Шинжлэх ухааны академийн Технологийн инкубаторийн захирал Ч.Батсүхтэй ярилцлаа.


-Эрдэмтэд ямааны сүү хуурайшуулах технологи гарган авсан байна. Энэ талаар тодруулбал?

-Тийм ээ, манай Технологийн инкубаторын судлаачид гаргаж авсан юм. Манай байгууллага эрдэмтэн судлаачдын, судалгааны ажлын үр дүнг зах зээл, хэрэглээнд нэвтрүүлэн, шинэ технологи бойжуулдаг газар. Энэ утгаараа бид өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуй, байгаль орчин, мал аж ахуйн чиглэлээр нийт 30 гаруй технологийг боловсруулсан. Өнөөдрийн байдлаар 10 гаруй технологи хэрэглээнд нэвтрээд байна. Энэ технологиудын нэг нь ямааны хуурайшуулсан сүү гарган авах технологи. Сүүлийн жилүүдэд манай улсын хөдөө аж ахуйн салбарт малын тоо толгой эрс өссөн бөгөөд хамгийн их өсөлттэй нь ямааны тоо толгой. Өнгөрсөн жилд 26.5 сая гаруй ямаа тоологдсон нь мал сүргийн 39.3 хувийг эзэлж буй юм. Ямааны тоо толгой өссөнөөр нөгөөтэйгүүр бэлчээр талхлагдах, уламжлалт сүргийн бүтцийн харьцаа алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг.

Иймээс ямааны ноолуураас гадна, дэлхийн зах зээл болон Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй, хүний биед маш чухал хуурай сүү боловсруулах технологийг ШУА-иас олгодог “Грант” төслийн хүрээнд “Бэлчээрийн ямааны сүүгээр хүүхдийн хоолны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа” нэртэй төслийг хэрэгжүүлж гаргаж авсан. Бэлчээрийн ямааны сүүний гол онцлог эхийн сүүтэй хамгийн ойролцоо, эхийн сүүг орлож чадах, эмчилгээний өндөр ач холбогдолтой сүү юм.

-Эдийн засгийн хувьд хуурайшуулсан сүү нь ямар ач холбогдолтой вэ?

-Ямааны сүүний онцлог нь тосны бөмбөлөг жижигхэн, жигд тархсан байдаг учраас хүүхэд, настай хүмүүст шингэц сайтай байдаг. Бусад бие султай, хууч өвчтэй, дархлаа сул хүмүүст ч их ач тустай. Иймээс ямааны сүүгээр хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүн боловсруулах төслийг хэрэгжүүлсэн. Манай улс хүүхдийн нэмэлт тэжээлийг гадаад орноос импортоор маш өндөр зардлаар оруулж ирдэг. Энэ утгаараа үүнийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөтэйгөөс гадна малчид малынхаа сүүг борлуулан зах зээлд нийлүүлж, амьдрал аж ахуйгаа дээшлүүлэхэд эерэг нөлөөтэй юм. Олон улсын хоол тэжээлийн салбарт ямааны сүүг “Сүүний хаан” хэмээн нэрлэдэг шүү.

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь улирлын шинж чанартай байдаг. Иймээс тодорхой хэмжээгээр сүүний үнэ буурсан, зуны улиралд шингэн сүүг хуурайшуулах нь тохиромжтой байдаг. Хуурай сүүний онцлог нь шингэн сүүг бодвол улирлын нөлөөлөл багатай, халж хөрөх, гашилж исэх, амт чанар алдагдахгүй гэдгээрээ давуу талтай. Тээвэрлэлт, хадгалалтад тэсвэртэй учир олон улсын зах зээлд сүү, сүүн бүтээгдэхүүн гаргах боломжтой байдаг бөгөөд олон улсын зах зээлд хуурай сүүний борлуулалт өндөр хувийг эзэлдэг. Ямааг зуны хоёр сар орчим сааж, сүүг хуурайшуулан жилийн дөрвөн улиралд хэрэглэж болно. Нөгөөтэйгүүр хуурайшуулсан сүүг экспортлох маш өндөр боломжтой. Тээвэрлэхэд хялбараас гадна хадгалалтын хувьд шингэн сүүг бодоход маш урт хугацаанд хадгалж хэрэглэх боломжтой байдаг. Ямааны хуурай сүү нь дэлхийн зах зээлд хүний биед сайн гэдгээрээ үнэ цэнэтэйд тооцогддог.

-ШУА-ийн эрдэмтэд өмнө нь ингэний сүү хуурайшуулах технологийг нэвтрүүлж байсан. Одоо ямар хэмжээнд байгаа вэ?

-Манай боловсруулсан технологийн дийлэнх нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах чиглэлээр байдаг. Тэдгээрийн нэг нь мөн ингэний хуурайшуулсан хоормог, гүүний хуурайшуулсан саам боловсруулах технологиуд юм. Бид одоо айраг хуурайшуулах технологийг туршиж байна. Ингэний хоормог нь хүний эрүүл мэндэд маш хэрэгтэй бөгөөд хортой нөхцөлд, үйлдвэрт ажиллаж буй хүмүүсийн биеийн хорыг арилгах, сэргийлэх чиглэлээр хэрэглэхэд өндөр үр дүнтэй юм. Энэ чиглэлээр ингэний хоормог хуурайшуулах технологийг боловсруулан “Монгол тэмээ корпораци” ХХК-тай хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэний хуурайшуулсан хоормог, ямааны хуурайшуулсан сүү байсан ч их хэмжээгээр үйлдвэрлэхэд одоогоор түүхий эдийн олдоц чухал болоод байна. Үүнд цаашид ХХААХҮЯ тодорхой хэмжээгээр анхаарч ажиллах хэрэгтэй санагддаг.

-Олон улсын үзэсгэлэнгүүдэд хуурайшуулсан сүүг гаргахад хэрхэн хүлээн авч байв?

-Олон улсын үзэсгэлэнгүүдэд хуурайшуулсан технологийнхоо бүтээгдэхүүнээр оролцож байсан. БНХАУ, Япон улсаас үйлдвэрлэсэн хуурай сүү бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулах хүсэлт ирсэн. Тодорхой хэмжээний дээжийг явуулахад бэлчээрийн монгол ямааны сүүний чанар маш сайн, органик бүтээгдэхүүн болж чадаж байна, их хэмжээгээр нийлүүлээч гэсэн хүсэлтүүд ирдэг. Бэлчээрийн ямаа нь 2600 гаруй төрөл зүйлийн ургамлаар хооллодгоос 600 төрөл нь эмийн ургамал байдаг. Сүүнд нь 200 гаруй төрлийн шим тэжээлийн бодис бий. Ер нь гадаад орнуудад бол зөвхөн хүүхдийн сүү гэхгүйгээр, гэрийн тэжээвэр муур, нохойныхоо нэмэлт хоол тэжээлд нь хольж өгч их хэрэглэдэг юм билээ. Тэгэхээр гадаадад экспортлох боломжтой. Экспортлоход хамгийн түвэгтэй зүйл бол манай малчид ямаа байтугай үнээгээ саахаа больсон энэ цаг үед түүхий эдийн олдоц маш бага байна. Бид энэ технологийг боловсруулан гаргаж авахад Төв аймгийн ойролцоох сумдын малчдаас сүүлийн гурван жил захиалгаар ямааны сүү худалдаж авч технологио боловсруулсан.

-Өмнө нь манайх сүү хуурайшуулж экспортлоод гаргах гэж байгаад бүтэлгүйтсэн шүү дээ. Одоо экспортлоод гаргахад юунд анхаарах вэ?

-Нэгдүгээрт, хуурай сүүг экспортлоход тодорхой хэмжээгээр ямааны сүүгээ цуглуулах нөхцөл бүрдүүлэх нь чухал ажил юм. Хөдөө орон нутагт ямааны сүүг муутгахгүйгээр төвлөрүүлэн, сум баг хооронд төвлөрсөн хөргүүрийн системтэй, хот хооронд зөөх машин мөн хөргүүртэй байх нь чухал. Тэгээд сүүгээ хуурайшуулах үйлдвэрлэл байх хэрэгтэй. Хуурайшуулах технологийн арга нь олон төрөлтэй. Хөлдөөн хатаах, хуурайшуулан хатаах гэх зэрэг технологиудын алийг нь сонгож экспортлох вэ гэдэг нь яригдана. Зарим улс зөвхөн хөлдөөн хатаасан сүүг авна гэж дотоодын хууль, хяналт шалгалтад тусгасан байдаг. Зуны улиралд сүү маш хурдан муудаж, гашилж, чанараа алддаг. Тэгэхээр хөдөө орон нутгаас үйлдвэр хүртэлх дамжлагад ямааны сүүг гашилгахгүй, чанарыг нь алдагдуулахгүйгээр авчирч хатаах хэрэгтэй. Чанар алдагдсан, гадны ямар нэгэн хольц орсон сүүг хуурайшуулахад мэдээж чанарын шаардлага хангахгүй. Шингэн зүйлийг хуурайшуулна гэдэг нь нэг төлөв байдлаас нөгөө төлөвт шилжиж буй учир тодорхой хэмжээгээр доторх ашигтай амин дэмүүд өөр хэлбэрт шилждэг. Шингэн сүүг хуурайшуулахад чанарын өөрчлөлт багатайгаар хуурайшуулах нь чухал юм. Хамгийн гол нь чанарын шаардлага хангасан шингэн сүүг хүлээж авч, чанарыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу хатааж чадвал экспортлоход ямар нэгэн асуудал үгүй.

Өнгөрсөн оны байдлаар манай улсын 27 сая гаруй ямааны 12 сая орчим нь хээлтэгч байна. Үүний 50 хувь буюу таван сая ямааг сааж, өдөрт нэг ямаанаас 250-300 грамм сүү гарна гэж бодоход маш их сааль баялаг болохоор байгаа юм. Ингэж чадвал нэг талаараа Монгол Улсынхаа дотоодын хэрэгцээг хангах, гадаадаас импортоор орж ирж буй хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг багасган мөнгөн урсгалыг бууруулах болон олон улсад экспортлоход ч их хэмжээний эдийн засгийн ач холбогдолтой юм. Өнөөдөр Хятад улсад ямааны нэг кг хуурай сүү монгол төгрөгөөр 100 гаруй мянган төгрөг байна.

-Тэгвэл олон улсад хуурай сүүний үйлдвэрлэл ямар түвшинд байгаа вэ?

-Ер нь дэлхийн бусад улс орнуудад хуурай сүүний үйлдвэрлэл маш их хөгжиж байна. Дэлхийд ямааны тоо өссөөр одоогийн байдлаар тэрбум гаруй болсон. Ямааны сүүний эрэлт хэрэгцээ ихэсч буйтай холбогдуулан сүүний зориулалтаар үржүүлж байгаа ямааны тоо ч мөн өсч буй юм. Ямааны сүүний үйлдвэрлэл нь бага, дунд орлоготой улс орнуудын хувьд нэлээн ирээдүйтэй боловч зах зээл үйлдвэрлэлийн дэд бүтцийг нэгтгэхэд нэлээд хөрөнгө оруулах шаардлагатай юм.

Манай улсад ирээдүйтэй ч бид үйлдвэрлэлээ босгож, малчдаа ямаагаа саах сэдлийг төрүүлэх хэрэгтэй. Тухайлбал, төр засгаас ноос, ноолуурт тодорхой хэмжээгээр татаас өгдөгтэй адил ямааны сүүний нэг литр тутам урамшуулал өгнө гэдэг ч юмуу. Нөгөө талд нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжиж өгвөл манай улс шиг олон ямаатай оронд хөдөө аж ахуй, эдийн засагт оруулах томоохон хөрөнгө оруулалт болох байх.

-Манай улсад жилдээ 470 мянган тонн сүү боловсруулах дотоодын нөөц байдаг ч 35 хувийг л ашигладаг гэсэн үү?

-Манай улс өмнөх нийгмийн үед аль ч малд сүүний нормтой байсан ч мал хувийн хэвшлийнх болсноос хойш малчид малаа саах нь эрс багассан. Энэ нь олон шалтгаантай байх л даа. Сүүг нь худалдаж авах , борлуулах газрууд байхгүй болсонтой ч мөн холбоотой болов уу. Хонь, ямаа бог малаа бараг саахаа больсон. Сүү, сүүн бүтээгдэхүүний талаарх төр засгийн бодлого бодит амьдрал дээр алдагдсан байх. Ихэнх нь гадаадаас импортоор орж ирж байна. Импортоор оруулж ирж хэрэглээнд нэвтрүүлж буй сүүний хэмжээ бэлчээрийн мал аж ахуйгаас болон эрчимжсэн мал аж ахуйгаас оруулж ирж буйг харьцуулахад маш бага хувийг эзэлж байна. Монголдоо байгаа баялгийг гаднаас худалдан оруулж ирж байна. Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оноос орон даяар өрнүүлж эхлүүлсэн, энэ аяныг бас эрчимжүүлэх шаардлагатай гэж бодож байна. Тэгэхээр төр засгаас сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж, үйлдвэрлэх чиглэлээр гарсан бодлого, шийдвэрүүдийг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна.