс ярилаа.

Мөн Замын-Үүд-Эрээн өртөөнөөс гадна хойд хил дээрх Сүхбаатар-Наушки хилийн боомтод ч энэ асуудал тулгамдаж байгаа юм байна. Сүхбаатар өртөөний нэвтрүүлэх хүчин чадал хоногт 14 хос галт байхад Наушки өртөөнийх 10 хос галт тэрэг гэнэ. Яриа хэлэлцээрийн үр дүнд Наушки өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил энэ онд эхлэхээр болжээ. Наушки өртөө Сүхбаатар өртөөний хүчин чадалтай дүйцэж ирвэл Монголоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж албаныхан онцолж байна.