Дээдэс дарга нарынхаа дэмийрэлд үнэмшээд явдаг юм биш биз дээ
2022/04/27
Сүүлийн үед, сүүлийн үед ч биш юм аа эрт дээрээс л дээдсүүд маань дэмийрч эхэлсэн байдаг. Харамсалтай нь одоо ч тэр дэмийрэл нь яг тэр үеийн өнгө янзаараа. Дэмийрлийнх нь түүх хэдэн арван жилээр хэмжигддэг учраас эрт дээрээс гэж тодотгоод байгаа хэрэг.
Наад захын жишээ гэхэд л метро байна. Хотын дарга нар хорь гаруй жилийн өмнөөс метротой болно гэж барим тавим ярьж эхэлж билээ. Метротой болно гээд зогсохгүй, яг тэдэн онд нийслэлчүүд метрогоор сүнгэнүүлнэ, ийм тийм чиглэлээр явна, тасалбарынх нь үнийг төд хавьцаа тогтооно гэж ирээд амныхаа хэрээр ярьж өгдөг байсныг хэвлэлийн шарласан хуудаснаас харчихаж болно. Лав 2000-аад оны эхээр “Улаанбаатар 2020 онд метротой болно” гэсэн утгатай өөдрөг мэдээ хөвөрч, өнөө мэдээнд нь хотлоороо хөөрцөглөцгөөснийг санаж байна. Бүр 2020 онд гэр хороололгүй болно гэж ам уралдуулдаг байсан гээд бодохоор толгой сэгсрэхээс өөр үг олдоггүй юм.
Манай дарга нар метроны үлгэрийг тухайн үедээ хэрхэн ам бардам ярьцгааж суусныг эргэн дурсъя. Өнөөгөөс яг 11 жилийн өмнө нэгэн хэвлэлд нийтлэгдсэн ярилцлагын гарчигаас эхэлье. “Хотын төвөөр өнгөрөх метро 22-ын товчооноос Амгалан хүрнэ” гэсэн гарчигтай ярилцлагын эзэн нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга эрхэм. Мань эр “Улаанбаатар хотын төвийг дайран өнгөрөх Энхтайваны өргөн чөлөөний дагуу хэвтээ шугамыг 28.38 км урт, хотын хойд хэсгээс "Чингис хаан" онгоцны буудлыг холбосон босоо шугамыг 21.03 км урт хоёр үндсэн шугамтай байна. Хотын зах хэсэгт газар дээр буюу гүүрэн хэлбэрээр, хотын төв хэсгээр газар доор 15 метр хүртэл гүнд буюу тунелин хэлбэрээр төлөвлөгдсөн. Улаанбаатар хотод хийцийн хувьд гүүрэн хэлбэрт хөнгөн метро буюу "Monorail" хамгийн тохиромжтой. Буудал хоорондын зайг 1-1.5 км-ээр тооцсон. Хэвтээ шугамын дагуу 21, босоо шугамын дагуу 14 буудалтай байх юм” гэж ирээд баахан тоо судалгаа, амлалт, өчиг өгч. Харамсалтай нь дарга нарын метро барих амлалт мянгуужингийн үлгэр хэвээр байна.
Манай дарга нарын молиго ингээд дуусахгүй. Ам.долларын ханшийг мянган төгрөгөөс доош оруулна гэж амласан дарга ч бий. Гэтэл өнөөдөр доллар аль хэдийнэ 3000 төгрөг давчихсан, ихээхэн хэцүүдвэл 4000 руу дөхөж ч магадгүй дүр зурагтай яваа нь гашуун ч гэлээ бодитой үнэн. За тэгээд тавдугаар цахилгаан станцыг барина хэмээн ярьж эхэлсний олоон жилийн ой болж байна. Ардчилал ялж зах зээлийн замыг сонгосноос эхлээд л ярьсан. Өнөөг хүртэл тавдугаар цахилгаан станцын сураг алга. Сураг алга ч биш юм аа, хувийн хэвшил нь хөрөнгө оруулалт татаад барья гэхээр манай дарга нар саад тээг болоод суучихдаг байсан юм. Худлаа ярьж попрохоос гадна өөрт нь ашиггүй бол том төслийг явуулж өгдөггүй муу зан улстөрч, эрх мэдэлтнүүдэд бий. Тавдугаар цахилгаан станцаас гадна нүүрсээр ажилладаг станц байгуулж урд хөрш рүү эрчим хүч экспортлох төсөл ч хувийн ашиг хайсан дарга нараас болж гацсан түүх байгаа. Ийм түүх ганцаар тогтохгүй. Тухайн үед нь эрчим хүчний нүүрсний ордууддаа түшиглэж хэд хэдэн цахилгаан станц барьчихсан бол өнөөдөр бид Хятад руу эрчим хүч экспортолсон шигээ данайж суух байлаа. Харамсалтай нь одоо “Нүүрсээр ажилладаг станцаа босгоё, та нар хөрөнгөө гаргаад бариад өгөөч” гэж гуйсан ч наашаа харах компани байхгүй. Дэлхийн дулаарлын эсрэг ногоон бодлого эрчимжсэн өнөө цагт нүүрсээр ажилладаг станцыг санхүүжүүлэх хэн ч үгүй. Урд хөршид ийм станц бүтээж босгодог цөөн компани байдаг ч ногоон бодлого, ногоон санхүүжилтээс болж буланд шахагдчихаад байгаа. Товчхондоо өчнөөн нөөцтэй эрчим хүчний нүүрсээ доллар болгох боломжоо бид аль хэдийнэ алдчихсан. Буруутан нь үлгэр ярьж элдвийг амлаж молигоддог, халааснаасаа давж сэтгэдэггүй, иргэдээ гэх сэтгэл хандлагагүй өнөөх дарга нар.
Эрх мэдэлтнүүдийн гай ингээд дуусахгүй. Том амлалтаа арай гэж эхлүүлчихээд дуусгаж өгдөггүй зовлон манай дарга нарт бий. Тод жишээ нь Дарханы зам. Хэдэнтээ нээж, хэдэнтээ хаасныг нь улс хотлоороо арга барагдсан цөхрөнгүй харцаар ажиж суугаа. Дарханы зам яг хэзээ ашиглалтад орохыг түс тас хэлчих дарга өнөөхөндөө лав алга. Түүх сөхье. Дарга нарын амласнаар бол Дарханы зам 2019 оны арваннэгдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад орох байв. Гэтэл өнөөдөр хэдэн он билээ. Эрх баригчдын амласнаар Дарханы замын ажил өрнөсөн болсон бол бид гурван жилийн өмнөөс л Улаанбаатараас Дархан руу шинэ замаар сүнгэнүүлэх байлаа. Гурван аймаг, зургаан сумын нутгийг дайран өнгөрөх Дарханы замын тухайд дотоодын аялал жуулчлалын гол дэд бүтэц. Амласандаа хүрдэггүй дарга нарын балаг дотоодын аялал жуулчлалын салбараа хүртэл гацаанд оруулчихсаныг зориуд онцолмоор байна.
Элдэв гоё амлалтаар иргэдээ хуурдаг дарга нарын балаг ингээд дуусахгүй. Манай дарга нар метроны үлгэрээ хөнгөн галт тэрэг, дүүжин тээврээр үргэлжлүүлсэн шигээ дэвж яваа. Яг одоогийн амлалт нь бусдаасаа хол тасархай популист. Өнөөдүүл маань усан тээвэр хөгжүүлнэ гэж ам уралдуулаад эхэлчихсэн. Урсгал нь тасардаг, өвөлдөө хөлддөг Туул голоор усан тээвэр хийнэ гээд төсөөл дөө. Хэний ч сэтгэж олохгүй элийрэл. Төдийгөөс өдий хүртэл худал ярьж ирсэн манай дарга нараас л ийм солиотой санаа төрнө. Ер нь байна аа, төсөөлшгүйг амлаж попордог дарга нарын уран сэтгэмжийн жишээг тоочъё гэвэл барагдахгүй. Майдар хот, Ази Европыг холбосон
хурдны замаас эхлээд өчнөөн кейс бий. Цаашид юу ярьж, яаж попрохыг төсөөлөхөд ч бэрх болчихлоо. Дахиад хэлье, төсөөлшгүйг төсөөлж элийрдгийнх нь тов тод жишээ бидний нүдэн дээр өрнөж байна. Өвөлдөө хөлдөж, урин цагт урсгал нь татардаг Туул голдоо усан тээвэр хөгжүүлнэ гэдэг мөн том элийрэл ээ.
Ингээд харахаар эрх мэдэлтнүүдийн амласаар ирсэн, амлаж буй, цаашид ч амласаар явах гял цал гоё төслүүдийн тухай гайхширч, цөхөрч ярих нь утгагүй санагдаж байна. Толгой сэгсэрч, эрүүлээр шүүмжилж сануулж зөвлөөд ч хэргээ өгөхгүй. Учир нь тэд сонсохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Харин ч илүү солиотой, илүү элий санаанууд бодож олсоор байх болно. Яагаад гэсэн асуултыг хариуг нийтлэлийн төгсгөлд хэлэх учраас ингэсгээд орхиё.
Яг одоо хариулт нэхсэн нэг л том асуулт байна. Дарга нарын энэ мэт гял цал амлалтуудад итгээд явдаг юм биш байгаа, нийт олноороо? Гэхдээ байна аа, энэ асуултыг ухаж бодож, амьдралын хөрсөнд буулгаад харахаар тэгтлээ гонсойлгосон хариу гарахгүй байх. Яг үнэндээ иргэд их хэрсүүжсэн. Өнгөрсөн хорь, гучин жилд улстөрчдийн амлалтад хөөрцөглөж баяссан иргэдийн сэтгэлгээ хандлага тэс өөр болсон. Өнөөдрийн тухайд иргэдэд тавган дахь боорцогных нь тоо нэмэгдэх л чухал. Долларын ханшийн тогтворжилт, сарын орлогын өсөлт л түмний сонирхлыг татна. Тавдугаар цахилгаан станцтай болчихвол нийтээрээ алга ташна. Гэхдээ энэ алга ташилт станцын нээлтэд оролцож тууз хайчлах хүсэлтэй улстөрчдөд хамаарахгүй. Станцын дарга нь туузаа хайчлаад ажлаа эхлүүлчихэд л болчих асуудал. Иргэдийн хүсэл ийм энгийн, прагматик болчихсон. Товчхондоо агаар, усаар аялах гэх мэт гял цал төслүүдийг шилний цаадах чихэр гэдгийг олоод харчихтайгаа хэрсүүжсэн иргэддээ арай бодитой амлалт өгч, илүү өөрөөр сэтгэж ажиллах цаг ирчихснийг дарга нартаа сануулмаар байна.
Тэгэхээр одоо үлгэрээ зогсооцгооё, эрхмүүд ээ. Эрх мэдэлтэн, дарга нарын хувьд биелшгүй төсөл ярьдаг цаад шалтгаанаа мэдэхийн цаагуур мэдэж суугаа. Идэж ууж, завшиж сүйтгэсэн нь ил болоод ирэнгүүт ёс мэт гял цал төсөл яриад унадаг. “Наашаа хар даа, бид ийм гоё юм хийхээр шийдчихлээ” гэж ирээд биелшгүй төслүүд яриад эхэлдэг. Ингэх нь тэдэнд ашигтай. Нэгдүгээрт, өөрсөд рүүгээ чиглэсэн шуугиан дуулианы хүчийг сулруулаад авна, хоёрдугаарт далимд нь хэдэн төгрөг завшчихна, гуравдугаарт засаглах хугацаандаа хэл ам багатай аж төрчихнө. Эрх баригчид ийм л шалтгаанаар биелшгүй төслүүд ярьж амиа аргацаадаг. Манай дарга нарын пиарчид “Энгийн олон, эгэл ардууд гоё төсөл ярингуут амаа ангайж хошууран дагадаг” гэж сэтгэцгээдэг шиг байгаа юм. Тийм биш л дээ. Давтаад хэлэхэд, иргэдэд тавган дахь боорцог нь нэмэгдэж, долларын ханш буух л амин чухал.
Ц.Билиг