МУИС, ХШУ, Инженерчлэлийн Сургууль, Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч, дэд профессор А.Амарбаяртай ярилцлаа.


-Цахим сүлжээнд эрчим хүч нөөцлөгч “SNS” зай хураагуурын эрэлт их байгаагийн шалтгаан юу вэ?

-Сүүлийн үед энерги, эрчим хүчний ханган нийлүүлэлт болон үнийн хөөрөгдлийн асуудал дэлхий дахинд хурцдаж, дайн самуун дэгдэх шалтгааны нэг нь болж байна. Манай улсын хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 5 хувиар нэмэгдэж байгаа боловч шинээр ДЦС барьж амжихгүй, эрчим хүчний дутагдалд орж, өвлийн оргил ачааллын үед цахилгаан тасалдал ихэсч, гал алдахад ойрхон хүнд нөхцөлд орж байгаа. Хот, суурингийн иргэд цахилгаан сүлжээ тасалдах эрсдэлээс зайлсхийж, байгальд ээлтэй, нөхөн сэргээгддэг цахилгаан үүсгүүр, ялангуяа нарны зайн системийг өргөн ашиглаж эхэлж байна. Харин хөдөө орон нутагт ихэнх малчин өрх гэрэлтүүлэг, зурагт телевиз, хөргөгч гэх мэт ахуйн цахилгаан хэрэглээгээ нарны зайн системээр хангадгийг бид сайн мэднэ. Ковид цар тахал дэлгэрснээс хойш алсын зайнаас ажил хийх боломж ихэсч, хот суурины түгжрэл, утаа орчны бохирдлоос дайжин хотын зах, хөдөө орон нутагт эрчим хүчний хэмнэлттэй сууц барьж, бие даасан цахилгааны үүсгүүр ашиглах хандлага ихсээд байна. Иймээс зай хураагуурын эрэлт ихэссэн биз ээ.

-Зай хураагуур ямар үүрэгтэй вэ?

-СЭХ-ний бие даасан цахилгаан үүсгүүрийн системд зай хураагуур (аккумлятор) нь илүүдэл эрчим хүчийг нөөцөлж, шаардлагатай үед найдвартай эрчим хүчээр хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүрхэг өдөр, шөнийн цагаар эрчим хүчний хэрэглээг хангахын тулд нартай үед үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг зай хураагуурт урьдчилан хурааж цэнэглэнэ. Урт хугацаанд тасалдалгүй, найдвартай цахилгаан хангалт хийхийн тулд багтаамж сайтай, олон ширхэг зай хураагуураар тоноглох шаардлагатай.

-Цахилгаан үүсгүүрийн дутагдалтай манай орны нөхцөлд зай хураагуурыг бид хэрхэн зохистой ашиглах вэ?

-Манай улсын эрчим хүчний сүлжээнд оргил ачаалал 17-21 цагийн хооронд үргэлжилдэг. Энэ үед дотоодын ДЦС-ын нийт хүчин чадал хүрэлцдэггүй тул ОХУ-аас өндөр үнээр эрчим хүчийг импортолж оргил ачааллыг хангадаг. Харин шөнийн цахилгаан хэрэглээ эрс багасдаг тул ДЦС-ын хэвийн ажиллагааг хангахын тулд шөнийн илүүдэл эрчим хүчийг ОХУ-руу үнэгүй шахам урсгадаг. Иймээс оргил ачаалалтай үеийн цахилгааны үнэ тариф өндөр, шөнийн тариф хямд байдаг. Айл өрх бүрт зай хураагуур нэвтрүүлж, шөнийн хямдралтай тарифын цагаар цэнэг хураан нөөцлөөд, оргил ачааллын үед өөрийн хуримтлуулсан эрчим хүчээ ашиглавал, оргил ачааллыг багасгаж, шөнийн илүүдэл эрчим хүчийг зохистой ашиглах боломжтой. Өмнө дурдсан, бие даасан нар, салхины цахилгаан үүсгүүрт зай хураагуурыг нэгтгэн ашигласнаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад өндөр хувь нэмэр оруулах бололцоо бүрддэг.

-Зай хураагуурын дутагдалтай тал юу вэ?

-Зай хураагуурын дутагдалтай тал нь багтаамжийг сайжруулах тусам өртөг зардал өндөр болдог ба наслалтын хугацаа нарны зайн дэлгэцийн 25-30 жилтэй харьцангуй 3-8 жил (батерейны төрөл, чанараас хамаарч) богинохон тул ашиглалтын явцад хэд хэдэн удаа шинэчлэн солих шаардлага үүсч, урсгал зардал өндөр болдог. Иймээс оргил ачаалалтай үеийн цахилгааны үнэ тариф ба шөнийн тарифын ялгааг эрс их болгож, зай хураагуурыг өргөнөөр ашиглах дэмжлэг, урамшууллын хөшүүргийг бий болговол зохистой. Ашиглалтаас гарсан зай хураагуурыг ил задгай хаяж болохгүй, байгаль орчныг бохирдуулах хор хөнөөл өндөр тул заавал дахин боловсруулж ашиглах сүлжээнд нийлүүлэх шаардлагатай.

-Ахуйн орчинд шууд ашиглаж болох уу? -Зай хураагуурыг дулаалгатай, агааржуулалттай техникийн тусгай өрөө, эсвэл хайрцаг таславчинд суурилуулах шаардлагатай. Хүйтэн орчинд зай хураагуурын багтаамж эрс багасдаг ба +5 хэмээс дээш дулаан нөхцөлд байлгана. Мөн +40 хэмээс дээш хэт халааж болохгүй. Тооцоолол, угсралт суурилуулалтыг мэргэжлийн компани, инженерийн багаар хийлгэх шаардлагатай.

-Зай хураагуурын ажиллах зарчмыг тайлбарлавал...

-Бидний хамгийн сайн мэддэг автомашинд ашигладаг хар тугалганы хүхрийн хүчлийн зай хураагуур (аккумлятор)-ыг жишээ болгон тайлбарлая. Бүрэн цэнэгтэй зай хураагуурын нэмэх туйлд холбогдсон хуудсанд хар тугалгын исэл “PbO2”, хасах туйлд холбогдсон ялтаст хуудсанд сийрэгжүүлсэн хар тугалга “Pb” ашигладаг. Электролит шингэн нь хүхрийн хүчил ба усны 1.28 гр/см3 нягттай уусмал байдаг. Хэрэглэгчийг цахилгаанаар хангах явцад электролит шингэн дэх хүхрийн хүчил задарч ус үлдэх ба нэмэх ба хасах хуудаснуудын идэвхт хэсэгт хар тугалгын сульфат үүсдэг. Бүрэн цэнэг алдсан зай хураагуурын нэмэх хуудсанд хар тугалгын исэл зарцуулагдаж хуудасны гадарга дээр хар тугалгын сульфат (PbSO4) тогтоно. Хасах хуудасны сийрэгжүүлсэн хар тугалга зарцуулагдаж хуудасны гадарга дээр хар тугалгын сульфат тогтож, электролит шингэн дэх хүхрийн хүчил задарч уусмалын нягт 1.06-1.14 гр/см3 болдог.

-Зай хураагуурын технологийн сүүлийн үеийн чиг хандлага ямар байна вэ?

-Бидний өдөр тутам хэрэглэдэг гар утсанд лити-ион, лити-полимер батерей ашиглагддаг. Сүүлийн үед нарны зайн системд мөн адил лити-ион зай хураагуурын 2.4, 3.6, 4.8кВтцаг/48вольт модуларыг хэрэглээнд тааруулан 1-5 ширхэгийг ашигладаг болсон. Ногоон эрчим хүчийг ирээдүйд улам хөгжүүлэхэд багтаамж сайтай, хямд төсөр шинэ төрлийн зай хураагуур шаардагдаж буй бөгөөд олон улсын судалгааны байгууллагууд маш идэвхтэй ажиллаж байгаа ч арилжааны түвшинд хямд үнэтэй зай хураагуурын дэвшилтэт бүтээгдэхүүн хараахан гарч ирээгүй байна. Манай улсын хувьд ашиглалтаас гарсан зай хураагуурын хар тугалга, лити, газрын ховор металл нь өөрөө маш үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой нөөц тул дотооддоо цуглуулж, дахин боловсруулж, ашигладаг үйлдвэр, дэд бүтцийг нэн даруй барьж байгуулах шаардлагатай.