Муухай Монгол хүн
2022/05/02
Зуун тавин жилийн өмнө Равжаа хутагт маань муухай Монгол хүнийг ийнхүү дүрслэн бичиж байжээ.
“Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй. Омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээнэ. Эв нь өндөг мэт хэврэг. Хэрүүлч, хяналтгүй нь суман могой харвах мэт. Аргадвал тэр даруй нялхас мэт баярлах. Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгалах. Аашлах нь олон зантай албин мэт. Анхандаа бэрээ мэт цохилох. Завсартаа тугалган жад мэт шантрах. Гуйрамч болбол дайсны боолд зарагдах. Баяжих цагтаа лам бурханд ч бардамнах. Өтлөхийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох. Үхэхийг мэдэхгүй яваад егүүтэх цагтаа балрах. Буцан тусах нь олон, бяраа мэдэхгүй хаан шиг загнах. Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах. Санаа нь юм бүрийг чадах. Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй. Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах" хэмээжээ.
Тэгвэл эдүгээ орчин үеийн Монгол хүний муу шинжийг би нуулгүй үнэнээр өчсүгэй.
Монгол хүн эдүгээ орчин үеийн хагас хугасхан боловсролтой болсон боловч бурханаа шүтэж мэдэхгүй, буянаа хурааж мэдэхгүй, босоо Монгол бичгээ мэдэхгүй, болох, болохгүйг мэдэхгүй, судар номоо мэдэхгүй, хүний ёсыг ч мэдэхгүй. Монгол хүний 149 цээрлэх ёсыг бүр ч мэдэхгүй. Монгол ёс заншил, Бурханы сургаалиа уландаа гишгэсэн. Арван хар нүглийг айх ч үгүй дуртайяа үйлдэнэ. Арван цагаан буяныг үгүй хэмээн татгалзана. Үйлийн үрийг үгүйсгэнэ.Үр хүүхдээ үл хүмүүжүүлнэ. Бодь сэтгэлээс татгалзана. Буян үйлдэхээс зугтана. Өрөвч сэтгэл үл төрнө. Өр зээлд баригдана. Лам хуврагийг доромжилно. Ядуу хүнийг басна. Баян хүнийг дээдлэнэ. Дарга хүнийг зусардана. Дорой хүнийг дээрэлхэнэ. Цэрэг эрийг басамжилж “цэрэг дагаснаас тэрэг дага” хэмээн цэцэрхэнэ. Гэмт хүнийг гэмгүй болгоно. Гэмгүй хүнийг гэмтэн болгоно. “Гэмтэнийг гэсгээмой, гавьяатанг шагнамой” гэсэн Чингис хааны сургаалийг үл мэднэ.Бурхан багш, Богд гэгээний сургаалийг үл мэднэ. Хууль нь гууль болно. Шунал хүслийг зорилгоо болгоно. Шударга ёсыг уландаа гишгэнэ.
Буян үйлдэгчдийг үл тооно. Нүгэл үйлдэгчийг даган баясна. Буян нүглээ ялгаж мэдэхгүй, бузар ариунаа салгаж мэдэхгүй. Хувиа бодохдоо гарамгай, хулгай хийхдээ гавшгай. Эрчүүд нь алт мөнгө, авгай хүүхэн, албан тушаал, ашиг хонжооны төлөө амиа өгөхөөс буцахгүй. Эмс охид нь өнгө мөнгөнд шунаж энгэрээ задгайлж бүсэлхий, хаа гуяа ил гаргаж нүцгэн биеэ гайхуулна, мөнгөтэй л бол хөгшин хужаа, хар арьстан ч байсан хамаагүй гүйж очоод наалдчихна. Залуус нь малгайгаа буруу харуулан өмсөөд цоорхой жинсэн өмд өмсөж гангарна. Эр, эмгүй архи ууж, тамхи татаж танхайрч задгайрснаа эрх чөлөө хэмээн эндүүрнэ. Дэмий чалчиж хараал доромжлол урсгана. Атаа сэтгэлдээ автаж мууг сэтгэнэ. Завхай дуу аялж замбараагүй ихээр самуурна.Гэмт хэрэг газар авч буянт үйл хөсөр хаягджээ. Бурханы зөв үзлээ хаяж буруу номонд автана. Харийн шашинд орно. Хангай дэлхийгээ сүйтгэнэ. Булаг рашаанаа бузарлаж гол мөрнөө бохирдуулна.
Төр нь хуурамч, түмэн олон нь ядуу. Ажилгүй залуус нь архи ууж, хулгай хийнэ.
Ард олон нь харьд одож хар ажил хийнэ. Төрийн толгойд гарсан түшмэдүүд нь ард олноо хуурч амин хувиа бодно, намаараа талцаж хоорондоо тэмцэлдэнэ.Төрийн түшээд нь аман дээрээ ард түмнийхээ төлөө гэчихээд ачир дээрээ амиа бодно, авилгалд автана. Нэг нэгнээн матаж ховлохдоо гаргуун, нийтийн төлөө нэгэн зэрэг хөдлөхдөө хөшүүн. Баян хүн, дарга хүнд бялдууч, барлаг ядуу хүнд дээрэлхүү. Хараал жатга хийхдээ сайн, ерөөл залбирал хийхдээ муу. Хүнийг муу хэлж шүүмжлэхдээ өндөлзөөд босно, хүнийг магтаж өргөхдөө навтайгаад амандаа ус балгасан мэт дуугүй сууна. Ан гөрөө агнахдаа сайн, амьтан хүнийг аврахдаа муу. Өтөлж хөгшин болчихоод өнгө мөнгөнд дурлана, даалуу хөзөр тоглоно, даанч маань мэгзэм хэлж мэдэхгүй. Хөгшин авгай, хөгшин өвөө нар бүжиг танц эргүүлнэ, дахин авгай авч, дахин нөхөрт гарна. Жаахан хүүхэд нь хүртэл том хүний яриа ярина. Жаахан хүүхэд байж хараал хэлж зодоон хийнэ, уурласан үедээ нөгөө хүүхдээ муухай харж “Би чамайг ална шүү” гэнэ..
Муу санаа эрт суусан хүүхдээ мундаг хэрсүү хүүхэд хэмээн магтана.Оймсоо орны толгойд өлгөж малгайгаа орны хөлд тавина.Монгол дээлээ моод загвартай болгож байгаа нь энэ гээд энд тэндээс нь тасдан огтолж энгэр заам, гуя хасаа ил харагдуулж дээлээ өмсөнө. Богдын лүндэнд “Эмэгтэй хүн үсээ сүлжиж бай” хэмээн зарлигласаар байтал эмэгтэй хүн үсээ сэгсийлгэн задгай явна. Эмс охидод хайрын бэлэг хэмээн цэцэг навч тасдан бэлэг болгон өгнө. Хуримын ёс гээд "Гашуун байна" хэмээн Орос ёсоор эр эм хоёр олны өмнө үнсэлцэнэ, хуримын машин дээрээ хүүхэлдэй тавьж муу ёрлож давхилдана. Талийгаачийг эцсийн замд нь үдэхдээ маань, ерөөл хэлж мэдэхгүй, ”Ум Ма Ни Бад Мэ Хум” хэмээн мааниа зөв хэлэхийн оронд “Амгалан нойрсоорой” хэмээн буруу зүйл хэлнэ. Оршуулганд оччихоод онигоо ярина.Өнгөрсөн хүмүүсийн ясыг өндөлзүүлнэ. Аяга долоохгүй байж таваг долооно.Айраг уухгүй байж архи ууна. Идээний дээж өрөм байтал идээний дээж архи хэмээн мэдэмхийрнэ.
Эм хүнийг төрд сонгож эр хүнийг хар бор ажилд зүтгүүлнэ. Аяганы томыг нь шилж иднэ. Авгай хүүхний царай зүсийг магтана. Эрчүүд нь олон бүсгүйчүүдийг эдэлж явснаа гайхуулна. Эмс нь олон эрчүүдэд гуйлгуулж явснаа дурсана. Төрсөн биеэ голж, түмэн янзын нүүрний мэс засал хийлгэнэ. Харанхуй шөнө хашгиралдан дуулалдана, хамаг биеэ салгануулан бүжиглэнэ. Хажууд нь хүн унтаж байхад хашгиралдан хэрэлдэнэ. Зочин хүн гэрт нь ирэхэд ярвайж дургуйцнэ. Юм асуухад төвөгшөөж уурлана. Ядрахад хаяад зугтана. Баяжихад дагаад гүйнэ.
Мэндлэхдээ “Юу байна?” хэмээн асууна, хариуд нь “Юу ч үгүй” хэмээн хэлнэ.
Алхам тутамдаа хараал хэлнэ. Айлд ороод эд хогшлыг нь нүдээ эргэлдүүлэн сонжино. Буян номыг үл үйлдэнэ. Бузар нүглийг дуртайяа үйлдэнэ. Өндөр настаныг үл хүндэлнэ, өөрийгөө бол үлэмж энхрийлнэ. Нялхас хүүхдийг асарч үл мэднэ. Өрөвч нигүүлсэнгүй сэтгэлтэнийг сул дорой хэмээн гоочилно. Харгис хатуу хүнийг баатарлаг дайчин хүн хэмээн магтана. Хүнд туслахдаа заавал хариу нэхнэ. Чин сэтгэлээсээ хүнд тусалвал энэ яагаад надад туслаад байна вэ хэмээн хардана. Дөнгөж танилцаад мөнгө зээлэхийг гуйна. Хөрш айлаасаа давс гуйна. Хүүхэд нялхасыг сонжино. Атаач сэтгэлээсээ болоод амар тайван ч унтаж чаддаггүй. Жаахан дээшээ гарсныгаа дэгээ хийж доош нь унагаана. Нэг нь нөгөөгөөсөө илүү гарчих вий гэдгээс үхтлээ айна.
Монголоо голно, гадаадыг шүтнэ. Зальхай башир хүнийг сэргэлэн ухаант хүн гэнэ. Даруу төлөв хүнийг “Дуугай хүний доодох нойтон” хэмээн доромжилно. Бурхан шүтээний өөдөөс хөлөө жийнэ. Бурханы судар номыг доор газар тавина. Адал явдал, аймшиг, дайн байлдаан, садар самуунтай ном киног шимтэн үзнэ. Авралт бурхан, асрал энэрлийн судар номыг огт үл үзнэ. Худал хов үгийг шимтэн сонсоно. Хуудуугүй үнэн үгийг үл сонсоно.Зугаа цэнгэлийг баясгалантай хөөцөлдөнө. Амар амгаланг уйтгартай хэмээн цааргална. Бясалгал номыг балай юм хэмээн басна. Алсын замд гарсан ч амандаа юм зажилна. Ганданд очоод хамаг амьтны тусын тулд залбирч мэдэхгүй, зөвхөн өөртөө юм гуйна. Ээж хаданд хүртэл очоод элдвийн юм өөртөө гуйна. Хөлсөө гартал хөдөлмөрлөж үзээгүй байж хад чулуунаас хүртэл юм гуйна. Сарандаваагийн даллаганд оччихоод “Түрийвчийг минь түнтийлгээд өгөөч” хэмээн тэнгэрээс мөнгө унах юм шиг гуйна. Шуналтаад сүлжээнд луйвардуулчихаад хамаг мөнгөө алдаж гаслана. Хээл хахуул өгсөн хүний хэрэг явдал нь бүтнэ. Шударга үнэнч хүний шулуун зам нь муруйна. Эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө бол эх орноо худалдахад бэлэн. Бурууг дандаа бусдад чихнэ. Архичин Монгол гэмт хэрэг хийгээд бүх юм архинаас боллоо гэнэ. Монгол Улс хөгжлөөс хоцрогдсон нь Манж, Хятад, Оросоос болсон гэнэ, шарын шашнаас болсон гэнэ. Миний буруу хэмээн хэлэхээс хулчийна.Хийгээгүй ажлаа хийсэн гэнэ, Хараагүй зүйлээ харсан гэнэ.Унтах идэхийг ихдүүлнэ. Уур хилэнг урьтал болгоно. Хэлээд байвал их юм байна.
Үүгээр муухай Монгол хүний тухай яриагаа түр дуусгая.
Харин сайхан Монгол хүн 1921 оноос өмнөх үед буюу Номт Монгол оронд ямар байсан юм бол?
Гүүш Дарамдалаагийн "Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч -Цагаан лянхуан эрхис хэмээгч оршивой" сударт өгүүлсэн нь: “Ер нь Монгол хүмүүс болвоос байдал төрх нь шударга шулуун, сүсэг бишрэл ихтэй бөгөөд дээдсийн явдал төгөлдөр болмуй. Лам, буяны садангууд нь Бурханы судар тарнийн олон эрдмээр машид өндөр, шашин амьтны тусад ихэд хичээдэг, хувраг тойд нь сургуулийн газар болон дацан хийдэд олноор сууж, Дээдийн номын дуу аялгууг дуурсгах бөгөөд Шашин, амьтаны хэргийг арвитган бүтээгч, Гурван шүтээн болоод Авралын орон шүтээн, Хуврагийн аймаг хийдийг зүг бүхнээ олноор цогцлоон байгуулсан бөлгөө. Язгуур овог, угсаа бүрэн төгссөн хаад, ноёд, ван, бэйл, гүн, засаг, тайж тэргүүтэн нь тэнгэрийн цог лугаа тэнсэлдэхүйц баялаг бөгөөд агуу хүчин, суу заль нь ихэд дэлгэрч, Дээд гурван эрдэнийг зулайдаа өргөж, цогт ханьцашгүй Төгс буянт Зонхаба гэгээний шашны гагцхүү өглөгийн эзэн болцгоожээ. Эгэл монгол хүмүүс нь хулгай дээрэм хийх, амьтан нядлах, садар самуун явах, худал хэлэх, хүн гүтгэх, хов зөөх, бусдад атаархах тэргүүтэн арван хар нүгэлт зүйлсийг цээрлэх бөгөөд ерөөс арван цагаан буяныг үйлддэг, дээдийн номыг бүтээгч бөлгөө. Эрдэмтэй хүн хийгээд эцэг эхийг өргөн хүндэлдэг, өндөр настанууддаа тахимдал хүндлэл асралыг үйлддэг, төрөл садандаа халамж анхааралтай, нутгийн хүмүүстээ тусархаг, нүдний хараа дээгүүр, сэтгэлээ төвшин шударга агуулагч, эд идээг эдлэхдээ уран мэргэн, арга зальгүй, атаархал үгүй, нийт олныг тэгш бодогч, бүсгүй хүнд сэтгэлээ хэтэрхий өгөн үл шунагч, зөөлөн үгтэй, өгүүлэхдээ мэргэн, оюун уужимтай, энэ ертөнцийн хүний орны ариун арван зургаан чанар гэдэгт нийцэгч дээд төрөлхийтөн ард түмэн мөн болой.Тийнхүү хүний ариун арван зургаан номын ёсоор оршиж, хос ёс хэмээх төр, шашны цогоор нэн цэнгэгч нар мөн болмуй” хэмээжээ.
Муухай Монгол Сайхан Монгол болох болтугай. Мунхаг Монгол Мэргэн Монгол болох болтугай.
Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар