"Ухуулахгүй!" гэх тэмцлийн ард эрүүгийнхэн ба нинжа нарын бүлэглэл байдаг уу?
2022/04/15
Саяхан Дундговь аймгийн Мандах суманд нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр очсон компанийхан ба малчдын хооронд үл ойлголцол үүссэн хэрэг явдал болов.
Сошиалаар цацагдсан нь энэ болохоос биш уул уурхайн олборлолт эхлэх гэж буй компаниудын нөхцөл байдал ерөнхийдөө орон даяар л ийм байгаа гэх. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ? 10 гаран жилийн өмнө бол олон нийт уул усаа хамгаалсан гэх аливаа тэмцлийг талархан хүлээн авч, уухайлан дэмждэг байлаа. Унаган байгалиа, эх орноо болж өгвөл байгаа онгон дагшинаар нь авч үлдэе, үр хүүхэддээ өвлүүлж үлдээе гэдэг хүсэл Монгол хүн бүрийн сэтгэлд байдаг тул арга ч үгүй биз.
Гэвч яваандаа нэг л биш болоод явчих нь тэр ээ. Товчхондоо бол уул уурхайн эсрэг тэмцэгчдийн хэлж ярьж буй нь хийж байгаагаасаа шал өөр болоод явчихсан билээ.
Уул уурхайн нэг компани нөгөө өрсөлдөгчийнхөө эсрэг тэмцэл захиалдаг л гэнэ, орон нутгийн удирдлагууд их хэмжээний мөнгөн тохироо хийхийн тулд ажлыг нь уяж дарамталдаг л гэнэ, зөвхөн ямар нэг уурхай ажиллах сургаар шууд сурвалжлага бэлтгэн, тасалж, зохиомжилсон бичлэгээ сошиал медиагаар сэвж ( өөрсдийнх н хэлдэгээр)шантааж хийдэг хэвлэл, сэтгүүлч нар ч бий болсон нь гэнэ, бүр ноцтой нь тухайн нөөц нь тогтоогдчихсон ордыг албан ёсоор ажиллуулахгүй гэж зогсоогоод эргэн тойрныг нь өөрсдөө гар аргаар ашигладаг нинжа ба эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн мэргэшсэн бүлэглэлүүд хаа сайгүй болсон л гэнэ. Уул уурхайн компанийхан малчдыг зодлоо л гэнэ, түрэмгий хэрцгий байна аа л гэнэ...
Жагсаал, эсэргүүцлийн аливаа арга хэмжээний үеэр хүмүүс нэг нэгэндээ хүрэх, хаах үйлдэл гарч таарна. Үүнийг нь бичиж, таслаад facebook-ээр цацчихна. Учрыг нь сайн ухалгүй хальт үзсэн хүнд бол Орос, Украины мөргөлдөөн шиг айхтар зүйл болчихсон мэт сэтгэгдэл төрөхөөр.
Энэ мэтээр хөөсрөлт явагдсаны үр дүнд улс орны эдийн засаг хохирдог. Мэдээж тухайн хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, ар гэрээ тэжээдэг ажилтан, албан хаагчид нь хохирно. Орон нутаг, бүс нутагт ирэх байсан эдийн засгийн үр өгөөж байхгүй болно.
Хамгийн эмгэнэлтэй нь мэдээлэл дутуу, сэтгэл хөдлөлдөө хэт автагдсанаасаа болоод атгаг санаатны явуулгад автсан хөөрхий малчид өөрсдөө хамгийн их хохирдог байна. Энэ утгагүй тоглоомны цор хожигч нь улсад огт татвар төлдөггүй, нийгмийн хариуцлага гээчийг амьдралдаа сонсоо ч үгүй мөнөөх эрүүгийн гэмт хэрэгтнүүд, нинжа нарын нийлсэн бүлэглэл.
Ай хөөрхий...
Жил жилийн хаварт дэгддэг "Ухуулахгүй!" гэх энэ драм хэзээ нэг дуусч, аж ахуйн нэгжүүд нь хариуцлагатай уул уурхай эрхэлдэг, орон нутгийн удирдлага ба хөрөнгө оруулагчид нягт уялдаатай хамтран ажиллаж, иргэд, малчид нь атгаг санаатны явуулгад авталгүй уул уурхайн олборлолт хууль ёсоор явагдаж, орон нутагт үр өгөөжөө өгч буй эсэхэд жинхэнэ иргэний бодит хяналт тавьдаг, эцэст нь Монгол орон маань хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татсан, хөгжин дэвшсэн улс болох цаг хэзээ ирэх юм бол доо?
"Цаг хугацаа алтнаас үнэтэй" гэдэг ардын маань үг байдагсан.
О.Чулуу
sonin.mn
Зочин · 2022/04/15
Зохиол бичээд байгаа хэрэг үү
irvwn · 2022/04/15
ENE ASUUDAL DEER ZASGIIN GAZAR MASH TODORHOI SHIIDVER GARGAH HERGTEI END AJILAA YVUULJ CHDHGUI ESVEL HULGAIN GAZAR UHAGCHID GEED TUMEN ZOVLON BGAA ASUUDALIIG YARALTAI NEG TIISH NI BOLGOH HERGTEI INGEJ BAIJ ULSIIN AMINIII BUSSINESIIIN AJILUUD URASGSHAA YVNA SHUU.