Хоёр настай хүү “Маквин” уралдааны машины тухай “Cars” хүүхэлдэйн киноны үнэнч фэн юм. Гэрийнхээ тавиур дээр өнгө өнгийн машинуудыг жирийтэл нь өржээ. Тэрбээр дэлгүүрийн лангуун дээрх амттанг харснаа хамгийн доод тавиур дээр байгаа чипсийг авна хэмээн жижигхэн хуруугаараа заах ажээ.

Учир нь өнөөх дуртай үлгэрийн баатар Маквин найзынх нь зураг чипсний уутны нүүрэн дээр хүү рүү инээмсэглэн харж зогсох юм. Мэдээж учир мэдэхгүй жаахан хүү дуртай зүйлээ л авах гэнэ. Түүний буруу биш. Ээж нь түүнд өөр амттан санал болгосон ч хүү “Үүн үүн” авна гэж хошуугаа цорвойлгож, дуугаа чангатгасаар. Арга ядсан ээж нь үйлчлүүлэгчдээс санаа зовсон уу бушуухан өнөөх чипсийг аваад касс руу зүглэв.  Энэ бол захын дэлгүүрт өдөрт олон удаа тохиолддог хэвийн үзэгдэл. Ялангуяа дэлгүүрийн лангуун дээр өнөөх чипс нь төрөл төрлөөрөө өрөөтэй байхад хүүхдийнхээ нүдийг дараад өнгөрөлтэй биш. 2020 оны судалгаагаар дэлгүүрт хамгийн хурдан зарагддаг амттан бол чипс, ундаа гэсэн судалгаа гарсан. Тийм ч учраас ямар ч дэлгүүрт орсон энэ хоёр хүнсний бүтээгдэхүүн хэдэн лангуу дамнан цуварна. Гэтэл чипс хүүхдийн эрүүл мэндэд ямар хортойг хүн бүхэн хэлүүлэлтгүй мэддэг болсон.

 

Байнга чипс иддэг найман настай хүү ходоод нь цоорсон эмгэнэлт түүх бий. Мөн чипсэнд дуртай бага насны хүүхдэд жингийн илүүдэл, ходоодны шархлаа гэсэн насанд нь баймгүй хүнд өвчлөл үүсэх нь элбэг болжээ. Эрүүл мэндийн хувьд ийм хортой бүтээгдэхүүн гэдгийг нь дэлхийн эрдэмтэд нотолсоор байхад бид хүүхэддээ хоол биш хор авч өгч байгаа нь харамсалтай. Өнөөдөр нэг ангийн 38 хүүхдийн 10-аас илүү нь жингийн илүүдэлтэй байна. Энэ тухай Сонгино хайрхан дүүргийн хүүхдийн эмч А.Ариунзаяа “Бага насны хүүхдүүдийн дунд таргалалт газар авч байна. Үүнээс шалтгаалаад дөнгөж 12-хон настай хүүхэд зүрхний хэм алдагддаг болсон нь үнэндээ харамсмаар онош юм. Юун зүрхээ чагнаад гэртээ хэвтэх. Энэ насны хүүхэд гадаа тоглоод гүйж байх ёстой биз дээ.  Хэт таргалалттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд бид хүүхдийнхээ хүнсэнд анхаарч, зөв эрүүл хооллолтын жорыг л санал болгодог. Монгол Улсын хэмжээнд 100 хүүхэд тутамд 20 нь жингийн илүүдэлтэй байна гээд бод доо. Энэ бол буруу хооллолт, хүнсний зохисгүй хэрэглээний л уршиг юм. Эцэг эхчүүд хүүхдээ эрхлүүлж байна гээд хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, чипс л өгөөд байдаг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн эргээд хүүхдийн тань эрүүл мэндийг дотроос нь идэж байна. Одоо мэдэгдэхгүй ч ирээдүйд өвдөх олон өвчлөлийн суурь нь хүнснээс шууд хамааралтай” гэсэн юм.

 

“МАКВИН”, ЭЛСАГИЙН ЗУРАГТАЙ ЧИПСЭНД  КРАХМАЛЛ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРДОГ

 

Дэлхий нийтээр чипсний хор хөнөөлийг ярьсаар байхад дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байх энэ төрлийн бүтээгдэхүүний ноёрхол хэзээ дуусах вэ. Дуусах ч үгүй байх. Ялангуяа хайртай үлгэрийн баатруудыг нь нүүрэн дээрээ томоор залсан цагт чипс, ундаа, зайрмаг хүүхдүүдийн нэн тэргүүний хүнсний хэрэглээ хэвээр байх лавтай. Үүнийг үйлдвэрлэгчид нь сайн мэдэж, маркетинг хийдэг бололтой. Ялангуяа өнөөх "Маквин", "Элса", "Хүн аалз"-ны зурагтай чипсэнд крахмалл их хэмжээгээр ордог юм байна. Крахмалл бол хүнсний бүтээгдэхүүнийг барьцалдуулах үүрэгтэй химийн бодис агуулсан цардуул шүү дээ. Энэ нь таны хүүхдийн ходоодонд ордог гэж бодоход халагламаар. Мөн чипс халуун ногоотойгоос гадна давсархаг бүтээгдэхүүн. Дэлхий нийтээр давсны хэрэглээг багасгаж, зөв хооллолтыг дэмжиж байна. Давс нь ходоодны шарх, даралт ихсэх, зүрх судасны өвчлөлийг идэвхижүүлдэг. Саяхан УИХ-ын гишүүдээс “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийсэн. Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Судалгаагаар Монгол Улсад чихрийн шижин, таргалалт хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Ялангуяа 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улс орнуудад хандаж хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар нийгэмд үүснэ. Эрүүл мэндийн зардал нэмэгдэнэ гэж сануулсан. Иймд бид урт хугацаанд үр дүнгээ өгөх энэ хуулийг өргөн барьж байна. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгааг авахад 68 хувь нь дангаараа ундаанаас авдаг гэх тооцоолол бий. Тус хуулиар татварын орлого олох бус эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль юм” гэжээ. Үнэхээр чихэрлэг ундаанд тавих шаардлагын өндөрлөж, чангатгахгүй бол хойч ирээдүй болсон хүүхүүд эрүүл мэндээрээ хохироод дууссаныг санууллаа.

 

“ПОРОРО” УНДААНЫ ЧИХРИЙН АГУУЛАМЖ КОЛАНААС 70 ДАХИН ИХ 

 

Орчин үеийн хүүхдүүдийн хамгийн хайртай үлгэрийн баатар бол “Пороро” билээ. Бяцхан оцон шувуу ба түүний найзуудын адал явдлыг үздэг нэгэн үеийн арми манай улсад бий болоод байна. Тиймээс ч өнөөдөр поророгүй зүйл хаана ч алга. Хувцас, цүнх, малгай, өмд гээд бүхий л хэрэглээний хамгийн сайн маркетинг болж байна. Үүнээс гадна хүнсний салбарт пороро жинхэнэ од. Пороротой ундаа, зайрмаг, чихэр, жигнэмэг гээд урт жагсаалт цуварна. Гэтэл энэхүү ундаа нь чихрийн агууламж хамгийн өндөр байдаг юм байна. Бид хүүхдүүддээ аль болох хийжүүлсэн ундаа буюу кола өгөхөөс татгалзаж, пороро авч өгдөг дөө. Гэтэл коланоос чихрийн агууламжаараа 70 дахин их байдаг байжээ. Хүмүүс чихэрлэг ундаа гэхээр сахар гэж боддог. Бүх хийжүүлсэн ундаанд агуулагдаж байгаа сахар бол элсэн чихэр биш, сахар орлуулагч юм. Ялангуяа олон улсад хориглочихсон “аспартам” гэх орлуулагчийг хэрэглэдэг аж. Энэ нь хавдар үүсгэх аюултайг Хятадын эрдэмтэд тогтоосон байна. Тийм учраас олон улсад хэрэглэхийг хориглодог ажээ. Гэтэл манай улсад үүнийг хянадаг газар байна уу. Энэ талаар дөрвөн настай охины ээж Б.Батсүрэн “Би хүүхэддээ хийжүүлсэн ундаа өгөхийг боддоггүй. Аль болох цэвэр жүүс авч өгөхийг хичээдэг. Гэвч хүүхэд маань дэлгүүрт ороод яах аргагүй пороро ундаа авна гэж уурлана. Аргагүй байх л даа. Өдөржингөө зурагтаар пороро үздэг хүн чинь. Манай хүүхэд ундаагаа уучихаад саваар нь тоглох их дуртай. Манайд пороро ундааны сав уут дүүрэн л байна” гэсэн юм. Тухайн ээжээс “Та энэ ундааныхаа найрлага болоод чихрийн агууламжийг мэдэх үү” гэхэд хараахан мэдээлэл байхгүй гэж хариулсан юм. Тийнхүү эцэг эхчүүд чихэрлэг ундааны талаар мэдээлэл тун дутмаг байдаг юм байна. Кола л өгөхгүй бол бусад ундааг хязгаарлахгүй өгч болно гэсэн түгээмэл ойлголттой. “Тэмүүл” мини маркетийн худалдагч Э.Булган-Эрдэнэ “Манай дэлгүүр сургуулийн ойролцоо байдаг учир ихэнх үйлчлүүлэгч бага насны хүүхдүүд байдаг. Тэд мэдээж арай үнэ хямд, ширхэгийн бүтээгдэхүүнээс л сонголт хийдэг. Ялангуяа чипс, хийжүүлсэн ундаа, ширхэгийн чихэр, напелон зэрэг хүнс эрэлт ихтэй” гэсэн юм.

 

“ҮНДЭСНИЙ ҮЛГЭРИЙН БААТАР ДУТМАГ БАЙНА”

 

Дүрийн бизнес гэсэн салбар манай зах зээлд хүч түрэн орж ирж байна. Солонгос улсад “Жангум”, “Өвлийн хайрын дуу” гээд хит болсон киногоороо  нэрлэсэн гудамж хүртэл байдаг. Эдгээр газраар аялах гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид БНСУ-ыг зорьдог билээ.  Яг үүнтэй адил хүүхэлдэйн киноны үлгэрийн баатрууд манай орны хүнсний бүтээгдэхүүний зах зээлд тодорхой байр суурийг эзлэх болсон. Гэхдээ яагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд ааруул, цагаан идээ, гээд  эрүүл мэндийн бүтээгдэхүүний савлагаан дээрээ өнөөх пороро, элса, хүн аалз, минифорсийнх нь зургийг томоор тавьчихаж болдоггүй юм бол гэсэн асуулт гарч ирж байна. Заавал хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл дагуулсан бүтээгдэхүүн дээр наах шаардлага юу байна вэ. Үүнийг үндэсний үлгэрийн баатар байхгүйтэй бас холбон тайлбарлаж болох юм. Энэ тухай найруулагч Д.Ганболд “Хүүхдүүдийн соёл хүмүүжилд үндэсний баатар зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр монгол хүүхдүүд поророг шүтэж байгаа нь монгол уран бүтээлд нь үндэсний баатрын дүр дутмаг байгаатай холбож болно. Яг пороро шиг монгол хүүхэлдэйн кино байдаг бол гадны киног үзэхгүй шүү дээ. Тиймээс хүүхдэд зориулсан үндэсний үлгэрийн баатрын дүрийг гаргаж ирж, сурталчилах шаардлага тулгараад байна” гэв. Энэ бас л бодууштай чухал сэдэв. Ядаж л монгол үлгэрийн баатартай болоод түүнийгээ эрүүл монгол бүтээгдэхүүнээрээ сурталчилаад өгвөл хойч ирээдүй болсон хүүхдүүд хор авна гэж уйлахгүй байлтай. Эцэг эхийн хувьд ч эрүүл мэндэд нь санаа зовох зүйлгүй сэтгэл амар байх боломж бүрдэнэ дээ.  

 

 

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин