Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улстөрийн намууд санал нэгдэж эхлээд байна. Зөвхөн гишүүдийн тоог нэмэх гэсэн өнгөц ойлголт бус эрх мэдлийн төвлөрлийг хуваах, хариуцлагатай ардчиллыг бий болгоход парламентын 76 гишүүнийг нэмэхээс өөр аргагүй гэж харжээ.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн Хуулиар УИХ-ын гишүүний тоог 76 гэж баталсан нь 2 сая иргэнийг төлөөлж болохуйц гэж үзсэн байдаг. Харин одоо хүн амын тоо 3,5 саяд хүрсэн учраас төлөөллийн ардчиллын зарчим дагуу иргэнээ төлөөлөх гишүүний тоог нэмэх нь зүйн хэрэг болж байна. Нөгөө талаас дэлхийн дэг журам өөрчлөгдөж, манай улс шиг жижиг оронд гаднаас ирэх дарамт шахалт нэмэгдэх нигууртай тул үүнийг шингээж авах засаглал чухал гэж УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ярилцлагадаа дурджээ. 

 

Тодруулбал тэрээр:  “Үндсэн хуулинд амьдрал өөрөө тодорхой өөрчлөлт шаардаж байдаг. 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж чадсан. Гэвч одоо олон улсын дэг журам ч өөрчлөгдөж байгаа учраас бид ч бас бодох ёстой болж байна. Гаднаас ирж буй шахалт дарамт хүчтэй болж эхэллээ. Эдийн засаг, соёлын дарамт улам их ирнэ. Үүнийг шингээж, өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд шийдвэр гаргаж байгаа орчин дахь цөөн бүлгийг нэмэгдүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг задлах болон багасгах ёстой юм. Парламент өөрөө жийргэвч, шингээгч байх хэрэгтэй. Тиймээс сонгуулийн холимог тогтолцоо нь гаднаас ирж буй дарамтыг шингээж авах хэмжээний, ярилцаж болох хэмжээний байхад гол нөлөө үзүүлж чадна. Үндсэн хуулин дээр сонгуулийн холимог тогтолцоог бичихээс өөр аргагүй.

 

Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн 1 сая хүний төлөөллийг илэрхийлж байна. 3 сая иргэндээ хүрэхгүй байгаа юм. Энэ дарамтыг шингээж чадахад парламент өөрөө давжаа байна. Тиймээс гишүүдийг тоог нэмэх хэрэгтэй. Ямар нэг тойрогт барьцаалагдахгүйгээр, жагсаалтаар орж ирдэг нь төсвийг тойрог гэдэг нэрээр үрэхийг зогсоож чаддаг. Жалга довноосоо илүү улсын эрх ашиг, бүтээн байгуулалтаа ярьж эхэлдэг гэсэн үг.

 

Европын улс орнуудад парламентын гишүүд нь 10, 20-иороо нэг өрөөнд суудаг, өөрийн эрх ашиг гэх мэтийг үл тоодог. Яг үүн шиг УИХ-ын гишүүд олон болсноор 10,20-иороо хамт нэг өрөөнд ажилладаг, дундаа нэг туслахтай, гишүүний авдаг мөнгийг нь засаг дарга нь авч ажиллах гэх мэтээр гарах зардлыг 76 гишүүнтэй байсан шиг хэвээр хадгалах боломж бий. 76 гишүүнтэй парламентын төвлөрсөн эрх мэдлийг задлах болон эрх мэдлийг олон оролцогчтой болгох өнөөгийн нөхцөл байдалд чухлаар тавигдаж байна. Казакстан гэхэд л нэг хүний эрх мэдлийг парламентын засаглал руу шилжүүлсэн. Тэд мөн л гаднаас ирэх шахалт дарамтыг нэг хүн давж гарахаас илүү парламентын тогтолцоо чухал гэж харж байгаа юм” хэмээсэн байна.

 

Үүнээс харахад улстөрийн намын төлөөлөл бүр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх цаг болсонд санал нэгдэж байна. Юун түрүүнд улстөрийн намыг төлөвшүүлж, үзэл баримтлалтай, хөгжлийн бодлоготой байхыг шаардсан хууль тогтоомжтой болж байж парламентад “зөв” хүн сонгогдож чадна. Тиймээс Улстөрийн намын тухай хуульд ч өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг намууд өөрсдөө хэлж байна. Үүнээс улбаалан парламентын гишүүдийн тоог нэмэх нь өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдалд мэдрэмжтэй бөгөөд зөв ажиллахад хамгийн чухал байгааг онцолжээ. Нөгөө талаас 3,6 сая хүн амыг бүрэн төлөөлж чадахуйц гишүүдийг сонгохгүй бол санал нь гээгддэг асуудал арилахгүй хэвээр байна.